| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэнгийн Энхбаяр |
| Хэргийн индекс | 181/2019/03538/И |
| Дугаар | 181/ШШ2020/00060 |
| Огноо | 2020-01-03 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 181/ШШ2020/00060
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.Ж-н нэхэмжлэлтэй
Хариуцагч: С.Б-д холбогдох
Гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ж , хариуцагч С.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь :
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2007 онд танилцсан. 2008 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүүхэдтэй болсон. Бид 2 ер нь сайн ярилцаж чадахгүй, хоорондоо ярилцахаараа уурлаад байдаг. 10 жил хамт байлаа. Миний үгэнд ордоггүй болохоор гэрээсээ явсан мөн үгийг минь сонсохгүй хүндэлж хүлээж авдаггүй, манай ээж аав хоёрт дургүй байдаг, үүнийгээ байнга хэлдэг” гэв.
Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “10 жил нөхөртэйгөө хамт амьдарсан манай нөхөр юм л бол гэрлүүгээ явдаг ээж аав нь хүүхэддээ үг хэлдэггүй юм л бол гэртээ байлгаад байдаг. Ийм учраас хүүхдээ буруу хүмүүжүүлсэн буруу юм зааж өгсөн болохоор дургүй байдаг нь үнэн. Би нөхрийгөө зөндөө уучилж байсан өөр хүүхэнтэй явалдаж байсан удаа байгаа. Би энэ хүнээс 5-6 эгч хамт амьдраад болно гэж бодсон. Сүүлийн 2 жилийн хувьд ерөөсөө болохгүй юм байна гэж бодсон. Би уучилдаг 1 сар, 2 сараар яваад ирдэг түүнийг нь за яах вэ гээд хүлээгээд авдаг. Хамгийн гол нь би өөрийгөө бодоогүй хүүхдээ бодоод л уучлаад яваад байсан. Сүүлдээ юм бол хэрэлдэхээрээ гэрээс гарч явдаг, сална гэдэг. Энэ хугацаанд бид хоёрт тогтсон гэр орон байхгүй манай аав гэр бэлдэж өгч байсан түүнд нь эхний ганц хоёр жил амьдарч байгаад түрээсийн байранд амьдарсан. Түрээсийн байранд хэрэлдэхээрээ манай нөхөр явдаг би хүүхэдтэйгээ үлддэг. Би сүүлдээ залхаад хэчнээн хүүхдээ бодоод хамт байя гэж болсон ч энэ хүн дуртай үедээ яваад байхаар их хэцүү санагдсан. Тэгээд хоорондоо ярилцсаны үндсэн дээр салахаар шийдсэн. Архи дарс ууж ирчихээд зоддог муу зуршил бол байхгүй. Хамгийн гол нь хоорондоо ярилцаж чаддаггүй шалтгаанаас болсон” гэв.
Шүүх зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь :
Нэхэмжлэгч Б.Ж нь хариуцагч С.Б д холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нь гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна, хүү Ж.Э ыг өөрийн асрамжид авна, хүүхдийн тэтгэлэг гаргуулна гэж маргасан.
Нэхэмжлэгч Б.Ж , хариуцагч С.Б нь 2006 оны 5 дугаар сарын 23-ны өдөр гэр бүл болсноо 2008 оны 5 дугаар сарын 23-ны өдөр иргэний гэр бүлийн байгууллагад бүртгүүлсэн, мөн тэдний дундаас 2008 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүү Элбэгбаяр төрсөн болох нь зохигчдын тайлбар, гэрлэлтийн лавлагаа, хүү Ж.Э ын төрсний гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтаар тогтоогдов.
Нэхэмжлэгч Б.Ж, хариуцагч С.Б нар нь тусдаа амьдраад 1 жил болсон, мөн цаашид хамт амьдрах, эвлэрэх боломжгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй байна.
Гэрлэлт цуцлах нэхэмжлэлийн шаардлагатай хамт хүүхдийн асрамж, тэтгэлэг шийдвэрлэх хуулийн зохицуулалттай.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх тухайгаа бие даан харилцан тохиролцох эрхтэй ба талууд хүү Ж.Э ыг эх С.Б ын асрамжид үлдээхээр тохиролцсон байх тул хүү Ж.Э ыг эх С.Б ын асрамжид үлдээх нь зүйтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т “11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр” гэж заасан ба нэхэмжлэгч нь хүү Ж.Э тэтгэлэг өгөхийг зөвшөөрч маргаагүй тул тэтгэлэг гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Нээндэй овогт Б.Ж, С.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2008 оны 08 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү Ж.Э ыг эх С.Б ын асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар зааснаар 2008 оны 08 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү Ж.Э ыг 16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Ж-ээс сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд нэхэмжлэгч Б.Ж, хариуцагч С.Б нар нь дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд саад учруулахгүй байхыг дурьдсугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Б аас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б.Ж олгож, нэхэмжлэгч Б.Ж-аас улсын тэмдэгтийн хураамжид 56,787 төгрөгийг нөхөн гаргуулж улсын орлогод олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ЭНХБАЯР