Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 328

 

“АНМХ” ТББ-ын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А нарыг оролцуулан, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 173 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2017/0366 дугаар магадлалтай, “АНМХ” ТББ-ын нэхэмжлэлтэй, Байгаль орчин, ногоон хөгжлийн яамны дэргэдэх Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэргэжлийн зөвлөлд холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Ч.Тунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 173 дугаар шийдвэрээр Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4, 10 дугаар зүйлийн 10.5, 18 дугаар зүйлийн 18.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “АНМХ” ТББ-ын “...Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний мэргэжлийн Зөвлөлийн 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуралдааны “МГУП” ХХК-ийн Увс-1 газрын тосны хайгуул, судалгааны төслийн байгаль орчны нарийвчилсан үнэлгээний тайланг баталсан шийдвэрийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлоор хэргийг 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцээд 221/МА2017/0366 дугаар магадлалаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 173 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Д хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсгийн “...Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний мэргэжлийн Зөвлөлийн 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуралдааны тус тайланг баталсан шийдвэрийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлд дурдсан үндэслэлээр буруутгаж хүчингүй болгох үндэслэлгүй талаарх шүүхийн дүгнэлт зөв байна...” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээний мэргэжлийн Зөвлөлийн 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн хуралдаан нь Засгийн газрын 2013 оны 374 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 4.11-4.13 дэх хэсгийг зөрчсөн гэдгийг нэхэмжлэлийн үндэслэлтэй холбогдуулан анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаан дээр тайлбарласан боловч үнэлж үзээгүй.

Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д “...Нөлөөллийн үнэлгээний журам, аргачлалыг Засгийн газар батлах бөгөөд уг журам, аргачлалд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээтэй холбоотой асуудал, үнэлгээний шинжилгээ, хянан магадалгаа болон мэргэжлийн Зөвлөлийн үйл ажиллагаа, нийгэм, эрүүл мэндийн нөлөөллийн үнэлгээний талаарх зохицуулалтыг тусгана...” гэсэн хуулийн заалтыг давж заалдах шатны шүүх хэрэглээгүй. Өөрөөр хэлбэл мэргэжлийн Зөвлөлийн хуралдааны шийдвэр нь эрх зүйн зөрчилтэй байсан эсэхэд дүгнэлт хийгээгүй.

Давж заалдах шатны шүүх Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.12, 11 дүгээр зүйлийн 11.1-11.3, Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.1-38.1.3 гэсэн заалтуудыг хэрэглэснийг нэхэмжлэлийн шаардлагатай хамаагүй буюу хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлагатай огт хамаагүй асуудлыг дурдсан. Нэхэмжлэгч нийтийн эрх ашиг зөрчигдөж болзошгүй байгаа талаар дурдсан нэхэмжлэл гаргасан. Давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгөхийг хүсье гэжээ.

Хянавал:

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч “АНМХ” ТББ-аас Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэргэдэх Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний мэргэжлийн Зөвлөлд холбогдуулан тус Зөвлөлийн 2015 оны 7 дугаар сарын 09-ний өдөр баталсан “МГУП” ХХК-ийн Увс 1 талбайд газрын тосны хайгуул, судалгаа хийх төслийн “Малчин суманд хийсэн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан”-г хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг тайланг баталсан “шийдвэр”-ийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилжээ.

Нэхэмжлэгчээс уг шаардлагыг “нарийвчилсан үнэлгээний тайлан”-г хууль болон журамд нийцүүлэн хийгээгүй байхад хяналгүйгээр баталсан, батлах “журмыг зөрчсөн” гэх үндэслэлээр гаргажээ.

Хариуцагч нь “тайлан”-г хянаж Засгийн газрын 2013 оны 374 дүгээр тогтоолоор батлагдсан “Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний журам”, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны А-117 дугаар тушаалаар батлагдсан “Байгаль орчны нөлөөллийн үнэлгээний аргачлал”-ын дагуу хийгдсэн гэж үзсэн, шаардлага хангасан тул батлах “шийдвэр” гаргасан гэж маргажээ.

Хэрэгт нэхэмжлэгчийн шаардлага, хариуцагчийн татгалзлаа үндэслэж байгаа нотлох баримтууд авагдаагүй, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг цуглуулаагүй, маргааны зүйлд үнэлэлт, дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна. Хэргийн оролцогчид “Малчин суманд хийсэн байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээний тайлан”-г баталсан асуудлаар маргасан, гэтэл тус “тайлан”-д үнэлгээний шинжилгээ хийж, шинжээчийн дүгнэлт /хянан магадлах асуулга бөглөсөн дүгнэлт/ гаргасан эсэх, уг дүгнэлтийг мэргэжлийн Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн эсэх,  Зөвлөлөөс “шууд” батлах гэж шийдвэрлэсэн нь юунд үндэслэсэн болох талаарх баримтууд хэрэгт авагдаагүй, уг нарийвчилсан үнэлгээний үр дүн, тайланд дүгнэлт өгөх мэргэжлийн Зөвлөлийн үйл ажиллагаа холбогдох хууль, тогтоосон журамд нийцсэн эсэхэд шүүх дүгнэлт хийгээгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасан, үүнийг анхан шатны шүүх зөрчсөн байхад шийдвэрийг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийг мөн хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасан “...нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн гомдол гаргасан тохиолдолд хэргийг бүхэлд нь хянан үзэх” үүргээ хэрэгжүүлээгүй байна гэж үзнэ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчсөнөөс шийдвэр, магадлалыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдож байх тул хууль хэрэглээний талаар хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй болно.

Иймээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 173 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 221/МА2017/0366 дугаар магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Дашдэмбэрэлийн хяналтын журмаар гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Х.БАТСҮРЭН

ШҮҮГЧ                                                                 Ч.ТУНГАЛАГ