Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 26 өдөр

Дугаар 2023/ШЦТ/225

 

2023         6              26                                 2023/ШЦТ/225

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П    

улсын яллагч Ц.Л

шүүгдэгч Ж.З нархыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн шүүгдэгч Ж.З-д холбогдох эрүүгийн 2325000000273 дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Шүүгдэгч Ж.З нь;

2023 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг “Содон” хүнсний дэлгүүрээр үйлчлүүлэхдээ хохирогч Б.А-гийн “Iphone-13promax” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан, хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Ж.З “...яллах дүгнэлтэд бүх юм үнэн, зөв бичигдсэн байна, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч Б.А-гийн “...2023 оны 5 дугаар сарын 07-ны өглөө 06 цаг 15 минутын орчим “Содон” дэлгүүрээ нээгээд байж байхад гаднаас танихгүй гурван залуу орж ирээд хоёр шил архи, нэг ундаа авч мөнгөө дансаар шилжүүлсэн. Тэр үед дансны мэдээлэл харах гээд утсаа хайгаад олоогүй, тэгэхээр нь “гүйлгээгээ харуулчих” гэж хэлээд, гурван залуу мөнгөө шилжүүлээд гарсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дэх тал/,

гэрч Ч.Б-гийн “...2023 оны 5 дугаар сарын 07-ны өглөө 06 цагийн үед найз Б-ын хамт З-ын гэрт ороход З ах “дотор муу байна, ганц шил архи аваад өг” гэж гуйхаар нь “Содон” дэлгүүрт орж хоёр шил архи, нэг ундаа авсан. ...З ахыг гар утас хулгайлсан гэж мэдээгүй, гэрт нь согтуу байж байхад гаднаас цагдаа орж ирээд, цагдаа дээр очоод утас хулгайлсныг нь мэдсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дахь тал/,

Ж.З-ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...өглөө гэртээ байж байтал 06 цагийн үед гаднаас Б, найз нь гэх залуутай орж ирсэн, би уучихсан дотор муу байсан болохоор “ахдаа ганц шил архи аваад өгчих” гэж хэлтэл намайг дагуулаад Эрдэнэ багт байх “Содон” дэлгүүрт очиж хоёр шил архи авсан, дэлгүүрт үүд хэсгийн лангуун дээр “Iphone-13promax” загварын гар утас байхаар нь би хулгайлаад халаасандаа хийгээд гараад явсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 46 дахь тал/,

“...хоёр шил 75гр “Хараа” архи, кола ундаа аваад лангуун дээр очтол цагаан өнгийн том гар утас байхаар нь аваад кармаалчихсан, ...Б-т би хэлээгүй, ... гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, ...хохирогч Б.А-гийн “Iphone-13promax” загварын гар утсыг буцааж бүрэн, бүтэн өгсөн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 50 дахь тал/,

хохирогч Б.А-гийн “...2023 оны 5 дугаар сарын 07-ны өглөө 06 цаг 23 минутанд Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг “Содон” дэлгүүрээс Iphone-13promax” загварын гар утсаа алдсан.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 5 дахь тал/,  

түүний өргөдөл /хавтаст хэргийн 6 дахь тал/,

“Содон” дэлгүүрийн хяналтын камерын бичлэг бүхий хуурцагийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 7 дахь тал/,

“Содон” дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 8-11 дэх тал/,

Ж.З-оос “Iphone-13promax” загварын гар утас хураан авсан, хохирогч Б.Амгаланд хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 12, 13 дахь тал/,

Ж.З-ын эрүүл мэндийн байдалтай холбоотой баримтууд /хавтаст хэргийн 17-28 дахь тал/,

“Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн ТХҮ-ОРХ/6633 дугаартай; “...“Iphone-13promax” загварын гар утас 3.000.000 төгрөгийн үнэлгээтэй.” гэсэн үнэлгээ /хавтаст хэргийн 39-42 дахь тал/,

Ж.З-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 55 дахь тал/,

эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 60 дахь тал/,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 66 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 71-72 дахь тал/,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2007 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 56 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 73-78 дахь тал/ зэрэг болно.

          Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хохирогчоос, гэрчээс, мөн Ж.З-оос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

          Шүүгдэгч Ж.Зыг гэм буруутайд тооцох;

шүүгдэгч Ж.З нь 2023 оны 5 дугаар сарын 07-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг “Содон” хүнсний дэлгүүрээр үйлчлүүлэхдээ хохирогч Б.А-гийн “Iphone-13promax” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх,

хохирогч Б.А-гийн “...гаднаас танихгүй гурван залуу орж ирээд хоёр шил архи, нэг ундаа авч мөнгөө дансаар шилжүүлсэн. Тэр үед дансны мэдээлэл харах гээд утсаа хайгаад олоогүй.” гэх,

гэрч Ч.Б-ийн “...З ахыг гар утас хулгайлсан гэж мэдээгүй, гэрт нь  согтуу байж байхад гаднаас цагдаа орж ирээд, цагдаа дээр очоод утас хулгайлсныг нь мэдсэн.” гэх,

Ж.З-ын өөрийнх нь өгсөн “...дэлгүүрт үүд хэсгийн лангуун дээр “Iphone-13promax” загварын гар утас байхаар нь би хулгайлаад халаасандаа хийгээд гараад явсан. ...хохирогч Б.А-гийн “Iphone-13promax” загварын гар утсыг буцааж бүрэн, бүтэн өгсөн.” гэх мэдүүлгүүд,

хохирогч Б.А-гийн “...2023 оны 5 дугаар сарын 07-ны өглөө 06 цаг 23 минутанд Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг “Содон” дэлгүүрээс Iphone-13promax” загварын гар утсаа алдсан.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл, “Содон” дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, Ж.З-оос “Iphone-13promax” загварын гар утас хураан авч, хохирогч Б.А-д хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн баримтуудаар нотлогдон тогтоогдож байгаа бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

          “Хулгайлах” гэмт хэрэг гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж халдахгүйгээр, эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд аргаар авч өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг ойлгох бөгөөд гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байдаг.

          Шүүгдэгч Ж.З нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй, мөн уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

          Шүүгдэгч Ж.З-ын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хулгайлах” гэмт хэргийн шинжийг хангасан,

энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан, шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийн үйл баримтын талаарх шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг бусад нотлох баримтуудыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийхэд шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх шүүгдэгч Ж.З-ыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Ж.З-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

шүүх шүүгдэгч Ж.З-ыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Ж.З-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааны үед;

улсын яллагчаас “...шүүгдэгчид Ж.З-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэх.” гэсэн,

шүүгдэгч нь өөрөө өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцож “...ахиж алдаа гаргахгүй, тэнсэж өгнө үү.” гэсэн саналыг тус тус гаргав.

Шүүгдэгч Ж.З нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон, түүний архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хулгайлах гэмт хэрэг үйлдэж бусдад 3.000.000 төгрөгийн хохирол, хор уршиг учруулсан шинж чанар, урьд хоёр удаа ял шийтгүүлж байсан хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заажээ.

          Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгчид оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 7 /долоо/ сарын хугацаагаар тэнсэж,

 тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, мөн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн хорьдугаар бүлэгт зааснаар  шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

         Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болохыг дурьдаж байна.

          Бусад асуудал;

          Шүүгдэгч Ж.З-оос “Iphone-13promax” загварын гар утас хураан авч хохирогч Б.Амгаланд хүлээлгэн өгсөн тухай хавтаст хэргийн 12, 13 дахь талд авагдсан мөрдөгчийн тэмдэглэлийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хураан ирүүлсэн “Содон” дэлгүүрийн хяналтын камерын бичлэг бүхий хуурцагийг эрүүгийн хэрэгт хавсарган үлдээж,

          шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.  

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 хэсгүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч Б овогт Ж-ы З-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хулгайлах.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Ж.З-ыг 7 /долоо/ сарын хугацаагаар тэнссүгэй.

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч Ж.З-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх.” үүрэг хүлээлгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 болон 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгчид анхааруулсугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.З-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн хорьдугаар бүлэгт зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6.Хэргийн хамт ирүүлсэн “Содон” дэлгүүрийн хяналтын камерын бичлэг бүхий хуурцагийг эрүүгийн хэрэгт хавсарган үлдээж,

          битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЭНХТУНГАЛАГ