| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2023/0187/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/228 |
| Огноо | 2023-06-26 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Т.Д |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 2023/ШЦТ/228
2023 6 26 2023/ШЦТ/228
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П
улсын яллагч Т.Д
насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.У, өмгөөлөгч Ц.Э,
шүүгдэгч Ш.Б, өмгөөлөгч Х.О нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүгдэгч Ш.Б-т холбогдох эрүүгийн 2325000000191 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Шүүгдэгч Ш.Б нь;
2023 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг бага аюулгүйн тойргийн урд талын замын явган хүний гарц дээр “Toyota prius-20” загварын **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн;
16.1. “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.”,
16.3. “Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ.” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, явган хүний гарцаар унадаг дугуйтай зам хөндлөн гарч явсан насанд хүрээгүй Ц.И-ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын тэгш эрх мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд;
шүүгдэгч Ш.Б “...мөрдөн байцаалтын шатанд үнэн, зөв мэдүүлгээ өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Хохирол, төлбөрийг төлөхөд хүнд, хэцүү л байна, чадах чинээгээрээ төлнө.” гэв.
хохирогчийн төлөөлөгч С.У “...миний хүүхэд гарцаар гарч явахдаа машинд мөргүүлсэн байдаг, би өрх толгойлсон эмэгтэй бөгөөд цалингаараа ар гэрээ тэжээж байсан бол одоо өвчтэй ганц хүүхдээ тэжээж чадахгүй болчихлоо, гомдолтой байна, хүүхэд маань осолд орсноос болоод таван настай хүүхдийн ой санамжтай болсон байгаа, хотод эх нялхаст үзүүлэх боломжгүй байна, тархины үйл ажиллагаа нь өөрийгөө захирч, удирдаж чадахгүй болчихоод байна. Энэ хүнээс сүүлд эмчилгээ хийлгэсний төлбөр 948.630 төгрөг аваагүй байна, мөн хүүхдийнхээ гэм хорын хохиролд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 440.000 төгрөгийг 12 сараас тооцож 5.280.000 төгрөгийг гаргуулж авмаар байна. Нийт 6.228.630 төгрөгийг гаргуулж өгнө үү, мөн цаашид шаардлагатай зардлаа нэхэмжлэх эрхийг минь нээлттэй үлдээж өгнө үү.” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;
насанд хүрээгүй хохирогч Ц.И-ийн “...Би тухайн өдөр хорооллоос Город руу найз Б-ын унадаг дугуйтай явж байгаад машинд мөргүүлсэн.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 96-97 дахь тал/,
иргэний нэхэмжлэгч Д.Ч-гийн “...Ц.И 2023 оны 3 дугаар сард Орхон аймаг Баян-Өндөр сумын Бүсийн оношлогоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлж Эрүүл мэндийн даатгалын сангаас 3.889.000 төгрөгийн зардал гарсан тул тусламж үйлчилгээний зардлыг буруутай этгээдээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь **** дугаартай дансанд төлүүлж өгнө үү.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 102 дахь тал/,
гэрч Н.С-ийн “...Ерөнхийдөө хагалгаа хийлгэснээс хойш биеийн байдал нь сайжирсан, одоо эмчилгээ түр завсарласан байгаа бөгөөд цаашид хэд, хэдэн удаа эмчилгээ хийгдэнэ, эмчийн хяналтад байх шаардлагатай. Эмнэлгээс гарах үедээ уур уцаартай, хааяа сэтгэл хөөрөлтэй, харин гар, хөл нь саажилтгүй, зан аашны хувьд тогтворгүй байдалтай гарсан, тархины үйл ажиллагааг нь сайжруулах удаан хугацааны буюу нэг жилийн хугацаанд эмчийн хяналтад байж, эмчилгээ хийлгэх шаардлагатай, яаж эдгэхийг одоогоор хэлж мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 106 дахь тал/,
гэрч С.У-ийн “...2023 оны 3 дугаар сарын 19-ний үдээс хойш...эмнэлэг дээр очоод хүү Иийгээ авто осолд орсныг мэдсэн. ...дугуйтай явсан хүүхдийн дугуйг манай хүү унаж цанын бааз руу явж байгаад авто осолд орсон байна.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 108 дахь тал/,
насанд хүрээгүй гэрч В.Н-ийн “...2023 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 11 цагийн үед найз И-тэй гэрийнхээ ойролцоох автобусны буудал дээр уулзсан, бид Город явсан бөгөөд би өөрийнхөө унадаг дугуйтай явсан юм. ...Тэгээд 12 цагийн үед би унадаг дугуйгаа И-д үлдээчихээд ганцаараа сүм дээр очиж суусан, сүмээс гараад И-тэй уулзаж бид хоёр “Өргөө” кино театр орж тоглосон. ...И миний унадаг дугуйг унаад бараан захын тийшээ явсан, би араас нь алхаж явсан бөгөөд И машинд мөргүүлчихсэн.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 113 дахь тал/,
Ш.Б-ийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2023 оны 3 дугаар сарын 19-ний өдөр 15.40 цагийн орчим өөрийнхөө **** гэсэн улсын дугаартай “Toyota prius-20” загварын тээврийн хэрэгсэлтэй наадмын талбайн ард талд байрлах 4 эгнээтэй төв асфалтан замаар баруунаас зүүн чиглэлтэй “Барилгачин” орохоор 3 дугаар микрлүү явган хүний гарц дөхөөд явж байхад явган хүний гарцны урд талд 2 дугаар эгнээгээр явж байсан тээврийн хэрэгсэл хурдаа хассан, би тухайн үед гарцаар хүн гарч байгаа юм байх гэж бодоод хурдаа хасахад явган хүний гарцаар унадаг дугуйтай хүүхэд орж ирээд би машиныхаа зүүн талын урд гупер хэсгээр мөргөж, ...тухайн хүүхэд миний машины урд талын хамар дээр унаж, толгойгоороо машины салхины шилийг мөргөж хагалаад газар өнхөрч унасан. Би машинаа зогсоож тухайн хүүхэд дээр очиход сонин дуугараад ухаангүй, баруун талын чихнээс нь цус гарч байсан, тэгэхээр нь өргөж машиндаа суулгаад эмнэлэгт хүргэж өгсөн.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 121 дэх тал/,
“...тухайн явдлаас хойш гарсан бүхий л эм, тариа болон бусад зардлыг төлж байна. Одоогоор бараг 3.000.000 орчим төгрөгийн зардлыг гаргачихаад байна, цаашид гарах зардлыг барагдуулна.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 168 дахь тал/,
Шүүхийн Шинжилгээний Ерөнхий Газар Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Ж.Г-гийн 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 275 дугаартай; “...1.Ц.И-ийн биед гавал тархины битүү гэмтэл, тархины эдийн цусархаг няцрал, гавлын баруун чамархай ясны хугарал, тархины хатуу бүрхүүл хальсан дээрх баруун чамархай хэсгийн их хэмжээний цусан хураа, зүүн гуя, баруун болон зүүн өвдөг, зүүн гарын сарвуу, зүүн шагайн үе, баруун шилбэнд зөөлөн эдэд олон тооны цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулна. 4.Гавал тархины битүү гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д заасны дагуу гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана, зөөлөн эдийн гэмтлүүд нь нийлээд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 5.Гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүсэн байж болно. 6.Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх байдлыг эдгэрэлтээс шалтгаалан тогтооно.” гэсэн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 124-125 дахь тал/,
Мөрдөгч, ахмад Л.О-ын 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн “...жолооч Ш.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1. “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.”, 16.3. “Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож энэ дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ.” гэсэн заалтуудыг зөрчсөн байна.” гэсэн магадлагаа /1 дэх хавтаст хэргийн 158 дахь тал/,
Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Яаралтай тусламжийн тасгийн “...Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт явган хүний гарцаар явж байсан 12 настай И гэх хүүхэд тээврийн хэрэгсэлд мөргүүлж хүргэгдэн ирсэн.” гэх мэдээллийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 1 дэх тал/,
Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэр А1002 загварын 4 эгнээ бүхий төв зам дээр хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 3-4, 5-7 дахь тал/,
эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл бүхий хэргийн газрын бүдүүвч зураг /1 дэх хавтаст хэргийн 8 дахь тал/,
Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэр бага аюулгүйн тойргын урд талын асфальтан зам дээрх хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 12, 13-15 дахь тал/,
“Мэдээлэл шуурхай удирдлагын төв”-ийн хяналтын камерын бичлэг бүхий хуурцагийг эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол /1 дэх хавтаст хэргийн 16 дахь тал/,
“Toyota prius-20” загварын **** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 17-18, 19-20 дахь тал/,
“Toyota prius-20” загварын **** улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн урд талын буферийн сетканы хагархай хэсгийг эд мөрийн баримтаар тооцсон тухай мөрдөгчийн тогтоол /1 дэх хавтаст хэргийн 21 дэх тал/,
Ц.И Орхон аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвд 2023 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс хэвтэн эмчлүүлсэн талаарх өвчний түүх /1 дэх хавтаст хэргийн 34-90 дэх тал/,
“Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн ТХҮ-923/6254 дугаартай; “...“Make” гэсэн бичигтэй унадаг дугуйны эвдрэл гэмтэл 150.000 төгрөг.” гэсэн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 151-154 дэх тал/,
Ш.Б эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дэх хавтаст хэргийн 173, 193 дахь тал/,
Хохирол төлбөртэй холбоотой цуглуулсан баримтууд;
Орхон аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 23/44 дугаартай “...Ц.И 2023 оны 3 дугаар сард S06.3 оношоор хэвтэн эмчлүүлж, Эрүүл мэндийн даатгалын сангаас 3.889.000 төгрөгийг эрүүл мэндийн байгууллагад шилжүүлсэн байна.” гэсэн албан бичиг /1 дэх хавтаст хэргийн 99 дэх тал/,
Ш.Б-ийн гаргаж хэрэгт хавсаргуулсан,
эмчилгээнд 2.745.249 төгрөг зарцуулсан тухай хохирлын баримтууд /1 дэх хавтаст хэргийн 197-199, 202-206, 208-220, 222-224, 225-227, 228-232, 234-240, 242-246, 248-250 дахь тал, 2 дахь хавтаст хэргийн 2-7, 9-20, 21, 23, 24 дэх тал/,
насанд хүрээгүй гэрч В.Н-ийн “Make” унадаг дугуйны хохиролд 150.000 төгрөг төлсөн баримт /2 дахь хавтаст хэргийн 122 дахь тал/,
хохирогчийн төлөөлөгч С.У-т 3.000.000 төгрөг шилжүүлсэн банкны баримтууд /2 дахь хавтаст хэргийн 123, 124 дэх тал/,
хохирогчийн төлөөлөгч С.У-ийн гаргаж хэрэгт хавсаргуулсан,
“Номин тав трейд” ХХК-ийн тодорхойлолт, эмнэлгийн магадлагаа /2 дахь хавтаст хэргийн 26 дахь тал/,
301.180 төгрөгийн баримтууд /2 дахь хавтаст хэргийн 2-32-37, 39-44, 46-51, 53-60 дахь тал/,
918.630 төгрөгийн баримтууд /2 дахь хавтаст хэргийн 93-110, 117-118/,
“Эрдэнэт медикал” эмнэлгийн толгойн барианы рентген зурагны үнэ 30.000 төгрөгийн баримт /2 дахь хавтаст хэргийн 133 дахь тал/,
эмчилгээнд зарцуулсан гэх 948.630 төгрөг, гэм хорын хохирлын 5.280.000 төгрөг нийт 6.228.630 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэл /2 дахь хавтаст хэргийн 135-136 дахь тал/ зэрэг болно.
Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, гэрч нараас мөн Ш.Б-өөс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Шүүгдэгч Ш.Б-ийг гэм буруутайд тооцох;
шүүгдэгч Ш.Б нь;
2023 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг бага аюулгүйн тойргийн урд талын замын явган хүний гарц дээр “Toyota prius-20” загварын **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1. “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.”, 16.3. “Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ.” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, явган хүний гарцаар унадаг дугуйтай зам хөндлөн гарч явсан насанд хүрээгүй Ц.И-ийг мөргөж, эрүүл мэндэд нь “гавал тархины битүү гэмтэл, тархины эдийн цусархаг няцрал, гавлын баруун чамархай ясны хугарал, тархины хатуу бүрхүүл хальсан дээрх баруун чамархай хэсгийн их хэмжээний цусан хураа, зүүн гуя, баруун болон зүүн өвдөг, зүүн гарын сарвуу, зүүн шагайн үе, баруун шилбэнд зөөлөн эдэд олон тооны цус хуралт, зулгаралт” бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;
хэргийн үйл баримтын талаарх,
насанд хүрээгүй хохирогч Ц.И-ийн “...найз Буджавын унадаг дугуйтай явж байгаад машинд мөргүүлсэн.” гэх,
иргэний нэхэмжлэгч Д.Ч-гийн “...Ц.И 2023 оны 3 дугаар сард Орхон аймаг Баян-Өндөр сумын Бүсийн оношлогоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлж Эрүүл мэндийн даатгалын сангаас 3.889.000 төгрөгийн зардал гарсан.” гэх,
гэрч Н.С-ийн “...цаашид хэд, хэдэн удаа эмчилгээ хийгдэнэ, ...тархины үйл ажиллагааг нь сайжруулах удаан хугацааны буюу нэг жилийн хугацаанд эмчийн хяналтанд байж эмчилгээ хийлгэх шаардлагатай.” гэх,
гэрч С.У-ийн “...2023 оны 3 дугаар сарын 19-ний үдээс хойш... дугуйтай явсан хүүхдийн дугуйг манай хүү унаж цанын бааз руу явж байгаад авто осолд орсон байна.” гэх,
насанд хүрээгүй гэрч В.Н-ийн “...И миний унадаг дугуйг унаад бараан захын тийшээ явсан, би араас нь алхаж явсан бөгөөд И машинд мөргүүлчихсэн.” гэх,
Ш.Б-ийн өөрийнх нь өгсөн “...явган хүний гарцаар унадаг дугуйтай хүүхэд орж ирээд би машиныхаа зүүн талын урд гупер хэсгээр мөргөж, ...тухайн хүүхэд миний машины урд талын хамар дээр унаж, толгойгоороо машины салхины шилийг мөргөж хагалаад газар өнхөрч унасан. Би машинаа зогсоож тухайн хүүхэд дээр очиход сонин дуугараад ухаангүй, баруун талын чихнээс нь цус гарч байсан, тэгэхээр нь өргөж машиндаа суулгаад эмнэлэгт хүргэж өгсөн.” гэх мэдүүлгүүдээр,
Шүүхийн Шинжилгээний Ерөнхий Газар Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Ж.Г-гийн 2023 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 275 дугаартай; “...Ц.И-ийн биед гавал тархины битүү гэмтэл, тархины эдийн цусархаг няцрал, гавлын баруун чамархай ясны хугарал, тархины хатуу бүрхүүл хальсан дээрх баруун чамархай хэсгийн их хэмжээний цусан хураа, зүүн гуя, баруун болон зүүн өвдөг, зүүн гарын сарвуу, зүүн шагайн үе, баруун шилбэнд зөөлөн эдэд олон тооны цус хуралт, зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.” гэсэн дүгнэлт,
Орхон аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Яаралтай тусламжийн тасгийн “...Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэрт явган хүний гарцаар явж байсан 12 настай И гэх хүүхэд тээврийн хэрэгсэлд мөргүүлж хүргэгдэн ирсэн.” гэх мэдээллийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл, Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин багийн нутаг дэвсгэр А1002 загварын 4 эгнээ бүхий төв зам дээр хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, бага аюулгүйн тойргын урд талын асфальтан зам дээрх хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, “Toyota prius-20” загварын **** улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл,
хохирогч Ц.И Орхон аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвд 2023 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс хэвтэн эмчлүүлсэн талаарх өвчний түүх,
Орхон аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2023 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 23/44 дугаартай “...Ц.И 2023 оны 3 дугаар сард S06.3 оношоор хэвтэн эмчлүүлж, Эрүүл мэндийн даатгалын сангаас 3.889.000 төгрөгийг эрүүл мэндийн байгууллагад шилжүүлсэн.” гэсэн албан бичиг зэрэг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон бөгөөд дээрх баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч Ш.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд;
шүүгдэгч Ш.Б-ийн 2023 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг бага аюулгүйн тойргийн урд талын замын явган хүний гарц дээр “Toyota prius-20” загварын **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа, зам тээврийн осол гаргаж явган хүний гарцаар унадаг дугуйтай зам хөндлөн гарч явсан насанд хүрээгүй Ц.И-ийг мөргөж, түүний эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч Ш.Б нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчиж, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн,
мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч насанд хүрээгүй Ц.И-д хохирол, хор уршиг учруулсан,
гэм буруу нь болгоомжгүй хэлбэртэйгээс гадна гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид хүнд хохирол учирсан хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо гэж дүгнэлээ.
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийн хуулийн зүйл, хэсэг, заалт тохирсон тул шүүх шүүгдэгч Ш.Бийг “авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан.” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Ш.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх;
шүүх шүүгдэгч Ш.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Ш.Б-ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүх хуралдааны үед;
улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Ш.Б-ийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/ жил хасаж, 2 /хоёр/ жил зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах.” гэсэн,
хохирогчийн төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Э “...улсын яллагчийн саналыг дэмжиж байна.” гэсэн,
шүүгдэгчийн өмгөөлөгч Х.О “...хохирол төлбөрт 5.895.249 төгрөг төлсөн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал болон тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, цаашид хохирол, төлбөрийг төлж барагдуулахаа илэрхийлсэн байдал, өөрийнх нь биеийн эрүүл мэндийн байдал зэргийг нь тус тус харгалзан шүүх өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд заасан хамгийн бага хугацаагаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасаж, мөн хамгийн бага хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулж өгнө үү.” гэсэн саналыг тус тус гаргав.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгчид оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзан үзлээ.
Шүүх шүүгдэгч Ш.Б-ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал, биеийн эрүүл мэнд болон ар гэрийн ахуй амьдрал, хохирогчийн эмчилгээний зардалд 5.895.249 төгрөг төлсөн байдал, мөн шүүхээс тогтоосон 10.117.630 төгрөгийг, мөн цаашид хохирогчийн эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө тус тус илэрхийлсэн зэргийг нь харгалзан,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,
тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 7 /долоо/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, зорчих эрхийг хязгаарлах ялыг өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглож,
зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,
шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Шүүгдэгч Ш.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн.”-ийг,
1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад тусламж үзүүлсэн.”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй.
Бусад асуудал;
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх зэрэг хуулиар олгогдсон эрхтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,
505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.”,
505 дугаар зүйлийн 505.2 дахь хэсэгт “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй.” гэж,
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ.” гэж тус тус заажээ.
Шүүх шүүгдэгч Ш.Б-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлээд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоод, хохирол, төлбөр, хохирогчийн эмчилгээний зардалд нийт 10.117.630 төгрөг гаргуулах үндэслэлтэй гэж үзэв.
Үүнд; 1 дэх хавтаст хэргийн 34-90, 99 дэх талуудад авагдсан баримтуудыг үндэслэн 3.889.000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт,
1 дэх хавтаст хэргийн 106 дахь тал, 2 дахь хавтаст хэргийн 26 дахь талуудад авагдсан баримтуудыг үндэслэн Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь хэсгүүдэд зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 440.000 төгрөгийг 2023 оны 3 дугаар сарын 19-ний өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүртэл 12 сараар тооцож, гэм хорын хохирол болон нөхөн төлбөрт 5.280.000 төгрөг,
мөн 2 дахь хавтаст хэргийн 93-110, 117-118, 133 дахь талуудад авагдсан баримтуудыг үндэслэн эмчилгээний зардалд 948.630 төгрөг, нийт 6.228.630 төгрөгийг хохирогч Ц.И, түүний хууль ёсны төлөөлөгч С.У нарт олгохоор шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ш.Б хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ут 5.895.249 төгрөгийг,
насанд хүрээгүй гэрч В.Н-ийн “Make” унадаг дугуйны үнэ 150.000 төгрөгийг тус тус төлснийг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Ш.Б-ийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах ялыг хэрэгжүүлэх зорилгоор түүний “В, С” ангиллын 283075 дугаарын жолоочийн үнэмлэхийг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн Ерөнхий Газрын Лицензийн төвд хүргүүлж,
хэрэгт хураасан “мэдээлэл шуурхай удирдлагын төв”-ийн хяналтын камерын бичлэг бүхий хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж,
“Toyota prius-20” загварын **** улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн урд талын буферийн сетканы хагархай хэсгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж,
битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж,
шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Бт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ш.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Ш.Б-ийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 7 /долоо/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б-ийг дээрх хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглож,
мөн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б-ийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах оногдуулсан үеэс тоолсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арваннайм, хорьдугаар бүлэгт зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2 дахь хэсгүүд, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Ш.Б-өөс 10.117.630 төгрөг гаргуулж,
3.889.000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь **** дугаартай дансанд төлүүлж,
6.228.630 төгрөгийг хохирогч Ц.И, түүний хууль ёсны төлөөлөгч С.У нарт олгож,
насанд хүрээгүй хохирогч Ц.И-ийн хууль ёсны төлөөлөгч С.У нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бүрдүүлж гэм буруутай этгээд болох Ш.Б-өөс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
8.Шүүгдэгч Ш.Б-ийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах ялыг хэрэгжүүлэх зорилгоор түүний “В, С” ангиллын 283075 дугаарын жолоочийн үнэмлэхийг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн Ерөнхий Газрын Лицензийн төвд хүргүүлсүгэй.
9.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон “мэдээлэл шуурхай удирдлагын төв”-ийн хяналтын камерын бичлэг бүхий хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж,
битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан “Toyota prius-20” загварын **** улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн урд талын буферийн сетканы хагархай хэсгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
11.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ