Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/214

 

2023          6               16                                  2023/ШЦТ/214

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П  

улсын яллагч Т.Д

хохирогч Б.Ц,

шүүгдэгч Ч.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүгдэгч Ч.Б-д холбогдох эрүүгийн 2325000000252 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Шүүгдэгч Ч.Б нь;

2023 оны 3 дугаар сарын 07-ны өдөр согтуурсан үедээ, Орхон аймаг Баян-Өндөр сум Уртынгол баг Баянтал **** тоот гэртээ хохирогч Б.Ц-ийг эхнэр Б.Ө-тай хардсаны улмаас нүүрэн тус газарт нь хагарсан шаазан тавгаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Ч.Б “...мөрдөн байцаалтын шатанд үнэн, зөв мэдүүлгээ өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.   

хохирогч Б.Ц “...Би зургаан сар эмчийн хяналтад байж байна, “10 дугаар сар хүртэл мэдрэлийн болон нүдний эмчийн хяналтад байлгана.” гэсэн, саяхан Улаанбаатар хот явсан боловч энэ талаарх баримтуудаа авч ирсэнгүй, дахиад 10 дугаар сарын 03-ны өдөр хот явж төлбөртэй эмнэлэгт хэвтэнэ.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч Б.Ц-ийн “...2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн орой 21 цагийн орчим ажил тарахад Ө-ыг нөхөр нь болох Ч.Б ирж авах үед Ө “манайд очиж цай уу” гээд ажлын газрын угаагч эмэгтэй Дгийн хамт бид дөрөв Ч.Б, Ө хоёрын Уртынгол баг Баянзам **** тоот гэрт нь очиж 0.75л хэмжээтэй хоёр шил архи хувааж уусан. ... Ч.Б нь “ахтай сайхан танилцлаа” гээд дахин 0.75л архи худалдаж авч, бид гурав ууж эхлэх гэж байтал эхнэр Ө-ыг “архи удаан авлаа” гээд нүүр лүү нь нэг удаа цохиод авахаар нь би “яаж байгаа юм” гэсэн чинь эхнэрийнхээ бие хэсэг рүү дахин нэг удаа өшиглөж, намайг “чи муу ямар учиртай болохоороо манай эхнэрийг өмөөрөөд байгаа юм” гээд чихэртэй тавгаа авч сандал дээр цохиж хагалахаар нь “таваг хагалдаг нь яаж байгаа юм” гэсэн чинь хагарсан тавгаараа миний баруун нүд хэсэг рүү цохиход би ухаан алдсан. Намайг ухаан алдсан байхад миний толгой болон нүүр хэсэг рүү олон удаа цохисон байх шиг байсан, дагз хэсэг хагарч, нүүр хавдаж хөхөрсөн. Би ухаан орж гэрээс нь зугтаан гарч гүйгээд, хашаан дотор байсан Ч.Б-ы машин руу орж дотроос нь түгжиж унтаад маргааш өглөө нь Ч.Б машины цонх тогшиж намайг сэрээж “гэрт орж амар” гээд би гэр лүү нь орж амарсан, “цагдаад битгий хэлээч” гэж гуйж гурав хоног намайг гэртээ хоргоож, архи авч өгч, хамтдаа архи ууж байлгаад байсан. Тэгээд гурав хоногийн дараа “гэртээ харья” гэж хэлсээр байгаад Ч.Б-аар хүргүүлэн харьж, Ч.Б, Ө, эхнэр Б нарын хамтаар Бүсийн оношлогоо эмчилгээний төвд үзүүлж дараагаар нь эхнэрийнхээ хамт Улаанбаатар хотын 1 дүгээр эмнэлэгт очиж нүдний ухархай ясны хагалгаанд орж 21 хоног эмчилгээ хийлгэж байгаад Эрдэнэт хотод эргээд ирсэн. ...Тухайн үед “цагдаад битгий хандаач, бүх эмчилгээний зардлыг чинь гаргаж өгнө” гээд байсан бөгөөд эмчилгээ хийлгэхэд 5.000.000 орчим төгрөг болохоор нь нэхсэн чинь 2.200.000 төгрөгийг өгчихөөд “дахиж мөнгө өгч чадахгүй, шүүх цагдаагаараа яв” гээд байсан. Гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дэх тал/,

гэрч Л.Б-ы “...2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Ч.Б, Ө нар нь манай нөхрийг нь гэрт хүргэж ирэхэд нөхрийн толгой, нүүр, хувцас зэрэг нь маш их цус болж угаалгүй удсан шинжтэй байсан тул эмнэлэг рүү дагуулан явж үзүүлсэн. ...Гэртээ ирэхгүй байсан шалтгааныг нөхрөөсөө асуухад “шархаа эдгээж байгаад ирдэг юм билүү гээд Ч.Б-ы гэрт байгаад байсан.” гэсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дахь тал/,

гэрч Б.Ө-ын “...манай нөхөр Ч.Б намайг Б.Ц ахтай шалтгаангүй хардаж, “цаашаа орлуугаа хэвт” гээд зэрэгцэн сууж байснаа гэнэт түлхсэн чинь Б.Ц ах “эмэгтэй хүнийг яаж байгаа юм гэсэн чинь” манай нөхөр уурлаж “эр, эмийн хооронд орлоо” гээд газар байсан шаазан тавгаар Б.Ц ахын нүүр болон толгой хэсэг рүү хэд, хэдэн удаа цохихоор нь би болиултал Б.Ц ах гэрээс гарч манай машин руу орчихсон, ...маргааш нь сэрчихээд “ийм нүүр царайтай гэртээ харьж болохгүй, мөнгө өгчихвөл гомдолгүй” гээд манай гэрт гурав хоног архи авахуулаад, “явахгүй мөнгөө авна” гээд суугаад байсан, сүүлдээ нөхөр бид хоёр...гэрт нь хүргэж өгөөд эхнэртэй нь хамт эмнэлгээр явж үзүүлсэн. Хохирлын мөнгө гэж бэлнээр 100.000 төгрөг өгсөн, миний “Хаан” банкны **** дугаартай данснаас 400.000 төгрөг шилжүүлсэн, эмнэлгээр явахад шууд бэлнээр өгөөд явчихсан, ойролцоогоор 400.000 гаруй төгрөг болсон, тэгээд сүүлд Ч.Б-ы эгчийн данснаас 1.600.000 төгрөг шилжүүлж өгсөн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/,

Ч.Б-ы сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2023 оны 3 дугаар сарын 07-ны орой эхнэрээ ажлаас нь авах гээд очиход хамт ажилладаг Д гэдэг эмэгтэй, Б.Ц гэдэг ах хоёр манай эхнэртэй манай гэрт очихоор болсон байсан, Д-г зүс мэднэ, харин Б.Ц-ийг танихгүй, уг өдрөө танилцсан. Бид дөрөв манай гэр лүү явах замд дэлгүүрээс 0.75л хэмжээтэй хоёр шил архи худалдан аваад гэрт очиод ууж байхад Д түрүүлээд явсан, эхнэр Б.Ө, Б.Ц ах бид гурав үлдээд дахин нэг шил архи уугаад эхлэж байхад Б.Ц ах үг, үйлдлээрээ манай эхнэр лүү хандраад байхаар нь өөрийнхөө эхнэрийг Б.Ц ахтай хамт ажилладаг болохоор нь хардаад эхнэрээ түлхсэн чинь Б.Ц “болиоч” гэхээр нь би “эр, эмийн дундуур орж ирдэг хэн бэ” гээд ширээн дээр байсан шаазан материалтай тавгаар зүүн нүд хэсэг болон толгой руу нь цохиж гэмтэл учруулахад манай гэрээс гараад миний машин руу ороод унтчихсан. ...Маргааш нь буюу 2023 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Б.Ц сэрээд “нүүр царай хавдчихсан байна, ийм царайтай яаж харих билээ, гайгүй болохоор нь харья, гэрт хүмүүс ирсэн байгаа, ах нь цагдаа сэргийлэх гэж явахгүй, ахдаа 5.000.000 төгрөг өгчих” гэхээр нь би “боломжгүй” гэсэн чинь “1.500.000-2.000.000 төгрөг хүртэл боломжоороо өгчих” гэхээр нь зөвшөөрсөн, уг өдрөө билүү маргааш өдөр нь “зээлээ төлөх хэрэгтэй байна, 500.000 төгрөг олж өг” гэсний дагуу би 500.000 төгрөгийг эхнэрийх нь данс руу шилжүүлсэн. Б.Ц нь “гэртээ харихгүй, царайгаа гайгүй болохоор харина” гээд манай гэрт гурав хоносон бөгөөд 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдөр би өөрийн биеэр Б.Ц ахыг гэрт нь хүргэж, эхнэрт нь хүлээлгэж өгсөн. Тэрнээс биш би гэртээ байлгаад байсан юм бол байхгүй, өөрөө “нүүр, царай гайгүй болохоор харина” гээд байсан, гэрт хүргэж өгчихөөд эхнэрийнх нь хамт эмнэлгээр дагуулан явж эмчилгээ хийлгэсэн бөгөөд бүхий л зардлыг өөрөөсөө гаргасан бэлэн болон дансаар одоогийн байдлаар нийт 3.000.000 төгрөг орчим өгсөн байх ёстой.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дэх тал/,

“...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. ...Би эхнэр Ө, эгч Ч.У нарын дансаар дамжуулан хохирогчид хохирлын мөнгө өгсөн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 50 дахь тал/,

Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 325 дугаартай;

“...1.Б.Ц-ийн биед зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, шарх, нүүр, хоёр нүдний алимны салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.3.Дээрх гэмтлүүд нь хатуу, мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой ба тухайн үедээ шинэ гэмтлүүд байжээ.

4.Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.

5.Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 17-19 дэх тал/,

Б.Ц-ийн “...2023 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уртынгол Баянтал **** тоотод зүс таних эрэгтэй хүнд зодуулсан.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дэх тал/,

түүний өргөдөл /хавтаст хэргийн 2 дахь тал/,

хохирогч Б.Ц-ийн амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 20-31, 32-33 дахь тал/,

Ч.Б эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 53, 60 дахь тал/,

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 107 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 55-56 дахь тал/,

2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 22/171 дугаартай Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоол /хавтаст хэргийн 58 дахь тал/,

шүүгдэгч Ч.Б-ын эхнэр Б.Ө-ын Хаан банкны **** данснаас 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдөр “****” утгаар **** дансанд 400.000 төгрөг шилжүүлсэн тухай банкны баримт /хавтаст хэргийн 73 дахь тал/,

хэрэгт хавсаргуулсан хохирол төлбөр, эмчилгээтэй холбоотой доорхи баримтууд /хавтаст хэргийн 76-98 дахь тал/,

хохирогчийн эхнэр Л.Б-ын Хаан банкны **** дансанд 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдөр “****” гэх утгаар Хаан банкны **** данснаас 400.000 төгрөг орлогоор орсон баримт /хавтаст хэргийн 100 дахь тал/,

Л.Б-ын Хаан банкны **** дансанд 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр “эмчилгээний зардал Б” гэх утгаар Хаан банкны **** данснаас 1.600.000 төгрөг орлогоор орсон баримт /хавтаст хэргийн 103 дахь тал/ зэрэг болно.

Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мөн Ч.Б-аас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгч Ч.Б-ыг гэм буруутайд тооцох;

шүүгдэгч Ч.Б нь;

2023 оны 3 дугаар сарын 07-ны өдөр согтуурсан үедээ, Орхон аймаг Баян-Өндөр сум Уртынгол баг Баянтал **** тоот гэртээ хохирогч Б.Ц-ийг эхнэр Б.Ө-тай хардсаны улмаас нүүрэн тус газарт нь хагарсан шаазан тавгаар цохиж, эрүүл мэндэд нь “зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, шарх, нүүр, хоёр нүдний алимны салстад цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх,

хохирогч Б.Ц-ийн “...чихэртэй тавгаа авч сандал дээр цохиж хагалахаар нь “таваг хагалдаг нь яаж байгаа юм” гэсэн чинь хагарсан тавгаараа миний баруун нүд хэсэг рүү цохиход би ухаан алдсан. ...дагз хэсэг хагарч, нүүр хавдаж хөхөрсөн. ...Бүсийн оношлогоо эмчилгээний төвд үзүүлж дараагаар нь эхнэрийнхээ хамт Улаанбаатар хотын 1 дүгээр эмнэлэгт очиж нүдний ухархай ясны хагалгаанд орж 21 хоног эмчилгээ хийлгэж байгаад Эрдэнэт хотод эргээд ирсэн.” гэх,

гэрч Л.Б-ын “...нөхрийн толгой, нүүр, хувцас зэрэг нь маш их цус болж угаалгүй удсан шинжтэй байсан тул эмнэлэг рүү дагуулан явж үзүүлсэн.” гэх,

гэрч Б.Ө-ын “...манай нөхөр Ч.Б намайг Б.Ц ахтай шалтгаангүй хардаж, “цаашаа орлуугаа хэвт” гээд зэрэгцэн сууж байснаа гэнэт түлхсэн...“эр, эмийн хооронд орлоо” гээд газар байсан шаазан тавгаар Б.Ц ахын нүүр болон толгой хэсэг рүү хэд, хэдэн удаа цохихоор нь би болиултал Б.Ц ах гэрээс гарч манай машин руу орчихсон.” гэх,

Ч.Б-ын өөрийнх нь өгсөн “...Б.Ц ах үг, үйлдлээрээ манай эхнэр лүү хандраад байхаар нь өөрийнхөө эхнэрийг Б.Ц ахтай хамт ажилладаг болохоор нь хардаад эхнэрээ түлхсэн чинь Б.Ц “болиоч” гэхээр нь би “эр, эмийн дундуур орж ирдэг хэн бэ” гээд ширээн дээр байсан шаазан материалтай тавгаар зүүн нүд хэсэг болон толгой руу нь цохиж гэмтэл учруулахад манай гэрээс гараад миний машин руу ороод унтчихсан. ...эхнэрийнх нь хамт эмнэлгээр дагуулан явж эмчилгээ хийлгэсэн.” гэх мэдүүлгүүдээр,

Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 325 дугаартай;

“...Б.Ц-ийн биед зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, шарх, нүүр, хоёр нүдний алимны салстад цус хуралт гэмтэл тогтоогдлоо.” гэсэн дүгнэлт,

Б.Ц-ийн “...2023 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уртынгол Баянтал **** тоотод зүс таних эрэгтэй хүнд зодуулсан.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл,

хохирогч Б.Ц-ийн амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар,

шүүгдэгч Ч.Б-гын эхнэр Б.Ө-гын Хаан банкны **** данснаас 2023 оны 3 дугаар сарын 09-ний өдөр “****” утгаар **** дансанд 400.000 төгрөг шилжүүлсэн тухай банкны баримт, хэрэгт хавсаргуулсан хохирол төлбөр, эмчилгээтэй холбоотой баримтууд,

хохирогчийн эхнэр Л.Б-гын Хаан банкны **** дансанд 2023 оны 3 дугаар сарын 22-ны өдөр “эмчилгээний зардал Б” гэх утгаар Хаан банкны **** данснаас 1.600.000 төгрөг орлогоор орсон баримт зэргээр тогтоогдож байх бөгөөд уг баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч Ч.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд;

Шүүгдэгч Ч.Б 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уртынгол баг Баянтал **** тоот гэртээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хохирогч Б.Ц-ийг эхнэр Б.Ө-тай хардаж, нүүрэн тус газарт нь хагарсан шаазан тавгаар цохиж, бие махбодынх нь эсрэг хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь “зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, нүүрэнд зөөлөн эдийн няцрал, шарх, нүүр, хоёр нүдний алимны салстад цус хуралт” бүхий гэмтэл учруулсан болох нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдааны үед өгсөн хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр,

мөн хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсоноос гадна нотлох баримтуудыг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдоогүй, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтэл нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзнэ.

Шүүгдэгч Ч.Б-ын хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь шүүгдэгч бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд хэрэгт цуглуулсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Б-ын үйлдэл “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангажээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан, шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийн үйл баримтын талаарх шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, бусад нотлох баримтуудыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийхэд шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх шүүгдэгч Ч.Б-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, шүүх хуралдаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно.” гэсэн хүсэлтийг гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.

Шүүгдэгч Ч.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

шүүх шүүгдэгч Ч.Б-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Ч.Б-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

          Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгчид оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзан үзэв. 

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааны үед,

улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-д 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах.” гэсэн саналыг гаргасан болно.

           Шүүх шүүгдэгч Ч.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн саналыг харгалзан,

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж,

          дээрх хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглож,

          ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхаарууллаа. 

Шүүгдэгч Ч.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болохыг дурьдаж байна.  

Бусад асуудал;

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,

хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заажээ.

Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээний зардалд нийт 2.000.000 төгрөг төлсөн болох нь хавтаст хэргийн 100, 103 дахь талд авагдсан баримтуудаар тогтоогдсон, өнөөдрийн байдлаар бусдад төлөх төлбөргүй байна.   

Шүүх хуралдааны үед хохирогч нь “...саяхан Улаанбаатар хот явсан боловч энэ талаарх баримтуудаа авч ирсэнгүй, дахиад 10 дугаар сарын 03-ны өдөр хот явж төлбөртэй эмнэлэгт хэвтэнэ.” гэсэн тул шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой гарсан зардлын баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нь хохирогч Б.Ц-д нээлттэй үлдээх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ч.Б цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдаж,

шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч П овогт Ч-гын Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-г 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-г дээрх хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглож,

          мөн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

          4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б-д урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          6.Хохирогч Б.Ц нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөртэй холбоотой баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар бүрдүүлж нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

          7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.  

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЭНХТУНГАЛАГ