Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 971

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Эын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2018/00403 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Б.Э,

Хариуцагч Б.Б, Т.Х нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүрэг Б.Б-оос 498 080 000 төгрөг, Т.Х-аас 1 851 580 000 төгрөг тус тус гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Б.Э,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Баярмагнай,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Т.Х, Б.Б нар нь “Энх-Өглөө” ХХК болон Эрчим хүчний яамны хооронд байгуулагдсан 2014 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн Баруун-Урт-Эрдэнэцагааны 35 кв, 197 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 110/35/6 кв дэд станц ажлыг гүйцэтгэхээр захиалагч, гүйцэтгэгчийн хооронд байгуулсан гэрээний дагуу хийж буй тендерийн ажлыг гүйцэтгэж дуусгахад мөнгө хэрэгтэй байна, хүүтэй мөнгө зээлээч, яамнаас санхүүжилт орж ирэнгүүт чиний мөнгийг төлөх тул эргэн төлөгдөх бүрэн баталгаатай гэж хэлж итгүүлэн нийт 8 удаагийн Зээлийн гэрээ байгуулж мөнгө зээлж авсан. Гэтэл хариуцагч нар нь Эрчим хүчний яамнаас орж ирсэн санхүүжилтээ гэрээнд зааснаас өөр дансаар нууцаар авч, өөр зүйлд захиран зарцуулж, амласан ёсоороо зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй.

Хариуцагч Т.Х, Б.Б нартай 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 200 000 000 төгрөг, 1 жилийн хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулж, Б.Бын 2205110767 тоот дансанд 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 110 000 000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 70 000 000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 20 000 000 төгрөг тус тус шилжүүлсэн, 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр, 195 000 000 төгрөг, 1 жилийн хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй гэрээ байгуулж, Б.Бын 2205110767 тоот дансанд 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр шилжүүлсэн, Т.Хтай 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдөр 300 000 000 төгрөг, 1 жилийн хугацаатай, сарын хүү 7 хувийн хүүтэй гэрээ байгуулж, Т.Хы 5001403249 тоот дансанд 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдөр 50 000 000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 250 000 000 төгрөг шилжүүлсэн. Мөн Т.Хы дансанд 250 000 000 төгрөг, Б.Бын 5079091071 тоот дансанд 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 150 000 000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 20 000 000 төгрөг, 2015 оны 8 дугаар сард 10 000 000 төгрөг, Т.Хы 5003588593 тоот дансанд 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 70 00 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн боловч гэрээний үүргээ зөрчиж, эргэн төлөлт хийгээгүй.

Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсгүүдийг тус тус үндэслэн дараах төлбөрийг нэхэмжилж байна. Үүнд:

1.Хариуцагч Т.Х, Б.Б нартай 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 200 000 000 төгрөг, зээлийн хүү 135 466 667 төгрөг, алданги 167 733 333 төгрөг, нийт 503 200 000 төгрөгийг хувь тэнцүүлэн, хариуцагч Б.Боос 251 600 000 төгрөг, Т.Хаас 251 600 000 төгрөг,

2.Хариуцагч Т.Х, Б.Б нартай 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 195 000 000 төгрөг, зээлийн хүү 133 640 000 төгрөг, алданги 164 320 000 төгрөг, нийт 492 960 000 төгрөгийг хувь тэнцүүлэн, хариуцагч Б.Боос 24 480 000 төгрөг, Т.Хаас 246 480 000 төгрөг,

Хариуцагч Т.Хтай 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 250 000 000 төгрөг, зээлийн хүү 121 333 334 төгрөг алданги 185 666 667 төгрөг, нийт 557 000 000 төгрөгийг Т.Хаас,

Хариуцагч Т.Хтай 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр байгуулсан зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 300 000 000 төгрөг, зээлийн хүү 231 000 000 төгрөг, алданги 265 500 000 төгрөг, нийт 796 500 000 төгрөгийг Т.Хаас,

Нийт зээлийн гэрээний үүрэг Б.Боос 498 080 000 төгрөг, Т.Хаас 1 851 580 000 төгрөг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

Сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Т.Х Б.Б нар нь “Энх-Өглөө” ХХК-ийн 51 хувийг түр нэр дээр чинь шилжүүлье, Эрчим хүчний яамнаас санхүүжилт орох Төрийн банкны 1 дүгээр гарын үсэг зурах эрхийг олгоё, санхүүжилт орж ирэх даруйд Зээлийн гэрээний дагуу төлбөрүүдээ бүгдийг аваарай, чиний гарын үсгээр мөнгө авах учраас бид 2 санхүүжилтын мөнгийг авах эрхгүй болчихож байгаа юм, ажлаа үргэлжлүүлэх боломжгүй байгаад байна гэж гуйсны үндсэн дээр 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 200 000 000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 195 000 000 төгрөгийг тус тус нэмж зээлж, зээлийн гэрээ байгуулсан юм. Гэтэл хариуцагч нар нь Эрчим хүчний яамнаас санхүүжилт авах дансны дугаараа надаас нууцаар удаа дараа өөрчилж, надад мэдэгдэлгүйгээр санхүүжилтүүд авч, өөр зүйлд захиран зарцуулж Зээлийн гэрээний төлбөрөө эргүүлэн төлөлгүй хууран мэхэлсээр өнөөдрийг хүрсэн.

2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан 195 000 000 төгрөгийн Зээлийн гэрээ нь мөн адил талууд сайн дураар харилцан тохиролцож байгуулсан гэрээ бөгөөд зээлийн төлбөрт авсан мөнгөө юунд зарцуулах нь зээлдэгч нарын асуудал юм.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч нар шүүхэд гаргасан хариу тайлбар, сөрөг нэхэмжлэл болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энх-Өглөө” ХХК нь Эрчим хүчний яамнаас зарласан Баруун-урт-Эрдэнэцагааны 35 кв, 197 км цахилгаан дамжуулах агаарын шугам, 110/35/6 кв дэд станцын ажил гүйцэтгэх тендерт шалгарч дээрх ажлыг гүйцэтгэхээр болсон бөгөөд нэхэмжлэгч Б.Этай тухайн үед хамтарч ажиллахаар тохирсон.

Дээрх тендерийн ажлыг эхлээд өөрсдийн хөрөнгөөр гүйцэтгэж гүйцэтгэсэн ажлынхаа үр дүнгээр төрөөс санхүүжилт авах хэлбэрээр ажиллаж байсан. Тухайн ажлыг гүйцэтгэх явцад тодорхой хэмжээний хөрөнгө мөнгө шаардагдаж байсан бөгөөд нэхэмжлэгч Б.Эд дээрх тендерийн ажилд хөрөнгө оруулж төрөөс санхүүжилт олгох үед оруулсан хөрөнгийг нь тодорхой хувиар өсгөж өгөх санал тавьсан. Бидний дээрх саналыг Б.Э хүлээн зөвшөөрсөн бөгөөд оруулсан хөрөнгө оруулалтаа эргүүлэн авах баталгаа болгож нэхэмжлэлд дурдсан зарим зээлийн гэрээг байгуулсан.

2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 250 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан бөгөөд энэ гэрээний дагуу 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 30 000 000 төгрөг шилжүүлсэн. 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Т.Хы дансанд 70 000 000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Б.Бын дансанд 150 000 000 төгрөг шилжүүлсэн бөгөөд дээрх төлбөр нь хамтран ажиллах тохиролцооны дагуу шилжүүлсэн төлбөр болохоос зээлийн гэрээний дагуу шилжүүлсэн төлбөр биш. Эдгээр мөнгийг шилжүүлж байхад бид зээлийн гэрээ байгуулаагүй, энэ талаар ямар нэг тохироо хийгээгүй.

Б.Б, Т.Х нар 2016 оны 3 дугаар сарын эхээр нэхэмжлэгч Б.Эд хандаж 200 000 000 төгрөг шаардлагатай байна гэхэд та хоёр өмнө нь 250 000 000 төгрөгийг зээлж авсан гэдгээ хүлээн зөвшөөрч 195 000 000 төгрөгийн хүү төлөхийг хүлээн зөвшөөрвөл дээрх мөнгийг өгч болно гэж хэлсэн. Тухайн 200 000 000 төгрөг хүсэхээс өмнө 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Б.Эаас 70 000 000 төгрөг тендерийн ажлын хөрөнгө оруулалт хэлбэрээр авчихсан байсан. Улмаар Б.Э нь 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Б.Бын Голомт банк дахь 2205110767 тоот дансанд 195 000 000 төгрөг шилжүүлсэн бөгөөд уг мөнгийг тухайн үед нь буцааж нэхэмжлэгч Б.Эын дансруу тэр дор нь шилжүүлсэн. Гэтэл нэхэмжлэгч Б.Э нь 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр буюу тухайн өдрөө бидэнд 195 000 000 төгрөг зээлсэн гэж зээлийн гэрээ байгуулуулсан. Дээрх зээлийн төлбөрийг бид хүлээн аваагүй бөгөөд өмнө авсан зээлийн хүү гэж 195 000 000 төгрөг гаргаж ирээд түүнийгээ миний дансанд шилжүүлсэн үйлдэл хийгээд буцаагаад авсан. Иймд энэхүү гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл учир зээлийн үндсэн төлбөр, хүү, алдангийг төлөх ямарч үндэслэлгүй юм. Энэхүү асуудалд бид сөрөг нэхэмжлэл гаргаж тайлбарт дурдсан асуудлыг нотлох баримтаар бүрэн нотолж өгөх болно.

Нэхэмжлэгч Б.Э нь 200 000 000 төгрөг шилжүүлсэн гэж байгаа боловч 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хөрөнгө оруулалт байдлаар шилжүүлсэн 70 000 000 төгрөгийг дээрх гэрээнд хамааруулж байх шиг байна. 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 70 000 000 төгрөг шилжүүлж байхад дээрх 200 000 000 төгрөгийн зээлийн гэрээ хийгдээгүй байсан бөгөөд дээрх гэрээгээр зөвхөн 130 000 000 төгрөг шилжүүлсэн.

Нэхэмжлэлд дурдсан их хэмжээний хүү, алдангийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь бид тендерийн ажил гүйцэтгэх явцад дутагдалтай байсан санхүүжилтийг Б.Эаас авч тухайн ажил дууссаны дараа авсан мөнгөндөө тодорхой хэмжээний ашиг өгч тооцоо дуусахаар тохирсон боловч оруулсан хөрөнгө оруулалтын баталгаа нэрээр их хэмжээний хүү тооцсон зээлийн гэрээнүүдэд биднийг гарьш үсэг зуруулж байсан. Төрөөс авсан тендерийн ажлыг цөг тухайд нь гүйцэтгэхийн тулд хөрөнгө оруулалт шаардлагатай байсан учир аргагүйн эрхэнд нэхэмжлэгч Б.Эын тавьсан шаардлагыг хүлээн зөвшөөрч байсан.

Сөрөг нэхэмжлэлийн хувьд: 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгч Б.Этай 195 000 000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан. Энэхүү гэрээ нь хэлбэрийн хувьд зээлийн гэрээ мэт харагдаж байгаа боловч бодит байдал дээр бид Б.Эаас 195 000 000 төгрөг зээлж аваагүй бөгөөд энэхүү гэрээ нь дүр үзүүлэн байгуулсан хууль бус хүчин төгөлдөр бус хэлцэл юм.

Бид Б.Этай харилцан тохиролцож өөрсдийн компаний гүйцэтгэж байгаа тендерийн ажилд хамтран ажиллахаар тохирсон. Энэхүү тохироог амаар байгуулсан бөгөөд Б.Э тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийж улсаас гүйцэтгэсэн ажлын төлбөр орж ирэхэд тодорхой хэмжээгээр мөнгийг нь өсгөж өгөхөөр тохирсон. Гэтэл Б.Э бичгээр үйлдсэн баримт авч үлдэнэ гэж хэлээд 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 250 000 000 төгрөгийн зээлийн гэрээг сарын 9 хувийн хүүтэйгээр байгуулсан. Энэ гэрээ ч мөн адил зээлийн гэрээ биш бөгөөд цаад тохироо нь хамтран ажиллах гэрээ байсан. Ингээд 2016 оны 3 дугаар сарын эхээр бидэнд 200 000 000 төгрөгийн хэрэгцээ гарсан тул Б.Эд хандсан. Гэтэл Б.Э нь та хоёр 2015 оны 08 дугаар сарын 10-ны өдөр 250 000 000 төгрөг зээлж авсан нь үнэн, энэ мөнгөний хүү 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар 193 567 700 төгрөг болсон гэдэг бичиг хийж өг, тэгвэл 200 000 000 төгрөг өгч болно гэсэн. Ингээд Т.Х миний бие Б.Эын шаардсаны дагуу дээрх бичгийг хийж өгсөн. Энэ бичгийн дагуу дээрх 193 567 700 төгрөгийн хүүнд 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдөр №: 411/16:10 тоот зээлийн гэрээ байгуулсан.

Иймд 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн № 411/16:10 тоот зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаарТ.Хаас 1 063 901 665 төгрөг, Б.Боос 425 810 000 төгрөг тус тус гаргуулж Б.Эд олгож, нэхэмжлэлийн шаардлагын 859 948 335 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11 906 250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тэмдэгтийн хураамжид хариуцагч Т.Хаас 5 477 458 төгрөг, Б.Боос 2 287 000 төгрөг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Эд олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Талууд анх зээлийн гэрээг сарын 9 хувийн хүүтэй байгуулсан. 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр “зээлийн гэрээний сунгалт” гэрээ байгуулж зээлийн хүүг сарын 8 хувь болгон өөрчилж, гэрээний хугацааг анх авсан зээлийн үнийн дүнгийн хэмжээнд 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгасан. Зээлийн хүүг 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 9 хувийн хүүтэйгээр тооцоход 7 сар 5 хоногийн хугацааны хүү 161 250 000 төгрөг 8 хувийн хүүтэйгээр тооцоход 190 666 666 төгрөг, нийт 351 916 666 төгрөг болж байгаагаас Т.Хы 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Б.Эын дансанд шилжүүлсэн 193 000 000 төгрөгийг хасаж үлдэгдэл 158 916 666 төгрөг болж байгаагаас үндсэн зээл 250 000 000 төгрөгийг нэмж 408 916 666 төгрөгийг Т.Х хариуцан төлөх үндэстэй байна гэж шүүх шийдвэрлэсэн. Шүүхийн энэхүү дүгнэлтийг хариуцагч тал хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгч Б.Э 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 70 000 000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 150 000 000 төгрөг, нийт 220 000 000 төгрөгийг хариуцагч Б.Бын дансанд шилжүүлсэн. Энэ үед талууд зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй байсан. Хариуцагч Б.Б 220 000 000 төгрөг зээлж авсан нь үнэн боловч энэхүү мөнгөнд хүү төлөхөөр тухайн үед бичгийн гэрээгээр тохиролцоо хийгээгүй. 220 000 000 төгрөгийн зээлийн гэрээг бичгээр байгуулахаас өмнө гэрээнд оролцоогүй тал Б.Бын дансанд шилжүүлсэн гэдгийг нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хүснэгт байдлаар тооцоо хийхдээ хүлээн зөвшөөрсөн. Улмаар 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр зээлийн гэрээний сунгалт байдлаар Б.Э, Т.Х нар гэрээ байгуулсан. Гэрээний сунгалтад зээлийн хүүг 8 хувь, зээлийн хэмжээг 250 000 000 төгрөг гэж заасан боловч 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр энэхүү мөнгийг хариуцагч нар аваагүй. 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний үргэлжлэл байдлаар бичгээр байгуулж байгаа боловч гэрээнд заасан 250 000 000 төгрөгийг Т.Х бодит байдал дээр хүлээн аваагүй. Иймд дээрх 250 000 000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт Т.Х хамааралгүй бөгөөд 240 000 000 төгрөгийг Б.Б зээлийн аман хэлцлийн дагуу хүлээн авсан. Тиймээс уг мөнгийг Б.Б төлөх нь үнэн. Шүүх зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй байхад зээлийн хүүд 158 916 666 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Шүүх 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Б.Батогтохын дансанд 70 000 000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 110 000 000 төгрөг, 20 000 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Дээрх зээлээс зээлдэгч нар эргэн төлөлт хийгээгүй тул нийт 392 000 000 төгрөгийг Т.Х, Б.Б нар адил тэнцүү хэмжээгээр хариуцан төлөх үндэстэй гэж дүгнэсэн. Энэхүү зээлийн гэрээтэй холбоотой шийдвэрээс хариуцагч нар зээлийн хүү 192 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй харин үндсэн төлбөрийг хүлээн зөвшөөрч байна. Учир нь Б.Э сарын 9 хувийн хүүтэй зээлж мөнгө хүүлэгч байдлаар хандсан. Хариуцагч нарын зүгээс зах зээл дахь зээлийн бодит хэмжээний хүрээнд шийдвэрлэх ёстой гэж үзэж байна.

Нэхэмжлэгч Б.Э нь 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хариуцагч Т.Хтай гэрээ дүгнэсэн акт үйлдсэн. Энэхүү актаар 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр зээлсэн 250 000 000 төгрөгийн хүү 193 567 700 төгрөг гэж тооцоо нийлсэн. 2015 оны 3 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан 195 000 000 төгрөг зээлсэн тухай гэрээ нь Т.Хд зээлийн гэрээний дагуу шилжүүлээгүй 250 000 000 төгрөгөөс бодсон 193 567 700 төгрөгийн хүүд тооцож байгуулсан гэрээ юм. Б.Э нь Б.Бын Голомт банк дахь 2205110767 тоот дансанд 195 000 000 төгрөгийг шилжүүлж, буцаагаад “Т.Хы 250 000 000 төгрөгийн зээлийн 8,9,10,11,12,01,02, 03 сарын хүү” гээд гаргуулж авсан.

2016 оны 5 дугаар 11-ний өдөр Б.Эаас Т.Хы дансанд 250 000 000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 09-ний өдөр Б.Эаас Т.Хы дансанд 50 000 000 төгрөг тус тус шилжүүлсэн. Хариуцагч гэрээний 4 дэх заалтаар тохиролцсоны дагуу “Энх өглөө” ХХК-ийн 31 хувийг буцаан шилжүүлж авах зорилгоор үндсэн зээлд 200 000 000 төгрөг төлөх зориулалтаар эргэн төлөлт хийсэн. 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны зээлийн хүү 35 000 000 төгрөг, үндсэн зээлээс үлдсэн 100 000 000 төгрөгийн зээлд гэрээний хугацаанд төлөх хүү 71 166 666 төгрөг, үндсэн зээл 100 000 000 төгрөг бүгд 171 166 666 төгрөгийг зээлдэгч Т.Х хариуцан төлөх үндэслэлтэй байна гэж дүгнэсэн. Хариуцагч Т.Хы дансаар энэхүү 300 000 000 төгрөгийг хүлээн авсан. Улмаар 2 сарын дараа 200 000 000 төгрөгийг үндсэн зээлээс буцааж төлсөн. Иймд энэхүү зээлээс хүү 71 166 666 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй.

Шүүх алданги тооцохдоо зээл болон зээлийн хүүгийн хэмжээг нийлүүлэн бодсон. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.6 дахь хэсэгт “хүүгээс анз тооцохгүй” гэж заасан заалтыг зөрчсөн. Давж заалдах шатны шүүх бичгээр байгуулсан хэлцэлд хүү тооцохдоо зах зээл дахь бодит хэмжээнд нийцүүлэн тооцож өгөхийг хүсч байна. Мөн бичгийн гэрээ байгуулаагүй байхдаа шилжүүлсэн мөнгөнд хүү тооцолгүй бодит зээлийн төлбөрийг гаргуулах ёстой. Зээлийн хүү төлүүлэхийн тулд байгуулсан зээлийн гэрээг сөрөг нэхэмжлэлийн хүрээнд хангаж өгнө үү.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шүүхийн шийдвэрт заасан үндсэн зээлээс 195 000 000 төгрөг ,зээлийн хүү 609 282 832 төгрөг, алданги 135 428 333 төгрөг, нийт 939 711 165 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч Б.Э нь Зээлийн гэрээний үүрэгт Б.Боос 498 080 000 төгрөг, Т.Хаас 1 851 580 000 төгрөг тус тус гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар хамтран ажиллахаар тохиролцож, улсын төсвөөс тендерийн мөнгө орж ирэхээр өсгөж өгөхөөр тохиролцож авсан мөнгө, зээлийн гэрээг зөвхөн эргүүлж төлөх баталгаа болгож байгуулсан тул хүү, алданги шаардсан нь үндэслэлгүй гэж марган, 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 411/16/10 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Нэхэмжлэгч Б.Э нь 2015 оны 8 дугаар сарын 10-ны, 2016 оны 3 дугаар сарын 15-ны, 2016 оны 3 дугаар сарын 17-ны, 2016 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 4 удаагийн зээлийн гэрээний үүргийг шаардсан ба хариуцагч буюу зээлдэгч нар бичгээр байгуулсан гэрээг хүлээн зөвшөөрч гарын үсгээр баталгаажуулснаас гадна гэрээ тус бүрт заасан зээлийн мөнгийг хүлээн авсан үйл баримт тогтоогдсон, харин хамтран ажиллахаар тохиролцож, мөнгө өгч байсан гэх тайлбараа хариуцагч тал баримтаар нотлоогүй тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх бөгөөд шүүх хариуцагчаас зээлийн төлбөр гаргуулж шийдвэрлэсэн нь мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн  байна.

            1/ Зээлдэгч Т.Х нь 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр бичгээр байгуулсан зээлийн гэрээгээр зээлдүүлэгч Б.Эаас 250 000 000 төгрөгийг сарын 9 хувийн хүүтэйгээр зээлж, 2016 оны 12 дугаар сарын 31-нд буцаан төлөх үүрэг хүлээж, үүргээ гүйцэтгэлгүй хугацаа хэтрүүлбэл хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцож төлөхөөр, 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүүгийн хэмжээг бууруулан 8 хувь болгож, бусад нөхцөлийг хэвээр хадгалахаар тус тус тохиролцож гэрээний сунгалтыг хийжээ.

            Нэхэмжлэгчээс 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 150 000 000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдөр 20 000 000 төгрөг, мөн оны 8 сард 10 000 000 төгрөгийг Б.Бод шилжүүлгээр болон бэлнээр, 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр 70 000 000 төгрөгийг Т.Хы дансанд тус тус шилжүүлснээ нэгтгэн 250 000 000 төгрөгийн зээлийн гэрээгээр баталгаажуулсан гэж тайлбарласан ба хариуцагч Т.Х нь 250 000 000 төгрөгийг зээлсэн гэж зөвшөөрч гэрээ байгуулан, улмаар 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр гэрээний сунгалтыг энэ хэмжээгээр хийсэн, үндсэн зээл 250 000 000 төгрөгийг хүү 193 567 700 төгрөгийн хамт, нийт 443 567 700 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй талаар 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр тооцоо нийлж баталгаажуулсан нь /хх-10/ хэрэгт баримтаар авагдсан, энэ нь Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1 дэх хэсэгт зааснаар зээлийн үүргийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх тул 240 000 000 төгрөгийг хүлээн авсан, 10 000 000 төгрөгийг шилжүүлснээ нэхэмжлэгч нотлоогүй гэх болон бичгээр гэрээ байгуулахаас өмнө шилжүүлсэн мөнгөнд хүү, алданги тооцсоныг зөвшөөрөхгүй гэх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

            Түүнчлэн хариуцагч нь 2016 оны 2 дугаар сарын 3-ны өдөр 340 000 000 төгрөгийг /хх-141/ Б.Эд төлсний 186 000 000 төгрөг, 73 200 000 төгрөг, нийт 259 200 000 төгрөг нь үүрэг дуусгавар болгох гэрээний дагуу өмнөх гэрээний үүрэгт тооцогдоно, харин үлдэх 80 800 000 төгрөгийг 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн гэрээний төлбөрөөс хасах ёстой гэж тайлбарлаж байгаа боловч үүрэг дуусгавар болгох тухай гэрээ байгуулсан 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 1 хоногийн дараа 250 000 000 төгрөгийн үндсэн зээл, түүний хүү 193 567 700 төгрөгийн үлдэгдэлтэй талаар гэрээ дүгнэсэн акт гэх баримтад гарын үсэг зурж баталгаажуулсан тул энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

            Иймд 250 000 000 төгрөгийн үндсэн зээлд 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хүртэл сар тутам 9 хувиар тооцсон хүү 161 250 000 төгрөг /22 500 000*7 сар 5 хоног/ 2016 оны 3 дугаар сарын 15-наас 2016 оны 12 дугаар сарын 31 хүртэл 8 хувиар тооцсон хүү 190 666 666 төгрөг /20 000 000 *9 сар 16 хоног/ нийт 351 916 666 төгрөгийн хүү хуримтлагдсанаас 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Б.Эын дансанд “250 сая төгрөгийн 8, 9, 10, 11, 12, 1, 2, 3 сарын 15 хүртэлх зээлийн хүү” гэсэн утгатайгаар төлсөн 193 000 000 төгрөгийг хасч дурдсан гэрээний үүрэгт 408 916 666 /250 000 000+158 916 666/ төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй гэж шүүх дүгнэсэн нь хууль болон гэрээнд заасанд нийцсэн байна.

            2/ Т.Х, Б.Э нарын хооронд 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр хийгдсэн 397/17:30 дугаартай зээлийн гэрээ хэрэгт баримтаар авагдсан ба уг гэрээгээр зээлдэгч нь 200 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүү төлөх нөхцөлтэйгээр зээлсэн зээлдүүлэгчээс 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдөр 70 000 000 төгрөг, мөн оны 3 дугаар сарын 17-ны өдөр 110 000 000 төгрөг, мөн 3 дугаар сарын 17-ны өдөр 20 000 000 төгрөгийг тус тус Б.Бын дансанд шилжүүлсэн, мөн гэрээний нэмэлтээр зээлдэгч талд Б.Быг нэмж оруулсан нь баримтаар тогтоогдсон, зээлдэгч уг зээлийг эргүүлж төлснөө нотлоогүй байна.

            Иймд 192 000 000 төгрөгийн хүүг /16 000 000*12 сар/ үндсэн зээл 200 000 000 төгрөгийн хамт Т.Х, Б.Б нараас адил тэнцүү хэмжээгээр гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1, 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт болон гэрээнд заасанд нийцнэ.

            3/ 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 411/16:10 дугаартай зээлийн гэрээгээр хариуцагч Т.Х, Б.Б нар нь 195 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлэхээр харилцан тохиролцсон, зээлдүүлэгч 195 000 000 төгрөгийг зээлдэгч нарт дансаар шилжүүлсэн баримт хэрэгт авагджээ. /хх-17/

            Хариуцагч нар уг зээлийн мөнгийг шилжүүлэн авсан даруйд 193 000 000 төгрөгийг буцаан өгсөн гэсэн үндэслэлээр гэрээг хүчин төгөлдөр бус гэж маргасан боловч 2016 оны 3 дугаар сарын 15-аас 17-ны өдрүүдэд нийт 395 000 000 төгрөгийг зээлдэгч тал хүлээн авч, 193 000 000 төгрөгийг өмнөх 2015 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн 250 000 000 төгрөгийн зээлийн хүүд төлсөн нь баримтаар нотлогдож байна. /хх-79, 80/

Зээлдэгч нь авсан зээлээ юунд зарцуулах нь өөрийнх нь эрхийн асуудал тул шүүх тус гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж, 187 200 000 төгрөгийн хүүг /15 600 000*12 сар/ үндсэн зээл 195 000 000 төгрөгийн хамт нийт 382 200 000 төгрөг гэж тооцон,  хариуцагч нараас гаргуулахаар  шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсгийг зөрчихгүй.

Дээрхээс үзвэл хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй ба анхан шатны шүүхийн энэ талаар хийсэн дүгнэлт зөв.

4/ Хариуцагч Т.Х нь Б.Эаас 2016 оны 5 дугаар сарын 6-ны өдөр 300 000 000 төгрөгийг 12 сарын хугацаатай зээлж, сарын 7 хувийн хүүтэйгээр буцаан төлөх үүрэг хүлээсэн гэрээг бичгээр байгуулсан нь хэрэгт авагдсан ба Б.Эаас 2016 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 250 000 000 төгрөгийг, мөн оны 5 дугаар сарын 9-ний өдөр 50 000 000 төгрөгийг Т.Хы дансанд тус тус шилжүүлж, гэрээний үүргээ биелүүлсэн байна. харин зээлдэгчээс 2016 оны 7 дугаар сарын 1-ний өдөр 200 000 000 төгрөгийг Б.Эын дансанд шилжүүлсний утга нь “Энх-Өглөө” ХХК 31% хувьцаа зээлээс төлөв” гэсэн тул уг төлбөрийг гэрээний 4 дэх заалтын дагуу төлөгдсөн гэж 300 000 000 төгрөгийн үндсэн зээлээс хасч тооцохдоо шүүх Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 100 000 000 төгрөгийн зээлд 2016 оны 7 дугаар сарын 1-нээс мөн оны 5 дугаар сарын 6 хүртэл 10 сар 5 хоногийн хүү 71 166 666 төгрөг /7 000 000*10 сар 5 хоног/ тооцож, үндсэн зээл 100 000 000 төгрөгийн хамт 171 166 666 төгрөгийн /71 166 666+100 000 000/ төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. 2016 оны 5 дугаар сарын 11-нээс 2016 оны 7 дугаар сарын 1 хүртэл хугацааны 300 000 000 төгрөгийн зээлийн хүүг 1 сар 20 хоногоор тооцсон 35 000 000 төгрөгийг уг тооцоонд оруулаагүйд нэхэмжлэгч гомдол гаргаагүй байна.

Дээрх зээлийн гэрээнүүдийг байгуулахдаа талууд зээлийн хүүг 7-9 хувь байхаар харилцан тохиролцож тогтоосныг тухайн үеийн зах зээлийн жишиг хэмжээнээс эрс их гэж хариуцагч тайлбарлан багасгаж өгөхийг шүүхээс хүссэнийг шүүх хүлээн аваагүй үндэслэл тодорхойгүй, Иргэний хуулийн 282  дугаар зүйлийн 282.2 дахь хэсгийг хэрэглээгүй боловч алдангийг багасгаж 10 хувиар тооцсон нь мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасан эрх хэмжээнийх нь хүрээнд байхаас гадна, хүүгийн хэмжээг хамгийн багаар буюу 50 хувиар багасган тооцож үзэхэд нийт төлбөрийн дүн 1 049 641 666 төгрөг болох ба уг үүргийн дүнгээс гэрээгээр тохиролцсоны алданги тооцож Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасны дагуу 50 хувиар хязгаарлаж тооцвол 524 462 499 төгрөг болж нийт 1 579 462 499 төгрөгийн төлбөр гарч байна.

Иймд дээрх байдлаар тооцсон төлбөрийн хэмжээ нь шүүхийн шийдвэрээр гаргуулсан 1 489 711 665 төгрөгөөс илүү, мөн шүүх талуудын гэрээгээр тохиролцсон хүүгийн хэмжээ харьцангуй өндөр байгааг харгалзан алданги тооцох хувийг багасгасан нь хууль зөрчихгүй тул шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж үзэв.

Харин шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохоор дүгнэсэн атлаа тогтоох хэсэгт шийдвэрлээгүй орхигдуулсан, үүнтэй холбоотой хариуцагчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хэрхэхийг шийдвэрлээгүй, мөн үндсэн нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсгийг баримтлаагүйг зөвтгөн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1 дэх заалтыг нэмж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т заасан үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нэмэлт, 2 дахь заалтад хариуцагчийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээх нэмэлтийг оруулах нь зүйтэй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 181/ШШ2018/00403 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4-т зааснаар Т.Хаас 1 063 901 665 төгрөг, Б.Боос 425 810 000 төгрөг тус тус гаргуулж, Б.Эд олгож, нэхэмжлэлийн үлдэх 859 948 335 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.2-т заасан үндэслэлгүй тул хариуцагчийн 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 411/16/10 тоот зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн найруулж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтад “11 906 250 төгрөгийг” гэсний дараа хариуцагчийн 1 1 133 000 төгрөгийг тус тус” гэж нэмж шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2.   Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн 4 857 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.БАТЗОРИГ

 

                                    ШҮҮГЧИД                                      Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                           А.ОТГОНЦЭЦЭГ