| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвгийн Баттулга |
| Хэргийн индекс | 171/2017/0066/Э |
| Дугаар | 50 |
| Огноо | 2017-02-07 |
| Зүйл хэсэг | 098.1., 153.1., |
| Улсын яллагч | О.Доржмаа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 50
2017.02.07
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 171/2017/0066/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Баттулга даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Ганхуяг,
Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа,
Хохирогч ***,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Туяа,
Шүүгдэгч *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1, 153 дугаар зүйлийн 153.1-т тус тус заасан гэмт хэрэгт *** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201609000582 дугаартай хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эзэмшсэн мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт *** тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай *** овогт *** *** /РД: ***/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч *** нь 2016 оны 03 дугаар сарын эхээр Дархан-Уул аймгийн *** тоот гэртээ хамтран амьдрагч ***тай хэрүүл маргаан хийх явцдаа *** гар утас, банкны виза карт, иргэний үнэмлэх зэрэг эд зүйлсийг нь санаатайгаар гэмтээсэн, мөн 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр ***тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар *** биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ***ын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “... Эмчилгээний зардалд 600.000 төгрөг өгсөн. Миний үйлдлээс болж нуруу нь хугарсан нь үнэн. Тухайн үед би эрүүл байсан. ...Уурандаа иргэний үнэмлэх, картыг нь хугалсан... Миний буруу, би буруу зүйл хийсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48/,
Хохирогч *** мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 03 дугаар сарын 16-ны өглөө 10 цагийн орчим нөхөр болох ***ын хамт гадагшаа гарах ажилтай болоод түүнээсээ болж хоорондоо маргалдаж, улмаар *** намайг хоёр гараараа түлхэж газар унагасан юм. Тухайн үед би газар унахдаа газар дэвссэн байсан олбог дээр бөгсөн хэсгээрээ хүчтэй унаад амьсгал авч чадахгүй мөн босож чадахгүй байсан. Тэгээд би ***ад хандаж миний нуруу хугарчих шиг боллоо, би босож чадахгүй байна гэж хэлэхэд битгий худлаа баашлаад бай гээд намайг дахин гараараа нүүрэн тус газар 2 удаа алгадсан. Тэгэхэд нь би уйлахад *** миний амыг гараараа дараад битгий худлаа баашлаад уйлаад бай хүн амьтан сонслоо гэж хэлсэн. ...Тэгээд би гэртээ хөдөлж босож явж чадахгүй 2 хоног хэвтээд 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Нэгдсэн эмнэлэгт рентген зураг авахуулахад нурууны үе шахагдаж хугарсан байна, Улаанбаатар хот руу явж компьютер томографийн дэлгэрэнгүй зураг авахуулах шаардлагатай гэж хэлээд миний эрүүл мэндийн картан дээр бичилт хийж өгсөн юм. 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд компьютер томографийн зураг авахуулахад их биеийн урд хэсэг дээр гадаргуу шахагдсан хугаралтай гэсэн онош тогтоогдсон юм. ...2016 оны 03 сарын эхээр би бага хүүхдээ төрсний дараа гэртээ байж байхад *** бид 2 маргалдаж *** надад хандаж чи одоо үхэх юм чинь чамд бичиг баримтын хэрэг байхгүй гэж хэлээд миний иргэний үнэмлэх болон Хаан банкны виза картыг хугалахад нь би аав, ээж рүүгээ утсаар залгах гэхэд миний утсыг шүүрч аваад гараараа хугалах гэж оролдоод хугалж чадахгүй болохоороо газар шидэж хөлөөрөө дээр нь дэвсэж хагалсан юм. Би ***аас 542.000 төгрөг авсан. Одоо надад зовиур байхгүй. Би гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-20/,
Гэрч ***гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 04 дүгээр сарын эхээр өдрийг нь санахгүй байна. Тухайн үед найз Болорцэцэгийн хамт найз Уянгын гэрт очиход *** нурууныхаа ясыг хугалчихсан хүүхэдтэйгээ хамт байж байсан юм. Тэгээд би яагаад нурууныхаа ясыг хугалчихсан юм бэ гэж асуухад ***тай маргалдаад *** намайг түлхэж газар унагаад нурууны яс хугалчихсан гэж хэлсэн юм...” гэх мэдүүлэг” /хавтаст хэргийн 21/,
Гэрч ***ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 04 дүгээр сарын эхээр байх өдрийг нь санахгүй байна. Тухайн өдөр найз ***гийн гэрт байж байхад найз *** надруу утсаар яриад гэрт хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би ***гийн хамт Уянгын гэрт очиход *** гэртээ хүүхэдтэйгээ хамт орноосоо босож чадахгүй хэвтэж байсан юм. Тэгээд юу болсон талаар асуухад *** түлхэж газар унагаад нурууны яс хугалчихлаа гэж хэлсэн юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22/,
Гэрч ***гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 03 дугаар сарын дундуур байх өдрийг нь санахгүй байна. Тухайн үед би дүүгээ эмнэлэгт сахиж байхад *** надруу утсаар яриад би нуруугаа гэмтээчихлээ гэж хэлж байсан. Тэгээд би яагаад нуруугаа гэмтээсэн юм бэ гэж асуухад уначихсан гэж хэлсэн юм. 2016 оны 7 сард ***аас салсныхаа дараагаар *** түлхэж газар унагааж нуруу гэмтээснээ хэлсэн юм. ...Сүүлд 7 дугаар сард ***аас салсныхаа дараа *** ***ад зодож цохиулсан, гар утсаа эвдүүлсэн талаар хэлсэн юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25/,
Гэрч ***ы мөрдөн байцаалтад өгсөн: “...***, *** нар 2012 оны сүүл 2013 оны эхээр танилцаж түүнээс хойш хамтран амьдарч 2016 оны 02 дугаар сард хүүтэй болон амьдарч байгаад 2016 оны 07 сард зодож цохиулсан гээд манай охин ***аас салсан юм...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1080 дугаартай “*** биед нурууны 12, бүсэлхийн 1 дүгээр нугалмуудын их биеийн шахагдсан хуучин хугаралтай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь 2016 оны 3 дугаар сарын 16-нд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 7/,
Капитал зууч ХХК-ийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн эд хөрөнгийн хохирлын үнэлгээ /хавтаст хэргийн 34-35/, Хохирогч *** эмчилгээний картын хуулбар \хавтас хэргийн 49-50\, *** нь ГССҮТ-д компьютер томографид харуулсан бичилт \хавтаст хэргийн 55-56\, *** эмнэлэгт үзүүлсэн тухай баримт /хавтаст хэргийн 57-58/, Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 65/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч *** нь 2016 оны 03 дугаар сарын эхээр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг, *** тоот гэртээ хамтран амьдрагч ***тай хэрүүл маргаан хийх явцдаа *** гар утас, банкны виза карт, иргэний үнэмлэх зэрэг эд зүйлсийг нь санаатайгаар гэмтээсэн, мөн 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр ***тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар *** биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч ***ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хэргийн 48/, хохирогч *** нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /хэргийн 18-20/, гэрч ***, ***, ***, *** нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хэргийн 21, 22, 24-27/, Шүүхийн Шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1080 дугаартай дүгнэлт /хэргийн 7/ болон хавтаст хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ***ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1, 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар тус тус зүйлчлэн ирүүлсэн яллах дүгнэлтийн зүйлчлэл зөв байна.
Иймд шүүгдэгч ***ыг *** бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан мөн бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1, 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар тус тус ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Хохирогч *** нь ***аас 542.000 төгрөг авсан. Би гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул ***ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэж түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286. 290 дугаар зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч *** овогт *** ***ыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар гэмтээсэн, *** бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Шүүгдэгч *** овогт *** ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар 1 жил 6 сар /нэг жил зургаан сар/-ын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар 1 жил 2 сар /нэг жил хоёр сар/-ын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар ***ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-т зааснаар оногдуулсан 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялд багтааж эдлэх ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар ***ад оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
5.Шүүгдэгч *** нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хохирогчид төлөх төлбөргүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 5 ширхэг рентген зургийг хохирогчид буцаан өгч, 1 ширхэг гар утас, 1 ширхэг банкны виза карт, 1 ширхэг иргэний үнэмлэх зэргийг устгасугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар ***ад оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай.
8.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар ***ын засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
9.Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.5-т зааснаар тэнсэгдсэн ялтан *** нь тэнсэж хянан харгалзсан хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн газрын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг сануулсугай.
10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар ***ад урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
12.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дүгээр зүйлийн 306.1-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ***ад урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ П.БАТТУЛГА