Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/213

 

 2023         06            16                                 2023/ШЦТ/213

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П        

улсын яллагч Ц.Л

хохирогч Б.Ш,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүгдэгч Б.Б-д холбогдох эрүүгийн 2325000000212 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Шүүгдэгч Б.Б нь;

2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг **** тоот Б.Б-ын гэрт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, “хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар хохирогч Б.Ш-тэй маргалдан түүнийг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Б.Б “...мөрдөн байцаалтын шатанд үнэн, зөв мэдүүлгээ өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

хохирогч Б.Ш “...Б-нд хоёр шил архи ууж дуусгаад энэ хүн надтай маргалдаж, намайг цохисон, 2.546.000 төгрөг нэхэмжилж байна.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч Б.Ш-ийн “...2023 оны 4 дүгээр сарын 01-ний өглөө 7 цагийн үед гэртээ унтаж байтал манай гэрт Т гэх залуу орж ирээд намайг дагуулж гараад...Б гэх залуугийн гэрт очсон. ...Б бид хоёр “Сангийн далай” хүнсний дэлгүүр ороод нэг шил архи аваад буцаад Б-гийн гэрлүү явж байтал Б-гийн зүс таних залуу тааралдаад Б бид хоёрыг дагаад Бгийн гэрт очсон. Ингээд авсан нэг шил архийг Б, Б-гийн зүс таних залуу бид гурав хувааж уусан, уг архийг ууж дуусгаад Б-гийн зүс таних залуу надтай маргалдаж, намайг цохисон, би уг залууд зодуулчихаад гэрлүүгээ харьсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дэх тал/,

“...Миний найман шүд унаж, уруул язарсан, ...Бүсийн оношлогоо эмчилгээний төвд 6 хоног хэвтэн эмчлүүлж, уруул хэсэгтээ оёдол тавиулсан, 546.000 төгрөгийн зардал гарсан. Хэвтэн эмчлүүлсэн 546.000 төгрөг болон шүд хийлгэх зардал 2.000.000 төгрөг, нийт 2.546.000 төгрөг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дэх тал/,

гэрч Б.О-ы “...хүү Ш 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өглөө 06 цагийн үед гэртээ унтаж байх үед Т гэх залуу орж ирээд дагуулаад гараад явсан. ...14 цагийн үед нүүр, ам нь цус болчихсон, хувцаснууд нь цус болоод хатчихсан байдалтай орж ирсэн. ...маргааш нь эрүүл болохоор нь эмнэлэгт үзүүлж, юу болсон талаар асуухад “манай гэрийн ойролцоо Б гэх айлд ороод хамт архи уусан залууд зодуулсан” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/,

гэрч Б.Б-ын “...2023 оны 4 дүгээр сарын 01-ний өглөө Ш нэг найзынхаа хамт манай гэрт орж ирсэн, надад тал шилтэй архи байсан уг архийг бид гурав ууж дуусгаад Ш-тэй хамт ирсэн найз нь явчихсан. Ш бид хоёр дахин архи уухаар болоод “Сангийн далай” дэлгүүрт очиж 0.75л “Стандарт” архинаас нэгийг аваад манай гэр лүү явж байтал миний танил дүү Б тааралдаад бид гурав хамт манай гэрт очоод дэлгүүрээс авсан архийг гурвуулаа хувааж уусан, уг архийг дуусаад Б “архи авна” гээд дэлгүүр лүү яваад ирэхдээ 0.75л “Стандарт” архинаас авч ирсэн, тухайн архийг уугаад бид гурав нэлээн согтоод би унтчихсан байсан...унтаж байтал хүмүүс хоорондоо маргалдах чимээ гараад сэрсэн чинь Ш газар хэвтчихсэн, Б хөлөөрөө өшиглөж байсан. ...Ш-г босгосон чинь нүүр, ам нь тэр чигтээ цус болсон... дөрвөн шүд нь уначихсан байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/,

Б.Б-ы яллагдагчаар өгсөн “...2023 оны 4 дүгээр сарын 01-ний өглөө 09 цагийн үед гэрийнхээ ойролцоох дэлгүүр орохоор явж байтал Б ах үл таних залуугийн хамт явж байсан, Б ахтай уулзах үед “нэг шил архи авсан, манай гэр лүү очиж ууя” гэж хэлээд би дагаад явсан. ...Б ах архи гаргаж ирээд уг архийг Б ах болон түүнтэй хамт явсан үл таних залуу бид гурав хувааж ууж дуусгаад Б ах бид хоёр дахин дэлгүүр лүү явж “Чанар” архинаас хоёрыг аваад буцаад Б ахын гэрт ирээд дахин гурвуулаа уугаад сууж байх үед Б ахтай хамт байсан залуу намайг “чи муу гөлөг, би чамайг ална” гэж хэл, амаар доромжилж, над руу салаавч гаргаад, шүлсээ хаяад байхаар нь миний уур хүрээд уг залууг сандал дээр сууж байх үед нь хөлөөрөө цээж, нүүр хэсэг рүү нь хоёр удаа өшиглөсөн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,

Шүүхийн Шинжилгээний Ерөнхий Газар Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 309 дугаартай; “...Б.Ш-гийн биед таван шүдний булгаралт /дээд зүүн хоёрдугаар шүд, гуравдугаар шүднүүд, доод баруун нэгдүгээр шүд, хоёрдугаар шүд, гуравдугаар шүднүүд/ нүүрэнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, амны хөндийн салстын шарх, дээд баруун дөрөвдүгээр шүд, доод зүүн нэгдүгээр шүдний ганхалт, нүүрэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...Таван шүдний булгаралт нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг үлэмж хэмжээгээр буюу 15 хувиар тогтонги алдагдуулах тул гэмтлийн зэрэг тогтоох зааврын 2.3.2-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Нүүрэнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, амны хөндийн салстын шарх, дээд баруун дөрөвдүгээр шүд, доод зүүн нэгдүгээр шүдний ганхалт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сариулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 21-23 дахь тал/,

иргэн Б.О-гын “...2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт Б.Ш нь үл таних хүнд зодуулсан.” гэх гомдол, мэдээллийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дахь тал/,

түүний өргөдөл /хавтаст хэргийн 5-6 дахь тал/,

Б.Б эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 48 дахь тал/,

иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 35 дахь тал/,

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 234 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 46-47 дахь тал/,

хохирогч Б.Ш-ийн өвчний түүхийн хуулбар /хавтаст хэргийн 50-59 дэх тал/,

амбулаториорын эмчлүүлэгсдийн карт /хавтаст хэргийн 61-64 дэх тал/ зэрэг болно.

Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мөн Б.Б-аас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгч Б.Б-ыг гэм буруутайд тооцох;

шүүгдэгч Б.Б нь;

2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг **** тоот Б.Б-ын гэрт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, “хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар хохирогч Б.Ш-тэй маргалдан түүнийг зодож, эрүүл мэндэд нь “таван шүдний булгаралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх,

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч Б.Ш-гийн “...нэг шил архийг Б, Б-гийн зүс таних залуу бид гурав хувааж уусан, уг архийг ууж дуусгаад Бгийн зүс таних залуу надтай маргалдаж, намайг цохисон, ...Бүсийн оношлогоо эмчилгээний төвд 6 хоног хэвтэн эмчлүүлж, уруул хэсэгтээ оёдол тавиулсан.” гэх,

гэрч Б.О-ны “...хүү Ш...нүүр, ам нь цус болчихсон, хувцаснууд нь цус болоод хатчихсан байдалтай орж ирсэн. ...маргааш нь эрүүл болохоор нь эмнэлэгт үзүүлж, юу болсон талаар асуухад “манай гэрийн ойролцоо Б гэх айлд ороод хамт архи уусан залууд зодуулсан” гэж хэлсэн.” гэх,

гэрч Б.Б-ын “...тухайн архийг уугаад бид гурав нэлээн согтоод би унтчихсан байсан...унтаж байтал хүмүүс хоорондоо маргалдах чимээ гараад сэрсэн чинь Ш газар хэвтчихсэн, Б хөлөөрөө өшиглөж байсан. ...Ш-г босгосон чинь нүүр, ам нь тэр чигтээ цус болсон...дөрвөн шүд нь уначихсан байсан.” гэх,

Б.Б-ы өөрийнх нь өгсөн “...Б ахтай хамт байсан залуу намайг “чи муу гөлөг, би чамайг ална” гэж хэл, амаар доромжилж, над руу салаавч гаргаад, шүлсээ хаяад байхаар нь миний уур хүрээд уг залууг сандал дээр сууж байх үед нь хөлөөрөө цээж, нүүр хэсэг рүү нь хоёр удаа өшиглөсөн.” гэх мэдүүлгүүд,

Шүүхийн Шинжилгээний Ерөнхий Газар Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 309 дугаартай; “...Б.Ш-ийн биед таван шүдний булгаралт /дээд зүүн хоёрдугаар шүд, гуравдугаар шүднүүд, доод баруун нэгдүгээр шүд, хоёрдугаар шүд, гуравдугаар шүднүүд/ нүүрэнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, амны хөндийн салстын шарх, дээд баруун дөрөвдүгээр шүд, доод зүүн нэгдүгээр шүдний ганхалт, нүүрэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.” гэсэн дүгнэлт,

иргэн Б.О-ны “...2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ багийн нутаг дэвсгэрт Б.Ш нь үл таних хүнд зодуулсан.” гэх гомдол, мэдээллийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл, түүний өргөдөл, хохирогч Б.Ш-ийн өвчний түүхийн хуулбар, амбулаториор эмчлүүлэгсдийн карт зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд дээрх баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч Б.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд;

Шүүгдэгч Б.Б 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг **** тоот Б.Б-ын гэрт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, “хэл амаар доромжиллоо” гэх шалтгаанаар хохирогч Б.Ш-тэй маргалдсан, улмаар бие махбодынх нь эсрэг хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь “таван шүдний булгаралт /дээд зүүн хоёрдугаар шүд, гуравдугаар шүднүүд, доод баруун нэгдүгээр шүд, хоёрдугаар шүд, гуравдугаар шүднүүд/ нүүрэнд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, амны хөндийн салстын шарх, дээд баруун дөрөвдүгээр шүд, доод зүүн нэгдүгээр шүдний ганхалт, нүүрэнд зулгаралт” бүхий гэмтэл учруулсан болох нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны үед өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр,

мөн хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсоноос гадна нотлох баримтуудыг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдоогүй, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтэл нь шүүгдэгч Б.Б-ы гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Б-ы хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь шүүгдэгч бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хүндэвтэр зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд хэрэгт цуглуулсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б-ы үйлдэл “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангажээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан, шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийн үйл баримтын талаарх шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, бусад нотлох баримтуудыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийхэд шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх шүүгдэгч Б.Б-ыг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, шүүх хуралдаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно.” гэсэн хүсэлтийг гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.

Шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

шүүх шүүгдэгч Б.Быг “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Б.Б-ы үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааны үед,

улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах.” гэсэн саналыг гаргасан болно.

          Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгчид оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзан үзэв. 

          Шүүх шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн саналыг харгалзан,

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж,

          дээрх хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглож,

          ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхаарууллаа. 

Шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болохыг дурьдаж байна.  

Бусад асуудал;

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ.” гэж тус тус заажээ.

Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан боловч хохирогч нь хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэл гаргаагүй,

шүүх хуралдааны үед болон мөрдөн байцаалтын шатанд “...Бүсийн оношлогоо эмчилгээний төвд 6 хоног хэвтэн эмчлүүлж, уруул хэсэгтээ оёдол тавиулсан, 546.000 төгрөгийн зардал гарсан. Хэвтэн эмчлүүлсэн 546.000 төгрөг болон шүд хийлгэх зардал 2.000.000 төгрөг, нийт 2.546.000 төгрөг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлгийг өгсөн боловч энэ талаар баримтгүй тул энэ шүүх хуралдаанаар түүний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг зааснаар иргэний нэхэмжлэл гараагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх шийтгэх тогтоол гаргахдаа цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг дурьдаж байна.

Хохирогч Б.Ш Орхон Бүсийн оношлогоо эмчилгээний төвд 6 хоног хэвтэн эмчлүүлэхэд 546.000 төгрөг зарцуулагдсан болох нь хавтаст хэргийн 50-59 дэх талуудад авагдсан өвчний түүхийн хуулбараар тогтоогдсон, энэ мөнгө нь Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар хохирогчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг буруутай этгээд хариуцан эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлөх үүрэгтэй тул шүүгдэгч Б.Баас 546.000 төгрөг гаргуулж Орхон Аймгийн Эрүүл мэндийн даатгалын газарт олгох үндэслэлтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Б цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдаж,

шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч Б овогт Б-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг дээрх хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглож,

          мөн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

          4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Б.Б-аас 546.000 төгрөг гаргуулж Орхон аймгийн Эрүүл мэндийн даатгалын газарт олгож,

          хохирогч Б.Ш энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөртэй холбоотой баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар бүрдүүлж нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

          7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.  

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЭНХТУНГАЛАГ