| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэнгийн Энхбаяр |
| Хэргийн индекс | 181/2020/00431/И |
| Дугаар | 181/ШШ2020/00623 |
| Огноо | 2020-03-06 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 181/ШШ2020/00623
| 2020 оны 03 срын06 өдөр | 181/ШШ2020/00623 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.А-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Б.Н-д холбогдох
Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, 10 ширхэг эсгийний үнэ болох 800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.А , хариуцагч Б.Н , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: “Би Б.Н аас хүүхдийн тэтгэлэг болон дээвэр туурганы мөнгө гаргуулах хүсэлтэй байна. Би Б.Н тай 2011 онд танилцсан. 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдөр охинтой болсон. Б.Н цэрэгт явсны дараа би охинтойгоо цуг аав ээж хоёртой хамт амьдардаг байсан.
Б.Н цэргээс ирсний дараа хэсэг хугацаанд манай аав ээжтэй хамт амьдарч байгаад бид тусдаа гарсан. Б.Н тай хамт амьдарч байх хугацаанд хэрүүл маргаан их байдаг байсан ч ойлгож, уучилдаг байсан. Б.Н нь архи ууж, гар хүрдэг байсан. Мөн Б.Н ыг цагдаад өгч байсан.
Би өөрөө салъя гэж хэлсэн. Салахдаа өөрийнхөө авчирсан юмнуудыг бүгдийг нь авсан. Б.Н гэрээ авчирсан учраас өөрөө авсан. Хамт амьдарч байх хугацаанд аав ээжээсээ дээвэр туурга авч гэрт тавьсан. Салахдаа дээвэр туургаа аваагүй Б.Н ыг авчраад өгөөрэй гэж хэлэхэд за би ажилтай байна, ажлынхаа заваар хүргэж өгнө гэж хэлдэг байсан ” гэв.
Хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.А тэй 2011 онд танилцаад 2012 онд охинтой болсон. Би цэргээс ирээд хадмындаа түр хугацаагаар амьдарсан. Би зуны байшин хөлсөлж амьдардаг байсан. Сард портер нүүрс түлдэг. Би машинаа зараад шинэ гэр авсан. Шинэ гэр авч Б.А , охинтойгоо хамт амьдарсан.
Аргагүй байдалд ороод ажлаа сольсон. Хил хамгаалах ерөнхий газар автын цахилгаанчнаар ажиллаж эхэлсэн. Гэтэл Б.А намайг оройтохоор уурлаж хэрүүл хийдэг байсан. Мөн цэргийн хүнд дургүй гэж хэлдэг байсан. Гэр рүүгээ хувцсаа аваад явдаг байсан ч би тэр болгонд аргадаж авчирдаг.
Би шинэ гэр 2,300,000 төгрөгөөр авсан ч шинэ гэрээ 1,300,000 төгрөгөөр ченжид зарсан. Гэтэл дээвэр туургыг эрвээхий идчихсэн байсан. Хүн тоож авахааргүй байсан тул дээвэр туургыг хаясан. Гэтэл Б.А надаас нэхээд байхаар нь оронд нь нэг юм авч өгнө гэж хэлсэн” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.А нь хариуцагч Б.Н ад холбогдуулан хүүхдийн тэтгэлэг болон 10 ширхэг эсгийний үнэ болох 1,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж, 800,000 төгрөг гаруулах гэж өөрчилсөн болохыг дурьдав.
Хариуцагч нь хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч, эсгийний үнэ болох 1,200,000 төгрөгийг төлөхгүй гэж маргасан болно.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр зарим хэсгийг нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б.А , хариуцагч Б.Н нарын дундаас 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдөр охин Г төрсөн болох нь охин Г Г-1461 дугаартай төрсний гэрчилгээ, талуудын тайлбараар тогтоогдов.
2012 оны 05 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин Г г эх Б.А ээр овоглосон ба хариуцагч Б.Н нь охин Г гийн төрсөн эцэг мөн болохыг хүлээн зөвшөөрч маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй.”, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12 дугаар зүйл /Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч дараахь үүрэг хүлээнэ /-ийн 12.1.1-т “хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах амьдрах эрүүл саруул, аюулгүй орчин бүрдүүлэх, нэн шаардлагатай хоол хүнс, орон байр, хувцас, тоглоом, бусад шаардлагатай зүйлээр хангах” гэж заасны дагуу хариуцагч Б.Н нь өөрийн төрсөн охин Г г тэжээн тэтгэх үүрэгтэй.
Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2014 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр төрсөн охин Г д сар бүр 11 нас хүртэлх тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хариуцагч Б.Н аас хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан “Б.Н гэр авч, аав, ээжийн эсгий туургийг түр хэрэлэхээр авсан боловч Наранбат нь буцааж өгөөгүй”, хариуцагч Б.Н “аав, ээжийнх нь эсгий туурга нь гэр буулгахад хэрэглэх аргагүй болсон тул хог дээр хаясан” гэх тайлбараас үзэхэд Б.А нь эсгий туурганы өмчлөгч бус харин ээж Жавзангийн өмчлөлийн эсгий туурга болох нь талуудын тайлбараар тогтоодсон бөгөөд Жавзангаас нэхэмжлэгч Б.А т эсгий туурга үнийг шаардах эрхийг олгоогүй байх тул 10 ширхэг эсгийний үнэ болох 800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Б.А ийн эх Жавзан нь өөрийн өмчлөлийн эсгий туургыг хариуцагч Б.Н аас шаардахад энэхүү шийдвэр саад болохгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2012 оны 05 дугаар сарын 24-ний өдөр төрсөн охин Г г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Б.Н аар сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
2. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-т зааснаар нэхэмжлэгч Б.А ийн 10 ширхэг эсгийний үнэ болох 800,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,380 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 37,030 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР