| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2023/0211/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/207 |
| Огноо | 2023-06-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Т |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 2023/ШЦТ/207
2023 6 13 2023/ШЦТ/207
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П
улсын яллагч Т.Т
шүүгдэгч Г.С, М.М нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Т-ийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн 2325000000265 дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт;
Шүүгдэгч М.М Монгол улсын иргэн;
шүүгдэгч Г.С нь;
2023 оны 4 дүгээр сарын 06-ны шөнө 01.00 цагийн орчим архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, Орхон аймаг Жаргалант сум Улаантолгой баг Тасгийн **** тоотод хохирогч М.М-тэй үл ялих шалтгааны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь цохиж, эрүүл мэндэд нь “доод урууланд сорви” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг; Гэм буруугийн талаар;
Шүүгдэгч Г.С, М.М нар дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь тэдний хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүдээс гадна,
иргэн Э.М-ын “...2023 оны 4 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө Орхон аймаг Жаргалант сум Улаантолгой багийн нутаг дэвсгэрт манай нөхөр Г.С бусдад зодуулж, эрүүл мэндэд нь хохирол учирсан.” гэх гомдол, мэдээллийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дэх тал/,
хохирогч Г.С-ын “...Шөнийн 1 цаг өнгөрч, авсан архиа ууж дуусаж байхад М над руу агсам тавьж эхэлсэн, би дотроо “өмнө нь хоорондоо муудалцсан болохоор архи ууж, архиндаа муутгаж байгаад намайг зодох гэж байна.” гэж бодсон. ... М намайг заамдаж боогоод машин руу түлхээд машины толь хугалсан, ... ноцолдож байгаад арай хийж салаад дахиж ирж зодоон хийх гээд байхаар нь би М-ийг айлгаж холдуулъя гээд машинаасаа дорцовны иш авсан чинь М-ээс түрүүлээд Г хүрч ирээд намайг хажуугаас барьж аваад тэвэрсэн. ...Г намайг тэврэнгүүт М хүрч ирээд миний гараас дорцовны ишийг булааж аваад толгой руу учир зүггүй цохисон. Би гараараа толгойгоо хамгаалж газарт явган суухад М толгой руу дорцовны ишээр цохихоо болиод, хөлөөрөө бие болон нүүр лүү /нүд рүү/ олон удаа өшиглөсөн, өшиглөж байхад нь Г надаас салгаад, гэр лүү нь аваад явсан.” гэх /хавтаст хэргийн 7-8 дахь тал/,
хохирогч М.М-ийн “...би архи ууж байгаад С-той муудалцсан, учир нь; С над руу гар утсаар “М-ийн шээс” гэж доромжилсон учраас би С-д ингэж болохгүй талаар хэлсэн. ...архиа ууж дуусаад 02 цагийн үед гэртээ харихаар болоод Д-гийн гэрээс гартал С надтай маргаанд байсан, тэгээд бид хоёр гэрийн гадаа бие, биенээ хэд цохисон, ...Би хашаанаас гартал С машинаасаа дроцовны иш гаргаж ирээд миний толгой руу нэг удаа цохисон, би С-той зууралдаж байгаад дроцовны ишийг нь булааж аваад буцаагаад дроцовны ишээр хоёр удаа толгой нүүр хэсэг рүү нь цохисон.” гэх /хавтаст хэргийн 11-13 дахь тал/,
гэрч Э.М-ын “...2023 оны 4 дүгээр сарын 05-06-нд шилжих шөнө 02 цаг өнгөрч байхад манай нөхөр С гар утаснаасаа над руу “хүнд зодуулчихлаа, цус алдаад үхлээ” гэж хэлсэн. ...Эмнэлэг дээр очиход нөхөр маань нүүр нь цустайгаа холилдчихсон, толгойндоо олон язарсан шархтай, нэг нүд нь хавдаад аймар болчихсон байсан, ...юу болсон талаар нөхрөөс болон Г-гээс асуухад “М-д зодуулсан” гэж хэлсэн. ... Г-гээс нэмж асуухад “М ахыг С “М-ийн шээс” гэж доромжилсноос болсон” гэж хэлсэн.” гэх /хавтаст хэргийн 15 дахь тал/,
гэрч П.Д-гийн “...архи дуусаад М хашаанаас гарч байхад С машиныхаа дроцовны ишээр цохисон, зөрүүлээд дроцовны ишийг булааж авч байгаад С-ыг цохисон.” талаар ярьсан. Тухайн үед С-той уулзахад толгойгоо боочихсон, нэг нүд нь хавдаад аньчихсан байсан. М-ийн биед ил харагдах гэмтэл гэвэл уруул нь дотор талдаа язарчихсан байснаас өөр гэмтэл харагдаагүй.” гэх /хавтаст хэргийн 18 дахь тал/,
гэрч Д.А-ын “...архи ууж байхад М, С хоёр маргалдаад бүгдээрээ гэрээс гарсан. ...Намайг гэрт орохоос өмнө С, М хоёр Д-гийн гэрийн хойно зодолдож байсан, ...ямартай ч намайг харж байхад М, С хоёр ганц, нэг удаа л нэгийгээ цохиж харагдсан, ингээд гэрт байж байтал гаднаас С цусаа гоожуулчихсан орж ирсэн, “юу болов” гэсэн чинь янз бүрийн дроцовны талаар ярилгүйгээр “зодуулчихлаа” гэж хэлсэн.” гэх /хавтаст хэргийн 20-21 дэх тал/,
М.М-ийн өөрийнх нь өгсөн “...хашаанаас гартал С машинаасаа дроцовны иш гаргаж ирээд миний толгой руу нэг удаа цохисон, энэ үед би зууралдаж байгаад дроцовны ишийг нь булааж аваад буцаагаад хоёр удаа толгой, нүүр хэсэг рүү нь цохисон.” гэх /хавтаст хэргийн 47-48 дахь тал/,
Г.С-ын өөрийнх нь өгсөн “...Д-гийн гэрт байхдаа М-тэй муудалцаж, хоорондоо ноцолдож байгаад М-ийн уруул руу хоёр удаа цохисон, М-ийн жавжнаас бага зэрэг цус гарсан.” гэх /хавтаст хэргийн 56-57 дахь тал/ мэдүүлгүүд,
Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газар Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 317 дугаартай;
“...Г.С-ын биед хуйханд шарх, хоёр нүдний алимны салст, зүүн нүдний зовхинд цус хуралт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байхаар шинэ гэмтлүүд байна. Хуйханд шарх, хоёр нүдний алимны салст, зүүн нүдний зовхинд цус хуралт нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Духанд үүссэн зулгаралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэсэн /хавтаст хэргийн 27-28 дахь тал/,
Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газар Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 452 дугаартай;
“...М.М-ийн биед доод урууланд сорви гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлийг тухайн үед ямар хүчин зүйлээр үүсгэгдсэнийг нарийн тогтоох боломжгүй байна. Нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, хуучин гэмтэл байна. Дээрх гэмтэл нь учрах үедээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулахаар байсан тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн /хавтаст хэргийн 33-34 дэх тал/ дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд шүүгдэгч нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба тэдэнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Г.С, М.М нар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, тэд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, харилцан бие, биедээ “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;
Прокурорын санал болгож, шүүгдэгч нарын хүлээн зөвшөөрсөн таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг тэдэнд оногдуулж, торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрүүгийн хариуцлагын хуульзүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж,
шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Л овогт М-ийн М, Б овогт Гын С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.М, Г.С нарыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч М.М, Г.С нар шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд анхааруулсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.М, Г.С нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичиж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ