| Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Алагаагийн Мөнхзул |
| Хэргийн индекс | 101/2017/1614/И |
| Дугаар | 181/ШШ2020/00180 |
| Огноо | 2020-01-14 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 181/ШШ2020/00180
| 2020 01 14 | 181/ШШ2020/00180 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, Нарны хороолол, 7 дугаар байр, 85 тоотод оршин суух, Олохнууд овогт Зоригтийн Анхбаяр /РД:ХМ83111209/-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Анд интернэшнл компаний байр 1 дүгээр орц 14 тоотод оршин суух Гөөж овогт Ган-Эрдэнийн Тамир /РД:ЦД81021679/
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, Анд интернэшнл компаний байр 1 дүгээр орц 14 тоотод оршин суух, Боржигон овогт Чойжилын Сэмжидмаа /РД:ЦД55020263/ нарт холбогдох
гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хэсгийг гаргуулах, Г.Тамир Ч.Сэмжидмаа нарын хооронд байгуулсан хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй
хүү Т.Ирмүүн, хүү Т.Бадруун нарыг өөрийн асрамжид авч, эх З.Анхбаяраас тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн дундын хөрөнгөнөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Анхбаяр, түүний өмгөөлөгч Т.Ууганбаяр, хариуцагч Г.Тамир, Ч.Сэмжидмаа, хариуцагчийн өмгөөлөгч С.Батжаргал, Б.Соёл-Эрдэнэ, гэрч Г.Баярмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Цэвэлмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:
З.Анхбаяр би 2009 онд Г.Тамиртай танилцаж, улмаар 2012 оны 5 дугаар сарын 24-ны өдөр гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан. Бидний хамтран амьдрах хугацаанд 2012 оны 08 дугаар сарын 19-ны өдөр хүү Т.Ирмүүн, 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүү Т.Бадруун нар төрсөн.
Энэ хугацаанд бид удаан хугацааны зан харилцааны үл ойлголцол, энэ хүний огцом уур уцаар, орилж хашгичсан аашнаас болж миний 2 хүү цочимтгой, аймхай, болж хүүхдүүдийн хүмүүжил, зан аашинд илт сөргөөр нөлөөлж, энэ гэр бүл дэх үргэлжийн хэрүүл, маргаанаас болж би болон миний хүүхдүүд сэтгэл санааны дарамтанд амьдарч байна. 2016 оны 12-р сарын 21-ний өдөр гэр бүлийн жижиг асуудлаас болж үүссэн маргаан хүндэрч Г.Тамир нь 2 хүүхдийнхээ нүдэн дээр хутга барин өөрийгөө ална гэж хашгичсаны улмаас хүүхдүүд айн шоконд орж, би цагдаад дуудлага өгч баривчлуулсан. Тэр өдрөөс хойш Г.Тамир гэртээ ирээгүй, би түүнтэй холбоо барьж ярилцах гэж утас, мессеж, фейсбүүк мессенжерээр хүртэл энэ 2 сарын хугацаанд тасралтгүй оролдож байгаа ч одоогоор холбоо барьж чадаагүй.
Би цаашид ийм хэрүүлтэй, айдастай амьдралаар амьдрахгүй, хүүхдээ ийм орчинд өгөхгүй гэж шийдсэн учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдүүд болох Т.Ирмүүн, Т.Бадрууныг миний асрамжинд үлдээж, хариуцагч Г.Тамираас хүүхдийн тэттгэмж гаргуулах нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагаа доорхи байдлаар нэмэгдүүлсэн.
Гэр бүлийн дундын эд хөрөнгө болох Баянгол дүүргийн 3-р хороонд байрлах, Улсын бүртгэлийн Ү-2205054677 дугаар, 000313485 дугаар гэрчилгээ бүхий Нарны хорооллын 7-р байр 85 тоотын 3 өрөө 84.46 м.кв талбайтай орон сууц, мөн орон сууцны доор байрлах, Улсын бүртгэлийн Ү-2205056889 дугаар, 000355564 дугаар гэрчилгээ бүхий 15.65 мкв талбайтай дулаан гараж,
49-18 УНЦ улсын дугаартай Lexus 470 маркын автомашин эдгээр хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөөс өөрт болон гэр бүлийн гишүүдэд ногдох хэсгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Г.Тамир шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Г.Анхбаяр бид хоёр 2008 онд анх “МАК” ХХК дээр ажлын шугамаар уулзан танилцаж, үүнээс хойш 2010 онд СЭЗДС болон Хандонг Их Сургуулийн Бизнесийн Удирдлагын магистрын олон улсын хамтарсан хөтөлбөрийн сургалтаар дахин уулзаж би түүний хичээл болон мэргэжлийн ажилд нь тусалдаг байсан бөгөөд бидний харилцаа дотносож 2011 оноос хамтран амьдарч эхэлсэн.
2012 оны 05 дугаар сарын 24-ны өдөр З.Анхбаяртай гэрлэлтээ батлуулж гэр бүл болж үр хүүхэдтэй болж байхдаа бид хоёр хайр сэтгэлийн үндсэн дээр гэр бүл болж насан туршдаа амьдарна гэж бодож итгэж байсан. Учир нь би түүнд хайртай, түүнийг ч бас надад хайртай гэж бодсон учраас. Гэтэл хамтын амьдралын энэ хэдэн жилд эхнэрийн маань надад хандах хандлага, хэлж ярьж байгаа үг, гаргаж байгаа ааш авир үйлдлийг харах, сонсох болгондоо надад хайртай биш байсан юм болов уу. Тэгээд надтай яах гэж надтай суусан юм бол гэж бодох үе зөндөө гарч байсан. Түүнчлэн хадам ээж Г.Баярмаа болон түүний дүү нарын хэнийг ч болов үл ойшоосон, хүнийг хайрлах сэтгэлгүй, дээрэлхүү зантай, онгироо сагсуу байдал, охиныхоо гэр бүлийн амьдралд өдөр, цаг тутам оролцдог, байнга мөнгө нэхэж дарамталдаг, миний ээж, аавын чадах ядахаараа туслаад байгаа ч гэсэн санхүүгийн тусламж дэмжлэгийг үгүйсгээд байдаг асуудлууд хачирхалтай санагддаг байсан ч би ээж, аавдаа нэг ч удаа энэ талаар ярьж байсангүй, эмэгтэй хүний гаргадаг зан ааш төдий гэж бодож явсан.
Би өрхийн тэргүүн эцэг хүний хувьд ажил хийж, гэр бүлээ тэжээхийн зэрэгцээ, гэр орны бүхий л ажилд оролцдог. Мөн Анхбаярын хүссэнээр түүнийг цалингаа ээж, дүүдээ зарцуулахыг нь зөвшөөрч харин би өөрийн цалингаа гэр бүлдээ бүгдийг нь зарцуулж зарим үед автобус унааны мөнгөгүй болох тохиолдол гарч байсан нь түүнийг гэр бүл, үр хүүхдийнхээ төлөө гэсэн амьдралын зорилгогүй, хөрөнгө мөнгөнөөс өөр юм боддоггүй шуналтай болоход нөлөөлсөн гэж би өөрийгөө буруутгадаг юм. Учир нь Анхбаяр нь өөрийнхөө цалингаас нэг төгрөг ч гэр бүлдээ зарцуулдаггүй байж намайг мөнгө олж ирж чадахгүй, би чамтай суугаагүй бол ингэж амьдрахгүй байсан гэж байнга хэрүүл маргаан үүсгэн, намайг үл тоосон, басамжилсан, доромжилсон, үгүйсгэсэн, байдлаар харьцдаг болсон.
Би айлын ганц хүү тул манай аав, ээж 2 маань өөрсдөөсөө бүх мөнгийг гаргаж 3 өрөө байр авч өгсөн. Манайд юу дутагдаж юу хэрэгтэй байна тэр болгонд манай аав ээж 2 тусалж ирсэн. Гэхдээ миний цалин гэр бүлийнхээ хэрэгцээг хангаж хүрэлцэхүйц байсан ч чи цалингаас өөр ямар ч орлогогүй гэж байнга сэтгэлийн дарамтанд оруулах болсон. Тэгвэл ямар нэгэн бизнес эрхэлье, харин чи ажлаасаа удаж ирлээ гэж хардахгүй биздээ, бизнес гэдэг чинь цаг наргүй л гүйж байж хэдэн төгрөг олдог ажил шүү дээ гэхэд зөвшөөрсөн боловч хардах нь улам ихэссэн.
2016 онд Анхбаяр гэнэт л танидаг хүнтэйгээ хамтран ББСБ байгуулахаар болсон байсан. Харин ББСБ-ынхаа зөвшөөрлийг хөөцөлдөж байх үедээ Санхүүгийн Зохицуулах хорооны албан бус гишүүн Ж.Цэдэнрагчаа гэх гэр бүлтэй хүнтэй хайр сэтгэлийн холбоотой болсон байсан. Үүнийг нь найзтайгаа чатаар харьцсан бичлэгнээс нь олж мэдээд хэлэхэд надаас уучлалт гуйх биш харин “Би чамд хайргүй болсон. Би хоёр хүүгийнхээ эцгийн хувиар л чамтай хамт байгаа ш дээ” гэхэд нь надад хэлэх үг олдохгүй байсан ч би түүнийг уучилж, тэр хүнтэйгээ дахин битгий уулзаарай чи бид хоёрыг холбосон 2 хөөрхөн хүү маань байгаа шүү дээ гээд өнгөрсөн. Би архи ууж, тамхи татдаггүй. Надад эхнэр хүүхдээ айлгаж ичээж орилж хашгираад байх тийм гэр бүлийн хүмүүжилч байхгүй. Үүнийг Анхбаяр өөрөө сайн мэдэж байгаа.
З.Анхбаяр нь гэрлэлтээ цуцлуулж, 2 хүүхдээ асрамжиндаа авна гэсэн байна. Нэгэнт сэтгэлгүй болсон хүнтэй цаашид хамтран ажиллах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Харин 2 хүүгээ бол түүний асрамжинд үлдээхийг хүсэхгүй байна. Учир нь Анхбаяр 2 хүүгээ дөнгөж 4 сартай байхад нь хүүхэд харж гэрийн авгай болохгүй ажлаа хийнэ гээд л хүүхдээ дүүгээрээ харуулаад орж байсан хүн.
Иймд Анхбаяраас гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна.
Анхбаяр нь дээр дурьдсан хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг гэр бүлийн гишүүдийн дундын өмчлөлийн эд хөрөнгө гэж үзээд өөрт ногдох хэсгийг шүүхээр хуваалгахаар нэхэмжлэл гаргасныг зөвшөөрөхгүй.
БГД-ийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн Ү-2205054677 гэрчилгээтэй Г.Тамир, Ч.Сэмжидмаа нарын 2 хүний өмч болох 7-р байрны 5 давхар 85 тоот 84.46 мкв талбай бүхий 3 өрөө орон сууцыг худалдан авахдаа 2012.11.15-нд “Хурд групп” ХХК-тай Орон сууц захиалан бариулах гэрээг Г.Тамир би байгуулж байрны үнэ болох 152.028.000 төгрөгийг гэрээнд заасны дагуу гурав хувааж 2014.04.16-нд төлж барагдуулсан. Байрны төлбөрийн 45.610.000 төгрөгийг миний ээж Ч.Сэмжидмаа бэлнээр 21.000.000 төгрөг, миний аав Т.Ган-Эрдэнэ дансаар үлдэх 85.418.000 төгрөг Г.Тамир миний бие дансаар дамжуулан төлсөн. Уг байрны төлбөрт З.Анхбаяраас нэг ч төгрөг ороогүй болно.
БГД-ийн 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн Ү-2205056889 гэрчилгээтэй Г.Тамир, Ч.Сэмжидмаа нарын 2 хүний өмч болох 7-р байрны зоорийн давхарт байрлах 521 тоот 15.65 м.кв талбай бүхий дулаан гражийг 2013.09.09-ны өдөр “Хурд групп” ХХК-тай Суудлын автомашины дулаан зогсоол захиалан бариулах гэрээг Г.Тамир би байгуулж гражийн үнэ болох 21.000.000 төгрөгийг 2 хувааж, 2014.06.19-нд төлж дууссан. Гражийн төлбөрийн 50 хувь болох эхний 10.500.000 төгрөгийг тухайн үед Анхбаярын ээж Г.Баярмаагаас зээлдэж төлж байсан. Үлдэгдэл 10.500.000 төгрөгийг би өөрөө төлсөн. З.Анхбаярын ээж Г.Баярмаагаас зээлсэн 10.500.000 төгрөгийг 2014.01.20-нд буцаан өгсөн.
Lexus 470 маркийн 49-18 УНЦ улсын дугаартай суудлын автомашин нь Г.Тамир миний өмчлөлийн хөрөнгө бөгөөд 2011.08.02-нд худалдан авч байсан. Энэ үед би З.Анхбаяртай хамтран амьдраагүй байсан учраас гэр бүлийн гишүүдийн дундын өмчлөлийн эд хөрөнгө биш юм. Энэ үед СБД-ийн 7-р хороо Их Тойруугийн 21-14 тоотод амьдар байсан. Тэгээд ч энэ машинаа 2017 оны 2-р сард бусдад худалдсан.
Хариуцагч Ч.Сэмжидмаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
З.Анхбаяр гаргасан 2017 оны 03 сарын 31-ний өдрийн Тамир Ч.Сэмжидмаа нарын хооронд байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй. Учир уг орон сууц болон авто зогсоолыг манай нөхөр Ган-Эрдэнэ бид хоёрын хөрөнгөөр бий болсон. Г.Тамир манай ганц хүү бид хүүгийнхээ төлөө энэ орон сууц гаражийг авсан. З.Анхбаяраас нэг ч төгрөг гараагүй.
Миний хүү Г.Тамир өөрийнхөө хөрөнгийг хэнд өгөх нь эрхийн асуудал 2017 оны 03 сарын 31-ний өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээ бусдад бэлэглэх гэрээ”-г хуулийн дагуу хийсэн тул хүчингүй болгох үндэсгүй гэв.
Хариуцагч Г.Тамир шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
Г.Тамир миний бие З.Анхбаяртай 2012 оны 05 сарын 24-ний өдөр албан ёсны гэр бүл болсон. 3.Анхбаярын гэрлэлт цуцлах шаардлагыг зөвшөөрч, харин бусад шаардлагыг үл хүлээн зөвшөөрч байгаа тул үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан дараах шаардлагыг гаргаж байна. Хүү Т.Ирмүүн, Т.Бадруун нарыг өөрийн асрамжинд авч, эхнэр З.Анхбаяраас хуулийн дагуу тэтгэлэг гаргуулах, Бидний хамтын амьдрал болон гэрлэлтийн хугацаанд бий болсон гэр бүлийн дундын эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах.
СХД-ийн З.Анхбаярын нэр дээр байгаа 2016 онд худалдаж авсан 9 талбар газар тус бүр 700 м.кв, 3.Анхбаярын өөрийн хөрөнгөөр худалдаж авсан 132 сая төгрөгийн үнэ бүхий орон сууц, З.Анхбаярын хувийн хадгаламжийн 200 сая төгрөг, Т. Ирмүүн, Т.Бадруун нарын хадгаламжийн 20 сая төгрөг, 3.Анхбаярын өөрийн хөрөнгөөр худалдаж авсан Тоёото Приус 20 маркийн 63-85 УБӨ улсын дугаартай, Тоёото Приус 30 маркийн 81-05 УБС улсын дугаартай зэргээс ногдох хэсгээ гаргуулах хүсэлтэй.
Нэхэмжлэгч З.Анхбаяр сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:
Хариуцагч Г.Тамир нь 2 хүүгээ өөрийн асрамжинд авч, тэтгэлэг гаргуулах тухайд: Хувь хүний хувьд, зан араншингийн догогдолтой, хариуцлага ухамсарлах мөн үүрэх чадваргүй, түргэн огцом ууртай, хүүхдүүдтэй орилж хашигачин, загнаж зандарсан үйлдлүүдийг удаа дараа гаргаж байсан. 2016.12.21-ний өдрөөс хойш 2 хүүхэд болон надтай нэг ч удаа холбогдоогүй хүн цаашид хүүхдүүдээ асран халамжлан авч явна гэдэгт эргэлзэж байна.
Мөн тэрбээр бусдыг гүтгэн доромжилдог Баянгол дүүргийн Цагдаагийн Хэлтэс, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтэс, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Баянгол дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэсд хүүхдийн эрх зөрчигдөж байна гэх өргөдөлүүд удаа дараа гарган хэрэгсэхгүй болгогдоэж байсан. Миний өмгөөлөгч болох Т.Ууганбаярыг хуульчийн ёс зүйн зөрчил гаргасан хэмээн Монголын Хуульчдын холбоонд хандаж гомдол гаргасан.
Сонгинохайрхан дүүрэг, 22-р хороо, Баянголын ам гудамжид байрлах тус бүр нь 0.7 га, 9 талбар нэгж бүхий газрын эзэмших гэрчилгээ хэрэгт байгаа хэдий ч тус газрын зөвхөн талбар нэгж бүхий газрын гэрчилгээ нь З.Анхбаяр миний нэр дээр гарсан байдаг ч тус газрууд нь бодит байдал дээр З.Анхбаяр миний өөрийн эзэмшлийнх биш. Гэр бүлийн болон өөрийн хөрөнгөөр худалдаж авсан газар биш гэдгийг хариуцагч Г.Тамир өөрөө маш сайн мэдэж байгаа.
Хан-Уул дүүрэг 3-р хороо, Ривер Хаусын 5А байр, 51 тоот хаягт байрлах орон сууцыг минйи ээж Г.Баярмаа өөрийн өмчлөлийн БГД-ийн бичил хороололын 3 өрөө хуучин байраа Ц.Алтантуяа гэгч иргэнд 123 сая төгрөг, 110 сая төгрөгийн Хас банкны 8%-ийн лизингээр өгч тухайн үед 60 сая төгрөгийг ээж Г.Баярмаа өөрийн дансанд, 50 саяыг төрсөн дүүгийн нэр дээрх дансанд тус тус байршуулж, үлдэгдэл 13 сая төгрөгийг cap бүрийн эцэст төлж барагдуулж дуусгана гэж тохиролцсон.
Мөн Хан-Уул дүүрэг 3-р хороо, Ривер Хаусын 5А байр, 51 тоот хаягт байрлах орон сууц худалдаж авсан татварын буцаан олголт болох 3 сая төгрөгийг өмчлөгч болох ээж Г. Баярмаа нь татварын цэнхэр дэвтрээрээ буцаан авсан.
2 хүүхдийн хадгаламж зэргийг гэр бүлийн гишүүдийн дундын эд хөрөнгө хэмээн хүүхдүудийнхээ цаашид сурч боловсрол эзэмшихэд нь зориулж буй хадгаламжаас ногдох хувь гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа нь үнэхээр эр хүний, эцэг хүний гаргахааргүй, ёс зүйгүй үйлдэл гэж үзэж бүрэн хүлээн зөвшөөрөхгүй 2 хүүгийн хуримтлал нь бид 2-ын дундын өмч биш гэж үзэж байна.
81-05 УБС улсын дугаартай, Тоёота Приус 30 маркийн автомамшиныг Г.Тамиртай ярилцан тохиролцож хариуцагч Г.Тамир нь өөрийн хуучин ажлын газар болох “Жи Мобайл” ХХК-д хамт ажилладаг байсан Б.Мөнхбилэг гэдэг эмэгтэйн нөхөр болох Ц.Баасандорж нарт худалдсан,
63-85 УБӨ улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн автомашиныг миний дүү З.Баасандорж нь БНСУ-д ажил хөдөлмөр эрхлэж ирээд өөрөө худалдан авсан тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү
Гэрч Г.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ:
З.Анхбаяр миний том охин анхны хүүхэд, Г.Тамир охины маань нөхөр нь. Би 1990 онд анх Баянгол дүүргийн 3-р хороо, 6-р бичил хороолол, 3 өрөө байр ашиглалтанд ороход охин З.Анхбаяр, хүү З.Баасандорж нарын хамт амьдарч байсан. Энэ бичил хороололын байраа иргэн н.Алтантуяа гэх хүнд банкны 8 хувийн лизингээр 123,000,000 төгрөгөөр зарсан. Н.Алтантуяад банкнаас 110,000,000 төгрөг гарч үлдэх 13,000,000 төгрөгийг гэрээгээр хувааж төлсөн.Ривер хаусын 51 тоот байрыг 132,000,000 төгрөгөөр авсан. Илүү 9,000,000 төгрөгийг өөрийн хадгаламжаасаа авсан цэвэр 100 хувь миний эд хөрөнгө Г.Тамир мэдэж байгаа. Би өрөө Эх нялхас эмч хийдэг гарах завгүй учир охиноороо гэрээ хийлгэсэн. Би өөрийн болон хүүгийнхээ хадгаламжид байсан мөнгийг охиныхоо дансаар дамжуулж тэр байгууллагатай охиноо надад төлөөлж гэрээ хий гэсэн мөнгө.
Мөн бичил хороололын байранд Г.Тамирынх Нарны хорооллын байр автлаа, анхны хүүхдээ 2 ой хүртэл нь манай гэрт хамт амьдарч байсан. Байрыг зарахад хамт явсан бүх үйл ажиллагааг Г.Тамир мэдэж байгаа. Яагаад миний эрх ашгийг хөндөөд яагаад миний эрхэнд халдаад яагаад над руу дайраад байгаан миний охин өнөөдөр өөрийнх нь эцэг эхийн байр луу дайраагүй.
Одоо Хан-Уул дүүргийн байранд миний хүү, миний бэр охин 2 ачтай маань амьдарч байгаа, мэдээж хүн үр хүүхдээ салаасай 2 сайхан хүүхэд өнчрөөсэй гэж эх хүн хүсэхгүй, 2016 оноос хойш тусдаа амьдарснаас нь хойш би охиндоо хань болохын тулд охинтойгоо 2 зээтэйгээ өнөөдрийг хүртэл хамт амьдарч байна. Зээ хүү маань нэгдүгээр ангид ороод харах хүнгүй учир би өөрийн хүсэлтээр 2018 онд гавъяаны амралтандаа гараад 2 зээ хүүгээ хараад охиндоо туслаад хамт амьдарч байна.
Хан-Уул дүүргийн байрыг авахад би өөрийн Бичил хороололын 3 өрөө байраа зарж хүү болон өөрийн хадгаламжинд байсан мөнгөөр авсан. Охин З.Анхбаяраас ямар ч мөнгө ороогүй. Өмнөх байраа 123,000,000 төгрөгөөр зараад өөрийн үндсэн хадгаламжаасаа 9,000,000 төгрөг гаргаад 132,000,000 төгрөгөөр авсан миний цэвэр хөрөнгө гэв.
Би эх хүний хувьд охиндоо өөрийн хэмжээгээр унтлагын мебель, гал тогоо юу байдаг бүх өөрийн чадлаараа тохижуулахад нь оролцсон.Гэр бүл салах болсон аймшигт явдлаас хойш охин надад амьдарч байх хугацааны зүйлсээ ярьж уйлж байсан. Би яагаад ээждээ хэлээгүй вэ ? гэхэд аль болох хүүхдээ өнчрүүлэхгүй гэж үзсэн байсан. Бэлгийн дарамтыг хүртэл үр хүүхдүүдийнхээ дэргэд үзүүлж байсан юм байна лээ. Би тухайн үед ээж Сэмжидмаад нь утсаар хэлэхэд эцгийгээ дуурайсан юм байна гэж надад хэлсэн. Миний охин өнөөдөр сэтгэл зүй болон бэлгийн дарамтад байсан.
Охиноо тусдаа гарахад нь унтлагын өрөөний тавилга гал тогооны эд юм нь нийлээд 40 гаруй сая төгрөг болсон. Г.Тамирыг яагаад миний хөрөнгийг дундын хөроөнгө гэж нэхээд байгааг ойлгохгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З.Анхбаяр нь хариуцагч Г.Тамирт холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах,
Г.Тамир Ч.Сэмжидмаа нарын хооронд байгуулсан хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
хариуцагч Г.Тамир нь З.Анхбаярт холбогдуулан хүү Т.Ирмүүн, хүү Т.Бадруун нарыг өөрийн асрамжид авч, эх З.Анхбаяраас тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн дундын хөрөнгө болох СХД, 22-р хороо, Баянголын аманд байрлах 9 талбар газар, ХУД-ийн 3-р хороо, Ривер Хаус, 5А байр, 51 тоот 3 өрөө орон сууц, З.Анхбаярын хувийн хадгаламж 200 сая төгрөг, хүү Т. Ирмүүн, Т.Бадруун нарын хадгаламж 20 сая төгрөг, Тоёото Приус 20 маркийн 63-85 УБӨ улсын дугаартай, Тоёото Приус 30 маркийн 81-05 УБС улсын дугаартай авто машин зэргээс өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.
Хариуцагч Г.Тамир гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрнө, 2 хүүхдээ өөрийн асрамжиндаа авна, дундын эд хөрөнгөнөөс ногдох хэсгийг гаргуулах, Ч.Сэмжидмаа бид хоёрын хооронд хийгдсэн 2017 оны 03 сарын 31-ний өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.
Хариуцагч Ч.Сэмжидмаа З.Анхбаярын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, Г.Тамир бид хоёрын хооронд хийсэн хэлцэл хуулийн дагуу гэж маргасан.
Нэхэмжлэгч З.Анхбаяр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан.
Нэхэмжлэгч З.Анхбаяр нь Г.Тамиртай 2009 онд танилцан, 2009 оны 05 сарын 05-ний өдөр гэр бүл болсныг 2012 оны 05 сарын 24-ний өдөр бүртгэж гэрлэлтийн гэрчилгээ авсан байна. Тэдний дундаас 2012 оны 08 сарын 19-ний өдөр хүү Т.Ирмүүн, 2014 оны 12 сарын 05-ний өдөр хүү Т.Бадруун нарыг төрүүлж өсгөсөн болох нь №1107005544, №0000818930Г-3214 дугаартай төрсний гэрчилгээ, №0216427Г-386 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээ, “Хүү Т.Ирмүүн, Т.Бадруун нар нь эрүүл бойжиж байгаа” гэх тодорхойлолт, зохигчдын тайлбар зэрэг бусад нотлох баримтуудаар тогтоогдсон.
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 сарын 27-ний өдрийн “эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэл”- ээр дуусгавар болгосон бөгөөд зохигчид цаашид эвлэрэн амьдрах боломжгүй, хэн аль гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрсөн.
Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй байдал, бие, биенээ гэх хайр халамжгүй болсон, эхнэр, нөхрийн дотно харьцаа байхгүй, зохигчид гэр бүлийн амьдралаа цаашид хэвийн хадгалан үргэлжлүүлэх хүсэлгүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д “Хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх асуудлыг шүүх шийдвэрлэнэ” гэж заасан ба мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ тэжээн тэтгэх хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, адил үүрэг хүлээдэг.
Хүүхдийн асрамжийн талаар зохигчийн хэн аль нь хүү Т.Ирмүүн, хүү Т.Бадруун нарыг өөр өөрийн асрамжинд авахаар маргасан.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д “хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд түүний саналыг харгалзан үзнэ” гэж заажээ.
7 настай хүү Т.Ирмүүн ээж З.Анхбаярын асрамжинд байна гэж шүүхэд санал өгсөн ба хүүхдүүд одоо ээжийнхээ асрамжинд байгаа бага насны хүүхдүүдийг асрахад ээжийн хайр халамж зайлшгүй шаардлагатай тул хүүхдийн эрх ашиг сонирхол, хүүхдийн саналыг хүндэтгэн Т.Ирмүүн, Т.Бадруун нарыг эх З.Анхбаярын асрамжинд үлдээж, хүүхэд эхийн асрамжинд үлдсэн ч эцэгтэйгээ уулзах эрхийг эх нь хориглох болон хязгаарлахгүй байхыг дурдах нь зүйтэй байна.
Гэр бүлийн эрх зүйн харилцаа нь гэр бүлийн гишүүдийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус харилцаа, хүүхдийн асрамж тогтоох, тэжээн тэтгэх гэх мэт цогц харилцааг зохицуулдаг онцлогтой бөгөөд эцэг Г.Тамираас хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч Ч.Сэмжидмаад холбогдох нэхэмжлэлийн шаардлагын талаар
Г.Тамир Ч.Сэмжидмаа нарын хооронд байгуулсан 2017 оны 03 сарын 31-ний өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээ бусдад бэлэглэх гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага нэхэмжлэгч З.Анхбаяр гаргасан.
Хариуцагч нар дээрхи шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргасан.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
З.Анхбаяр Г.Тамир нар нь 2009 оны 05 сарын 05-ний өдөр гэр бүл болсныг 2012 оны 05 сарын 24-ний өдөр бүртгэж гэрлэлтийн гэрчилгээ олгосон. Нэхэмжлэгч З.Анхбаяр Г.Тамирт холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай өргөдлөө Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн “Эвлэрүүлэн зуучлал”-д 2017 оны 03 сарын 09-ний өдөр гаргасан, эвлэрүүлэн зуучлах ажиллагаа 2017 оны 03 сарын 27-ний өдөр дуусгавар болж, 2017 оны 03 сарын 28-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т “гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх хөрөнгөө захиран зарцуулахдаа гэр бүлийн насанд хүрсэн гишүүний бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна”, 128.3-т “хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 128.2-т заасны дагуу зөвшөөрөл аваагүй хэлцэл хүчин төгөлдөр бус байна.”гэж тус тус заажээ.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д”...хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл” хүчин төгөлдөр бус байна.” гэж хуульчилсан.
Гэтэл хариуцагч Г.Тамир Ч.Сэмжидмаа нар нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох Баянгол дүүрэг 3-р хороо Нарны хороолол 7 байр 85 тоот орон сууц, 521 тоот авто зогсоолыг бусдад шилжүүлэх буюу өмчлөгчөөр бүртгүүлэхдээ гэр бүлийн насанд хүрсэн гишүүн З.Анхбаярын зөвшөөрлийг авалгүйгээр 2017 оны 03 сарын сарын 31-ний өдрийн “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээ бусдад бэлэглэх гэрээ”-гээр Г.Тамир нь өөрт ногдох хэсгээ шилжүүлсэн байгаа нь цаг хугацааны хувьд зохигчид шүүхэд “гэрлэлт цуцлуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хойш байх тул уг хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох үндэслэлтэй байна.
Иргэний хуулийн 56.5-д ”Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй.”, 42 дугаар зүйлийн 42.10-т “... хуулийн шаардлага хангаагүй хэлцэл хүчин төгөлдөр бус байх бөгөөд энэ тохиолдолд талууд хэлцлээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгнө.” гэж заасны дагуу Үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээний өмчлөлөөс Ч.Сэмжидмаагийн нэрийг хасуулах нь зүйтэй байна.
Зохигчид гэр бүлийн дундын эд хөрөнгийн маргааны талаар
Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д “гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөнөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн”, 126.4-т “гэрлэгчид гэр бүлийн бусад гишүүний хэн нэгний нэр дээр байгаагаас үл шалтгаалан гэрлэснээс хойш бий болсон бусад хөрөнгө” гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө байна гэж хуульчилсан.
З.Анхбаяр Г.Тамир нар нь 2009 оны 05 сарын 05-ний өдөр гэр бүл болсноос хойш хамтын амьдралын явцад Баянгол дүүрэг 3-р хороо Нарны хороолол 7 байр 85 тоот орон сууц, 521 тоот авто зогсоолыг 2012 оны 11 сарын 15-ний өдөр “орон сууц захиалан бариулах гэрээ”-г, 2013 оны 09 сарын 09-ний өдөр “суудлын автомашины дулаан зогсоол захиалан бариулах гэрээ”-г “Хурд групп” ХХК-тай Г.Тамир тус тус байгуулсан байна.
Дээрхи үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2205054677 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээгээр 2014 оны 04 сарын 21-ний өдөр, Ү-2205056889 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээгээр 2014 оны 12 сарын 21-ний өдөр Г.Тамир өмчлөгчөөр тус тус бүртгэгдсэн,
Lexus 470 маркийн 49-18 УНЦ улсын дугаартай суудлын автомашин 2011 оны 08 сарын 11-ний өдөр Г.Тамирын эзэмшилд шилжсэн болох нь Автотээврийн хэрэгслийн лавлагаа болон тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр,
Сонгино хайрхан дүүрэг 22-р хороо Зуслан Баянголын аманд З.Анхбаяр нь нийт 13 нэгж талбарт бүртгэлтэй газар эзэмшдэг болох нь эрх шилжүүлэх гэрээнүүд, Сонгино хайрхан дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2019 оны 05 сарын 17-ний өдрийн албан бичиг, кадасторын зургуудаар тогтоогдсон.
Иймд Баянгол дүүрэг 3-р хороо Нарны хороолол 7 байр 85 тоот орон сууц, 521 тоот авто зогсоол, Lexus 470 маркийн авто машин Сонгино хайрхан дүүрэг Баянголын аманд байрлах 13 талбар газар нь зохигчдын хамтын амьдралын явцад үүссэн гэр бүлийн дундын эд хөрөнгө гэж үзэхээр байна.
Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.4-т “...гэр бүлийн гишүүнд ногдох эд хөрөнгийн хэсгийг тодорхойлохдоо гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө бий болгоход оруулсан түүний хөдөлмөрийн оролцоо, хөрөнгийн хэмжээг харгалзан багасгах, эсвэл олгохгүй байхаар шүүх шийдвэрлэж болно.” 129.6-д “ гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс гишүүнд ногдох хэсгийг тодорхойлох талаар гарсан маргааныг шүүх шийдвэрлэнэ.” гэж тус тус заасан.
Сонгино хайрхан дүүрэг 22-р хороо Зуслан Баянголын аманд З.Анхбаяр нь нийт 13 нэгж талбарт бүртгэлтэй газар эзэмшдэг бөгөөд Г.Тамир нь сөрөг нэхэмжлэлдээ 9 талбар 6300 мкв газраас ногдох хэсгийг гаргуулах шаардлага гаргасан болно.
Иймд 379,376,358 төгрөгийн гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийг Г.Тамир, З.Анхбаяр, Т.Ирмүүн, Т.Бадруун нарт хуваах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Г.Тамираас Баянгол дүүргийн 3-р хороо нарны хороолол 7 байр 85 тоот 3 өрөө орон сууцны үнэ 171,172,295:4=42,793,073*3=128,379,221 төгрөг,
Баянгол дүүрэг 3-р хороо Нарны хороолол 7 байрны доор байрлах авто зогсоолын үнэ 20,000,000:4=5,000,000*3=15,000,000 төгрөг,
Lexus LX470 автомашины үнэ 27,900,000:4=6,975,000*3=20,935,000 төгрөг, нийт 164,304,221 төгрөг гаргуулан З.Анхбаяр, Т.Ирмүүн, Т.Бадруун нарт олгож, дээрхи эд хөрөнгүүдийг Г.Тамирын эзэмшил, өмчлөлд үлдээж,
З.Анхбаяраас Сонгино хайрхан дүүрэг 22-р хороо Баянголын аманд байрлах 9 талбар бүхий 6300 мкв газар буюу түүний үнэнээс 8,064,000 төгрөг гаргуулан Г.Тамирт олгож, дээрхи газрыг З.Анхбаярын эзэмшилд үлдээж шийдвэрлэв.
Г.Тамирын гаргасан сөрөг нэхэмжлэлийн талаар
Хариуцагч Г.Тамир нь З.Анхбаярт холбогдуулан хүү Т.Ирмүүн, хүү Т.Бадруун нарыг өөрийн асрамжид авч, эх З.Анхбаяраас тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн дундын хөрөнгө болох СХД, 22-р хороо, Баянголын аманд байрлах 9 талбар газар, ХУД-ийн 3-р хороо, Ривер Хаус, 5А байр, 51 тоот 3 өрөө орон сууц, З.Анхбаярын хувийн хадгаламж 200 сая төгрөг, хүү Т. Ирмүүн, Т.Бадруун нарын хадгаламж 20 сая төгрөг, Тоёото Приус 20 маркийн 63-85 УБӨ улсын дугаартай, Тоёото Приус 30 маркийн 81-05 УБС улсын дугаартай авто машин зэргээс өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.
З.Анхбаяр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй, ХУД-ийн 3-р хороо, Ривер Хаус, 5А байр, 51 тоот 3 өрөө орон сууц миний ээж, дүү нарын өмч бидний гэр бүлийн дундын өмч биш, Тоёото Приус 20, Тоёото Приус 30 маркийн машинууд миний эзэмшилд биш гэж маргасан.
Хүүхдүүдийн асрамж болон тэтгэлэг гаргуулах, СХД-ийн 22-р хороо, Баянголын аманд байрлах 9 талбар 6300 мкв газрын маргааныг дээрхи байдлаар шүүх шийдвэрлэсэн болно.
З.Анхбаяр “Империал Кастел” ХХК-нь нарын хооронд 2014 оны 01 сарын 02-ний өдөр “орон сууц захиалан бариулах гэрээ”-г байгуулан, 2014 оны 07 сарын 03-ний өдөр ХУД-ийн 3-р хороо, Ривер Хаус, 5А байр, 51 тоот 3 өрөө орон сууцны Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг З.Анхбаяр, З.Баасандорж Г.Баярмаа нарын 3 хүний өмчлөлд бүртгэн гэрчилгээ авсан байна.
Гэрч Б.Баярмаагийн “Баянгол дүүргийн 3-р хороо, 6-р бичил хороолол ашиглалтанд ороход 1990 онд 3 өрөө байр авч тэндээ охин З.Анхбаяр, хүү З.Баасандорж нарын хамт амьдарч байгаад иргэн н.Алтантуяад банкны 8 хувийн лизингээр 123,000,000 төгрөгөөр зарсан. Н.Алтантуяад банк 110,000,000 төгрөг өгч үлдэх 13,000,000 төгрөгийг гэрээгээр хувааж төлсөн. Ривер хаусын 51 тоот байрыг 132,000,000 төгрөгөөр худалдан авч, үлдэх 9,000,000 төгрөгийг өөрийн болон хүүгийнхээ хадгаламжаасаа төлсөн энэ байр 100 хувь миний эд хөрөнгө 2 хүүхэд маань бүртгэлтэй” гэх тайлбар, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын албан бичиг, мэдүүлэг, орон сууц захиалгын гэрээ, Г.Баярмаагийн татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр, Г.Баярмаа, З.Баасандорж нарын хадгаламжийн дэвтрийн хуулбар зэргээс дүгнэхэд ХУД-ийн 3-р хороо, Ривер Хаус, 5А байр, 51 тоот 3 өрөө орон сууц нь З.Анхбаяр, Г.Тамир нарын гэр бүлийн дундын өмч гэж үзэх боломжгүй тул дээрхи орон сууцнаас ногдох хэсэг гаргуулах Г.Тамирын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов. /2хав хуу 55, 3хав хуу 35-54/
Г.Тамир нь З.Анхбаярын хувийн хадгаламжийн 200 сая төгрөг болон хүү Т. Ирмүүн, Т.Бадруун нарын хадгаламжийн 20 сая төгрөгнөөс ногдох хэсгийг шаардсан боловч хавтас хэрэгт авагдсан баримтаар З.Анхбаяр 200 сая төгрөгийн хадгаламжтай болох нь нотлогдоогүй Иргэний хуулийн 129.4-т “...эсхүл олгохгүй байхаар шүүх шийдвэрлэж болно” гэж зааснаар хүү Т.Ирмүүн,Т.Бадруун нарын 20 сая төгрөгийн хадгаламжийг гэр бүлийн бусад гишүүдэд хуваан олгох үндэслэлгүй, мөн Тоёото Приус 20 маркийн 63-85 УБӨ улсын дугаартай, Тоёото Приус 30 маркийн 81-05 УБС улсын дугаартай авто машинууд нь гуравдагч этгээдийн эзэмшил өмчлөлд байх тул энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Олохнууд овогт Зоригтын Анхбаяр, Гөөж овогт Ган-Эрдэнийн Тамир нарын гэрлэлтийг цуцласугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2012 оны 08 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү Т.Ирмүүн, 2014 оны 12 дугаар сарын 05-ний өдөр төрсөн хүү Т.Бадруун нарыг эх З.Анхбаярын асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2012 оны 08 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү Т.Ирмүүн, 2014 оны 12 дугаар сарын 05-ний өдөр төрсөн хүү Т.Бадруун нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Г.Тамираар тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хариуцагч Г.Тамир нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрэхгүй болохыг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар гэрлэлт цуцласан тухай шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Галдандагвад даалгасугай.
6. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5-д зааснаар Г.Тамир Ч.Сэмжидмаа нарын хооронд 2017 оны 03 сарын 31-ний өдөр байгуулсан “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээ бусдад бэлэглэх гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, ...орон сууцыг Г.Тамирын өмчлөлд үлдээсүгэй.
7. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 129 дүгээр зүйлийн 129.4, 130 дугаар зүйлийн 130.3-т зааснаар Г.Тамираас Баянгол дүүргийн 3-р хороо нарны хороолол 7 байр 85 тоот 3 өрөө орон сууцны үнэтэй тэнцэх 128,379,221 төгрөг,
Баянгол дүүрэг 3-р хороо Нарны хороолол 7 байрны доор байрлах авто зогсоолын үнэ 15,000,000 төгрөг,
Lexus LX470 автомашины үнэ 20,935,000 төгрөг, нийт 164,304,221 тбөгрөг гаргуулан З.Анхбаяр, Т.Ирмүүн, Т.Бадруун нарт олгож, дээрхи эд хөрөнгүүдийг Г.Тамирын эзэмшил, өмчлөлд үлдээж,
З.Анхбаяраас Сонгино хайрхан дүүрэг 22-р хороо Баянголын аманд байрлах 9 талбар бүхий 6300 мкв газар буюу түүний үнэнээс 8,064,000 төгрөг гаргуулан Г.Тамирт олгож, дээрхи газрыг З.Анхбаярын эзэмшилд үлдээсүгэй.
8. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 129 дүгээр зүйлийн 129.4, 130 дугаар зүйлийн 130.3-т зааснаар Хан-уул дүүрэг 3-р хороо Үйлдвэр гудамж 20-р байр Ривер хаус 51 тоот 3 өрөө орон сууц, Тоёото Приус 20, Тоёото Приус 30 маркийн авто машин, насанд хүрээгүй хүүхэд Т.Ирмүүн, Т.Бадруун нар болон З.Анхбаярын банкин дахь хадгаламжаас ногдох хэсгийг гаргуулах Г.Тамирын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
9. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд нэхэмжлэгч З.Анхбаяр, хариуцагч Г.Тамир нар нь дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд нь хэн алиндаа саад учруулахгүй байх үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгч З.Анхбаярын урьдчилан төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Г.Тамираас 210,600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.Анхбаярт олгож, хариуцагч Г.Тамирын урьдчилан төлсөн 136,496 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар “тус шүүхийн шүүгчийн 2018 оны 04 сарын 06-ний өдрийн 4257 дугаартай “шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” захирамжаар авсан арга хэмжээ хүчинтэй хэвээр байхыг дурдсугай.
12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр уншин сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120.2-д зааснаар зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ

Баянгол дүүрэг3-р хороо Нарны хороолол 7 байрны доор байрлах авто зогсоолын үнэ 20,000,000:4=5,000,000*3=15,000,000 төгрөг,
Lexus LX470 автомашины үнэ 27,900,000:4=6,975,000*3=20,935,000 төгрөг, нийт 164,304,221 төгрөг гаргуулан З.Анхбаяр, Т.Ирмүүн, Т.Бадруун нарт олгож, дээрхи эд хөрөнгүүдийг Г.Тамирын эзэмшил, өмчлөлд үлдээж,
З.Анхбаяраас Сонгино хайрхан дүүрэг 22-р хороо Баянголын аманд байрлах 9 талбар бүхий 6300 мкв газар буюу түүний үнэнээс 8,064,000 төгрөг гаргуулан Г.Тамирт олгож, дээрхи газрыг З.Анхбаярын эзэмшилд үлдээж шийдвэрлэв.
Г.Тамирын гаргасан сөрөг нэхэмжлэлийн талаар
Хариуцагч Г.Тамир нь З.Анхбаярт холбогдуулан хүү Т.Ирмүүн, хүү Т.Бадруун нарыг өөрийн асрамжид авч, эх З.Анхбаяраас тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн дундын хөрөнгө болох СХД, 22-р хороо, Баянголын аманд байрлах 9 талбар газар, ХУД-ийн 3-р хороо, Ривер Хаус, 5А байр, 51 тоот 3 өрөө орон сууц, З.Анхбаярын хувийн хадгаламж 200 сая төгрөг, хүү Т. Ирмүүн, Т.Бадруун нарын хадгаламж 20 сая төгрөг, Тоёото Приус 20 маркийн 63-85 УБӨ улсын дугаартай, Тоёото Приус 30 маркийн 81-05 УБС улсын дугаартай авто машин зэргээс өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.
З.Анхбаяр сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй, ХУД-ийн 3-р хороо, Ривер Хаус, 5А байр, 51 тоот 3 өрөө орон сууц миний ээж, дүү нарын өмч бидний гэр бүлийн дундын өмч биш, Тоёото Приус 20, Тоёото Приус 30 маркийн машинууд миний эзэмшилд биш гэж маргасан.
Хүүхдүүдийн асрамж болон тэтгэлэг гаргуулах, СХД-ийн 22-р хороо, Баянголын аманд байрлах 9 талбар 6300 мкв газрын маргааныг дээрхи байдлаар шүүх шийдвэрлэсэн болно.
З.Анхбаяр “Империал Кастел” ХХК-нь нарын хооронд 2014 оны 01 сарын 02-ний өдөр “орон сууц захиалан бариулах гэрээ”-г байгуулан, 2014 оны 07 сарын 03-ний өдөр ХУД-ийн 3-р хороо, Ривер Хаус, 5А байр, 51 тоот 3 өрөө орон сууцны Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг З.Анхбаяр, З.Баасандорж Г.Баярмаа нарын 3 хүний өмчлөлд бүртгэн гэрчилгээ авсан байна.
Гэрч Б.Баярмаагийн “Баянгол дүүргийн 3-р хороо, 6-р бичил хороолол ашиглалтанд ороход 1990 онд 3 өрөө байр авч тэндээ охин З.Анхбаяр, хүү З.Баасандорж нарын хамт амьдарч байгаад иргэн н.Алтантуяад банкны 8 хувийн лизингээр 123,000,000 төгрөгөөр зарсан. Н.Алтантуяад банк 110,000,000 төгрөг өгч үлдэх 13,000,000 төгрөгийг гэрээгээр хувааж төлсөн. Ривер хаусын 51 тоот байрыг 132,000,000 төгрөгөөр худалдан авч, үлдэх 9,000,000 төгрөгийг өөрийн болон хүүгийнхээ хадгаламжаасаа төлсөн энэ байр 100 хувь миний эд хөрөнгө 2 хүүхэд маань бүртгэлтэй” гэх тайлбар, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын албан бичиг, мэдүүлэг, орон сууц захиалгын гэрээ, Г.Баярмаагийн татвар төлөгч иргэний орлого татварын бүртгэлийн дэвтэр, Г.Баярмаа, З.Баасандорж нарын хадгаламжийн дэвтрийн хуулбар зэргээс дүгнэхэд ХУД-ийн 3-р хороо, Ривер Хаус, 5А байр, 51 тоот 3 өрөө орон сууц нь З.Анхбаяр, Г.Тамир нарын гэр бүлийн дундын өмч гэж үзэх боломжгүй тул дээрхи орон сууцнаас ногдох хэсэг гаргуулах Г.Тамирын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгов. /2хав хуу 55, 3хав хуу 35-54/
Г.Тамир нь З.Анхбаярын хувийн хадгаламжийн 200 сая төгрөг болон хүү Т. Ирмүүн, Т.Бадруун нарын хадгаламжийн 20 сая төгрөгнөөс ногдох хэсгийг шаардсан боловч хавтас хэрэгт авагдсан баримтаар З.Анхбаяр 200 сая төгрөгийн хадгаламжтай болох нь нотлогдоогүй Иргэний хуулийн 129.4-т “...эсхүл олгохгүй байхаар шүүх шийдвэрлэж болно” гэж зааснаар хүү Т.Ирмүүн,Т.Бадруун нарын 20 сая төгрөгийн хадгаламжийг гэр бүлийн бусад гишүүдэд хуваан олгох үндэслэлгүй, мөн Тоёото Приус 20 маркийн 63-85 УБӨ улсын дугаартай, Тоёото Приус 30 маркийн 81-05 УБС улсын дугаартай авто машинууд нь гуравдагч этгээдийн эзэмшил өмчлөлд байх тул энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Олохнууд овогт Зоригтын Анхбаяр, Гөөж овогт Ган-Эрдэнийн Тамир нарын гэрлэлтийг цуцласугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2012 оны 08 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү Т.Ирмүүн, 2014 оны 12 дугаар сарын 05-ний өдөр төрсөн хүү Т.Бадруун нарыг эх З.Анхбаярын асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2012 оны 08 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү Т.Ирмүүн, 2014 оны 12 дугаар сарын 05-ний өдөр төрсөн хүү Т.Бадруун нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Г.Тамираар тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хариуцагч Г.Тамир нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүнээс гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрэхгүй болохыг дурдсугай.
5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар гэрлэлт цуцласан тухай шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Галдандагвад даалгасугай.
6. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.5-д зааснаар Г.Тамир Ч.Сэмжидмаа нарын хооронд 2017 оны 03 сарын 31-ний өдөр байгуулсан “Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч өөрт ногдох хэсгээ бусдад бэлэглэх гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, ...орон сууцыг Г.Тамирын өмчлөлд үлдээсүгэй.
7. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 129 дүгээр зүйлийн 129.4, 130 дугаар зүйлийн 130.3-т зааснаар Г.Тамираас Баянгол дүүргийн 3-р хороо нарны хороолол 7 байр 85 тоот 3 өрөө орон сууцны үнэтэй тэнцэх 128,379,221 төгрөг,
Баянгол дүүрэг3-р хороо Нарны хороолол 7 байрны доор байрлах авто зогсоолын үнэ 15,000,000 төгрөг,
Lexus LX470 автомашины үнэ 20,935,000 төгрөг, нийт 164,304,221 тбөгрөг гаргуулан З.Анхбаяр, Т.Ирмүүн, Т.Бадруун нарт олгож, дээрхи эд хөрөнгүүдийг Г.Тамирын эзэмшил, өмчлөлд үлдээж,
З.Анхбаяраас Сонгино хайрхан дүүрэг 22-р хороо Баянголын аманд байрлах 9 талбар бүхий 6300 мкв газар буюу түүний үнэнээс 8,064,000 төгрөг гаргуулан Г.Тамирт олгож, дээрхи газрыг З.Анхбаярын эзэмшилд үлдээсүгэй.
8. Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1, 129 дүгээр зүйлийн 129.4, 130 дугаар зүйлийн 130.3-т зааснаар Хан-уул дүүрэг 3-р хороо Үйлдвэр гудамж 20-р байр Ривер хаус 51 тоот 3 өрөө орон сууц, Тоёото Приус 20, Тоёото Приус 30 маркийн авто машин, насанд хүрээгүй хүүхэд Т.Ирмүүн, Т.Бадруун нар болон З.Анхбаярын банкин дахь хадгаламжаас ногдох хэсгийг гаргуулах Г.Тамирын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
9. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд нэхэмжлэгч З.Анхбаяр, хариуцагч Г.Тамир нар нь дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд нь хэн алиндаа саад учруулахгүй байх үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгч З.Анхбаярын урьдчилан төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Г.Тамираас 210,600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.Анхбаярт олгож, хариуцагч Г.Тамирын урьдчилан төлсөн 136,496 төгрөгийгулсын орлогод хэвээр үлдээсүгэй.