| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2023/0185/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/242 |
| Огноо | 2023-06-28 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.Л |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 2023/ШЦТ/242
2023 6 28 2023/ШЦТ/242
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С
улсын яллагч Ц.Л
шүүгдэгч О.К, түүний өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүгдэгч О.К-т холбогдох эрүүгийн 2325000000222 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Шүүгдэгч О.К нь;
Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 11 дүгээр хороолол “Эрдэнэт-Өргөө” хотхоны **** тоот байрны орцноос,
2023 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хоёр ширхэг галын шаланк,
2023 оны 3 дугаар сарын 30-ны өдөр гурван ширхэг галын шаланк,
2023 оны 3 дугаар сарын 31-ний өдөр нэг ширхэг галын шаланк зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, “Эрдэнэт-Өргөө” хотхоны сууц өмчлөгчдийн холбоонд 678.000 төгрөгийн хохирол учруулсан,
2023 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-20 дугаар байр “Онч” бариа заслын төвөөс хохирогч Т.С-ын эзэмшлийн “Dell” загварын зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.500.000 төгрөгийн хохирол учруулсан, хулгайлах гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт;
шүүгдэгч О.К “...мөрдөн байцаалтын шатанд үнэн, зөв мэдүүлгээ өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
“Эрдэнэт-Өргөө” хотхоны **** байрны орцноос галын шаланк хулгайлсан гэмт хэргийн тухайд;
мөрдөн байцаалтын шатанд өгсөн;
хохирогчийн төлөөлөгч Д.Б-ын “...2023 оны 3 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө 02.00 цаг өнгөрч байхад 17б байрны хоёр давхарт байсан галын шаланкны иж бүрдэл, мөн тус байрны нэг давхарт байсан галын шаланкны иж бүрдэл алдагдсан. 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 20 цаг 40 минутын орчимд 17а байрнаас галын шаланк гурван ширхэг иж бүрдэл, 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 14 цагийн үед 17а байрны нэг давхараас шаланкны иж бүрдэл алдагдаж, хулгай хийсэн хүн нь манай харуул Б-д баригдсан. ...давхар бүрт нэг иж бүрдэл галын шаланк байдаг бөгөөд иж бүрдэлд 20м урт шаланк, шаланкны хоёр талд холбогч төмөр хоёр ширхэг, мөн нэг ширхэг хошуу, тэгээд хошуутай хамт бас нэг холбогч төмөр байдаг, ...камер шүүхэд махлагдуу эрэгтэй ганцаараа цүнхтэй орж ирээд авч явсан бөгөөд түүний царай танигдахгүй байсан тул нэг мөсөн үйлдэл дээр нь барихаар хүлээж байсан юм. ...хулгай хийж авсан нэг ширхэг иж бүрдэл дээр нь шаланк нэмж дөрвөн ширхэг шаланк хүлээж авсан, одоо нэг иж бүрдэл шаланк, дөрвөн хошуу, дөрвөн холбогчийн хамт нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дахь тал/,
гэрч Б.О-гийн “...Би Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг “100 айл” барилгын материалын төвд наймаа эрхэлдэг. 2023 оны 3 дугаар сарын 29-ний өдөр бүтэн сайн өдөр байсан, ажил дээр 17 цаг 50 минутад хар царайтай, давхраатай бүлтгэр нүдтэй, 55-60 орчим насны эрэгтэй хүн орж ирээд “цаанаасаа 2-р лангуу дээр суудаг эмэгтэй байна уу, юм өгөх гэсэн юм, би байнга өгдөг” гээд асуугаад байсан тэгэхээр нь би “тараад гэр лүүгээ явсан, манайх хааж байна” гэж хэлтэл “галын шаланк хоёр ширхэг байна авах хүн байна уу, би цаана суудаг эмэгтэйд 40.000 төгрөгөөр байнга өгдөг” гэхээр нь би хоёр ширхэгийг 80.000 төгрөгөөр авсан. Тэгээд явахдаа уг ах “өөр юм авах уу, надад галын хор, дахиад галын шаланк байгаа шүү, чи авах уу” гэхээр нь би зөвшөөрөөд дугаараа өгсөн, ... худалдан борлуулсан хүний эгч нь гээд нэг эмэгтэй ирээд мөнгийг маань эргүүлж өгөөд галын шаланкыг аваад явсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/,
гэрч Ж.Л-ийн “...2023 оны 3 дугаар сарын 30-ны өглөө 09.00 цаг дөнгөж өнгөрч байхад нэг бүлтгэр нүдтэй, бор ах над дээр ирээд “галын шаланк авах уу” гэж хэлсэн, би “хэд байгаа юм” гэтэл “хоёр ширхэг байна, нэг нь 40.000 төгрөг байдаг шүү дээ” гэж хэлсэн, би зөвшөөрч хоёр шаланк авахаар болсон. Ингээд би түүний дансыг бичиж авч үлдсэн, миний утасны дугаарыг аваад явсан, хэсэг хугацааны дараа тэр хүн над руу залгаж “мөнгөө явуулаач ээ” гэхээр нь би түүний өгсөн данс руу 75.000 төгрөг шилжүүлсэн, анх би түүнд 5000 төгрөг бэлнээр өгсөн, хэд хоногийн дараа над руу цагдаагаас залгаж дуудахаар нь би авсан хоёр ширхэг шаланкаа цагдаад аваачиж өгсөн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дэх тал/,
гэрч П.Б-ы “...2023 оны 3 дугаар сарын 31-ний өдөр СӨХ-ийн харуулаар үүрэг гүйцэтгэж байсан юм, барагцаагаар 12 цагийн үед 17б байр луу орж шалгачихаад буцаад гараад иртэл 17а байрны гадаа нэг залуу гартаа галын шаланк барьчихсан зогсож байсан, би явж очоод “чи яагаад хулгай хийгээд байна” гэтэл шаланкаа үлдээчихээд зугтаах гэхээр нь түүнийг тэвэрч авсан. Би сууц өмчлөгчдийн холбооны захирал Б руу утсаар залгаж дуудсан, удалгүй Б дарга ирсэн, мөн цагдаа нар ирсэн. ...хулгай хийсэн хүн 17а байрны нэг давхарын галын хайрцагнаас нэг иж бүрдэл галын шаланк хулгайлсан байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/,
О.К-ийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...он, сар, өдрийг нь сайн санахгүй байна, Уртбулаг баг “Тамирын гурван чулуу”-ны ойролцоо байр шиг санагдаж байсан, согтуу байсан болохоор сайн санахгүй байна, ямар ч байсан байрны орц руу ороод...шаланк аваад “100 айл” төвийн худалдагч нар дээр нэг ширхэгийг нь 30-40 мянган төгрөгөөр зарчихдаг юм. ...Би нэг өдөр аваагүй, дарааллаад гурван өдөр орж шаланк авсан, харуул хамгаалалт байдаггүй байсан. ...Архи, согтууруулах ундаа хэрэглээд согтчихсон болохоор дахиад уух гээд хулгай хийчихсэн юм.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дэх тал/,
“...би 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн үдээс хойш, согтуу үедээ Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг “Тамирын гурван чулуу” хотхоны хажууд байдаг нэг орон сууцны орц руу орж...галын усны шаланк авч гадагш гарсан, орцны гадаа харуулд баригдаад, намайг цагдаад өгсөн. Би хошуутай нь нэг шаланк авсан, ...тухайн орон сууц руу урд өмнө согтуудаа хоёр ч удаа орж нийт дөрвөн ширхэг шаланк авсан бөгөөд яг тодорхой огноо болон бусад зүйлийг сайн санахгүй, согтолтын улмаас ухаан санаа маань орж гараад байгаа юм. Авсан шаланкуудаа “100-н айл” худалдааны төв дээр суудаг, юм зардаг эмэгтэйд зарж борлуулсан бөгөөд зарсан мөнгөөрөө архи уугаад дуусгачихсан, тус орон сууцны нэг орцноос шаланк хулгайлсан бөгөөд тус орцны хаалга нь кодгүй байсан. Миний хувьд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, надаас шаланк худалдаж авсан хүний хохирлыг барагдуулж буцааж 140.000 төгрөгийг өгсөн. Мөн сууц өмчлөгчдийн холбооны захиралд нь миний авсан таван ширхэг шаланкыг цагдаа хүлээлгэж өгсөн. ...надаас шаланк авсан Л гэх эмэгтэйн хохирол болох 80.000 төгрөгийг өгсөн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 44, 46 дахь тал/,
хохирогчийн төлөөлөгч “Эрдэнэт-Өргөө” хотхоны сууц өмчлөгчдийн холбооны захирал Д.Б-ын “...2023 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 11 дүгээр хороолол “Эрдэнэт-Өргөө” хотхоны 7-А-Б байрны 6 ширхэг шаланк, хошууны хамт алдагдсан.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дэх тал/,
түүний өргөдөл /хавтаст хэргийн 2 дахь тал/,
Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 11 дүгээр хороолол “Эрдэнэт-Өргөө” хотхоны 7-А-Б байрны нэг давхарын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дэх тал/,
хохирогчийн төлөөлөгч Д.Б-д цагаан өнгийн хоолойг найман холбогчийн хамт, дөрвөн ширхэг галын шаланкыг 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дахь тал/,
Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 11 дүгээр хороолол “Эрдэнэт-Өргөө” хотхоны 7-А-Б байрны нэг давхарын хяналтын камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 7 дахь тал/,
галын шаланк нэг иж бүрдэл, галын шаланкны хошуу хоёр ширхэгийг хохирогч “Эрдэнэт-Өргөө” хотхоны сууц өмчлөгчдийн холбооны захирал Д.Б-д хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 10 дахь тал/,
“Хас-Үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 1297 дугаартай; “...галын шаланк /25м/ хятад 6 ширхэг 378.000 төгрөг, галын шаланкны хошуу /хаалттай/ 300.000 төгрөг нийт 678.000 төгрөг.” гэсэн хохирлын үнэлгээ /хавтаст хэргийн 33-34 дэх тал/,
Ж.Л-д хоёр ширхэг шаланкны үнэ 80.000 төгрөг төлсөн тухай банкны баримт /хавтаст хэргийн 52 дахь тал/,
хохирогч Т.С-ын “Dell” загварын зөөврийн компьютер хулгайлсан гэмт хэргийн тухайд;
мөрдөн байцаалтын шатанд өгсөн;
хохирогч Т.С-ын “...2023 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Онч” бариа заслын газар дээрээ байж байгаад 12 цаг 40 минутад гаднаас үйлчлүүлэгч ороод ирэхээр нь цаад талын барианы өрөөндөө оруулаад даавуу дэвсээд эргээд үүд хэсэгтээ очоод зөөврийн компьютерээ авах гэтэл алга болчихсон байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 80 дахь тал/,
гэрч Д.С-ийн “...2023 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 13 цагийн үед Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-20 дугаар байрны гадаа сууж байтал зүс таних О.К ирээд сандал дээр сууж байгаад цаашаа “Онч” бариа заслын газар луу ороод минут гаран болоод эргээд гараад ирсэн, тэгснээ “хурдан босоод яваарай” гэж надад хэлсэн, бид хоёр “Сонорхайрхан” төвийн гадаа очоод зогстол сугандаа хар өнгийн хавтгай юм хавчуулчихсан байсан, би “юу юм, хаанаас авсан юм” гэж асуутал “сая хулгайлчихсан юм” гэж хэлсэн, тэгээд би “Онч” бариа заслын газраас хулгайлсан гэж мэдсэн, тухайн үедээ би согтуу байсан болохоор сайн мэдээгүй. Намайг “Сонорхайрхан”-ны гадаа үлдээгэд О.К дотогшоо орчихоод гарч ирэхдээ “өгчихөөд гараад ирлээ” гэж хэлсэн, тэгээд бид хоёр нэг шил 0.5л “Хараа” архи хувааж уучихаад би “явлаа” гээд яваад өгсөн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 82 дахь тал/,
гэрч Б.Ү-ийн “...2023 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр “Сонорхайрхан” худалдааны төвд ажил дээрээ байхад өдрийн 13 цаг 30 минутын үед гаднаас бор царайтай махлагдуу, саарал өнгийн пүүзтэй, эрээн ногоон өнгийн десант өмдтэй, дотуураа саарал өнгийн ноосон малгайтай цамцтай, гадуураа саарал өнгийн өвдөг хүрсэн пальто шиг хүрэмтэй 45-50 орчим насны эрэгтэй хүн “зөөврийн компьютер барьцаанд тавих гэсэн юм” гэж орж ирсэн, “манайх барьцаалан зээлдүүлэх газар биш” гэж хэлтэл, нөгөө хүн “тэгвэл худалдаж авах уу, хэдэн төгрөгөөр авах вэ, эмнэлэгт үзүүлэх гээд мөнгө хэрэгтэй байна” гэж хэлсэн. Тэгээд би “цэнэглэгчийг нь аваад ирвэл үнэ тохироод авч болно, хулгайн эд зүйл биш биз дээ” гэж хэлтэл “манай охин хэрэглэдэг, сүүлийн үед хэрэглэхээ больчихсон, маргааш 10.000 төгрөг нэмж өгөөд эргэж ирээд авчихна” гэхээр нь би зөвшөөртөл маргааш нь иргэж ирээгүй, би 100.000 төгрөгийг “Хаан” банкны АТМ-ээс мөнгө авч бэлнээр өгсөн. ...100.000 төгрөг өгөөд надаас зөөврийн компьютерээ аваад явсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 84 дэх тал/,
О.К-ийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2023 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн өглөө...Сэлэнгэ рестораны урд найз С-тэй тааралдсан...бид хоёр 3-22 дугаар байрны тийшээ явж байтал бас архи уудаг хэдэн залуустай таарахад тэд нар 0.75л архинаасаа өгсөн. ...С бид хоёр буцаад 2 дугаар микр рүү явсан, ам цангаад байхаар нь 3-20 дугаар байрны зах талд нэг онгорхой хаалга байхаар нь ус гуйх гээд яваад ортол үүдний өрөө нь хүнгүй байхаар нь үүд хэсэгт ширээн дээр байсан хар өнгийн зөөврийн компьютерыг хулгайлаад аваад гарчихсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 86 дахь тал/,
“...С-г “явъя” гээд бид хоёр “Сонорхайрхан” руу алхсан, замдаа би С-д зөөврийн компьютер хулгайлснаа хэлсэн, бид хоёр “Сонорхайрхан”-ны гурван давхарт гарч нэг залууд 100.000 төгрөгөөр зарсан, тэр залуу мөнгөө АТМ-ээс авч бэлнээр өгсөн. Мөнгөөрөө архидаад дуусгасан, би анх хулгай хийе гэж ороогүй бөгөөд хүнгүй байхаар нь зөөврийн компьютерыг хулгайлж авсан. ...би цагдаад баригдсанаасаа хойш зөөврийн компьютер худалдаж авсан залууд буцааж 100.000 төгрөг өгч, зарсан зөөврийн компьютерээ авсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 104 дэх тал/,
хохирогч Т.С-ын “...2023 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Онч” бариа заслын төвөөс “Dell” загварын зөөврийн компьютер алдагдсан.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 73 дахь тал/,
түүний өргөдөл /хавтаст хэргийн 74 дэх тал/,
хар өнгийн “Dell” загварын зөөврийн компьютерыг хохирогч Т.С-д хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 77 дахь тал/,
“Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн ТXY-OPX/6382 дугаартай; “...Dell i-5 загварын 13 инчийн дэлгэцтэй зөөврийн компьютер 1.500.000 төгрөг.” гэсэн тооцоолол, дүгнэлт /хавтаст хэргийн 90-93 дахь тал/,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 36 дугаартай, “яллагдагч О.К-т холбогдох эрүүгийн 2325000000222 дугаартай хэргийг 2325000000225 дугаартай эрүүгийн хэрэгт нэгтгэх тухай тогтоол /хавтаст хэргийн 72 дахь тал/,
О.К-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 49, 117 дахь тал/,
эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 63, 119 дэх тал/,
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 65-66 дахь тал/,
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 215 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 67-68 дахь тал/,
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 327 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 69-71 дэх тал/,
шүүх хуралдаан эхлэхэд шинээр гаргаж өгсөн шүүгдэгчээс хохирогч Т.Сд 1.500.000 төгрөг шилжүүлсэн, хохирол нөхөн төлсөн тухай банкны баримт зэрэг болно.
Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн,
хохирогч, гэрч нараас мөн О.К-ээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрсдийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч нар гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Шүүгдэгч О.К-ийг гэм буруутайд тооцох;
шүүгдэгч О.К нь 2023 оны 3 дугаар сарын 29, 30, 31-ний өдрүүдэд Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 11 дүгээр хороолол “Эрдэнэт-Өргөө” хотхоны **** байрны орцноос нийт 678.000 төгрөгийн үнэ бүхий 6 ширхэг галын шаланк, галын шаланкны хошуу зэргийг,
2023 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-20 дугаар байр “Онч” бариа заслын төвөөс 1.500.000 төгрөгийн үнэ бүхий “Dell” загварын зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;
хэргийн үйл баримтын талаарх,
хохирогчийн төлөөлөгч Д.Б-ын “...2023 оны 3 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө 02.00 цаг өнгөрч байхад 17б байрны хоёр давхарт байсан галын шаланкны иж бүрдэл, мөн тус байрны нэг давхарт байсан галын шаланкны иж бүрдэл алдагдсан. 2023 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 20 цаг 40 минутын орчимд 17а байрнаас галын шаланк гурван ширхэг иж бүрдэл, 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдөр 14 цагийн үед 17а байрны нэг давхараас шаланкны иж бүрдэл алдагдаж, хулгай хийсэн хүн нь манай харуул Б-д баригдсан.” гэх,
гэрч Б.О-гийн “...“галын шаланк хоёр ширхэг байна, авах хүн байна уу, би цаана суудаг эмэгтэйд 40.000 төгрөгөөр байнга өгдөг” гэхээр нь би хоёр ширхэгийг 80.000 төгрөгөөр авсан.” гэх,
гэрч Ж.Л-ийн “...2023 оны 3 дугаар сарын 30-ны өглөө 09.00 цаг дөнгөж өнгөрч байхад нэг бүлтгэр нүдтэй, бор ах над дээр ирээд “галын шаланк авах уу” гэж хэлсэн, би “хэд байгаа юм” гэтэл “хоёр ширхэг байна, нэг нь 40.000 төгрөг байдаг шүү дээ” гэж хэлсэн.” гэх,
гэрч П.Б-ы “...2023 оны 3 дугаар сарын 31-ний өдөр СӨХ-ийн харуулаар үүрэг гүйцэтгэж байсан юм, барагцаагаар 12 цагийн үед 17б байр луу орж шалгачихаад буцаад гараад иртэл 17а байрны гадаа нэг залуу гартаа галын шаланк барьчихсан зогсож байсан, ...хулгай хийсэн хүн 17а байрны нэг давхарын галын хайрцагнаас нэг иж бүрдэл галын шаланк хулгайлсан байсан.” гэх,
О.К-ийн өөрийнх нь өгсөн “...шаланк аваад “100 айл” төвийн худалдагч нар дээр нэг ширхэгийг нь 30-40 мянган төгрөгөөр зарчихдаг юм. ...Би нэг өдөр аваагүй, дарааллаад гурван өдөр орж шаланк авсан, харуул хамгаалалт байдаггүй байсан.” гэх мэдүүлгүүдээр,
мөн хохирогчийн төлөөлөгч “Эрдэнэт-Өргөө” хотхоны сууц өмчлөгчдийн холбооны захирал Д.Б-ын “...2023 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 11 дүгээр хороолол “Эрдэнэт-Өргөө” хотхоны 7-А-Б байрны 6 ширхэг шаланк, хошууны хамт алдагдсан.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл,
Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 11 дүгээр хороолол “Эрдэнэт-Өргөө” хотхоны 7-А-Б байрны нэг давхарын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, хохирогчийн төлөөлөгч Д.Б-д галын шаланк, хоолой зэргийг хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэлүүд зэрэг,
хохирогч Т.С-ын “...2023 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр...“Онч” бариа заслын газар дээрээ байж байгаад...үүд хэсэгтээ очоод зөөврийн компьютерээ авах гэтэл алга болчихсон байсан.” гэх,
гэрч Д.С-гийн “...2023 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 13 цагийн үед ...О.К...“Онч” бариа заслын газар луу ороод минут гаран болоод эргээд гараад ирсэн, тэгснээ “хурдан босоод яваарай” гэж надад хэлсэн, бид хоёр “Сонорхайрхан” төвийн гадаа очоод зогстол сугандаа хар өнгийн хавтгай юм хавчуулчихсан байсан.” гэх,
гэрч Б.Ү-ийн “...2023 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр “Сонорхайрхан” худалдааны төвд ажил дээрээ байхад өдрийн 13 цаг 30 минутын үед гаднаас бор царайтай махлагдуу, саарал өнгийн пүүзтэй, эрээн ногоон өнгийн десант өмдтэй, дотуураа саарал өнгийн ноосон малгайтай цамцтай, гадуураа саарал өнгийн өвдөг хүрсэн пальто шиг хүрэмтэй 45-50 орчим насны эрэгтэй хүн “зөөврийн компьютер барьцаанд тавих гэсэн юм” гэж орж ирсэн.” гэх,
О.К-ийн өөрийнх нь өгсөн “...2023 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн өглөө...3-20 дугаар байрны зах талд нэг онгорхой хаалга байхаар нь ус гуйх гээд яваад ортол үүдний өрөө нь хүнгүй байхаар нь үүд хэсэгт ширээн дээр байсан хар өнгийн зөөврийн компьютерыг хулгайлаад аваад гарчихсан.” гэх мэдүүлгүүдээр,
хохирогч Т.С-ын “...2023 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Онч” бариа заслын төвөөс “Dell” загварын зөөврийн компьютер алдагдсан.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл,
шүүх хуралдаан эхлэхэд шинээр гаргаж өгсөн хохирогч Т.С-д зөөврийн компьютерийн үнэ 1.500.000 төгрөг шилжүүлсэн хохирол нөхөн төлснийг нотлох банкны баримт зэрэг хэрэгт цуглуулсан баримтуудаар тогтоогдож байх бөгөөд нотлох баримтууд хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүйгээс гадна шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд;
Шүүгдэгч О.К нь 2023 оны 3 дугаар сарын 29, 30, 31-ний өдрүүдэд Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 11 дүгээр хороолол “Эрдэнэт-Өргөө” хотхоны **** тоот байрны орцноос нийт 678.000 төгрөгийн үнэ бүхий 6 ширхэг галын шаланк, галын шаланкны хошуу зэргийг,
үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 3-20 дугаар байр “Онч” бариа заслын төвөөс 1.500.000 төгрөгийн үнэ бүхий “Dell” загварын зөөврийн компьютерыг тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, хохирогч нарт учирсан хохирол нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “хулгайлах” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломжийг бүрдүүлсэн буюу бүрмөсөн зарцуулсан үйлдэл байдаг бөгөөд бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд хохирол учруулж халдаагүй, харин эд хөрөнгийг эзэмшигч, өмчлөгчид нь мэдэгдэлгүйгээр нууц далд аргаар авсан байдаг онцлогтой.
Шүүгдэгч О.К нь хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн байх боловч тухайн обьект руу нэвтрэхийн тулд хэн нэгнээс тусгайлан зөвшөөрөл авах, эсхүл хууль бус арга хэрэглэх шаардлага үүсээгүй, нийтийн орчин гэж үзнэ.
Шүүгдэгч О.К-ийн бусдын өмчлөх эрхийн эсрэг үйлдсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй,
Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хулгайлах” гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан,
шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийн үйл баримтын талаарх шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг бусад нотлох баримтуудыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийхэд түүний гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх шүүгдэгч О.К-ийг “үргэлжилсэн үйлдлээр, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч О.К-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх;
шүүх шүүгдэгч О.К-ийг “үргэлжилсэн үйлдлээр, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
мөн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч О.К-ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх шүүх хуралдааны үед;
улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 1 жил хорих ял оногдуулах.” гэсэн,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б “...өөрийн гэм буруугаа хүлээж байгаа байдал, хохирогч нарт учруулсан хохирлыг төлсөн зэргийг нь харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү.” гэсэн саналыг тус тус гаргасан болно.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгчид оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзан үзлээ.
Шүүх шүүгдэгч О.К-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн түүний архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, урьд энэ төрлийн гэмт хэргүүдийг гурван удаа үйлдэж хорих ялыг биечлэн эдэлж байсан хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлснийг, мөн ар гэрийн ахуй амьдрал, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж,
оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас түүний 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 6 дугаар сарын 28-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 26 хоногийн нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон хасаж,
зорчих эрхийг хязгаарлах ялыг өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглож, ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг анхааруулж,
шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн.”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,
мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй.
Бусад асуудал;
Хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх зэрэг хуулиар олгогдсон эрхтэй.
Шүүх хавтаст хэргийн 6, 10 дахь талуудад авагдсан хохирогчийн төлөөлөгч “Эрдэнэт-Өргөө” хотхоны сууц өмчлөгчдийн холбооны захирал Д.Бод галын шаланк, галын шаланкны иж бүрдэл, галын шаланкны хошуу, хоолой зэргийг хүлээлгэж өгсөн тухай мөрдөгчийн тэмдэглэлүүд,
Ж.Л-д хоёр ширхэг шаланкны үнэ 80.000 төгрөг төлсөн тухай банкны баримт /хавтаст хэргийн 52 дахь тал/,
Б.О-гийн “...эгч нь гээд нэг эмэгтэй ирээд мөнгийг маань эргүүлж өгөөд галын шаланкыг аваад явсан.” гэх /хавтаст хэргийн 19 дэх тал/,
Б.Ү-ийн “...100.000 төгрөг өгөөд надаас зөөврийн компьютерээ аваад явсан.” гэх /хавтаст хэргийн 84 дэх тал/ мэдүүлгүүдийг болон шүүх хуралдаан эхлэхэд шүүгдэгчийн шинээр гаргаж өгсөн хохирогч Т.С-д зөөврийн компьютерийн үнэ 1.500.000 төгрөг шилжүүлсэн хохирол нөхөн төлснийг нотлох банкны баримт зэргийг үндэслэн шүүгдэгч О.К-ийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 11 дүгээр хороолол “Эрдэнэт-Өргөө” хотхоны 7-А-Б байрны нэг давхарын хяналтын камерын бичлэг бүхий хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж,
битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.К 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 6 дугаар сарын 28-ны өдөр хүртэл 26 хоног цагдан хоригдсон, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдаж,
шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.К-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч О.К-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.К-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.К-т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас түүний 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 6 дугаар сарын 28-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 26 хоногийн нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон хасаж, эдэлбэл зохих ялын хэмжээг 11 /арван нэг/ сар 4 /дөрөв/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.К-ийг 11 /арван нэг/ сар 4 /дөрөв/ хоногийн хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.К-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан “Эрдэнэт-Өргөө” хотхоны хяналтын камерын бичлэг бүхий хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж,
битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.
8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ