| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Одмаа |
| Хэргийн индекс | 128/2025/0303/З |
| Дугаар | 221/МА2025/0665 |
| Огноо | 2025-10-14 |
| Маргааны төрөл |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 221/МА2025/0665
Б.Дгийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2025/0562 дугаар шийдвэрийг хариуцагчийн өмгөөлөгч Ш.А-ын гаргасан давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Хонинхүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал
Илтгэгч шүүгч Ц.Одмаа
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: Б.Д
Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч: Б.Д
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: М.П
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.А, Э.Б, А.М, Б.Д
Хариуцагчийн өмгөөлөгч: Ш.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 128/2025/0303/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2025/0562 дугаар шийдвэрээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Дгээс гаргасан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/560 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 48 дугаар зүйлийн 48.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасныг баримтлан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/71 дүгаар тушаалыг хүчингүй болгож, Б.Дг урьд эрхэлж байсан Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын ахлах бүртгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны буюу 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэлх хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Б.Дд нөхөн олгох, холбогдох нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад даалгаж шийдвэрлэжээ.
2. Хариуцагчийн өмгөөлөгч Ш.А шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:
2.1. Анхан шатны шүүхээс Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д "Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна" мөн 48 дүгээр зүйлийн 48.8 дах хэсэгт "Энэ хуулийн 39 дүгээр зүйлд заасныг 39.1.1. албан тушаалтанд хуульд нийцээгүй үүрэг, даалгавар өгөх, биелүүлэхийг шаардах; 39.1.2. албаны эрх мэдлээ хэтрүүлэх; зөрчсөн төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах нь түүнийг төрийн албанаас чөлөөлөх, төрийн албанд дахин авахаас татгалзах үндэслэлs болох бөгөөд харин түүнийг эрүүгийн болон бусад хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй" гэж тус тус заасныг буруу хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулах талаар сонгох боломжийг Захиргааны байгууллагын бүрэн эрхэд олгосон байхад шүүхээс хуулийг алдаатай хэрэглэсэнд гомдолтой байна.
2.2. Нөгөө талаар, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын байцаагчийн 2024.08.26-ны өдрийн №3498 дугаар "Бүртгэл хүчингүй болгох тухай" дүгнэлтээр гомдол гаргагч Б.Б-н өөрийнх нь зөвшөөрөлгүй хаягийг шилжүүлсэн тухай гомдлоор хяналт шалгалт хийхэд Улсын ахлах бүртгэгч Б.Дгийн хууль бус шаардлагын дагуу улсын бүртгэгч Т.Д-н бүртгэлээр хаяг шилжүүлсэн бүртгэлийг хүчингүй болгосон, мөн хяналтын улсын байцаагчийн 46 дугаартай Улсын байцаагчийн шаардлага гарсан бөгөөд уг акттай нэхэмжлэгч маргаагүй хүлээн зөвшөөрсөн, уг шаардлагын дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар 2024.10.14-ний өдрийн илтгэх хуудсаар Б.Д нь өөрийн гаргасан 15 удаагийн зөрчлийг хэрхэн зассан, арилгасан талаар бичиж ирүүлсэн ба үүн дотроос таван зөрчил арилаагүй байдаг. Мөн уг зөрчлүүдээ өөрөө хүлээн зөвшөөрч цаашид ажилдаа анхааралтай хариуцлагатай ажиллах болно гэсэн 2024.10.15-ны өдрийн гараар бичсэн тайлбар зэргүүдээр хангалттай тодорхой баримтуудыг үндэслэж шийдвэр гаргасан байдаг. Харамсалтай нь эдгээр зөрчлүүдийг техникийн алдаа мөн хуульд заасан бүртгэлийн үйл ажиллагаа биш гэж маргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
2.3. Нэхэмжлэгч Б.Д нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д "улсын бүртгэл" гэж эрх, үүрэг үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болохтой холбоотой хуульд заасан бүртгэлийн үйл ажиллагааг", 3.1.5-д "улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан" гэж нэгдсэн ангилал, код, индекс, арга зүй, стандарт, баримт бичгийн шаардлага болон хуульд заасны дагуу цуглуулж, боловсруулж, хадгалсан иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн цаасан болон цахим мэдээллийн бүрдлийг", 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан зарчмын 4.1.4 дэх хэсэгт заасан "үнэн зөв бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх", мөн зүйлийн 4.1.5 дахь заалтад "нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх" 9 дүгээр зүйлийн 9.2. Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сан нь энэ хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан улсын бүртгэлийн эх нотлох баримт бичгийн архив, цахим мэдээллийн сангаас бүрдэнэ", 11 дүгээр зүйлийн 11.2. Улсын бүртгэгч цахим мэдээллийн санд мэдээллийг эх нотлох баримт бичигт үндэслэж, улсын бүртгэлийн байгууллагаас зөвшөөрөгдсөн программ хангамж, тоног төхөөрөмжийг ашиглан үнэн зөв оруулна" мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4.10-д “улсын бүртгэлийг хараат бусаар үнэн зөв хөтлөх”, Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 21.2-т "Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд холбогдох мэдээлэл бүртгэгдээгүй бол уг мэдээллийг улсын бүртгэгч иргэний улсын бүртгэлийн эх нотлох баримт бичгийг үндэслэн улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд оруулна" гэж зааснуудыг зөрчиж тайлбартаа нэхэмжлэгч бүртгэлийн төрөлтэй андуурч бүртгэлийн үйл ажиллагаа биш хэмээн маргаж буй нь үндэслэлгүй.
2.4. Тиймээс Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн хамтарсан 2019 оны 36/32 дугаар тушаалаар баталсан "Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам"-ын 6.1-т "Албан хаагч сахилгын зөрчил, эсхүл зөрчлийн шинж байдал нь тухайн албан хаагчийг төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэлтэй бол албан хаагчид төрийн албанаас халах шийтгэлийг ногдуулна." гэсний хүрээнд хангалттай нотлох баримт байхад анхан шатны шүүх тэдгээрийн хүрээнд үнэлж чадаагүй.
2.5. Хяналт шалгалтын газраас Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс рүү зөрчлийн мэдээллийг хүргүүлж, түүний дагуу Баянгол дүүргээс буцаж ирүүлсэн илтгэх хуудас, баримтуудад дээрх зөрчлийнхөө хүрээнд нэхэмжлэгч Б.Д нь 13 зөрчлөө анхаарч ажиллах талаар дурдаж хүлээн зөвшөөрсөн буюу зөрчлөө бүрэн арилгасан, цаашид ажилдаа анхаарч хариуцлагатай ажиллах болно гэдгээ ирүүлсэн нь зөрчлөө хүлээн зөвшөөрсөн гэсэн үг байтал энэ талаар хангалттай дүгнэлт хийгээгүй. Мөн үнэлгээний хувьд гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийг үнэлсэн гэвч тухайн асуудалтай огт холбоогүй байх бөгөөд шүүхээс 86 хувиар үнэлэгдэн хангалттай ажиллаж байсан нь удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэх нөхцөлийг үгүйсгэнэ, нэхэмжлэгчээс энэ өнцгөөр маргасан нь үндэслэлтэй гэж эсрэг дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй.
2.6. Тухайлбал, нэхэмжлэгч нь иргэн Б.Б-н шилжилт хөдөлгөөний бүртгэлийг хууль бусаар өөрийн эрх мэдлээ урвуулан ашиглаж албан тушаалтанд хуульд нийцээгүй үүрэг, даалгавар өгснийг нотолсон. Түүнчлэн түүний гаргасан зөрчлүүд нь огт техникийн бус шинжтэй зөрчлүүд байсан ба илтэд хууль зөрчсөн зөрчлүүдийг удаа дараа гаргасан байсан. Тухайн захиргааны актын үндэслэл нь гүйцэтгэлийн төлөвлөгөө хангалтгүй гэх үндэслэлээр гараагүй, харин ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хангалтгүй биелүүлж байгаагаас үүдэн гарсан. Эдгээр нь хяналт, шалгалтаар тогтоогдсон байтал шүүх хэт нэг талыг харж дүгнэсэн.
2.7. Түүнчлэн архивт хадгалагдаж буй төрсний, гэрлэлт дуусгавар болгосны, нас барсны гэрчилгээг цахим мэдээллийн санд хөрвүүлж буй нь улсын бүртгэлийн үйл ажиллагаа биш, архивын сан хөмрөгийн баримтыг цахим хэлбэрт шилжүүлж буй архивын үйл ажиллагаанд хамаарч байна хэмээн илтэд хууль бус дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчимд нийцэхгүй. Үүнээс гадна, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 24-т албан тушаалын чиг үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдгийг албан тушаалын чиг үүргээ огт хэрэгжүүлээгүйг ойлгох тул маргаан бүхий тушаалын хууль зүйн үндэслэл буруу, энэ талаар гаргасан тайлбар үндэслэлгүй гэж буруу дүгнэлт гаргасан. Учир нь албан тушаалаар хэрэгжүүлэх үүргээ хангалтгүй биелүүлэх гэдгийг Улсын дээд шүүхийн тайлбаруудаар албан тушаалын чиг үүргээ бүрэн, хэсэгчлэн, зарим хэсгийг эсхүл ялимгүй биелүүлэх зэргээр бүрэн утгаар тайлбарлагддаг.
2.8. Иймээс анхан шатын шүүхээс маргааны үйл баримтыг буюу зөрчил гарцаагүй ба түүнийгээ хүлээн зөвшөөрсөн байдлыг огт харгалзан үзээгүй, бүр
түүний үйлдлүүдийг зөрчил биш хэмээн захиргааны байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлж хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд үнэлж дүгнэлт өгөөгүй байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу хэргийг бүхэлд нь хянан үзэж, үнэн зөвөөр нь шийдвэрлэж өгөхийг хүсье. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-т заасны дагуу нэхэмжлэлийг хангасан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2025/0562 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дэх заалтыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад, дараах үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Б.Д нь “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/560 дугаар, 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/71 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын ахлах бүртгэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.
3. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/560 дугаар тушаалыг хүчингүй болгох шаардлагын тухайд:
3.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана” гэж заасан.
3.2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/560 дугаар тушаалаар түүнд албан тушаалын цалингийн хэмжээг 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн 3 сарын хугацаагаар бууруулах сахилгын шийтгэл ногдуулж, ингэхдээ 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр сонсох ажиллагааг хийж, 2024 оны 10, 11, 12 дугаар саруудад 20 хувиар бууруулсан цалин хөлс авсан болох нь тогтоогдож байх бөгөөд тухайн цаг хугацаанд энэ талаар маргаагүй, улмаар шүүхэд нэхэмжлэл гаргах хуульд заасан 30 хоногийн хугацааг хэтрүүлсэн байна.
3.3. Анхан шатны шүүх энэ талаар “... хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн Б.Дгийн 2024 оны 10, 11, 12 дугаар сарын цалингийн баримтаар түүний албан тушаалын цалингаас 20 хувиар тооцон суутгал хийж, цалингийн мэдээллийг тухайн сар бүрээр нэхэмжлэгч Б.Дгийн цахим хаягт илгээсэн болох нь тогтоогдох тул албан тушаалын цалингаас нь 20 хувийн суутгал хийгдсэнийг мэдээгүй гэж үзэх боломжгүй, мөн тушаал гаргах болсон зөрчлийн талаар 2024 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр сонсох ажиллагаа явуулж, түүнд сахилгын шийтгэл ногдуулахыг мэдэгдэж байсан зэргээр маргаан бүхий актыг мэдээгүй гэж дүгнэх нь бодит нөхцөлд тохирохгүй байна ...” гэж дүгнэн, уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана”, 54.1.8-д “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” гэж заасантай нийцжээ.
4. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/71 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн улсын ахлах бүртгэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэх шаардлагын тухайд:
4.1. Уг тушаалаар нэхэмжлэгчийг албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн, энэ нь дотоод хяналт шалгалт болон өөрийнх нь гаргасан тайлбараар тогтоогдсон гэж үзэж, 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөр төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.
4.2. Анхан шатны шүүх энэ талаар “... улсын ахлах бүртгэгч нь албан тушаалын тодорхойлолтоор улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангийн баяжилтыг хийх үүрэгтэй, Б.Д уг үүргээ хэрэгжүүлэхдээ алдаа гаргасан нь тогтоогдсон боловч үүнийг албан үүргээ гүйцэтгээгүй гэж үзэх сахилгын зөрчилд тооцохгүйгээс гадна Төрийн албаны тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан ... албан үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн... гэсэн нөхцөлийг ч хангахгүй” гэж дүгнэн маргаан бүхий Б/71 дүгээр тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай байна.
4.3. Учир нь, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын баталсан 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн Баянгол, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагаанд хийх шалгалтын удирдамжаар 2023 он болон 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэлх хугацааны бүртгэл болон түүнтэй холбоотой бусад үйл ажиллагаанд шалгалт явуулахаар шийдвэрлэж, тус шалгалтын илтгэх хуудсаар нэхэмжлэгчийг 15 удаагийн алдаатай бүртгэл хөтөлсөн болохыг тогтоосон байна.
4.4. Улмаар Улсын бүртгэлийн ерөнхий газрын Улсын байцаагчийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн “Шалгалтаар илэрсэн зөрчил арилгах тухай” 46 дугаар шаардлагаар “... зөрчлийг арилгаж, хууль, журам зөрчсөн бүртгэлийг хүчингүй болгох ... шалгалтаар илэрсэн алдаа, зөрчлийг цаашид дахин гаргахгүй байх, ... улсын бүртгэгч нарын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, ... урьдчилан сэргийлэх арга хэмжээг удирдлагын түвшинд зохион байгуулах, ... шаардлагын мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх илтгэх хуудсыг 2024.10.15-ны өдрийн дотор ирүүлэх”-ээр шийдвэрлэж, энэхүү албан шаардлагын дагуу зохих арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй, тогтоосон хугацаанд илтгэх хуудсыг ирүүлээгүй тохиолдолд холбогдох хууль тогтоомжид зааснаар хариуцлага хүлээлгэх үндэслэл болохыг дурдсан байна.
4.5. Энэхүү шаардлагын дагуу авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх илтгэх хуудаст нэхэмжлэгч Б.Д зөрчлийг хэрхэн арилгасан талаарх хүснэгтээс харвал иргэн Л.Ц-д холбогдох алдаатай бүртгэлийг арилгасан байдал тодорхойгүй, З.Т-т холбогдох бүртгэл нь төрсөн он, сар, өдөр зөрсөн тул түүнтэй холбогдож шийдвэрлэхээр, Д.А-т холбогдох бүртгэл нэр, төрсөн сар, өдөр зөрүүтэй байгаа учир мөн түүнтэй холбогдож шийдвэрлэхээр тус тус тусгасан байх бөгөөд гаргасан зөрчлүүдийг бүрэн гүйцэд арилгасан гэж үзэхээргүй байна.
4.6. Энэ талаар нэхэмжлэгчээс “гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч ногдуулсан шийтгэл хүндэдсэн” гэж, хариуцагчаас “алдаатай 15 бүртгэлээс 5 бүртгэл нь одоог хүртэл мэдээллийн санд засагдаагүй, эдгээр бүртгэлийг засварлаж, зөрчлөө арилгаагүй” байгаа талаар тус тус тайлбарлан маргасан.
4.7. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна гээд 48.1.1-48.1.6 дахь заалтуудад сануулахаас эхлээд төрийн албанаас халах хүртэл зохицуулалтыг тусгажээ.
4.8. Хэдийгээр нэхэмжлэгч Б.Д нь зөрчил гаргасан болох нь дээрх дүгнэлтээр тогтоогдож, түүнд холбогдох зарим зөрчил одоог хүртэл арилаагүй байгаа энэ тохиолдолд гарцаагүй хариуцлага ногдуулах нь зөв боловч хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/71 дүгээр тушаалаар сахилгын шийтгэлийн хамгийн хүнд хэлбэр болох төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан, энэ нь нэхэмжлэгчийн гаргасан зөрчлийн шинж байдалд тохирсон эсэх нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байна.
4.10. Нэхэмжлэгч Б.Д нь маргаан бүхий акт гарахаас өмнө гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч зарим зөрчлийг арилгасан, мөн түүнчлэн 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр түүний ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг 86 оноогоор үнэлсэн атлаа үүний дараагаар маргаан бүхий Б/71 дүгээр тушаалыг гаргахдаа “албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ удаа дараа хангалтгүй биелүүлсэн” гэж үзэж төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь ойлгомжгүй байна.
4.11. Тодруулбал, Улсын ахлах бүртгэгч Б.Дгийн 2024 оны жилийн эцсийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх үнэлгээний хуудаст нийт 6 зорилт, арга хэмжээг тусгаж, “Гүйцэтгэлийн зорилт, арга хэмжээний биелэлтэд 70 хүртэлх онооноос 56 оноо”, “Мэдлэг ур чадвараа дээшлүүлэх зорилт, арга хэмжээний биелэлтэд 15 хүртэлх онооноос 15 оноо”, “Хандлага, ёс зүй, ур чадварын үнэлгээнд /нэгжийн даргын үнэлгээ/ 7 хүртэлх онооноос 7 оноо”-оор, “/Хамт олны үнэлгээ/ 8 хүртэлх онооноос 8 оноо”-оор тус тус үнэлж, нэхэмжлэгч нь нийт 86 оноогоор үнэлэгдсэн байх бөгөөд ийнхүү үнэлэхдээ маргаан бүхий актын үндэслэл болсон одоог хүртэл арилаагүй гэх 5 зөрчил нь энэхүү үнэлгээнд хамаарч байгаа эсэх, мөн эдгээр зөрчил нь ямар үндэслэлээр нэхэмжлэгчийн шууд хариуцах зөрчил болох эсэх нь ч эргэлзээтэй байна.
4.12. Монгол Улсын Сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалаар баталсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам-ын 3.3-т Сахилгын шийтгэл ногдуулахдаа дараах нөхцөл байдлыг харгалзан үзнэ: гээд 3.3.1-д зөрчил гаргасан нөхцөл байдал, үр дагавар-ыг харгалзан үзэхийг захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтанд даалгасан, өөрөөр хэлбэл, маргаан бүхий акт нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5-д зааснаар зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх нь шударга ёсны зарчимд нийцэх учиртай.
4.13. Иймд хариуцагч нь сонгох боломжийг зөв хэрэгжүүлж, тогтоогдсон зөрчилд нь Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлд заасан хариуцлагын төрлөөс аль тохирохыг сонгож, зохих журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
5. Дээрх үйл баримтаас дүгнэхэд, хариуцагч захиргааны байгууллага нь зөрчил гаргасан нөхцөл байдал, үр дагаврыг харьцуулан харгалзаж үзээгүй, ногдуулсан халах сахилгын шийтгэл нь түүний гаргасан зөрчлийн шинж байдалд тохирсон эсэхийг шүүх дүгнэх боломжгүй байх тул энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн Б/71 дүгээр тушаалд холбогдох хэсэгт өөрчлөлт оруулж, маргаан бүхий Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/71 дүгээр тушаалыг дахин шинэ акт гаргах хүртэл 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
5.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д “...Шийдвэр гүйцэтгүүлэх арга, журам, хугацаа, шийдвэрийг давж заалдах журам, хугацааг заана” гэж зааснаар давж заалдах шатны шүүхээс маргаан бүхий тушаалыг 3 сарын хугацаатайгаар түдгэлзүүлсэн, энэ хугацааг давж заалдах шатны шүүхийн магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон хугацаанаас эхлэн тоолох бөгөөд уг хугацаанд хариуцагч энэхүү магадлалын 4.9-д дурдсан үндэслэлээр шинээр захиргааны акт гаргаагүй бол маргаан бүхий 2025 оны Б/71 дүгээр тушаал хүчингүй болохыг тэмдэглэв.
5.2. Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр баталсан “Баянгол, Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагаанд хийх шалгалтын удирдамж”-ийн хүрээнд хийгдсэн шалгалтыг үндэслэн Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын Б/72 дугаар тушаалаар Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн иргэний улсын ахлах бүртгэгч С.Д-д, Б/73 дугаар тушаалаар улсын бүртгэгч М.Б-д тус тус төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан байна.
5.3. Улмаар С.Д болон М.Б нараас дээрх тушаалуудыг эс зөвшөөрч маргасан байх бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 221/МА2025/0571 дүгээр магадлалаар С.Д-н нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, харин 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2025/0649 дүгээр магадлалаар М.Б-д халах сахилгын шийтгэл ногдуулсан Б/73 дугаар тушаалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байх хэдий ч энэхүү маргааны хувьд нэхэмжлэгч Б.Д зөрчил гаргасан болох нь нэгэнт тогтоогдсон, зарим зөрчил одоо ч арилаагүй, тэрээр ногдуулсан шийтгэл хүндэдсэн гэж маргасан тул захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий актыг түдгэлзүүлж шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2025/0562 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 2 дахь заалтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасныг баримтлан Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн Б/71 дүгээр тушаалыг хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл гурван сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж өөрчилж, “3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан хариуцагч шийдвэр гаргахдаа энэхүү магадлалын хянавал хэсгийн 4.9-д заасан ажиллагааг хийх шаардлагатай болохыг дурдсугай.”, “4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллагаас шинэ акт гаргаагүй бол маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгохыг дурдсугай” гэсэн заалтыг нэмж, “3” дахь заалтын дугаарыг “5” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Ц.ОДМАА