Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 181/ШШ2020/00626

 

 

 

 

 

 

 

 

2020 оны 03 срын06 өдөр

                           181/ШШ2020/00626

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч С.Энхбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хаалттай хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б Д С Э П  ХХК -ийн  нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Н  ХХК -д  холбогдох

 

Оффисийн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10,524,800 төгрөг гаргуулах, оффисийн өрөөг албадан чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Пүрэвсүрэн, хариуцагчийн төлөөлөгч Б.Аранжин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Отгончимэг нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Н  ХХК болон Б Д С Э П  ХХК нарын хооронд оффис түрээслэх, түрээслүүлэх гэрээний дагуу төлөх төлбөр болох 2018 оны 9, 10, 11 сарын төлбөр нийт 2,508,000 төгрөг, түүнээс хойш гэрээ цуцлагдсанд тооцож 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл тавилга хураасан өрөөний цаад талын өрөөний төлбөр болох 12 сарын төлбөр 5,544,000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн нэхэмжлэл өгснөөс хойш 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш өнөөдрийг хүртэл төлбөр явагдаж байгаа. Учир нь оффисийн өрөө чөлөөлөгдөөгүй байгаа. Нэг сарын төлбөр 836,000 төгрөг. Цаад талын өрөөнд тавилга хураалттай байсан.

Манайх 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээж авснаас хойш засвар хийж наад талын өрөөг тусд нь түрээсэлсэн. Дамждаг 2 өрөөний наад талын өрөөг нэг сарын 374,000 төгрөгөөр 2 байгууллагад түрээсэлсэн. Эхний байгууллагад 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр түрээсэлж, дараагийн байгууллагад 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүртэл түрээсэлсэн. Цаад талын өрөөг түрээслэх боломжгүй байгаа.

Иймд Н  ХХК-иас 10,524,800 төгрөгийг нэхэмжилж байна. Манай байгууллага 2018 оны 9, 10, 11 сарын төлбөр дээр алданги тооцсон. Бусад тавилга хураасан өрөөнд алданги тооцоогүй. Нэг сарын 462,000 төгрөгөөр тооцож бодож байсан.

Н  ХХК нь одоо болтол энэ байрыг чөлөөлөөгүй. Гэрээ цуцлагдсан өдөр намайг гадуур явж байхад буцаж орж ирээд өрөөнийхөө хаалгыг эвдээд орсон байсан. Хаалга эвдсэний дараа би ирсэн. Яагаад хаалга эвдчихсэн юм бэ гэж асуухад чамайг ирэхгүй болохоор эвдсэн гэж хэлсэн. Би эвдэрсэн хаалгыг салгаж аваад наад талын өрөөнд байсан зүйлийг цаад талын өрөөнд хураагаад хаалгыг нь шкабаар хааж тавиад явсан. Энэ үйл явдал болсны маргааш мөнгө чинь бэлэн байна, 2,500,000 төгрөгийг өгөхөд бэлэн байна, портер асааж өгөөд тавилга гаргавал төлбөрөө өгнө гэж хэлсэн боловч одоо болтол төлбөрөө өгөөгүй.

Би цаад талын өрөөний тавилгыг өөр тийшээ хураасан гэж хэлэхгүй бол наад талын өрөөний хаалгыг эвдэж орох магадлалтай байсан учраас тавилга өөр өрөөнд байгаа гэж хэлсэн. Тухайн үед акт хүлээлцэх гэтэл удахгүй гарах учраас акт хүлээлцэх шаардлагагүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн үед байсан тавилгын зургийг авсан.

Хариуцагч тал 2018 оны 7 сараас хойш төлбөр төлөх боломжгүй гэж тайлбар гаргасан байсан. Өмнө нь Б.Аранжин бид хоёрт 15,000,000 төгрөг, 9,000,000 төгрөгийн өр авлага үүсч байсан. Тухайн үед алданги тооцдоггүй, олон сар, жил нэхэж төлүүлж байсан. 2018 оны 5 сард хамгийн сүүлийн мөнгийг төлж дуусахад нь би төлбөрөө сар, сард нь төлж байя гэж хэлсэн боловч 7, 8 сарын төлбөрийг өгөөд 9 сарын төлбөрийг өгөхгүй 3 сар болохоор нь аргагүй байдалд орж гэрээг цуцалсан.

Гэрээ цуцлах талаар хүсэлт өгч байсан боловч гэрээ цуцлахгүй, гарахгүй гэсэн тайлбарыг өгдөг. Сардаа төлбөрөө өгч байхгүй бол гэрээг цуцална гэж тохиролцсон болохоор 2019 оны 6 сард шүүхэд материалаа өгсөн  ” гэв.

 

Хариуцагч төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манайх гадаадад чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Тухайн жилд хэрэгжүүлж байсан төсөл 8 сараас гацсан. 2 талаас нийлж 80,000,000 гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн боловч тухайн ажил маань бүтээгүй тул 6 сараас үйл ажиллагаа багасаж эхэлсэн. Нөгөө талаас мөнгө орж ирнэ гэсэн боловч одоо болтол орж ирээгүй.

Би оффисдоо 8 сараас хойш орж чадаагүй. Хааяа ганц л ордог байсан. Гадаад компанитай хамтарч ажилладаг байсан учраас тодорхой хугацааны дараа төлбөр орж ирэх байх гэж найдаж байсан. Байнга дансаа шалгаад банк руу явдаг болсон. Өрөөндөө нэвтэрч чадахгүй байсан болохоор хаалга эвдсэн. Энэ хугацаанд оффис дотор байгаа зүйлийг зараад төлбөрөө төлье гэж удаа дараа хэлж байсан.

Тухайн оффисоос гарахад С.Пүрэвсүрэн нь чи хэрэгтэй юмнуудаа ав тавилгыг нь өгөхгүй гэж хэлж байсан тул би ганцхан тамгаа авч чадсан. С.Пүрэвсүрэнгийн мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй. Би оффист байгаа бараагаа тал мөнгөөр нь зараад нэхэмжлэгч талыг хохиролгүй болгох хүсэлтэй байна” гэв.  

 

Шүүх зохигчдын шүүх хуралдаанд өгсөн тайлбар, бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б Д С Э П  ХХК нь хариуцагч Н  ХХК-д холбогдуулан оффисийн түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 10,524,800 төгрөг гаргуулах, оффисийн өрөөг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Н  ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаас түрээсийн төлбөр 2,508,000 төгрөгийг зөвшөөрч маргаагүй, харин үлдэх 8,016,800 төгрөгийг эс зөвшөөрч маргасан.

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Талуудын хооронд 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр “Оффисийн зориулалттай байр түрээслүүлэх, түрээслэх гэрээ” байгуулагдаж, уг гэрээний дагуу Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 27/1 дүгээр байрны 3 давхрын 306 тоот 38 м.кв талбайтай 2 өрөөг оффисийн зориулалтаар нэг м.кв-ийг 22,000 төгрөгөөр тооцож, нийт 836,000 төгрөгөөр түрээслэхээр тохиолцож байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан хуулийн шаардлага хангасан хүчин төгөлдөр гэрээ байгуулжээ.

 

Түрээсийн үлдэгдэл төлбөр буюу 2018 оны 9, 10, 11 дүгээр сарын түрээсийн төлбөр 2,508,000 төгрөгийг хариуцагч зөвшөөрч маргаагүй.

 

Нэхэмжлэгч нь “Түрээсийн гэрээг дуусгавар болгосон 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хойш 21 м.кв талбайтай өрөөнд Н  ХХК нь тавилгаа хурааж, өнөөдрийг хүртэл бусдад түрээслэх, үр шимийг хүртэх боломжгүй болсон тул 21 м.кв-ийг 462,000 төгрөг /1 м.кв-ийг 22,000 төгрөгөөр тооцсон/-ийг 15 сараар тооцож, 6,930,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан”, хариуцагч нь “Намайг мөнгөө төлж байж тавилгаа аваарай гэж хэлсэн. Мөнгө олдоогүй тул тавилгаа аваагүй. Тэр байрнаас тавилгыг гаргахыг зөвшөөрөөгүй, мөн өөр газар тавилгыг хураасан гэж хэлсэн тул ашиглаагүй хугацааны төлбөр 6,930,000 төгрөгийг зөвшөөрөхгүй” гэж тус тус тайлбарласан.

 

Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.4-д “Гэрээ дуусгавар болоход хөлслөгч эд хөрөнгийг буцааж өгөх хугацааг хойшлуулсан бол хөлслүүлэгч өөрт учирсан хохирлоо хожимдуулсан хугацааны турш төлбөл зохих хөлсний хэмжээгээр шаардах эрхтэй.” гэж заажээ.

 

Хариуцагч Н  ХХК нь түрээсийн төлбөрийг бүрэн төлөөгүй үйл баримт нь гэрээний зөрчил ба түрээсийн төлбөрийг бүрэн төлж, түрээсийн байрыг бүрэн чөлөөлж, нэхэмжлэгч  Б Д С Э П  ХХК-ийг өмчлөх эрхээ хэрэгжүүлэх, бусдад тус талбайг түрээслэх, ашиг олох боломжоор хангах үүрэгтэй.

 

Түрээсийн төлбөр төлөөгүй гэх шалтгаанаар түрээсийн талбайд байгаа тавилга болон бусад зүйлийг аваагүй явдал нь эд хөрөнгийг буцааж өгөх хугацааг хойшлуулсантай адилтган үзнэ.

 

Нэхэмжлэгч Б Д С Э П  ХХК нь түрээсийн төлбөр төлөөгүй гэх шалтгаанаар уг тавилгыг саатуулан барьсан үйл баримтыг буруутгах үндэслэлгүй бөгөөд хэрэв хариуцагч Н  ХХК нь түрээсийн төлбөрийг бүрэн төлсөн бол уг үр дагавар үүсэхгүй юм.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний дүнгээр буюу 1 м.кв-ийг 22,000 төгрөгөөр тооцож, нэг сарын 462,000 төгрөг, нийт 6,930,000 төгрөг гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-д “Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ.”, талуудын хооронд байгуулсан гэрээний 3.5-д “0,5 хувийн алдангийг хугацаа хэтэрсэн хоног тутамд төлнө” гэж тус тус заажээ.

 

Нэхэмжлэгч нь 1,086,800 төгрөгийн алданги шаардаж байгаа нь үндэслэлтэй байна.

 

Иймд хариуцагч Н  ХХК-иас 10,524,800 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б Д С Э П  ХХК-д олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-д зааснаар хариуцагч Н  ХХК-ийн хууль бус эзэмшлээс Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 27/1 дүгээр байрны 3 давхрын 306 тоот 21 м.кв талбайтай өрөөг оффисийн чөлөөлүүлэх шаардлага гаргаж байгаа нь үндэслэлтэй байна.

 

Хариуцагч нь уг оффисын өрөөг бодитоор ашиглаж, аж ахуйн үйл ажиллагаа явуулаагүй боловч өөрийн тавилгыг байршуулан бусдад ашиглах боломжийг хязгаарлаж байгаа нь өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй үйлдэл гэж үзэх тул  Н  ХХК-ийн хууль бус эзэмшлээс Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 27/1 дүгээр байрны 3 давхрын 306 тоот 21 м.кв талбайтай өрөөг оффисийн чөлөөлүүлэх нь зүйтэй байна.

 

Иргэний хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 395 дугаар зүйлийн 295.4, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Н  ХХК-иас 10,524,800 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б Д С Э П  ХХК-д олгосугай.

 

2.  Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-д зааснаар хариуцагч Н  ХХК-ийн хууль бус эзэмшлээс Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, 27/1 дүгээр байрны 3 давхрын 306 тоот 21 м.кв талбайтай оффисийн өрөөг чөлөөлсүгэй.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 268,497 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н  ХХК-иас 268,497 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Б Д С Э П  ХХК-д  олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш шүүх хуралдааны оролцогч талууд 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолох бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш  Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.ЭНХБАЯР