Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 00004

 

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       

 

2020        02             17                                             2019/ДШМ/04

 

       А.Д, Б.Д, Б.О, Г.Г

       Г.Г нарт холбогдох

        эрүүгийн хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч З.Хосбаяр, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор: Л.Отгончимэг,

Нарийн бичгийн дарга: Б.Алтаншагай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 2020/ШЗ/62 дугаар захирамжтай А.Д, Б.Д, Б.О, Г.Г нарт холбогдох 1938006360405 дугаартай эрүүгийн хэргийг прокурор Ч.Батзоригийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 2 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, Хар дархад овогт Да А, 1994 оны 3 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар: /.

2. Монгол Улсын иргэн, Бэсүд овогт Бн От, 1990 оны 12 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар /.

3. Монгол Улсын иргэн, Бэсүд овогт Бын Д, 1997 оны 6 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн дугаар / 

4. Монгол Улсын иргэн, Шаргуужин овогт Боржинчулы Г, 1988 оны 5 дугаар сарын 05-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй /регистрийн  дугаар /.

Шүүгдэгч А.Д, Б.Д, Б.О, Г.Гнар нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 2-р баг Урт ар гэх газар 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр иргэн Б.Гг бусадтай бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Д.А нь Ч.Лхагвасүрэнг ташуураар толгой тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Б.Г нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 2-р баг Урт ар гэх газар 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр иргэн Б.Отгонбатын хөмсөгрүү нь нэг удаа цохиж, мөн зүүн мөрөнд сүхээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 2020/ШЗ/62 дугаар захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Хар дархад овогт Дийн А, Бэсүд овогт Бын О, Бэсүд овогт Бын Д, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Шаргуужин овогт Боржинчулууны Г нарт холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Хөвсгөл аймгийн Прокурорын газарт буцааж, хавтаст хэрэг прокурорт очтол шүүгдэгч Б.О, Б.Д, Д.А, Б.Г нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 21 сантиметрийн урттай модтой, 18 сантиметрийн урттай сагалдрагатай, нийт 76 сантиметрийн урттай ташуур 1 ширхэг, модон иштэй сүх 1 ширхэг, 150 см урттай олс зэргийг хэргийн хамт хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

Прокурор Ч.Батзориг эсэргүүцэлдээ: ... Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр эрүүгийн хэргийг товлон зарлаж “...хэргийг шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй” гэсэн үндэслэлээр шүүгдэгч Д.А, Б.Отгонбат, Б.Дэлгэрдалай, Б.Г нарт холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн.

Дээрх шүүгчийн захирамжийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэх дараах нотлох баримтууд хэрэгт авагдсан байна.

1.Шүүгчийн захирамжид “...шүүгдэгч Д.А, Б.О, Б.Д, Б.Г нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-т заасан “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйл “Нотолбол зохих байдал” 1.1-д заасан “гэмт хэрэг гарсан байдал, 1.2-т заасан “гэмт хэргийг хэн үйлдсэн”, 1.3-т заасан “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, 1.5-д заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”, 1.6-д заасан “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн, шалтгаан, нөхцөл”-ийг мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлоогүй байна...” гэжээ.

Шүүгдэгч Д.А, Б.О, Б.Д, Б.Г нарт холбогдох хэргийг мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдлыг тогтоохын тулд хэрэг болсон гэх цаг хугацаанд байсан буюу нүдээр үзсэн гэрч болох Б.Б, Б.О нараас мэдүүлэг авсан, шинжээч томилж дүгнэлт гаргуулсан ба шинжээчийн 459, 462, 474 дугаартай дүгнэлтээр Б.О, Б.Г, Ч.Лхагвасүрэн нарт хөнгөн хохирол учирсан талаар нотлогдсон. Мөн тухайн шүүгдэгч нарын хувийн байдлыг тодруулсан талаар гэрч нараас мэдүүлэг авсан байна. Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 2 баг Урт ар гэх газарт 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр буюу үүрээр гарсан талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг болон шүүх хуралдааны үед мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байгаа бөгөөд яаж үйлдэгдсэн талаар гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгч, хохирогч нарын шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна. Хохирогч Ч.Лхагвасүрэнг шүүгдэгч Д.А нь ташуураар толгойнд нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан талаар хохирогч Ч.Лхагвасүрэн болоод гэрч нараас мөн адил мэдүүлсэн байна. Хохирогч Б.Ог шүүгдэгч Б.Г нь сүхээр цавчин зүүн мөрөнд нь зүсэж хөнгөн гэмтэл учруулсан талаар мөн мэдүүлдэг бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт санаатай болон болгоомжгүй үйлдэх талаар тусгаж өгөөгүй байх бөгөөд Б.О, Б.Г нар нь хоорондоо ноцолдож байх үедээ болон зүгээр зогсож байх үед нь сүхээр цохиж хөнгөн хохирол учруулсан үйлдлийн санаа зорилгоор зүйлчлэгдэхээргүй байна. Иймд тухайн хэрэг хэрхэн яаж үйлдэгдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн дүүрэн нотлогджээ. Тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн тогтоосон гэж үзэж байна. Учир нь шинжээчийн 459, 462, 474 дугаартай дүгнэлтээр Б.Отгонбат, Б.Г, Ч.Лхагвасүрэн нарт хөнгөн хохирол учирсан талаар нотлогдсон. Хохирогч Б.Г, Ч.Лхагвасүрэн нарын зүгээс гэмт хэргийн улмаас өөрт нь учирсан хохирлын талаар баримтаар гаргаж өгсөн, хохирогч Б.Он зүгээс хохирлын баримтыг гаргаж өгөөгүй зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь Ч.Лхагвасүрэн нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэснийг гэрч Б.Баттогтохын гэрт шээсний улмаас тухайн маргаан, гэмт хэрэг гарах болсон шалтгаан үүссэн болох нь гэрч Б.Баттогтох, Б.О, Б.Г нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байна.  

2.Шүүгчийн захирамжид “...Хохирогч Б.Ггийн биед учирсан гэмтлийг хэн, хэрхэн, яаж ямар үүрэг оролцоотойгоор учруулсан нь тодорхойгүй...” гэсэн байх бөгөөд гэрч Б.Баттогтох, Б.Отгонзаяа, хохирогч Ч.Лхагвасүрэн нарын мэдүүлгээр шүүгдэгч А.Д, Б.Д, Б.О, Г.Гнар нь бүлэглэн зодсон буюу Д.А нь ташуураар толгой бие рүү цохисон, Б.О нь хөлөөрөө өшиглөсөн, Б.Дэлгэрдалай нь гараараа цохисон гэж мэдүүлсэн бөгөөд шинжээчийн 459 дугаартай дүгнэлтэнд Б.Ггийн биед баруун 9-р хавирганд хугарал, баруун 2-3 хавирганд цууралт зүүн шанаа, дух, хамар, цээж, баруун шуу, нуруунд зулгаралт, зүүн мөр, дал, нуруу цус хуралт, зүүн дал болон баруун, зүүн шууны зөөлөн эдэд няцралт, баруун зулгаралт хуйханд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаандаа үүсгэгдсэн байна гэх бөгөөд тухайн гэмтэл нь хэний үйлдлийн улмаас учирсан эсэхийг нарийвчлан тогтоох боломжгүй. Учир нь гэрч нарын мэдүүлгээр Д.Д нь гараараа цохисон, Б.Отгонбат нь хөлөөрөө өшиглөж байсан, Д.А нь ташуураар цохиж байсан гэх үйлдлүүдийн улмаас тухайн гэмтэл нь учирсан нь нотлогдсон бөгөөд бүлэглэн гүйцэтгэсэн нь нотлогдож байна.

3.Шүүгчийн захирамжид “...Хохирогч Ч.Лхагвасүрэн, гэрч Б.Баттогтох, Б.Отгонзаяа болон бусад гэрч, хохирогч нарын мэдүүлгийн зөрүүг арилгах, гэрчээр Хүрэлшагай, Ганболд нараас мэдүүлэг авах, шүүгдэгч нарын хэн нь автомашин дээрээс анх сүх авсан, ямар архи, хэр хэмжээгээр уусан эсэх, шүүгдэгч Б.Ариунболд буу үүрч хэргийн газарт ирсэн эсэх, уг буугаар хохирогч Б.Ггийн толгой руу цохисон эсэхийг тогтоож, хэргийн бодит байдлыг хэргийн газарт нөхөн үзлэг хийх, мэдүүлгийг газар дээр нь шалгах, нүүрэлдүүлэн мэдүүлэг авах зэрэг ажиллагааг хийх шаардлагатай байна” гэжээ. Хэргийн газарт нөхөн үзлэг хийх нь ач холбогдолгүй байна. Учир нь тухайн гэмт хэрэг гарсан, хэн үйлдсэн талаар хавтас хэрэгт гэрч нарын мэдүүлгээр нотлогдон тогтоогдсон, авто машины тэвшин дээрх сүхийг анх хэн авснаас үл хамааран Б.Оын биед сүхээр зүсэгдсэн гэмтлийг Б.Г нь учруулсан нь тогтоогдсон. Б.Г, Ч.Лхагвасүрэн нар нь ямар нэртэй архи хир хэмжээтэй уусан талаар гэрч Б.Баттогтох нь мэдүүлсэн байдаг бөгөөд гэмт хэрэг гарах үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь тогтоогдсон бөгөөд ямар нэртэй архи, хир хэмжээтэй уусан эсэхийг тогтоох нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй гэж үзэж байна. Шүүгдэгч Б.Ариунболдыг тухайн хэргийн газарт буу үүрч ирсэн талаар гэрч Б.Отгонзаяа нь анхны мэдүүлэгтээ мэдүүлсэн боловч 2 дахь удаагаар авсан мэдүүлэгт буу үүрч ирээгүй гэж мэдүүлэг өгсөн байх бөгөөд тухайн гэрчийг худал мэдүүлэг өгсөн гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаж байна.

4.Шүүгчийн захирамжид “...Шүүгдэгч Б.Дгийн биед учирсан “дээд урууланд сорви” бүхий гэмтэл хэзээ, хаана, яаж үүссэн, Б.Дг хохирогчоор тогтоон шалгах эсэх асуудлыг шийдвэрлэх” гэсэн байх бөгөөд хавтас хэрэгт авагдсан нотлох баримт буюу шинжээчийн дүгнэлтэнд Б.Дгийн биед учирсан гэмтэл нь хэзээ учирсан талаар нарийвчлан тогтоох боломжгүй гэсэн дүгнэлт, шинжээчийн эмчийн “Б.Дгийн биед учирсан гэмтлийг хэрэг гарсан цаг хугацаанаас өмнө болон хойш учирсан байх болохыг тогтоох боломжгүй” гэх мэдүүлэг болон гэрч Б.Отгонзаяагийн мэдүүлгээр Б.Г нь Б.Дг цохиогүй гэх, хохирогч Ч.Лхагвасүрэнгийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн “Б.Г юун Б.Дг цохих өөрөө үхлүүд амьтан газарт хэвтэж байсан” гэх мэдүүлэг зэргээр шүүгдэгч Б.Дгийн биед учирсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд учраагүй болох нь тогтоогдож байна. Иймд прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайн хуулийн 16.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Шинжээчийн дүгнэлтийг шүүх, прокурор, мөрдөгч, өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлийг заана” гэсний дагуу шүүгдэгч Б.Дг хохирогчоор тогтоогоогүй болно. Шүүгчийн захирамжид дурдагдсан ажиллагааг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн хийж гүйцэтгэсэн, хэргийн бодит байдал, гэмт хэргийн шалтгаан нөхцөл, хохирол, хор уршиг бүрэн тогтоосон байх бөгөөд шүүгчийн захирамж үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 62 дугаартай “Хэргийг прокурорт буцаах тухай” захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар Прокурорын эсэргүүцэл бичив гэжээ.

Хуралдаанд оролцсон прокурор дүгнэлтдээ: Шүүгчийн захирамжийг хүчингүй болгох саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хөвсгөл аймгийн Прокурорын газраас 2020 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр 02 дугаартай яллах дүгнэлтээр шүүгдэгч А.Д, Б.Д, Б.О, Г.Гнарыг Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 2-р баг Урт ар гэх газар 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр иргэн Б.Г бусадтай бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч Д.Аыг иргэн Ч.Лхагвасүрэнг ташуураар толгой тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар зүйлчлэн, шүүгдэгч Б.Г Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын 2-р баг Урт ар гэх газар 2019 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр иргэн Б.Отгонбатын хөмсөг рүү нь нэг удаа цохиж, мөн зүүн мөрөнд сүхээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Б.А, Б.О, Б.Д, Б.Г нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-т заасан “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйл “Нотолбол зохих байдал” 1.1-т заасан гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, 1.2-т заасан гэмт хэргийг хэн үйлдсэн, 1.3-т заасан гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, 1.5-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, 1.6-д заасан гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлоогүй гэх үндэслэлээр прокурорт буцаасан байна.

Шүүгчийн захирамжид заагдсан гэмт хэргийг хэзээ, хаана үйлдэгдсэнийг болон Б.Г, Ч.Л нар нь ямар нэртэй архи хир хэмжээтэй уусан талаар гэрчүүд мэдүүлсэн байна. Иймд энэхүү асуудлыг дахин тодруулах шаардлагагүй гэж үзнэ.

Харин шүүгчийн захирамжид заагдсан бусад мөрдөн шалгах ажиллагаанууд нь шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэргийг прокурорт буцааж, нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагатай гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

Прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт яллаж байгаа гэмт хэргийн товч агуулгыг тусгахдаа ”...иргэн Ч.Лхагвасүрэнг ташуураар толгой тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан” гэж дүгнэсэн атлаа тогтоох хэсэгт энэ талаар буюу яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, заалт, хэсгээр зүйлчлэгдэж байгаа талаар тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасныг зөрчсөн гэж үзнэ. Энэ хэсгийг шүүх “...Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалтуудыг бүрэн гүйцэд бичээгүй, удирдлага болгох заалтуудыг баримтлаагүй” гэж дүгнэснийг тэмдэглэх нь зүйтэй.

Иймд хяналтын прокурор Ч.Батзоригийн бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 2020/ШЗ/62 дугаартай захирамжийг хэвээр үлдээж, хяналтын прокурор Ч.Батзоригийн бичсэн 2020 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 02 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.СОСОРБАРАМ

ШҮҮГЧИД                                             З.ХОСБАЯР

                                                                         Н.БАЯРХҮҮ