Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/218

 

2023         6              20                                  2023/ШЦТ/218

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

       

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П     

улсын яллагч Т.Д  

шүүгдэгч Н.Ш, түүний өмгөөлөгч Р.Ц нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүгдэгч Н.Ш-д холбогдох эрүүгийн 2325000000219 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Шүүгдэгч Н.Ш нь;

2023 оны 10 дугаар сард Орхон аймаг Баян-Өндөр сум ...... багийн нутаг дэвсгэрээс НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан “өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинол агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн,

2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум ............дугаар байрны урд автомашины зогсоол дээр байхдаа өөрийн биед НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан 224.1гр “өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинол агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Н.Ш “...мөрдөн байцаалтын шатанд үнэн, зөв мэдүүлгээ өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед цуглуулсан;

Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч М.Г-ын “...Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг ......... дугаар байрны урд автомашины зогсоол дээр Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг .........дугаар байрны ......тоотод оршин суух Н.Ш нь биедээ ургамал мэт зүйл авч явж байна.” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дэх тал/,

илтгэх хуудас /хавтаст хэргийн 2 дахь тал/,

хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 4, 5-7 дахь тал/,

хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүүлэлтүүд /хавтаст хэргийн 11, 12 дахь тал/,

үзлэг хийсэн тэмдэглэлээр хураан авсан ургамал мэт зүйлийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 22 дахь тал/,

мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 23-24, 25-26 дахь тал/,

Шүүхийн Шинжилгээний Ерөнхий Газрын шинжээч Г.З-ын 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 1526 дугаартай;

“....1.2.3.4.Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “Н.Ш **** 2023.03.16” гэж хаягласан хуванцар савтай шээсний дээжээс тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын II жагсаалтад багтдаг болно.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 39-40 дэх тал/,

Шүүхийн Шинжилгээний Ерөнхий Газрын шинжээч Д.З-гийн 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 1527 дугаартай; “...1.2.Ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “Н.Ш /өвс/” гэсэн хаягтай 1 дугаартай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл, “Н.Ш /өвс/” гэсэн хаягтай 2 дугаартай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйл зэргээс делта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. 3.“Н.Ш /өвс/” гэсэн хаягтай 1 дугаартай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин 155.3г, цэвэр жин 150.2г, “Н.Ш /өвс/” гэсэн хаягтай 2 дугаартай гялгар уутанд хийсэн ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин 77.4г, цэвэр жин 73.9г байна.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 53-54 дэх тал/,

          Орхон аймгийн БОЭТ-ийн шинжээч, эмч Ж.Д, П.Б, С.Э нарын 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн; “...F12.2 Каннабиноидын хараат байдлын хам шинж. 1.Н.Ш шинжилгээ хийх үед сэтгэцийн хувьд дээрх хараат байдлын хам шинжтэй. Үзлэгийн явцад тухайн үед ургамал хэрэглээгүй тодорхой хугацаа өнгөрсөн учир хордлогын шинж илрээгүй. 2.Н.Ш албадан эмчилгээ шаардлагагүй. 3.Н.Ш-ийн хараат байдлын хам шинж эмгэг нь өөрийн хийж буй үйлдлийг зөвөөр ойлгох удирдан жолоодох чадварт нөлөөлөхгүй. 4.Н.Ш өөрийн холбогдож байгаа хэргийн учир холбогдлыг зөв тусгаж авах чадвартай хэрэг хариуцах чадвартай. 5.Н.Ш үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 59-60 дахь тал/,

          Н.Ш-ийн яллагдагчаар өгсөн “...би 2022 оны 10 дугаар сарын дундуур ганцаараа өөрийн машинтайгаа таксинд явж байгаад Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд багийн нутаг Шандын тойргийн хойд хэсэгт каннабис ургачихсан байхыг харсан, тус өдрөө ганцаараа очоод түүж авсан. ...Тухайн өдрөөс хойш тус каннабисаас 1-2 удаа хэрэглэсэн бөгөөд ерөнхийдөө өөрийн хувцасны халаасанд хадгалж байсан юм. Тэгээд 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Уурхайчин баг 3-7 дугаар байрны гадаа машин дотроо байж байтал цагдаа нар ирээд намайг шалгасан, миний өмсөж явсан куртикны халаасанд байсан хоёр тусдаа гялгар уутанд хийсэн каннабисыг олж, намайг шалгасан. ...каннабисыг цагдаад баригдахаасаа өмнө барагцаагаар 7 хоногийн өмнө хэрэглэсэн. ...би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 70 дахь тал/,

шүүгдэгч Н.Ш-ийн хувийн байдалтай холбоотой;

          2020-2022 онуудад сүрьеэ өвчнөө эмчлүүлж байсан талаар баримт /хавтаст хэргийн 82-87 дахь тал/,

          Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн зохион байгуулагч Д.Н-ийн гарын үсэгтэй, 2023 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн **** тоотод ам бүл 3, ээж С.О, дүү Н.О нарын хамт амьдардаг талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 78 дахь тал/,

          Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот багийн Засаг дарга Р.М-ын гарын үсэгтэй, 2023 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 105 дугаартай, **** тоотод ам бүл 2, ээж С.О хамт амьдардаг талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 90 дэх тал/,

          иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 74 дэх тал/,

          эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 104 дэх тал/

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 106-109 дэх тал/,

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 110-114 дэх тал/,

Шүүх хуралдаан эхлэхэд шинээр гаргаж өгсөн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэгийн гэрчилгээ зэрэг болно.

Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Н.Шэс яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Ш-ийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрсдийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч нар гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгч Н.Ш-ийг гэм буруутайд тооцох;

шүүгдэгч Н.Ш нь 2023 оны 10 дугаар сард Орхон аймаг Баян-Өндөр сум ...... багийн нутаг дэвсгэрээс Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан “өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинол агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн,

2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум ............. дугаар байрны урд автомашины зогсоол дээр байхдаа өөрийн биедээ Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан 224.1гр цэвэр жинтэй “өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинол агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх,

Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч М.Г-ын гаргасан гэмт хэргийн талаарх мэдээллийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл, илтгэх хуудас, Н.Ш-ийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэлүүд,

Шүүхийн Шинжилгээний Ерөнхий Газрын шинжээчийн 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 1526 дугаартай болон 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 1527 дугаартай дүгнэлтүүд,

          Н.Ш-ийн өөрийнх нь өгсөн “...каннабисаас 1-2 удаа хэрэглэсэн бөгөөд ерөнхийдөө өөрийн хувцасны халаасанд хадгалж байсан юм. Тэгээд 2023 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Уурхайчин баг 3-7 дугаар байрны гадаа машин дотроо байж байтал цагдаа нар ирээд намайг шалгасан, миний өмсөж явсан куртикны халаасанд байсан хоёр тусдаа гялгар уутанд хийсэн каннабисыг олж, намайг шалгасан.” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн баримтуудаар тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүй, шүүгдэгч Н.Ш гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

          Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуульд “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, “Мансууруулах эмийн тухай” 1961 оны НҮБ-ын конвенци, “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” 1971 оны НҮБ-ын Конвенцийн жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг ойлгохоор заасан байна.

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Монгол Улсад хуулиар хориглосон буюу мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих, энэ төрлийн бодисын хор хөнөөлөөс хүн амын эрүүл мэнд, удмын санг хамгаалах зорилгын үүднээс эргэлтэд нь хуулиар хяналт тогтоож, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан тодорхой тохиолдолд эргэлтэд оруулахыг зөвшөөрсөн байх бөгөөд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ. 

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль бусаар хадгалсан.” гэдгийг уг бодисыг санаатайгаар орон байр, тусгай зориулалтын байр, агуулах саванд агуулж хадгалах, өөрийн бие, тээврийн хэрэгсэл, цүнх, сав зэрэгт агуулж, хадгалахыг,

“хууль бусаар бэлтгэсэн.” гэдгийг зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр байгальд ургадаг мансууруулах үйлчилгээ бүхий ургамалыг түүж цуглуулах, тарьж ургуулах, хураан авах, цэвэршүүлэх, дахин боловсруулж хувирган өөрчлөх, бэлэн бүтээгдэхүүн, түүхий эдийн хэлбэрээр гаргаж авахыг тус тус  ойлгоно.

Шүүгдэгч Н.Ш зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр байгальд ургадаг мансууруулах үйлчилгээ бүхий ургамалыг Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд багийн нутаг Шанд багийн нутаг дэвсгэрээс түүж, улмаар өөрийн биед  хадгалсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл бөгөөд өөрийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авснаар” хэргийн бүрдэл хангагдана.

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Ш-ийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүх шүүгдэгчийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан “өвс” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/-ын агууламжтай сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан.” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас бусдад бодит хохирол учраагүй тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, харин шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, түүнчлэн, Үндэсний аюулгүй байдлын эсрэг түүнд хохирол, хор уршиг учруулах нөхөн төлөх боломжгүй хор уршигтай болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Н.Ш-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

шүүх шүүгдэгч Н.Ш-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааны үед,

улсын яллагч “...шүүгдэгч Н.Ш-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жил хорих ял оногдуулах.” гэсэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Ц “...өмнөх үйлдсэн гэмт хэргүүдийн эрүүгийн хариуцлагыг хариуцлагаа хүлээж тэнссэн хугацаа дууссан тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ, мөн шохойжсон уушгитай, уушгины сүрьеэ өвчнөө эмчлэх гээд хэрэглэдэг байсан бөгөөд буруу арга сонгосон нь ийм байдалд хүргэсэн, мансуурч зугаа цэнгэл хөөх гээд хэрэглэсэн зүйлгүй, байнга хэрэглэсэн, донтсон зүйлгүй зэрэг байдлуудыг нь харгалзан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, хугацааг шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд тогтоож өгнө үү.” гэсэн саналыг тус тус гаргав.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй давамгайлал үйлчилж, мансуурах хэмээх сэтгэцийн өвчин үүсгэдэг үйлчилгээ нөлөөлөл бүхий бодис бөгөөд хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотны хүмүүсээ хэрэглээндээ татан оролцуулдаг, тухайн хууль бусаар ашиглахыг хориглосон бодисыг худалдаалж байгаа этгээдүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх байдлаар худалдааг нь өргөжүүлэн тэлдэг зэрэг нийгмийн хор уршиг ихтэй үр дагавараас урьдчилан сэргийлэх зорилгоор,

шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, урьд энэ төрлийн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээж байсан хувийн байдал зэргийг тус тус харгалзан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жил 6 /зургаа/ сар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлдүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж байна

Бусад асуудал;

          Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж, 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураасан 224.1гр ургамал мэт зүйлийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж,

шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч  Н.Ш-ийг Эрүүгийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн баримтлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн баримтлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ш-ийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ш-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

          4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Ш-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

          5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан 224.1гр ургамал мэт зүйлийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

6.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ЭНХТУНГАЛАГ