| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Отгоогийн Одончимэг |
| Хэргийн индекс | 132/2019/00520/И |
| Дугаар | 556 |
| Огноо | 2019-11-11 |
| Маргааны төрөл | Үндэслэлгүйгээр хөрөнгөжих, |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 556
Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Булган аймаг, Булган сум, ... оршин суух, Б овогт Г.Б-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Булган аймаг, ... оршин суух З овогт М.У ,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ... оршин суух, Б овогт Б.Д нарт холбогдох
М.У ээс 11 тооны, Б.Д оос 4 тооны үхэр гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Б , түүний өмгөөлөгч М.Даваасүрэн, хариуцагч М.У , Б.Д , тэдний өмгөөлөгч П.Ган-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1990 онд өндөр насны тэтгэвэрт гарсан. Би өөрөө үр хүүхэдгүй ганц бие хүн. Үхэр өсөж олон болоод 40 гаруй тооны үхэртэй болсон. Жаргалантын аманд н.Д гийн үхэр, манай үхэр байдаг байсан. 2012 онд Д М.У нар нийлж жуулчны баазад ажилчин авна гэсэн гэж над дээр ирсэн. Б.Д ийн төрсөн дүү Б.С надтай 10 гаруй жил хамт байсан. Б.Д ид Ч ын гэрчилгээтэй өвөлжөөг авч өгсөн. Би Б.Д ийн авга ахын хувьд намайг бурхан болоход толгойг мань түшиж өгөөрэй гээд 8 үхэр өгч, байгаа хэдэн үхрээ харуулж маллуулах болсон. Энэ хугацаанд Б.Д ийн гэр бүлийг харж хандан хоол хүнсээр хангаж, сард 100000 төгрөг өгөх, оюутан хүүхдийнх нь төлбөрт 200000-400000 төгрөг өгч туслах, жилд 5-6 үнээ тугалдаг ба түүний үр шимийг амьдрал ахуйдаа хэрэглэх, идэш өгөх зэргээр тусалсаар өдий хүрсэн. 2013 онд миний үхэр Б.Д ийн нэр дээр тоологдсон. 2013 онд би өндөр настай болсон учир нас бартал минь харж хандаж, тусалж дэмжиж байгаарай гэж хэлж Б.Д ид 13 үхэр өгсөн. 2013 онд миний бүх үхэр Б.Д ийн нэр дээр тоологдсон. Б.С 2013 онд Солонгосоос ирсэн ба ирэхэд нь 2 тугалтай гунж С т өгсөн. 2016 онд 2 тугалтай үнээ С т өгсөн. 2015 онд нэг гунж нь тугалж 5 үхэртэй болсон. Б.Д ид миний өгсөн үхэр болон миний бүх үхэр Б.Д ийн нэр дээр тоологдсон. н.Д гийн үхрийг би өөрийн нэр дээрээ тоолуулж байсан. 2017 онд Б.С ийн үхэр их болж 11 үхэр байхаас Б.Д 1 үхрийг алж идсэн. Б.Д дээр 7 үхэр байсан. 2017 онд Б.Д ийн үхэр хорогдсон. Хар халзан үнээ тугалахад бяруу уургийг нь хөхсөнөөс болж тугал нь үхэж бярууг өөрөө алж идсэн. 2017 онд Б.Д 3 үхэртэй, Б.С 10 үхэртэй болсон. н.Д гийн үхэртэй нийлээд 31 үхэр тоолуулсан. Яагаад тэгж байгааг М.У ээс асуухад зээл авахад хэрэг болно гэж хэлсэн. Б.Д , М.У нар 2017 онд гэрлэлтээ цуцлуулсан ба тэгэхэд М.У т 6 үхэр, Б.Д ид 5 үхэр үлдээсэн. Миний үхрийг дээрэм маягаар авч явсан. Намайг өргөж тэтгээсэй гэсэндээ энэ хэдэд малаа өгсөн. Б.Д оос 4 үхэр, М.У ээс шүүхийн шийдвэрээр олгохоор болсон үхрээ авах саналтай байна. Дээд шүүхийн шийдвэрээр Б.Д оос М.У ийн авахаар болсон болон 2017 онд Б.Д ийн зарсан 4 үхрийн үнийг гаргуулах хүсэлтэй байна. Миний өгсөн 8 үхэр, С гийн 5 үхрийг зарсан. Намайг харж хандах үүргээ хэрэгжүүлээгүй байж миний үхрийг өөрсдөө гэрлэлтээ цуцлуулахдаа хувааж авсанд нь гомдолтой байна. Б.Д намайг асрах байтугай 2 удаа надад халдсан гэв.
Хариуцагч М.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Б ах 2013 онд надад 8 үхэр өгсөн. Гэр бүл болсон гэж 13 үхэр өсгөж мал болгоорой гэж өгсөн. 2005 онд гэр бүл болоод Буриадын хороонд очиход 8 үхэр өгсөн. Г.Б ах малаа өсгөж намайг өргөж тээгээрэй гэж хэлсэн. Бид өөрсийн бололцоогоор ахыг асарч, харж хандаж байсан. Бид хоёрыг 2017 он болтол сарын 100000 төгрөгөөр цалинжуулж байсан. Үхэр өсөж 42 гаруй толгой болсон. Хорогдсон зүйл байхгүй. Одоо бол мал нь байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Хариуцагч Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би М.У тэй 2005 онд гэр бүл болж 3 хүүхэд гарсан. 2012 онд газар авсан. Г.Б ахын бид хоёрт өгсөн мал бол Б.С ийн мал. 2018 онд гэрлэлтээ цуцлуулсан. Салахдаа хүүхдийн тэтгэлэг төлөхөөр болсон. Бид тусдаа амьдарч байгаа. Г.Б ах “намайг өөрийн эцэг шигээ санаж асарч, тэтгэж байгаарай” гээд хэдэн үхэр өгсөн нь үнэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч М.У ээс хар халзан үнээ, хар халзан тугалтай, нүдэн улаан үнээ, улаан халзан тугал, хүрэн үнээ, улаан халзан тугал, улаан халзан үнээ, улаан халзан тугал, хүрэн зүсмийн эр шүдлэн, улаан хүрэн зүсмийн охин шүдлэн, улаан эрээн эм шүдлэн нийт 3600000 төгрөгөөр үнэлэгдэх 11 тооны үхэр, Б.Д оос 1 үнээ, 3 тооны шүдлэн, нийт 1800000 төгрөгөөр үнэлэгдэх 4 тооны үхэр тус тус гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нар нь нэхэмжлэгч Г.Б өндөр настай болсон учир нас бартал минь харж хандаж, тусалж дэмжиж байгаарай гээд бидэнд мал өгсөн хэдий нэхэмжилж байгаа мал нь үгүй болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Зохигч талуудын тайлбараар Г.Б нь өндөр настай болсон учир нас барах хүртлээ харж хандуулахаар 8 тооны үхэр өгч, өөрийн малыг маллуулж сард 100000 төгрөгийн цалин хөлс өгч байхаар Б.Д , М.У нартай харилцан тохиролцсон үйл баримт тогтоогдож байна.
Зохигч талуудын дээр дурдсан тохиролцоо нь Иргэний хуулийн 483 дугаар зүйлд заасан асран тэтгэх гэрээний агуулгыг илэрхийлэх боловч хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй байна.
Хариуцагч нар нь нэхэмжлэгч Г.Б ыг нас барах хүртэл нь харж хандаж, түүний малыг маллаж байхаар тохирсон атлаа 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гэрлэлтээ цуцлуулж, асран тэтгүүлэгч Г.Б аас өөр орон нутагт амьдарч, өөрсийн өрхийн нэр дээр бүртгүүлсэн Г.Б ын малыг гэр бүлийн дундын эд хөрөнгө гэж хуваан авсан болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх тул тэднийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзнэ.
Нэхэмжлэгч нь Б.Д , М.У нар нь намайг харж хандаагүй, би тэднийг намайг өргөж тэтгээсэй гэсэндээ малаа өгсөн байхад гэрлэлтээ цуцлуулахдаа миний малыг хуваан авсан, намайг асрах байтугай 2 удаа надад халдсан гэх тайлбар, үйл баримтын талаар хариуцагч нар маргаж, мэтгэлцээний байр суурь илэрхийлэхгүй байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг үндэслэн хариуцагч М.У ээс хар халзан үнээ, хар халзан тугалтай, нүдэн улаан үнээ, улаан халзан тугал, хүрэн үнээ, улаан халзан тугал, улаан халзан үнээ, улаан халзан тугал, хүрэн зүсмийн эр шүдлэн, улаан хүрэн зүсмийн охин шүдлэн, улаан эрээн эм шүдлэн нийт 3600000 төгрөгөөр үнэлэгдэх 11 тооны үхэр, хариуцагч Б.Д оос 1 үнээ, 3 тооны шүдлэн, нийт 1800000 төгрөгөөр үнэлэгдэх 4 тооны үхрийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г.Б д буцаан олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч М.У ээс хар халзан үнээ, хар халзан тугалтай, нүдэн улаан үнээ, улаан халзан тугал, хүрэн үнээ, улаан халзан тугал, улаан халзан үнээ, улаан халзан тугал, хүрэн зүсмийн эр шүдлэн, улаан хүрэн зүсмийн охин шүдлэн, улаан эрээн эм шүдлэн нийт 3600000 төгрөгөөр үнэлэгдэх 11 тооны үхэр, Б.Д оос 1 үнээ, 3 тооны шүдлэн, нийт 1800000 төгрөгөөр үнэлэгдэх 4 тооны үхрийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Г.Б д буцаан олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 101350 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжинд 101350 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Б д буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОДОНЧИМЭГ