Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 627

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ... хаягт оршин байгаа, “Т” ХХК-ийн Булган салбар -ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1985 онд төрсөн, 34 настай, эмэгтэй, Булган аймгийн Булган ... оршин суух А овогт Э.Т  ,

Хариуцагч: 1985 онд төрсөн, 34 настай, эрэгтэй, Булган аймгийн Булган сумын ... оршин суух Х овогт А.Т   нарт холбогдох,

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 20 194 473 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2019/00615/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч: 1985 онд Булган аймагт төрсөн, эрэгтэй, 34 настай, дээд боловсролтой, Т ны Булган салбарын                   тооцооны төв хариуцсан менежер ажилтай, Булган аймгийн Булган ... оршин суух, Б овогт Д.Б  ,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч: 1982 онд Булган аймагт төрсөн, эмэгтэй, 38 настай, дээд боловсролтой, Булган аймгийн Булган сумын ... оршин суух, Ц овогт А.Г  , нарийн бичгийн дарга Б.Эрдэнэбулган нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Т ны Булган салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Э овогтой Т , А овогтой Г  нар нь Т ны Булган салбарын Зүүнтүрүү тооцооны төвөөс 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ************* тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан нийт 18 954 000 төгрөгийн зээлийг жилийн 16,8 хувийн хүүтэй 60 сарын хугацаагаар сар бүр төлөх нөхцөлтэйгөөр авсан. Зээлийн гэрээний 6.2.1, 6.2.5 дахь заалтад дурдсан нөхцөл байдал үүссэн. Т ны зүгээс 2018 оны 12 дугаар сарын 11-ний  өдрийн зээлийн гэрээний 3.2.1, 3.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч зээлийн хугацааг хэтрүүлсэн хэвээр байна.

Иймд 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар зээл, зээлийн хүү, бусад зардлыг зээлдэгч Э.Т , А.Г  нараас гаргуулах хүсэлтэй байна. Үүнд: үндсэн зээлийн дүн 18 248 961,65 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1, 929 428,46 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 16 081,96 төгрөг, нийт нэхэмжлэх зээлийн дүн 20 194 473 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 258 923 төгрөг, нотариатын зардал  5 500 төгрөг, нийт 20 194 473 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Э овогтой Т , А овогтой Г  нар нь Т ны Булган салбарын Зүүнтүрүү тооцооны төвөөс 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ************* тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан нийт 18 954 000 төгрөгийн зээлийг жилийн 16,8 хувийн хүүтэй 60 сарын хугацаагаар сар бүр төлөх нөхцөлтэйгөөр авсан. Т ны зүгээс 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ************* зээлийн гэрээний 3.2.1, 3.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч зээлийн хугацааг 209 хоног хэтрүүлсэн. Зээлдэгч нарыг зээл төлөх талаар удаа дараа мэдэгдэж, 2 удаа мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд фэс чатаар холбогдож зээл төлөхийг шаардаж байсан. Зээлдэгч нар нь оршин суугаа газраа байхгүй байсан тул тэдний ээж, аав, ах, эгч нартай нь байнга уулзаж энэ талаар хэлдэг байсан.

Иймд зээлдэгч нарыг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ноцтой зөрчил гаргасан тул зээлдэгч нартай байгуулсан зээлийн гэрээг цуцалж үндсэн зээл 18 248 961,65 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1 929 428,46 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 16 081,96 төгрөг, нийт 20 194 473 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Э.Т , А.Т  нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

1.Бид 2017 онд Булган аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд ажиллаж байсан.  Бид 2017 оны  7 сарын 4-ний өдөр №********* дугаартай гэрээг байгуулж. 1 1,900,000.00 (Арван нэгэн сая есөн зуун мянган) төгрөгийн зээл авсан.

2.Бид 2017.09.14-ний өдөр №************* дугаартай нэмэлт гэрээгээр 1,000,000.00 (Нэг сая) төгрөгийг.

3.Бид 2018.02.12-ны өдөр №************* дугаартай нэмэлт гэрээгээр 3,200,000.00 (Гурван сая хоёр зуун мянган) төгрөгийг, (Э.Т , А.Г  нар Ттай байгуулсан 2017.07.04-ны өдрийн №********* дугаартай  зээлийг төлүүлэхээр энэхүү төлбөрөөс  1,438,000.00 төгрөгийг 2018,02.12-ны өдөр Э.Т ийн Т дахь ************* тоот дансанд шилжүүлж, Э.Т ийн зээлийн зөрчлийг төлүүлсэн.) хамтран зээлдэгч Э.Т  нь ажлаасаа гарсан тул 2017.07.04-ны өдрийн №********* дугаартай зээлийн гэрээний эргэн төрөлтөнд зөрчил үүсч эхэлсэн.

4.Бид 2018.05.21-ний өдөр №************* дугаартай нэмэлт гэрээгээр 1,200.000.00 (Нэг сая хоёр зуун мянган) төгрөгийг, (Э.Т , А.Г  нар Ттай байгуулсан 2017.07.04-ны өдрийн №*********  дугаартай  зээлийг төлүүлэхээр энэхүү төлбөрөөс 251,510.000 төгрөгийг 2018.05.25-ны өдөр Э.Т ийн Т дахь ************* тоот дансанд шилжүүлж, Э.Т ийн зээлийн зөрчлийг төлүүлсэн)

5.Бид 2018.08.06-ны өдөр №************* дугаартай нэмэлт гэрээгээр 1.800.000.00 (Нэг сая найман зуун мянган) төгрөгийг, (Э.Т , А.Г  нар Ттай  байгуулсан  2017.07.0-1-ны  өдрийн №*********  дугаартай  зээлийг төлүүлэхээр  энэхүү төлбөрөөс  720,000.00  төгрөгийг  2018.08.06-ны өдөр   Э.Т ийн Т дахь ************* тоот дансанд шилжүүлж, Э. Т ийн зээлийн зөрчлийг төлүүлсэн.)

6.Бид 2018.12.1 1-ний өдөр №'************* дугаартай нэмэлт гэрээгээр 2,800,000.00 (Хоёр  сая  найман  зуун мянган)  төгрөгийг (Э.Т , А.Г  нар Төрийн  банктай  байгуулсан  2017.07.04-ны өдрийн  №*********  дугаартай зээлийг төлүүлэхээр энэхүү төлбөрөөс 361,000.00 төгрөгийг 2018.12.11-ны өдөр  Э.Т ийн Т дахь ************* тоот дансанд шилжүүлж, Э. Т ийн зээлийн зөрчлийг төлүүлсэн.) тус тус зээлж авсан байна.

Хамтран зээлдэгч Э.Т  нь 2018.11.10-д ажлаасаа гарсан тул үндсэн зээлдэгч А.Г  миний бие банктай уулзаж цаашид бид 2-ын зээлийг нэгтгэх хүсэлтийг гаргаж байсан. Тухайн үед миний бие А.Г  ганцаараа ажиллаж байсан.

Тухайн үед би өөрийн нэр дээрх зээл дээр нэмж, зээл авах ямар ч шаардлагагүй байхад банкны зүгээс зөвхөн өөрийн ашиг сонирхлын үүднээс хамтран зээлдэгч Э.Т ийн Т тай 2017.07.04-ний өдөр ********* тоот цалингийн зээлийн зөрчлийг арилгахаар анх 2018.02.12-ны өдөр нэмэлт зээл авахуулсан. Энэхүү үйлдэл нь сүүлийн 3 удаагийн зээлээс харагдана. (Э.Т ийн зээлийн дансны хуулгыг хавсаргав.)

Дээрх үйлдэл нь банканд зөвхөн үндсэн зээлдэгч А.Г  миний бие ажиллаж байгаа болохоор нэмж зээл олгож, нөгөө талдаа Э.Т ийн ********* тоот цалингийн зээлийн зөрчлийг арилгах хүсэл сонирхол байсан. Ингэж зээл нэмж олгож болохгүй. цалин орлого нь хүрэхгүй байгаа нь банкны судалгаагаар мэдэгдсэн боловч банк зөвхөн өөрийн ашиг сонирхлын үүднээс нэмэлт зээлийг олгож байсан. Энэ нь А.Г  миний хувьд маш хүндрэлтэй дарамттай байсан.

Иймд нэмэлт зээлээр авч Э.Т ийн 2017.07.04-ны өдрийн №********* тоот зээлдэнд төлүүлсэн 2,770,500.00 төгрөгийг хасч. дахин тооцоолж үзвэл зөв болох болов уу.

Учир нь: Иргэний хуулийн 39 дүгээр зүйл 39.1-д заахдаа "Иргэний эрх, үүргийг үүсгэх. өорчлөх. шнлжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхгүй/-г хэлцэл гэнэ." гэж заасан байдаг. Гэтэл ганцхан Т ны хүсэл зоригоор бнд нэмэлт гэрээг хүчээр хийж, нэмэлт зээл авмагцаа өөр бусад зээлийн зөвхөн үүссэн зөрчлийг арилгах, зөвхөн банкинд ашигтай үйлдэл болоод байна. Мөн хуулийн 56 дугаар зүйлд зааснаар дээрх 4 нэмэлт зээлийн гэрээ нь дүр үзүүлсэн хэлцэл байх тул тус гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү.

• Нэгэнт дээрх гэрээнүүд нь хүчин төгөлдөр бус хэлцэл тул анхны гэрээгээр өгсөн авсан зүйлсээ буцааж, миний төлсөн дараах төлбөрийг анхны зээлээс хасах тооцоолол гарч байна. Үүнд:

Зээл 3,651,038.35 төгрөг, Зээлийн хүү 4,943,661.29 төгрөг, Нэмэгдүүлсэн хүү 1.896.92 төгрөг, Нийт 8,956,596.56 төгрөгийг анхны гэрээний дүн болох  11.900,000.00 төгрөгөөс хасч 2,943,403.44 төгрөгийг төлөх тооцоолол гарч байна.

Хамтран зээлдэгч Э.Т  нь 2017 онд ажлаасаа гарсан, цаашид зээлээ төлөх боломжгүй болсон талаар албан ёсоор банкинд мэдэгдсэн боловч банк хүсэлтийг минь авч хэлэлцээгүй, хариу өгөөгүй тул 2019.02.28-ны өдөр бичгээр мэдэгдээд зээлийн гэрээг цуцлахыг шаардаж байсан.

Мөн анх зээл авахад цалингийн зээлийг Даатгалын байгууллагад даатгуулж байсан ба даатгалын тохиолдол үүссэн байхад Даатгалын байгууллагаар ч хаалгах боломж банкинд байсан. Гэтэл хаалгаагүй байх тул анх зээл авахад 2017.07.04-ний өдөр тушаасан Даатгалын хураамж 59.500 төгрөгийг суутган авсан. Энэ даатгалын хураамж нь хүртэл зөвхен банк, даатгалын байгууллагад ашигтай зүгээр л зээлдэгч нараас авсан үр ашиггүй төлбөр болоод байна.

Иймээс нэхэмжлэгч "Т" ХХК-ний нэхэмжлэлээс зээлийн хүү, болон нэмэгдүүлсэн хүү болох нийт 1 7,251,069.56 төгрөгийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Мөн Т ны 2019.10.28-ны өдрийн 31/457 дугаар бүхий нэхэмжлэл нь анхан шатны шүүхийн хувьд нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй, мөн Эвлэрүүлэн зуучлагчид гаргаж байгаа өргөдөл мэт байхад Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн шүүхээс 2019.11.05-ны өдөр № 132/Ш32019/01921 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус /нэхэмжлэлийн шаардлага байхгүй/ иргэний хэрэг үүсгэсэн байгаа пь хуульд зөрчсөн үйлдэл гэж үзэж байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г  шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч нарын хариу тайлбарыг дэмжиж байна гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

Т ны Булган аймаг дахь салбар нь Э.Т , А.Т  нараас зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 20 194 473 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээг цуцлахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

Иргэн Э.Т , А.Т  нар нь 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ************* тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан нийт 18 954 000 төгрөгийн зээлийг жилийн 16,8 хувийн хүүтэй 60 сарын хугацаагаар сар бүр төлөх нөхцөлтэйгөөр цалингаа барьцаалан зээлийн гэрээ байгуулсан болох нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээ, хүү тооцооллын хүснэгт, зээлийн эргэн төлөх хуваарь зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. /хх-ийн 6-13/

Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, зээлийн гэрээний талаар талууд мараагүй, хүчин төгөлдөр гэрээ байна.

Хариуцагч, тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй байхад иргэний хэрэг үүсгэсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох, зээлдэгч ажлаасаа чөлөөлөгдсөн болохоо мэдэгдэж зээлийн хүүг зогсоох хүсэлт гаргасан боловч банк хүүг зогсоогоогүй тул зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлөх нь зүйтэй гэж маргасан.

 Барьцаат зээлийн гэрээний 4.1.2-т “энэхүү гэрээний 6.2.1-6.2.5-д заасан нөхцөл байдал бий болсон бол гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж зээл төлүүлэх арга хэмжээ авах” гэж, мөн гэрээний 6.2.1-д “зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж байгаа талаар зээлдэгчид удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн боловч зөрчлийг арилгах арга хэмжээ аваагүй бол гэрээг хугацаанаас нь өмнө цуцална” гэж тус тус зааснаар зээлдүүлэгч Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д /Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй/ зааснаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, /“Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ/, мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д /“Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй/ заасны дагуу зээл болон гэрээг цуцлах хүртэл хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байна. 

Зээлдэгч нар гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөрийг төлөөгүй, 209 хоног хугацаа хэтрүүлж, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй, зээлдүүлэгч зээлдэгч нарыг зээлээ төлөх талаар удаа дараа шаардаж мэдэгдэж байсан нь зохигчдын тайлбар, зээлийн гэрээний үүргээ биелүүлэх тухай мэдэгдэл, хүү тооцооллын хүснэгт зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 6, 14-15/ 

Талуудын хооронд байгуулсан барьцаат цалингийн зээлийн гэрээний 3.2.1-д “үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу хугацаанд нь бүрэн төлөх”, 6.2.2-т “зээлдэгчийн ажил олгогчийн байгуулсан хөдөлмөрийн болон түүнтэй адилтгах гэрээ цуцлагдсан, дуусгавар болсон шалтгаан гэрээ дуусгавар болох үндэслэл болохгүй” гэж тус тус заасан.

Гэрээнд зааснаар зээлдэгч ажлаасаа чөлөөлөгдсөнөөс үл шалтгаалан зээл, зээлийн хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл зээлдэгч нар нь гэрээний дагуу авсан зээлийг гэрээнд заасан хугацаанд буцаан төлөх үүрэгтэй бөгөөд гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүг зээлийг төлөх хүртэл хугацаанд нөхөн төлөх үүрэгтэй байна.

Иймд зээлдэгч нартай байгуулсан цалингийн барьцаат зээлийн гэрээг цуцалж,  Э.Т , А.Т  нараас  үндсэн зээлийн дүн 18 248 961,65 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1 929 428,46 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 16 081,96 төгрөг, нийт нэхэмжлэх зээлийн дүн 20 194 473 төгрөгийг гаргуулж Т ны Булган салбарт олгохоор шийдвэрлэв.

Хариуцагч А.Т  нь 2017 онд зээл авахдаа А.Г  нэрээр зээлийг авсан боловч нэрээ өөрчилж А.Т  болсон нь 2017 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр бүртгэсэн ургийн овог, эцгийн нэр, нэр өөрчилсөн тухай улсын бүртгэлийн лавлагаа, түүний иргэний үнэмлэхийн лавлагаагаар тогтоогдсон болно. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн ************* тоот барьцаат зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Э.Т , А.Т  нараас үндсэн нараас  үндсэн зээлийн дүн 18 248 961,65 /арван найман сая хоёр зуун дөчин найман төгрөг есөн зуун жаран нэгэн төгрөг жаран таван мөнгө/ төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 1 929 428,46 /нэг сая есөн зуун хорин есөн мянга дөрвөн зуун хорин найман төгрөг дөчин зургаан мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 16 081,96 /арван зургаан мянга наян нэгэн төгрөг ерэн зургаан мөнгө/ төгрөг, нийт нэхэмжлэх зээлийн дүн 20 194 473 /хорин сая нэг зуун ерэн дөрвөн мянга дөрвөн зуун далан гурав/ төгрөгийг гаргуулж Т ны Булган салбарт олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 169592 /нэг зуун жаран есөн мянга таван зуун ерэн хоёр/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас169592 /нэг зуун жаран есөн мянга таван зуун ерэн хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    О.ОДОНЧИМЭГ