| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2023/0042/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/215 |
| Огноо | 2023-06-19 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.3.1., |
| Улсын яллагч | Г.А |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 2023/ШЦТ/215
2023 6 19 2023/ШЦТ/215
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,
улсын яллагч Г.А,
хохирогч Т.М,
шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Б.Д нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүгдэгч Г.Б-д холбогдох эрүүгийн 2225005010347 дугаартай хэргийг Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 2023/ДШМ/18 дугаартай магадлалаар анхан шатны шүүхэд буцаасныг 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Шүүгдэгч Г.Б нь;
2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн нутаг дэвсгэрт байрлах Ш.Б-ын 6x3.5м төмөр гарааш эзэмших эрхийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу өөртөө захиран зарцуулах эрх олгогдсон мэт хохирогч Т.М-т 2.200.000 төгрөгөөр худалдан борлуулж, 9.500.000 төгрөгийн хохирол учруулсан, хулгайлах гэмт хэрэгт,
мөн өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн нутаг дэвсгэрт байрлах Ш.Б-ын 6x3.5м төмөр гараашийг “манай найзын гарааш, зарна гэсэн” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар иргэн Т.М-ыг төөрөгдөлд оруулж, хуурч 2.200.000 төгрөгөөр худалдан борлуулахаар харилцан тохиролцож, улмаар 1.500.000 төгрөг бэлнээр авсан, залилах гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт;
шүүгдэгч Г.Б “... би гурван жилийн өмнө гарааш авсан, М “зарах гарааш байна уу” гэж надаас асуухаар нь би “ийм хүний ийм гарааш байгаа” гэж хэлсэн, үүнээс хойш хоёр жилийн дараагаар М “гараашийг Хутаг-Өндөр авч явмаар байна.” гэхээр нь би “болохгүй” гэж хэлж байсан. Бид хоёр 1.500.000 төгрөгт бичиг үйлдсэн бөгөөд гараашийг зөөснийг нь би мэдээгүй. Би энэ залууд туслахыг л бодсон, надад хүн хуурах сэтгэл байхгүй, ийм юм болж байгаад маш их харамсаж байна.” гэв.
хохирогч Т.М “...Б гуай бид хоёр 1.500.000 төгрөгт бичиг үйлдсэн, тэр бичиг дээр “найз” гэж бичсэн байсан болохоор мэдүүлгээс нь зөрөөд яах вэ гэж бодоод найз гээд мэдүүлгээ өгчихсөн юм.” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;
хохирогч Т.М-ын “...миний бие Согоот баг 7 дугаар хорооллын замын урд талын гараашууд дундуур гарааш худалдан авах зорилгоор хайгаад явж байтал нэг төмөр гарааш дээр Б гэх хүний гар утас тэмдэглэгээтэй байхаар нь тухайн гар утас руу залгаж, “танд зарах гарааш байна уу, надад гараашны хэрэг болоод гарааш хайгаад явж байна” гэж хэлсэн, гэтэл Б ах “би гарааш зарахгүй ээ, харин манай нэг найз наана чинь гарааш зарна, тэр гарааш нь онгорхой байгаа.” гэж хэлсэн. ...тухайн гараашны эзний талаар асуухад “манай найз зарна гэсэн, би чамд эзнийг нь олоод зуучилж өгье” гэсэн. ...үүнээс хойш нэг жил гарангийн хугацаа өнгөрсөн, би хааяа Б ахын утас руу залгаж асууж, тодруулж байсан, тэгэхэд Б ах “найз маань алга байна, холбогдоогүй байна.” гэж хэлдэг байсан. Ингээд 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Б ах руу би залгаад “би найзын чинь гараашийг худалдаад авчихья, танд мөнгийг нь өгчихье, дараа найз чинь гарч ирээд мөнгө нэхвэл нэмж мөнгө өгнө.” гэж хэлсэн, Б ах надад “хоёулаа баараггүй юм хийнэ, бичиг үйлдсэн нь дээр гэж хэлээд бид хоёр гар бичмэл үйлдсэн, тэгээд би Б ахад 1.500.000 төгрөг бэлнээр хүлээлгэн өгсөн, гараашийг байсан газраас нь баруун тийш 100м орчим газарт кранаар өргүүлж, шинэ газар аваачиж тавьсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дэх тал/,
хохирогч, иргэний нэхэмжлэгч Ш.Б-ын “...2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн нутаг дэвсгэрт байрлах тамхины цэгийн ертөнцийн зүгээр урд талын хойшоо, урагшаа харсан эгнээний, урагш харсан **** дугаартай гарааш байхгүй алга болсон байсан. ...2021 оны 6 дугаар сард гарааш дээрээ очиж байсан, тэрнээс хойш очихгүй байж байгаад 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр очсон юм. Миний гарааш нь 6x3.5м урттай, төмөр гарааш, саарал өнгийн, гурван хаалгатай, хоёр том дэлгэдэг хаалгатай, нэг босоо хаалгатай, дотор талдаа нууц цоожтой, гадна талдаа зүүдэг цоожтой байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/,
“...М-аас гараашаа хүлээн авсан, нэхэмжлэх зүйлгүй, гараашаа алга болсныг мэдээд Л гэх хүнтэй утсаар холбоо барихад “манай газрыг улс хурааж аваад удаж байна, би чиний гарааш хайчсан эсэх талаар хэлж мэдэхгүй байна.” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дахь тал/,
гэрч Д.Л-ийн “...миний бие 2004-2015 оны хооронд 7 дугаар хорооллын замын урд талд 14.500м2 худалдаа үйлчилгээний зориулалттай газар эзэмшиж, өөрийн эзэмшлийн газартаа хүмүүсийн гараашийг түрээсээр байршуулдаг байсан. “Эрдэнэт-Үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах үйлдвэрт ажиллаж байсан Ш.Б гэх хүн өөрийн төмөр гараашаа миний газарт байрлуулж байсан, энэ гараашийг Болдын гарааш гэдгийг би сайн хэлж мэдэхгүй байна. Хаалга дээр нь тоо байх ёстой тэрийг будчихсан учир хэлж мэдэхгүй байна, надаас хүн гарааш худалдаж авах талаар, төмөр гараашуудын эзнийг хайж сурагласан зүйл огт байхгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 134 дэх тал/,
Г.Б-гийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2019 оны зун Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн нутаг дэвсгэрт байрлах тамхины цэгийн урд талын гараашууд дундаас гарааш 1.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан чинь архи уусан согтуу эрэгтэй хүн “би гараашаа 2.200.000 төгрөгөөр зарна” гэж хэлсэн, тэгээд “та гараашаа авахаа болиод миний гараашийг авчих” гэхээр нь үзсэн чинь хаалга үүд нь дэлгээтэй, дотор нь хүмүүс орж бааж, шээсэн байхаар нь аваагүй. Тэгээд надаас тэр эрэгтэй хүн 100.000 төгрөг аваад “гарааш авах хүн сураглаж байгаарай” гэж хэлээд явсан, “гараашаа зарчихвал та мөнгөө суутгаад аваарай” гэсэн, тэрнээс хойш тэр залуутай уулзаагүй. М гэх залуу “зарах гарааш байна уу” гэхээр нь би “2019 онд нэг залуутай уулзаж байсан юм, гараашаа 2.200.000 төгрөгөөр зарна гэж байсан, эзэнгүй байгаа” гэж хэлсэн. М 1.500.000 төгрөг бэлэн өгөөд “эзэн нь ирэхээр 700.000 төгрөгийг өгнө.” гэж хэлээд бид хоёр бичгэн гэрээ үйлдэж, надад 1.500.000 төгрөг бэлнээр өгсөн. ...тухайн гараашийг захиран, зарцуулах эрх байхгүй, зуучилж л өгсөн, тэр эрэгтэй хүнтэй 2019 оноос хойш уулзаагүй, 1.500.000 төгрөгийг тухайн хүнд өгөөгүй, ...би дунд нь зуучилж, тухайн гараашийг зарсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 22 дахь тал/,
Ш.Б-ын “...2022 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн нутаг дэвсгэрт байрлах тамхины цэгийн урд талын төмөр гарааш хулгайд алдагдсан.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дахь тал/,
түүний өргөдөл /хавтаст хэргийн 5 дахь тал/,
Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 6-7, 8 дахь тал/,
“Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн ТХҮ-ОРХ/4312 дугаартай; “...Төмөр гарааш /6x3.5м/ 9.500.000 төгрөг.” гэсэн тооцоолол, дүгнэлт /хавтаст хэргийн 30-32 дахь тал/,
Т.М, Г.Б нарын 1.500.000 төгрөг хүлээлцсэн тухай баримт /хавтаст хэргийн 38 дахь тал/,
Г.Б нь хадгалуулсан гэх 1.500.000 төгрөгийг Т.М-т буцаан хүлээлгэн өгсөн тухай баримт /хавтаст хэргийн 41 дэх тал/,
Г.Б-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 43 дахь тал/,
эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 44 дэх тал/ зэрэг болно.
Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч нараас, гэрчээс, мөн Г.Б-гаас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Шүүгдэгч Г.Б-гийн гэм буруугийн талаар;
“Хулгайлах” гэмт хэрэг гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж халдахгүйгээр, эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд аргаар авч өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг ойлгоно.
Гэмт хэргийн бүрэлдэхүүн нь объект, субъект, объектив тал, субъектив тал гэсэн дөрвөн хэсгээс бүрддэг, гэтэл эдгээрээс аль нэг нь үгүйсгэгдсэн буюу нотлогдоогүй тохиолдолд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, мөн гэмт хэргийн шинж үгүйд тооцогдож, хэрэг хэрэгсэхгүй болох шууд нөхцөл үүснэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн бодит байдал болон тухайн хэрэгт холбогдсон хүний гэм бурууг эргэлзээгүй тогтоох үүргийг мөрдөгч, прокурор хүлээх бөгөөд шүүх хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг хянан хэлэлцээд шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй, улмаар түүний гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, тухайн хүнийг цагаатгах зарчмыг баримтлан шийдвэр гаргах хуулийн зохицуулалттай.
Шүүгдэгч Г.Б-г 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн нутаг дэвсгэрт байрлах Ш.Б-ын 6x3.5м төмөр гарааш эзэмших эрхийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу өөртөө захиран зарцуулах эрх олгогдсон мэт хохирогч Т.М-т 2.200.000 төгрөгөөр худалдан борлуулж, 9.500.000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж,
мөн өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн нутаг дэвсгэрт байрлах Ш.Б-ын 6x3.5м төмөр гараашийг “манай найзын гарааш, зарна гэсэн” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар иргэн Т.М-ыг төөрөгдөлд оруулж, хуурч 2.200.000 төгрөгөөр худалдан борлуулахаар харилцан тохиролцож, улмаар 1.500.000 төгрөг бэлнээр авсан, залилах гэмт хэрэг үйлдсэн гэж Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор нь яллах дүгнэлт үйлдсэн байна.
Шүүх хэрэгт цуглуулсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудыг дүгнэж үзэхэд,
шүүгдэгчийг “хулгайлах” гэмт хэрэг үйлдэх гэсэн сэдэлт, зорилго агуулсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, түүний яг ямар үйлдэл энэ гэмт хэргийн шинжийг хангасан эсэхэд үндэслэл бүхий эргэлзээ үүссэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ... шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг ... шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэнэ.” гэсэн зарчмыг баримтлан,
шүүгдэгч Г.Б-гийн 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн нутаг дэвсгэрт байрлах Ш.Б-ын 6x3.5м төмөр гарааш эзэмших эрхийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу өөртөө захиран зарцуулах эрх олгогдсон мэт хохирогч Т.М-т 2.200.000 төгрөгөөр худалдан борлуулж, 9.500.000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлсан гэх үйлдэл холбогдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгов.
Харин шүүгдэгч Г.Б нь Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн нутаг дэвсгэрт байрлах Ш.Б-ын 6x3.5м төмөр гараашийг “манай найзын гарааш, зарна гэсэн” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар иргэн Т.М-ыг төөрөгдөлд оруулж, хуурч 2.200.000 төгрөгөөр худалдан борлуулахаар харилцан тохиролцож, улмаар 1.500.000 төгрөг бэлнээр авсан, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;
хэргийн үйл баримтын талаарх,
хохирогч Т.М-ын “...гараашны эзний талаар асуухад “манай найз зарна гэсэн, би чамд эзнийг нь олоод зуучилж өгье” гэсэн. ...Б ах “найз маань алга байна, холбогдоогүй байна.” гэж хэлдэг байсан.” гэх,
Г.Б-гийн өөрийнх нь өгсөн “...тухайн гараашийг захиран, зарцуулах эрх байхгүй, зуучилж л өгсөн, ...1.500.000 төгрөгийг тухайн хүнд өгөөгүй, ...би дунд нь зуучилж, тухайн гараашийг зарсан.” гэх мэдүүлгүүд,
Т.М, Г.Б нарын 1.500.000 төгрөг хүлээлцсэн тухай баримт зэргээр тогтоогдож байна.
Хууль зүйн хувьд дүгнэлт хийхэд,
шүүгдэгч Г.Б нь тухайн гараашийн эзнийг танихгүй, найз биш, мөн утасны дугаарыг нь мэдэхгүй хирнээ хохирогч Т.М-т “...манай нэг найз наана чинь гарааш зарна, ...би чамд эзнийг нь олоод зуучилж өгье, ...манай найз надад 2.200.000 төгрөгөөр гараашаа зарна гэсэн боловч би худалдаж аваагүй, холбогдож чадахгүй байгаа, хотод амьдардаг.” гэж удаа дараа хэлж, улмаар энэ байдлыг 1.500.000 төгрөг хүлээлцсэн баримт дээр тусгах замаар хохирогчийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Ш.Б-ын эзэмшлийн гараашийг бусдад шилжүүлж өөртөө 1.500.000 төгрөг олж авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн шинж болно.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэх үндэслэл нотолгоогүй, мөн хэргийн нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан, шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийн үйл баримтын талаарх шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг бусад нотлох баримтуудыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийхэд шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Б-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон,
шүүгдэгчийн үйлдэл залилах гэмт хэргийн үндсэн шинжийг хангах тул шүүх түүний “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, залилах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар;
шүүх шүүгдэгч Г.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Г.-Б-гийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүх хуралдааны үед улсын яллагч “...шүүгдэгч Г.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах хорих ял оногдуулах.” гэсэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч “...торгож өгнө үү.” гэсэн саналыг гаргасан болно.
Шүүх шүүгдэгч Г.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан,
түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх; тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх.”-ээр хуульчилсан дагуу түүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлөв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн.”-ийг,
1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн.”-ийг,
3 дахь хэсэгт заасан “онцгой нөхцөл байдал буюу Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны зарлигаар “Улсын баатар” цолоор шагнагдсаныг нь тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй.
Бусад асуудал;
Энэ хэрэгт хураан авсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,
шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүгдэгч Г.Б-д холбогдох эрүүгийн хэргээс хохирогч Ш.Б-ын 6x3.5м төмөр гарааш эзэмших эрхийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу өөртөө захиран зарцуулах эрх олгогдсон мэтээр хохирогч Т.М-т 2.200.000 төгрөгөөр худалдан борлуулж, 9.500.000 төгрөгийн хохирол учруулж, хулгайлсан гэх үйлдэл холбогдлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосугай.
2.Шүүгдэгч З овогт Г-ын Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаас шүүгдэгч Г.Б-г чөлөөлсүгэй.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ