Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 15

 

Б.Т-, Э.Т-, А.У-, Г.О-

Б.Х-, Б.Ө- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2019/0443/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Туяа даргалж, шүүгч Ц.Амаржаргал, ерөнхий шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдаанд:          

Прокурор                                      Б.Сүрмандах

Шүүгдэгчийн өмгөөлөгч               Ө.Өлзиймаа, Л.Оюунсувд,

Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

              Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 476 дугаар шийтгэх тогтоолтой, Б-ийн Т-, Э-ийн Т-, А-ын У-, Б-ы Х-, Г-ийн О-, Б-ын Ө- нарт холбогдох, 1918003810343 дугаартай эрүүгийн хэргийг дээд шатны прокурорын гаргасан эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ********** регистрийн дугаартай, Х- овогт Б-ийн Т-,

Монгол Улсын иргэн, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ********** регистрийн дугаартай, Т- овогт Э-ийн Т-,

Монгол Улсын иргэн, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ********** регистрийн дугаартай, Х- овогт А-ын У-,

Монгол Улсын иргэн, шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, : **********/ регистрийн дугаартай, Б- овогт Б-ы Х-,

Монгол Улсын иргэн, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ********** регистрийн дугаартай, Б- овогт Г-ийн О-,

Монгол Улсын иргэн, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ********** регистрийн дугаартай, Ж- овогт Б-ны Ө-,

Шүүгдэгч Г.О-, Б.Т-, Э.Т-, Б.Х-, А.У-, Б.Ө- нар нь 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр бүлэглэн Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрээс сэтгэцэд нөлөөлөх бодис болох дельта-9- тетрагидроканнабинолын агууламж бүхий ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэж, 63-12УНЕ улсын дугаартай Тоёото приус 20 маркийн тээврийн хэрэгсэлд хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 476 дугаар шийтгэх тогтоолоор:

Х- овогт Б-ийн Т-, Т- овогт Э-ийн Т-, Х- овогт А-ын У-, Б- овогт Б-ы Х-, Б- овогт Г-ийн О-, Ж- овогт Б-ны Ө- нарыг хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1.т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1.т заасныг журамлан Х- овогт А-ын У-, Б- овогт Б-ы Х-, Б- овогт Г-ийн О-, Ж- овогт Б-ны Ө- нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1.т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1.т заасныг журамлан Х- овогт Б-ийн Т-, Т- овогт Э-ийн Т- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1.т заасан хорих ялыг оногдуулахыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1., 7.3 дугаар зүйлийн 2.5.т зааснаар тэнссэн хугацаанд Г.О-, Б.Т-, Э.Т-, Б.Х-, А.У-, Б.Ө- нарт оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг сануулж, шүүхийн шийдвэрийн биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4.т зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Т-, Э.Т- нарыг хараа хяналтдаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг эх Б.Лхамсүрэн, Т.Э- нарт даалгаж,

Шүүгдэгч нар нь хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 8 ширхэг ууттай ногоон өнгийн ургамал бүхий зүйл, 50 төгрөгийн мөнгөн дэвсгэрт хуйлж нүхэлж хийсэн 2 ширхэг нүхтэй жижиг усны сав 1 ширхэг, 3 хос ажлын бээлий, Г.О-, Б.Т-, Э.Т-, Б.Х-, А.З-, А.У-, Б.Ө- нарын мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаагаар хурааж авсан А.У- гэж хаягласан 3395 гэж дугаарласан, Б.Т- гэжхаягласан 3390 гэж дугаарласан, Г.О- гэж хаягласан 3394 гэж дугаарласан, 3394, Э.Т- гэж хаягласан 3537 дугаарласан, Б.Ө- гэж хаягласан 3393 гэж дугаарласан, Б.Х- гэж хаягласан 3391 гэж дугаарласан ууттай ногоон өнгийн ургамал бүхий зүйл, мөн яллагдагч нарын 197, 198, 199, 200, 201, 202, 203 дугаартай зөвшөөрлөөр хураан авсан толгойн үс зэргийг шийтгэх тогтоол хүчин Т- болмогц устгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 5.т зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5.т зааснаар шийтгэх тогтоол хүчин Т- болтол шүүгдэгч Г.О-, Б.Т-, Э.Т-, Б.Х-, А.У-, Б.Ө- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор эсэргүүцэлдээ:

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглэж, шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 63-12 УНЕ улсын дугаартай “Тоёото Приус 20” маркийн тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгч нараас гаргуулах талаар шийдвэрлээгүй буюу Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлд заасан эд хөрөнгө хураах, эсхүл үнийг гаргуулж шийдвэрлэх хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.1.т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугар сарын 19-ны өдрийн 476 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2.т заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1.т зааснаар Дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив. Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор эсэргүүцлээ дэмжин оролцох болно гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Сүрмандах дүгнэлтдээ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тул эсэргүүцэл бичсэн. Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан авто машины үнийг гаргуулж улсын орлого болгоогүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна. Иймд Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 476 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг тус шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэв..

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа тайлбартаа:

Прокурорын гаргасан эсэргүүцлийг дэмжихгүй байна. Шүүгдэгч нар тухайн авто машиныг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан зүйл байхгүй. Тухайн авто машин нь одоо хэрэг нь тусгаарлагдсан байгаа н.З-ын эхнэрийг авто машин гэдэг нь хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд тогтоогдсон. Прокурор анхан шатны шүүх хурал болон яллах дүгнэлтдээ энэ талаар огт дурдаагүй бөгөөд одоо ийм эсэргүүцэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Оюунсувд тайлбартаа:

Өмгөөлөгч Ө.Өлзиймаагийн гаргасан тайлбарыг дэмжиж байна. Анхан шатны шүүх яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэсэн гэж ойлгож байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Шүүгдэгч Г.О-, Б.Т-, Э.Т-, Б.Х-, А.У-, Б.Ө-, А.З- нар нь 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр бүлэглэн Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрээс сэтгэцэд нөлөөлөх бодис болох дельта-9 тетрагидроканнабинолын агууламж бүхий ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэхдээ 63-12УНЕ улсын дугаартай Тоёото приус 20 маркийн тээврийн хэрэгсэлийг ашигласан, хадгалсан нь гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хавтас 5-10 дугаар тал/, гэрч Б.Х- мэдүүлэг /1-р хавтас 88 дугаар тал/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 3396 дугаартай дүгнэлт /1-р хавтас 160 дугаар тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 63-12УНЕ улсын дугаартай Тоёото приус 20 маркийн тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч А.З-ын хамтран амьдрагч Б.Д-гийн эзэмшлийн авто машин байр тул уг тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгч нараас гаргуулж улсын орлогод нь зүйтэй юм.

Учир нь Эрүүгийн хэргийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдлийг хэрэгжүүлэх явцдаа зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын хэрэгсэл, техник, тээврийн хэрэгсэл бусад уналга, харилцаа холбооны болон цахим хэрэгсэл, тоног төхөөрөмж болон орчиндоо аюул учруулж болох бусад хэрэгсэл, эд зүйлийг ашиглах нь гэмт хэргийн нийгмийн хор аюулыг нэмэгдүүлж учруулах хохирлыг ихэсгэхээр барахгүй цаашид гэмт хэрэг үйлдэх бодитой аюул заналыг бий болгодог тул тэдгээрийг хураан авч устгах, улсын орлого болгох, хохирол төлүүлэхэд зарцуулахаар Эрүүгийн хуульд заасан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дуугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь тухай гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч улсын орлого болгохоор заасан бөгөөд хэрэв тээврийн хэрэгсэл бусдын өмчлөлд байгаа бол тээврийн хэрэгслийг үнэлж, үнийг гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувьд ногдох эд хөрөнгөнөөс албадан гаргуулахаар заасан билээ.

Гэмт хэрэг үйлдэхэд ашиглагдсан боловч бусдын өмчлөлд байсан тоног, төхөөрөмж, тээврийн хэрэгслийн үнийг гэмт хэрэг үйлдсэн этгээдээс гаргуулж байх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэн тухай хуулийн зорилгод нийцнэ.

Тухайлбал: Нийтийн ашиг сонирхол, аюулгүй байдлыг цаашид гэмт халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэх мөн тийм байдлаар гэмт хэрэг үйлдэхээс татгалзуулахад  чухал ач холбогдолтой гэж үзнэ.      Иймд Прокурорын эсэргүүцлийг хангаж анхан шатны шүүхийн 476 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 476 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Б.Т-, Э.Т-, А.У-, Б.Х-, Г.О-, Б.Ө- нарт холбогдох, 1918003810343 дугаартай, 2 хавтастай эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасугай.

2. Дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

3. Хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх хүртэл шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн  гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ц.ТУЯА

                                                               ШҮҮГЧ                                    Ц.АМАРЖАРГАЛ

                                            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Б.МАНЛАЙБААТАР