| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэргэлэнгийн Энхбаяр |
| Хэргийн индекс | 181/2020/00359/И |
| Дугаар | 181/ШШ2020/00625 |
| Огноо | 2020-03-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 03 сарын 06 өдөр
Дугаар 181/ШШ2020/00625
| 2020 оны 03 срын06 өдөр | 181/ШШ2020/00625 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хаалттай хуралдаанаар
Нэхэмжлэгч: А Г ХХК -ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: М А Ж ХХК –д холбогдох
Хамтран ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэлд 7,450,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Батжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Монгол аялал жуучлал ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Аяллын зар сурталчилгаа болон тухайн байгууллагын бэлдэж өгсөн нэвтрүүлэг хийхээр жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Сарын төлбөр 1,000,000 төгрөг, жилийн 12,000,000 төгрөг байхаар тохиролцсон. Гэрээ хэрэгжих хугацаа буюу 10 сарын дараа Монгол аялал жуучлал ХХК-ийн хүсэлтээр гэрээг дуусгавар болсон. Гэрээ дуусгавар болох хугацаанд нийт 10,000,000 төгрөгийн төлбөр гарсан.
2017 онд бартераар 9,000,000 төгрөгийн төлбөрт Хайнань аялах эрхийн бичиг 3 ширхэг өгсөн боловч явуулаагүй. 2018 онд 8 эрхийн бичиг өгсөн боловч нэг ч хүн явуулаагүй. 2019 онд 2,650,000 төгрөгийн хэмжээнд бартераар хүн аялуулсан.
Манай байгууллага аргагүй байдалд орж өөрсдөө аялал зохион байгуулж Бээжин явсан. Бээжин явах аялалдаа Монгол аялал жуучлал ХХК-ийг автобус, буудал гаргаж өгвөл төлбөрөө хаая гэсэн хүсэлт, шаардлага тавьсан боловч ямар нэгэн хариу үйлдэл үзүүлдэггүй. Эрхийн бичиг өгдөг хэдий ч хүмүүсээ явуулдаггүй. Иймд мөнгөн хэлбэрээр гаргаж өгнө үү ” гэв.
Хариуцагч шүүхэд хариу тайлбар гараагүй болно.
Шүүх зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А Г ХХК нь хариуцагч М А Ж ХХК-д холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэлд 7,450,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч М А Ж ХХК нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, шүүхэд ямар нэгэн хариу тайлбар гаргаагүй байна.
Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Талуудын хооронд 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Г/031 дугаартай “Хамтран ажиллах гэрээ” байгуулагдаж, уг гэрээний дагуу ТМ телевизээр 30 минутын аялалын нэвтрүүлэг цацуулах, ТМ телевиз нь Монголын аялал жуулчлал ХХК-ийн “Гадаад аялал”, “Дотоод аялал”-с сонгон аялахаар тохиролцож гэрээ байгуулжээ.
Талуудын хооронд байгуулсан гэрээ нь хамтран ажиллах гэрээ нэртэй боловч, зохигчид бие биедээ харилцан үйлчилгээ үзүүлж, түүний төлбөрийг өөрийн эрхэлдэг бизнесийн чиглэлээр харилцан үйлчилгээ үзүүлэх замаар төлөхөөр тохиролцсон байна.
Дээрхи гэрээ нь Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5-д заасан холимог гэрээний шинжийг агуулж байгаа боловч худалдах, худалдан авах гэрээний нийтлэг шинж давамгайлж байна.
Хариуцагч М А Ж ХХК нь нийт 10,000,000 төгрөгийн үнэлгээтэй телевизийн нэвтрүүлэг цацуулсан бөгөөд 2,550,000 төгрөгийн үнэлгээ бүхий аялалд буюу Бээжин-Утай, Эрхүүгийн аялалд А Г ХХК-ийн ажилчдын хамруулсан, талууд 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр “Тооцооны үлдэгдлийн баталгаа” үйлдэж, 7,450,000 төгрөгийн үлдэгдэлтэй болохыг зөвшөөрч баталжуулсан болох нь баримтаар нотлогдов.
Мөн, талуудын хооронд харилцаж байсан албан бичгээс үзэхэд Монголын аялал жуулчлал ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдож байх тул хариуцагч Монголын аялал жуулчлал ХХК-иас 7,450,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А Г ХХК-д олгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар шүүх 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 13 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдааны товыг хариуцагч М А Ж ХХК-д оршин байх хаягаар баталгаат шуудангаар мэдэгдэх хуудас хүргүүлсэн, мөн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ганцэцэгийн 9992-2212 дугаарын утсаар мэдэгдсэн.
Э.Ганцэцэг нь 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлт ирүүлсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаан нь баримтаар нотлогдохгүй, мөн Э.Ганцэцэг гэж зурсан гарын үсэг нь хавтаст хэрэгт Э.Ганцэцэгийн зурсан гарын үсгээс илт ялгаатай гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байх тул Э.Ганцэцэгийг хүсэлт гаргасан гэж үзэх боломжгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэж үзэв.
Түүчлэн, шүүхэд хариу тайлбар гаргах үүргээ биелүүлээгүй тул шүүх маргаж байгаа болон зөвшөөрч байгаа үйл баримтыг мэдэх боломжгүй тул хүсэлт шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хариуцагч М А Ж ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ганцэцэгт 2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасны дагуу 14 хоногийн дотор хариу тайлбарыг шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй байх тул хариуцагч М А Ж ХХК-ийг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 198 дугаар зүйлийн 198.5-д зааснаар хариуцагч Монголын аялал жуулчлал ХХК-иас 7,450,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэл А Г ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 134,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М А Ж ХХК-иас 134,150 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч А Г ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР