Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2023 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/210

 

 2023       6            16                                       2023/ШЦТ/210

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,   

улсын яллагч Т.Т,

шүүгдэгч Ө.Г, түүний өмгөөлөгч М.Э нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүгдэгч Ө.Г-д холбогдох эрүүгийн 2325000000230 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, Ө.Г

Шүүгдэгч Ө.Гнь;

2023 оны 4 дүгээр сарын 03-ны шөнө 00.30 цагийн орчимд ....... улсын дугаартай “Toyota prius-30” загварын тээврийн хэрэгслээр такси үйлчилгээнд явж байхдаа, Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг ...... хоолны газрын гадаа хохирогч Т.С-н “түр байж байгаарай, бие засчихаад ирье” гэж хэлээд “Хаан бууз” цайны газар орсны дараа түр итгэмжлэн хариуцуулж үлдээсэн “iphone-14” загварын гар утас, “iWatch SE” загварын ухаалаг цаг, “oriflame” үнэртэй ус, “Хаан” банкны виза карт, түлхүүр зэрэг эд зүйлсийг нь авч явж, завшсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Ө.Г “...би “UB cab”-ын таксинд явдаг, тухайн өдөр тэр гурван эмэгтэйг аваад явсан. Хохирогч гээд байгаа Саруулболор миний машины урд  тал руу гар утсаа шидээд салоны шил хагалсан, би утсыг нь үнэтэй утас гэж мэдээгүй, утас нь цэнэггүй байсан. Тэр гурван эмэгтэйн нэг нь “мөнгө байхгүй буулаа, харьж унтлаа” гэхээр нь Дэнжид хүргэж өгсний дараа нөгөө хоёр эмэгтэй шагаас архи авсан, “хоол идмээр байна, шөнөжингөө архидна, нөхөр маань шоронд орчихсон нөхрийнхөө араас Улаанбаатар хот руу явмаар байна, чамайг аваад явчихмаар байна.” гэсэн, би “үгүй, болохгүй, би эхнэр хүүхэдтэй, дүү маань хөдөө орон нутагт хөлдөж үхэх гээд байна, та гялс очих газраа хүргүүлчих.” гэхэд “архидна, чамтай хамт явна, чи явна гэж байхгүй шүү, “Хаан бууз” орж хоол иднэ, би нөхөр рүүгээ явна, чамайг 500.000 төгрөгөөр аваад явъя, би дарга, цэрэгтэй явалддаг, нэг дарга нь унтая гэхэд унтдаггүй шүү, би тийм л хүүхэн, би чамд биеэ үнэлчихье” гэсэн. Би “юу яриад байгаа юм бэ эгчээ, би тийм юм мэдэхгүй шүү дээ, адилхан ядарч яваа юм байна, би танд мөнгө өгье, таны архи, ундаа, хоолыг чинь аваад өгье” гээд бүгдийг нь авч өгсөн. Би өмнө нь ийм хэрэгт орж байгаагүй болохоор шүүхийн өмнө сандраад, айгаад байна, ярих юмнуудаа урд хойно нь оруулаад байх шиг байна, ийм л зүйл болсон.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч Т.С “...2023 оны 4 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэр “Төрийн банк”-ны зогсоол дээрээс такси барихад цагаан өнгийн 21-38ОРО улсын дугаартай “Toyota prius-30” загварын тээврийн хэрэгсэл зогссон... Одноогийн найзыг Дэнж багт гэрт нь хүргэж өгчихөөд эргээд төв рүү орж, Уурхайчин баг “Хаан бууз” дээр ирж Одноо “бие засчихаад гараад ирье” гэж хэлэхээр нь би араас нь хоол идэх гээд орохдоо уг такси дотор “Dior” брендийн эмэгтэй жижиг гар цүнх, 128GВ-ийн багтаамжтай “iphone-14” загварын гар утас, “iWatch SE” загварын ухаалаг цагийг үлдээсэн, цүнх дотор “Oriflame” брендийн эмэгтэй хүний үнэртэй ус, “Хаан” банкны алтан виза карт, “Эрдэнэт-Үйлдвэр” ТӨҮГ-ын ажлын үнэмлэх, ажлын 5 ширхэг төмөр түлхүүр байсан. Гар утас, цаг хоёрыг такси дотор цэнэглээд голын хайрцаг дотор тавьчихсан байсан. ...би хоол идчихээд гараад ирсэн чинь такси явчихсан, Одноо байхгүй байхаар нь “эд зүйлээ алдчихлаа” гэж бодоод цагдаад хандах болсон. ...миний бүх эд зүйлсийг надад хүлээлгэж өгсөн, гаргах санал хүсэлтгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дахь тал/,

гэрч Ж.О “...Т.С болон найз Цогзолмаа бид гурав 2023  оны 4 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Төрийн банк”-ны зогсоол дээрээс такси бариад...Цогзолмааг Дэнж багт байрлах гэрт нь хүргэж өгчихөөд би “бие засах гэсэн юм, харанхуй газар очоод өгөөч” гэсэн чинь таксины жолооч Уурхайчин баг “Хаан бууз” зоогийн газрын гадна зогсоол дээр очихоор нь Т.Саруулболор болон жолооч хоёрт “та хоёр байж байгаарай, гялс бие засчихаад гараад ирье” гэж хэлээд “Хаан бууз” руу орж бие засчихаад хэдхэн минутын дараа гараад ирсэн чинь такси болон Т.Саруулболор хоёр, хоёулаа байхгүй байхаар нь “явчихсан юм байна” гэж бодоод гэр лүүгээ харьсан. ...Маргааш нь Т.Саруулболор танихгүй дугаараас над руу залгаад “такси дотор гар утас, цаг, цүнхээ үлдээгээд араас чинь “Хаан бууз” руу ороод юм идчихээд гараад ирсэн чинь чи байхгүй, мөн гар утас, цаг, цүнх зэргийг таксины жолооч аваад явчихлаа” гэж надад хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дахь тал/,

Ө.Г сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...таксинд явж байсан чинь гурван эмэгтэй зогсож байхаар нь авсан, ...“Хаан бууз” руу орчиход гараад ирье гэж хэлээд буусан, ...машин дотроо хүлээж сууж байгаад гарч ирэхгүй болохоор нь яваад өгсөн. ...Маргааш өглөө нь аав над руу залгаж, “цагдаагаас чамайг асуугаад байна.” гэхээр нь би Орхон аймаг руу орж ирээд тухайн хүний цүнх, цүнх дотор байсан эд зүйл, “iphone-14” загварын гар утас, “iWatch SE” зэрэг эд зүйлсийг нь таксинд суусан эмэгтэй хүнд хүлээлгэж өгсөн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 44-45 дахь тал/,

“...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Тухайн шөнө...гурван эмэгтэй такси барих гээд зогсож байхаар нь машиндаа суулгахад хаачих гээд байгаа нь мэдэгдэхгүй хотын төвөөр баахан явуулж байгаад...нэг эмэгтэй нь Дэнж багт гэртээ хүргүүлж буухад нөгөө хоёр эмэгтэй эргээд 2 дугаар микрт архи дамлан зардаг хүмүүсээс 45.000 төгрөгт ундаа, архи худалдан авсан бөгөөд “мөнгө байхгүй” гээд надаас мөнгө авч худалдан авалт хийсэн, тэгээд “хоол идмээр байна” гээд “Хаан бууз” дээр очиход хохирогч гээд байгаа Саруулболор гэдэг эмэгтэй “таксины төлбөрийг биеэрээ төлнө, нөхөр дээрээ очмоор байна” гээд сонин, сонин юм ярьж байснаа гар утсаа надад “төлбөрт авч бай” гээд шидэж өгсөн. Тэгээд “Хаан бууз”-ны гадна талд очиход нэг эмэгтэй нь түрүүлээд “бие заслаа” гэж ороход араас нь хохирогч эмэгтэй орохоор болж надаас 20.000 төгрөг бэлнээр авч “хоол идчихээд гараад ирье” гэж хэлснээ хоёр эмэгтэй хоёулаа гарч ирэхгүй 40 минут хүлээж байхад манай дүү “Булган аймагт хөдөө явж байгаад машин эвдэрсэн” гээд намайг дуудсан, яаралтай явахгүй бол болохгүй гэж бодоод машинд үлдээсэн хохирогч эмэгтэйн эд зүйлийг аваад явчихсан. Маргааш нь дүү Ө.Маргад-Эрдэнийг цагдаагаас дуудаж, аавтай хамт ирэхэд хохирогч эмэгтэй цагдаад гомдол гаргасан байсан, тухайн үед би хөдөө явж байсан, тэгээд орой нь уг эмэгтэйтэй холбогдож бүх зүйлийг нь өгөхөд надад таксины төлбөр болон зээлсэн 20.000 төгрөгийг буюу нийт 40.000 төгрөгийг дансаар шилжүүлэн өгсөн. Авсан архи, ундааг би орой нь шагийн архи зардаг хүнээ тухайн газраас олж буцаагаад, мөнгөө авчихсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 55-56 дахь тал/,

хохирогч Т.С-н “...2023 оны 4 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө 00 цаг 30 минутын үед Төрийн банкны хажуугийн зогсоол дээрээс таксинд сууж “Хаан бууз” хүргүүлэн “түр хүлээж байгаарай, бие засаад ирье” гээд орсон хойгуур миний “iphone-14” загварын гар утас, “iWatch SE” зэрэг эд зүйлийг авч явсан.” гэсэн гомдол, мэдээллийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 2 дахь тал/,  

түүний өргөдөл /хавтаст хэргийн 3 дахь тал/,

“Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн ТХҮ-ОРХ/6600 дугаартай; “...“iphone-14” загварын гар утас 3.500.00 төгрөг, “iWatch SE” загварын ухаалаг цаг 1.300.000 төгрөг, “Dior” брэндийн эмэгтэй хүний жижиг гар цүнх 120.000 төгрөг, “oriflame” үнэртэй ус 60.000 төгрөг, “Хаан” банкны алтан карт 30.000 төгрөг, “Эрдэнэт-Үйлдвэр” ТӨҮГ-ын ажлын үнэмлэх 32.500 төгрөг, ажлын 5 ширхэг түлхүүр 30.000 төгрөг, зах зээлийн үнэ, цэнийг 2023 оны 4 дүгээр сарын байдлаар 5.072.500 төгрөг байх боломжтойг тодорхойллоо.” гэсэн тооцоолол, дүгнэлт /хавтаст хэргийн 35-38 дахь тал/,

Ө.Г эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 60 дахь тал/,

иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 63 дахь тал/ зэрэг болно.

          Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгч Ө.Г гэм буруугийн талаар;

Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ө.Гантогтох нь 2023 оны 4 дүгээр сарын 03-ны шөнө 00.30 цагийн орчимд 21-38ОРО улсын дугаартай “Toyota prius-30” загварын тээврийн хэрэгслээр такси үйлчилгээнд явж байхдаа, хохирогч Т.С “түр байж байгаарай, бие засчихаад ирье” гэж хэлээд “........” цайны газар орсных нь дараа түүний  “iphone-14” загварын гар утас, “iWatch SE” загварын ухаалаг цаг, “oriflame” үнэртэй ус, “Хаан” банкны виза карт, түлхүүр зэрэг эд зүйлсийг нь авч явсан гэх үйл баримт тогтоогдож байна. 

“Хөрөнгө завших” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг итгэмжлэлийн үндсэн дээр эзэмшиж, ашиглаж буй байдлаа урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах, захиран зарцуулсан, эзэмшсэн үйлдлийг ойлгох бөгөөд гэмт хэрэг үйлдсэн хүн нь бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан хүн байхаас гадна эд хөрөнгө завших санаа зорилго нь түүнийг олж авсны дараа үүссэн байдаг.  

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан үйлдлийг хөрөнгө завших гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан.

Шүүх мөрдөгч, прокурорын цуглуулсан нотлох баримтуудыг бүрэн шалгасан боловч шүүгдэгчийн үйлдэл “хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзэхэд эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэжээ.

Учир нь;

шүүгдэгч Ө.Г нь 2023 оны 4 дүгээр сарын 03-ны шөнө “.......” цайны газрын гадаа гэрч Ж.Одонтуяа, хохирогч Т.С нарыг 40 гаран минут хүлээснийг,  

хүлээгээд гарч ирэхгүй болохоор нь тэдний хойноос “........” цайны газар ороход Ж.Одонтуяа, Т.С нар байгаагүйг, 

Ө.Г нь Булган аймаг явсан, хэрэв үнэхээр Булган аймаг явсан бол хэзээ буцаж ирсэн зэрэг нь хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой байх бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүх эдгээрийг хөдөлбөргүй тогтоох боломжгүй байна. 

Дээр дурьдсан ажиллагаа хяналтын камерын бичлэгээр тогтоогдох байтал мөрдөгч, прокурор нь Орхон аймгаас Булган аймаг явах замын, мөн “Хаан бууз” цайны газрын хяналтын камерын бичлэгүүдийг хугацаанд нь цуглуулаагүйгээс шүүх шүүгдэгчийн мэдүүлгийг баримтаар няцаан үгүйсгэх боломжгүй болсон.

Мөн шүүгдэгч Ө.Г яагаад хохирогчид архи авч өгөх болсон, хохирогч Т.Саруулболор ямар шалтгаанаар шүүгдэгчээс 20.000 төгрөг авч хоолонд орсон зэрэг хохирогч, шүүгдэгч нарын хоорондын харилцааг буюу архи, хоолны мөнгөний асуудлыг бүрэн шалгаагүй тул шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэх сэдэлт, зорилгыг тогтоох, улмаар “хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдэгдсэн гэж дүгнэж гэм буруутайд тооцох нь учир дутагдалтай байна.

Аливаа хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгч, прокурор нь нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд хуульд заасан энэхүү үүргээ хэрэгжүүлсний эцэст хэргийг шүүхэд шилжүүлж, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэх ёстой. Гэтэл шүүгдэгч Ө.Гантогтохын үйлдлийг нарийвчлан шалгаж, эрх зүйн ач холбогдол бүхий үнэлэлт, дүгнэлт хийлгүй эрүүгийн хэрэг үүсгэсэн  байна гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилсан бөгөөд тухайн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйн улмаас Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхол зөрчигдсөн байх ойлголтыг агуулна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд гэмт хэргийн шинж гэдэгт тодорхой нийгэмд аюултай үйлдлийг гэмт хэрэг гэж тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгох ба энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэгт тооцох, харин аль нэг нь үгүйсгэгдсэн буюу нотлогдоогүй тохиолдолд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, гэмт хэргийн шинж үгүйд тооцож, хэрэг хэрэгсэхгүй болох шууд нөхцөл үүснэ.

Хэрэгт цуглуулсан баримтуудаар шүүгдэгчийг гэмт хэрэг хэрэг үйлдсэн, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэсэн сэдэлт, зорилго агуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй.” гэж заасан тул шүүгдэгч Ө.Г үйлдэл гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан гэж үзэхээр байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн бодит байдал болон тухайн хэрэгт холбогдсон хүний гэм бурууг эргэлзээгүй тогтоох үүргийг мөрдөгч, прокурор хүлээдэг бөгөөд хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг хянан хэлэлцэхэд гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь нотлогдоогүй, түүнчлэн шүүгдэгч гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, тухайн хэрэгт холбогдсон хүнийг цагаатгах зарчмыг баримтлан шүүх шийдвэр гаргах хуулийн зохицуулалттай.

Иймд шүүх хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч Ө.Г-н үйлдэл гэмт хэргийн шинжийг хангасан эсэхэд үндэслэл бүхий эргэлзээ үүссэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ... шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг ... шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэнэ.” гэсэн зарчмыг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй” гэж дүгнэж, шүүгдэгчийг  цагаатгав.

          Бусад асуудал;

Хохирогч Т.Саруулболор “...миний зүгээс гаргах санал, хүсэлт, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн байх тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй байна.  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Ө.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.9, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан, Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн, Ө.Г-д холбогдох эрүүгийн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь  2.2-т зааснаар шүүгдэгч Ө.Гантогтоход урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

3.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.  

4.Цагаатгах тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.ЭНХТУНГАЛАГ