Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2023/ШЦТ/229

 

2023          6            27                                   2023/ШЦТ/229

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С,  

улсын яллагч Н.Д,

шүүгдэгч А.Б, өмгөөлөгч Р.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүгдэгч А.Б-д холбогдох эрүүгийн 2325000000296 дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Шүүгдэгч А.Б нь;

 

2023 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат баг Манханы **** тоот хашаанд өөрийн бэр Б.Д-тэй хохирогч Н.Э-ыг хардсаны улмаас хохирогчийн зүүн бөөр хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч А.Б “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, мөрдөн байцаалтын шатанд үнэн, зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.   

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч Н.Э-ын “...2023 оны 5 дугаар сарын 08-ны өглөө над руу найз Д залгаж “ямааны мах авсан юм аа, эвдэж янзлаад өгөөч” гэж дуудсан, ...тэднийд 11 цаг өнгөрч байхад ганцаараа очсон. ...би Б ахын гэр лүү ороход архи задалсан, би архинаас нь гурван хундага уучихаад “одоо ажилтай” гэж хэлчихээд Д-гийн гэр лүү орсон, гэтэл удалгүй Б ах хоёр гартаа нэг, нэг хутга барьчихсан орж ирээд “чи миний хүүхдийн гал голомтыг бузарлах гэж байна, эхнэртэй нь унтах гэж байна уу” гэж дайрсан. ...намайг “гараад ир” гэхээр нь би гадаа гарсан, ...Б ах миний араас зүүн бөөр лүү нэг удаа хутгалсан. ...Миний хувьд Б ахыг гараараа цохиогүй бөгөөд түүн рүү хуванцар юм шидэхэд нүүр лүү нь оносон.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 18 дахь тал/,

          “...надад 3.500.000 төгрөг бэлнээр өгсөн, гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,

гэрч Б.Д-гийн “...2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 14 цагийн үед...манайд найз Э ирчихсэн мах эвдэж өгөх гээд байж байсан. ...Хадам аав намайг хэл амаар доромжилж “алны алчуур, битгий гэр орон бузарлаад байгаарай” гэж хэлсэн. Э хадамд “та ямар муухай үг хэлдэг юм бэ” гэтэл хадам “та нарыг ална” гээд гэрээс гарсан. Тэгээд хадам гартаа хоёр хутга барьж ирээд гадаа байсан Э-ыг баруун гартаа байсан хутгаараа нэг удаа хутгалсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дахь тал/,

А.Б-ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...бэрийндээ ороход бэр ирчихсэн, мөн зүс таних Э ирчихсэн мах эвдээд зогсож байсан. ...би Э-д “манай бэрийг битгий оролдоорой, нөхөр нь нас бараад удаагүйг мэдэж байгаа биз дээ” гэхэд тэрээр “тийм ээ, мэдэж байгаа” гэж байсан. ...Э бид хоёр маргалдаад миний нүүр лүү гараараа хоёр удаа цохисон, ...намайг цагдаа нэгжихэд миний биеэс хоёр ширхэг хутга гарч ирсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дахь тал/,

“...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирогчид 3.500.000 төгрөг бэлнээр мөн хувийн эмнэлэгт хэвтсэн төлбөр 385.000 төгрөгийг төлж барагдуулсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 46 дахь тал/,

Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ч.Б-гийн 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 426 дугаартай;

“...1.2.Н.Э-ын биед нуруунд шарх гэмтэл тогтоогдлоо.

3.4.Дээрх гэмтэл үзүүр иртэй зүйлийн, нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байхаар шинэ гэмтэл байна.

5.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн  30-31 дэх тал/,

Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ч.Б-гийн 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 427 дугаартай;

“...1.2.А.Б-ын биед баруун нүдний зовхи, эрүүний зүүн хэсэгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

3.4.Дээрх гэмтэл хатуу зүйлийн, хоёр удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байхаар шинэ гэмтэл байна.

5.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн  36-37 дахь тал/,

Б.Д-гийн “...хүн хутгалуулчихлаа.” гэх мэдээллийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дэх тал/,

Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат баг Манханы **** тоот хашаанд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 3-5, 6-9 дэх тал/,

А.Б-ын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 10, 11 дэх тал/,

шар эрээн өнгийн хуванцар бариултай, 26.2см урттай хутга, хар өнгийн хуванцар бариултай, 25.6см урттай хутгыг тус тус эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 15 дахь тал/,

А.Б эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 52, 64 дэх тал/ зэрэг болно.

Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн,

хохирогч, гэрч нараас мөн А.Б-оос мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

          Шүүгдэгч А.Б-ыг гэм буруутайд тооцох;

шүүгдэгч А.Б нь 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат баг Манханы **** тоот хашаанд өөрийн бэр Б.Д-тэй хохирогч Н.Э-ыг хардсаны улмаас хохирогчийн зүүн бөөр хэсэгт хутгалж, эрүүл мэндэд нь “нуруунд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх,

хохирогч Н.Э-ын “...Б ах хоёр гартаа нэг, нэг хутга барьчихсан орж ирээд “чи миний хүүхдийн гал голомтыг бузарлах гэж байна, эхнэртэй нь унтах гэж байна уу” гэж дайрсан. ...Б ах миний араас зүүн бөөр лүү нэг удаа хутгалсан.” гэх,

гэрч Б.Д-гийн “...Хадам аав намайг хэл амаар доромжилж “алны алчуур, битгий гэр орон бузарлаад байгаарай” гэж хэлсэн. ...хадам гартаа хоёр хутга барьж ирээд гадаа байсан Эыг баруун гартаа байсан хутгаараа нэг удаа хутгалсан.” гэх,

А.Б-ын өөрийнх нь “...би Э-д “манай бэрийг битгий оролдоорой, нөхөр нь нас бараад удаагүйг мэдэж байгаа биз дээ” гэхэд тэрээр “тийм ээ, мэдэж байгаа” гэж байсан. ...Э бид хоёр маргалдаад миний нүүр лүү гараараа хоёр удаа цохисон, ...намайг цагдаа нэгжихэд миний биеэс хоёр ширхэг хутга гарч ирсэн.” гэх мэдүүлгүүд,

Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ч.Б-гийн 2023 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 426 дугаартай, “...Н.Э-ын биед нуруунд шарх гэмтэл тогтоогдлоо.” гэсэн дүгнэлт,

Б.Д-гийн “...хүн хутгалуулчихлаа.” гэх мэдээллийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл,

Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат баг Манханы **** тоот хашаанд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл,

шар эрээн өнгийн хуванцар бариултай, 26.2см урттай хутга, хар өнгийн хуванцар бариултай, 25.6см урттай хутгыг тус тус эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүх хуралдаанаар хэлэлцсэн баримтуудаар тогтоогдсон бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч А.Б гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд;

Шүүгдэгч А.Б 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат баг Манханы **** тоот хашаанд өөрийн бэр Б.Д-гээ хохирогч Н.Э-тай хардаж, хохирогчийн зүүн бөөр хэсэгт хутгалж, бие махбодынх нь эсрэг хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь “нуруунд шарх” бүхий гэмтэл учруулсан болох нь мөрдөн байцаалтын шатанд өгсөн хохирогч, гэрч нарын, шүүх хуралдааны үед өгсөн шүүгдэгчийн мэдүүлгээр, мөн хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсоноос гадна нотлох баримтуудыг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдоогүй, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтэл нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзнэ.

Шүүгдэгч А.Б-ын хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь шүүгдэгч бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд хэрэгт цуглуулсан нотлох баримтуудаар шүүгдэгч А.Б-ын үйлдэл “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангажээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан, шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийн үйл баримтын талаарх шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, бусад нотлох баримтуудыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийхэд шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх шүүгдэгч А.Б-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч А.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

шүүх шүүгдэгч А.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч А.Б-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

          Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлав. 

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааны үед,

улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-д долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 7 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх.” гэсэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Б “...гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл, хохирогчийн үйлдэл оролцоо, шүүгдэгчид гэмтлийн зэрэг гараагүй л болохоос шүүгдэгч гэмтсэн байдал, баримтгүйгээр хохирогчид хохирол төлсөн зэргийг тус тус харгалзан торгох ялын доод хэмжээгээр торгох ял оногдуулж, улмаар ялаас чөлөөлж өгнө үү.” гэсэн саналыг тус тус гаргасан болно.

Шүүх шүүгдэгч А.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ;

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч А.Б-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал болон ар гэрийнх нь ахуй амьдрал, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон шинжээчийн дүгнэлт болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,

гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохиролд 3.500.000 төгрөг төлсөн байдал зэргийг нь харгалзан  түүнийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлөв.  

Шүүгдэгч А.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 

мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж байна.   

Бусад асуудал;

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхтэй.

Хохирогч Н.Э-ын “...надад 3.500.000 төгрөг бэлнээр өгсөн, гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн хавтаст хэргийн 20 дахь талд авагдсан мэдүүлгийг нь үндэслэн шүүгдэгч А.Б-ыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан шар эрээн өнгийн хуванцар бариултай 26.2см урттай хутга, хар өнгийн хуванцар бариултай 25.6см урттай хоёр ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж,

битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, 

шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа” гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүллээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч А.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-ыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ялаас шүүгдэгч А.Б-ыг чөлөөлсүгэй. 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан шар эрээн өнгийн хуванцар бариултай 26.2см урттай хутга, хар өнгийн хуванцар бариултай 25.6см урттай хоёр ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж,

битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.

6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ЭНХТУНГАЛАГ