| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2023/0239/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/238 |
| Огноо | 2023-06-28 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Т.Д |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 2023/ШЦТ/238
2023 6 28 2023/ШЦТ/238
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С
улсын яллагч Т.Д
шүүгдэгч С.Б, өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдсэн шүүгдэгч С.Б-д холбогдох эрүүгийн 2325000000288 дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Шүүгдэгч С.Б нь;
2023 оны 4 дүгээр сарын 27-28-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг “Т” ХХК-ийн өмчлөлийн итгэмжлэн хариуцуулж өгсөн **** улсын дугаартай “Коmatsu” загварын хүнд машин механизмаас 195л дизель түлш хувьдаа завшиж, 692.250 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг; Гэм буруугийн талаар;
шүүгдэгч С.Б дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь түүний хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна,
иргэн Ж.Б-гийн “**** тээврийн хэрэгслийн жолооч зохих бичиг баримтгүй түлш тээвэрлэсэн.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дэх тал/,
илтгэх хуудас /хавтаст хэргийн 8 дахь тал/,
хохирогчийн төлөөлөгч М.Т-ын “...Б-д өдөрт 400 орчим литр түлш олгодог, өөрийнх нь жолоодож байгаа **** улсын дугаартай “Коmatsu” загварын бульдозерын банк 400 литрийн багтаамжтай. С.Б байгууллагын удирдлагад мэдэгдэлгүй дур мэдэн түлш авсан байна.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,
гэрч Н.Ц-ийн “...2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 17 цагийн үед хуурай дүү Г залгаад “ахаа та, машинтайгаа Орхон аймгаас хэдэн литр түлш ачаад авч ирээд өгөөч, хөлсөнд бензин хийж өгье.” гэж хэлээд Булган аймгаас гарахад байдаг “Т” ШТС-аас Б гэх залуу 50.000 төгрөгт бензин хийж өгсөн. ...Б-ын танил Б гэх залууг Оюут баг 2-24 дүгээр байрны гаднаас очиж авсан, Б машинд суугаад “Вокзалын чиглэл рүү явна” гэж хэлсэн, тэгээд Вокзалын байрууд өнгөрөөд газан клонкийн зүүн талаар эргээд төмөр замын призер гараад урагшаа чиглэлтэй хашааны гадуур сайжруулсан шороон замаар явсаар өөрийнх нь ажиллаж байгаа гэх “А” байгууллагын ойролцоо далан шороон талд тулж ирээд намайг тухайн газар үлдээгээд Г, Б, Б нар цаашаа явган явсан. Удалгүй Г, Б, Б нар зургаан хуванцар савтай түлш авч ирж миний машинд хийсэн, тухайн газраас хөдлөөд явж байтал цагдаагийн машин ирээд бид нарыг саатуулж цагдаагийн газар авч ирсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дэх тал/,
гэрч Д.Г-ын “...2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 16 цагийн үед хуурай дүү Б манай гэрт ирээд “Эрдэнэт явах унаа байна уу, найз дээрээ очиж түлш авах гэсэн юм” гэхээр нь би “таксигаар явна гэж байхгүй дээ” гэж хэлээд өөрийн танил Ц ахын гар утас руу залгаад “Эрдэнэтээс түлш авч ирэх ажил байна, таны машинд бензин хийж өгөөд явчихаад ирмээр байна” гэж хэлсэн тэгтэл Ц ах “би ач, зээгээ цэцэрлэгээс авна, эхнэр, хүүхдүүдийг ажлаас ирэхээр нь оройхон шиг явж бол болно.” гэж хэлсэн үүнийг би Б-т хэлсэн. ...Орхон аймагт орж ирээд Бын найз гэх залууг 2 дугаар микрээс утсаар ярьж байгаад машиндаа суулгасан, машинд суугаад Ц ахад зам зааж өгөөд Баянцагаан баг Вокзал өнгөрөөд төв замаас урагшаа салаад сайжруулсан шороон замаар явсаар байгаад овоолсон шороо тулаад ирээд зогссон, ...Б-ын найз гэх залуу Ц ахын машин дотор байсан савыг аваад явсан, удалгүй авч явсан савандаа дизель түлш хийчихсэн авч ирсэн, Б бид хоёр тосож аваад Ц ахын машинд хийсэн, тухайн газраас хөдөлж яваад удалгүй эргүүлийн машинтай цагдаа нарт баригдсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дахь тал/,
гэрч И.Б-ын “...Орхон аймагт ирээд 2-24 дүгээр байрны гаднаас найз Б-ыг авсан, Б Ц ахад зам зааж өөрийнхөө ажиллаж байгаа газарт бид нарыг авч ирсэн, машинд Ц ах үлдсэн. ...би Ц ахын машины арын багажнаас савнуудыг буулгаж Б-д өгсөн тухайн савнуудыг Б аваад явсан, удалгүй тухайн 7 савны 6-д нь түлш хийгээд авч ирсэн, ...Ц ахын машин руу ачсан. Тухайн газраас хөдлөөд хэсэг явж байгаад эргүүлийн машинтай цагдаа нарт баригдсан, ...Цагдаагийн газар ирээд Б “би цалингийнхаа оронд байгууллагаас түлш аваагүй юмаа, найз нь чамд худлаа хэлсэн юм, ёстой гай боллоо, балай юм боллоо, уучлаарай.” гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дэх тал/,
С.Б-ын “...Хийсэн үйлдэлдээ маш гэмшиж байна, дахин асуудал гаргахгүй хэргийн талаар дээр ямар нэгэн маргаан байхгүй.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 66 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд шүүгдэгч С.Б өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч С.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, 195л дезиль түлшийг хохирогчийн төлөөлөгч М.Т-д биет байдлаар буцаан хүлээлгэн өгсөн тэмдэглэл хавтаст хэргийн 14 дүгээр талд авагдсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялыг түүнд оногдуулж,
торгох ялыг 24 /хорин дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцэх бөгөөд шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрүүгийн хариуцлагын хуульзүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,
шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт С-ын Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-ыг хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2.700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч С.Б шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 24 /хорин дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичиж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ