Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 128/2021/0354

 

2021 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 128/ШШ2021/0354

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б овгийн Э.Г

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/511, 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/349 дугаартай захирамжуудыг хууль бус байсан болохыг тогтоож, түүний улмаас нэхэмжлэгчид учирсан хохиролд 61,425,000 төгрөгийг гаргуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Энхжаргал нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодруулж байна. Нэхэмжлэгч Э.Гнь Нийслэлийн засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/349 дүгээр захирамжийг эс зөвшөөрч, уг захирамжийг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, улмаар тус захиргааны хэргийг үнэн зөвөөр шийдвэрлүүлэхээр холбогдох нотлох баримтуудыг гаргуулан хэрэгт хавсаргуулах, үзлэг хийлгүүлэх, гэрчийн мэдүүлэг авахуулах зэрэг олон ажиллагааны явцад хариуцагчийн 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/349 дүгээр захирамж нь хууль бус болох нь улам бүр тодорхой болж, нэхэмжлэгчийн хууль ёсны эзэмшил бүхий газар гэдгийг мэдсээр байж нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гаргасан, ингээд зогсохгүй уг хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа Нийслэлийн Боловсролын газарт давхцуулан эзэмшүүлэх шийдвэрийг 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Газар эзэмших эрх олгох тухай А/511 дүгээр захирамжаар олгосон, шүүхэд маргаан хянан хэлэлцэгдэж байх явцад гуравдагч этгээд нь уг газар дээр цэцэрлэгийн барилга барьж, улсын комисст хүлээлгэн өгч ашиглалтад оруулсан болох нь тодорхой болоод байна.

Нэхэмжлэгчийн эзэмшил бүхий газрыг бүр анх буюу 2016 онд Баянзүрх дүүргийн засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/192 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэг, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3 дахь заалт, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэг, 33 дугаар зүйлийн 33.1.1, 33.1.2 дахь заалт, Дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай тогтоолыг тус тус үндэслэн Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ авахыг хүсч хүсэлтээ ирүүлсэн хавсралтад нэр дурдсан 749 иргэн, аж ахуй нэгж байгууллагад 712 147 м2 газрыг 15 жилийн хугацаатай эзэмших, ашиглах эрхийг олгож баталгаажуулсугай гэж шийдвэрлэсэн байдаг бөгөөд уг захирамжийн хавсралт болох Газар эзэмших эрх олгох иргэн, аж ахуй нэгж байгууллагын жагсаал-тад №14. Газар эзэмшигчийн овог, нэр С******* Б*******. Регистрийн дугаар , хаяг байршил Эрдэнэтолгой ******* тоот, зориулалт Гэр бүлийн хэрэгцээнд, хэмжээ 182.0 м.кв, хугацаа 15 жил, Эдэлбэрийн хэлбэр эзэмших гэж шийдвэрлэсэн байдаг.

Үүний дараа уг газрыг нэхэмжлэгч Э.Г нь Монгол Улсын газрын тухай хууль, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 0б-ны ӨДРИЙН А/81 тоот шийдвэр, тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас эрхийн улсын бүртгэлийн Э-2******* дугаарт бүртгэж олгогдсон 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 000014936 дугаар Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, мөн дүүргийн Газрын албатай байгуулсан 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн №0*******-2019/00******* дугаар Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ зэрэг холбогдох хууль, эрх бүхий байгууллагын шийдвэр, хууль ёсны гэрчилгээ, холбогдох гэрээний үндсэн дээр Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн  дугаар хорооны Эрдэнэтолгой-1 гудамжны 2а хаягт байрлах ******* дугаар нэгж талбартай 182.0 м.кв газрыг Гэр, орон сууцны хашааны газар-ын зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар хуулийн дагуу өнөөдрийг хүртэл эзэмшиж байсан юм.

Дээрх бодит нөхцөл байдлуудаар нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон Баянзүрх дүүргийн Засаг даргын А/81 дүгээр захирамжийн хавсралтын 4 дэх хэсгийг хүчингүйд тооцож байгаа нь үндэслэлгүй болох нь тодорхой болж байгаа бөгөөд цаг хугацааны хувьд дүүргийн Засаг даргаас зохих хуулийн дагуу, газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу холбогдох хуулийг зөрчихгүйгээр иргэнд эзэмшүүлэхээр олгогдсон газрыг хожим нь үндэслэлгүйгээр буруутгаж Нийслэлийн Боловсролын газарт давхардуулан олгож, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироогоод байгаа ба түүний улмаас нэхэмжлэгч нь хуулийн дагуу эзэмшсэн газраа эзэмшигчийн ёсоор ашиглах ямар ч боломжгүй болсон төдийгүй уг газрыг өмчлөлийн болгуулахаар гаргасан хүсэлтээ шийдвэрлүүлж чадаагүй, улмаар өмчлөгчийн эрх зүйн байдлаар газраа захиран зарцуулах боломжгүй болгож хохироосон.

            Хэрэв хариуцагч нь маргаан бүхий 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/349 дүгээр захирамжийг гаргаагүй бол нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол зөрчигдөхгүй байсан бөгөөд ийнхүү хохирол учрахгүй байх байсан бөгөөд хуулийн дагуу олгосон газраа зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж, үр шимийг нь хүртээд байж байх ёстой. Нэхэмжлэгч нь өөрийн эзэмшил бүхий газрын үнэлгээг хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллага болох Д ХХК-иар үнэлгээ хийлгүүлэхэд 61.425.000 төгрөг болж байна.

            Хэрэв хариуцагч нь маргаан бүхий хууль бус актыг гаргахаас өмнө үүссэн нөхцөл байдлуудыг бүх талаас нь ул суурьтайгаар нягтлан тодорхойлж, нэхэмжлэгчийн эрх ашиг сонирхлыг хохироохгүйгээр буюу хуулийн дагуу нэхэмжлэгчтэй харилцан зөвшилцөж нийтийн эрх ашгийн төлөө газрыг зохих нөхөн олговортойгоор шийдвэрлэсэн бол нэхэмжлэгч нь асуудлыг хэлэлцээрийн журмаар хуулийн дагуу шийдвэрлэх бүрэн боломжтой байсан. Хариуцагч нь хэдийгээр нийтийн эрх ашиг сонирхлыг төлөө шийдвэр гаргаж байгаа ч энэ нь Монгол Улсын хуулиар гадуур, хуулийг зөрчиж, хууль бус байдлаар шийдвэрлэгдэх ёсгүй, энэ зарчмыг Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг ... шударга ёс, ...тэгш байдал, ...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэж тунхаглаж зааж өгсөн ба төрийн бүх байгууллага өөрийн үйл ажиллагаандаа хэлбэрэлтгүй дагаж мөрдөх ёстой. Мөн үндсэн хуулийн 16 дугаар зүйлд Монгол Улсын иргэн дараах үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ гээд 3 дахь хэсэгт Хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө гэж тунхаглан заасан, Үндсэн хуулийн энэ агуулгыг Газрын тухай хуулийн 42 болон 43 дугаар зүйлүүдэд тодорхой хуульчлан тогтоож өгсөн байхад ийнхүү шийдвэрлээгүйгээс нэхэмжлэгч эцэстээ хохирч үлдэхэд хүрээд байна.

Иймд хариуцагчийн Нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Газар эзэмших эрх олгох тухай А/511 дүгээр захирамж, 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/349 дүгээр захирамжийг хууль бус байсан болохыг тогтоож, түүний улмаас нэхэмжлэгчид учирсан хохиролд хариуцагчаас 61.425.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүхийн хэлэлцүүлэг, асуулт хариултын шат, нотлох баримт шинжлэн судлах явцад дараах зүйлүүд тодорхой болж байна. 2013 оны 01 сарын 31-ний өдрийн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 07/29 тогтоол болон газар зохион байгуулалтын төлөвлөгөө биш гэдгийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өөрөө хэлж байна. Үүнийг газар зохион байгуулалтын төлөвлөгөө гэж үзэх үндэслэлгүй. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг эхлүүлэх зарим байршлыг тогтоох гэж байгаа. Байршил тогтоож байгаа тогтоол юм. Төлөвлөгөө батлах тухай тогтоол биш юм. Төлөвлөгөө батлах тухай тогтоол тусдаа гардаг. Харьцуулаад үзэхэд өөр газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлаад тэр төлөвлөгөө нь дотроо маш нарийн бөгөөд тухайн жилдээ бүхэлд нь авч хэлэлцүүлэх цогц төлөвлөгөө байгаа. Түүнийг газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөө гэж нэрлэдэг. Түүнийг хүлээн зөвшөөрч байгаа нь сайшаалтай байна. 2013 оны 01 сарын 31-ний өдрийн өдрийн гэр хорооллын дахин төлөвлөлтийг эхлүүлэх, зарим байршлыг тогтоох тухай тогтоолыг үндэслээд энэ бол Нийслэлийн Засаг даргаас Газрын тухай хуулийн 21.2.3-д заасан эрх хэмжээний хүрээнд олгох төлөвлөгөө гэдгийг тайлбарлах буюу үндэслэлгүй болох нь тогтоогдож байна. Энэ тогтоол бол хариуцагчийн үндэслэлд хамаарахгүй ач холбогдолгүй өөр зүйл байна. 2015 оны 11 сарын 30-ны өдөр Газрын тухай хуулийн 21.2.3-д заасан хэрвээ Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлаад тэр төлөвлөгөө нь маргаан бүхий газрыг нийслэлийн Засаг даргаар газар эзэмшүүлэхээр төлөвлөгөөнд тусгаад заасан байх юм бол нийслэлийн Засаг дарга эрх хэмжээгээ хэрэгжүүлээд явахад ямар ч нэхэмжлэгчийн зүгээс маргаад үр дүн олохгүй байсан. Гэтэл нотлох баримт шинжлэн судлахад 2015 оны 11 сарын 30-ны өдрийн газар зохион байгуулалтын 32/32 гэдэг төлөвлөгөөнд аль ч задаргаа дээр авч үзсэн маргаан бүхий газар дээр Нийслэлийн Засаг даргаас Газрын тухай хуулийн 21.2.3-д заасны дагуу бусад гэр бүлийн зориулалтаар газар эзэмшүүлэх зүйл тусгагдаагүй байна гэдэг нь тодорхой болсон. 2016 оны 01 сарын 19-ний өдрийн Баянзүрх дүүргийн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө баталсан байна. Энэ төлөвлөгөөний 2-т өмчлөх эзэмшүүлэх ашиглуулах газрын байршлыг тогтоосон байна. 2.1-д иргэний гэр бүлийн хэрэгцээнд шинээр газар эзэмшүүлэх гэж яг зөв зааж өгчээ. Хаяг байршлын 8 дугаар хороо, Эрдэнэ толгой гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгоно гэж заасан. Энэ талаар Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөвлөгөөнд тусгаж өгөөд энэ төлөвлөгөөнд үндэслэж анх С.Б гэх хүнд 2016 оны 5 сарын 30-ны өдрийн А/192 дугаар захирамж гаргасан. Энэ захирамж нь дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолыг үндэслэж байгаа гэдэг нь бүрэн дүүрэн тогтоогдож байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч үнэн зөвөөр хариулсанд баярлаж байгаа. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөвлөгөөнд энэ газар бол өнөөдрийг хүртэл тусгагдаагүй юм байна. Нийслэлийг Засаг даргаас газар эзэмшүүлэхээр тусгагдсан зүйл өнөөдрийг хүртэл байхгүй. Шүүх хуралдааныг хэлэлцүүлж байгаа энэ агшинд хүртэл байхгүй гэдэг нь бүрэн дүүрэн тогтоогдож байна. Үүнийг нотолсон баримт бол хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газраас Газрын алба руу ирүүлсэн баримтууд байгаа. 2019 оны төлөвлөгөөнд Нийслэлийг Засаг даргаас газар эзэмшүүлэхээр тусгагдаагүй болох нь бүрэн дүүрэн тогтоогдож байна. Үүнийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүлээн зөвшөөрч байна. Үүн дээр үндэслээд хариуцагч бол Газрын тухай хуулийн 61.1 дэх заалтыг барьж байна. 61.1 дэх заалт нь дээд шатны Засаг дарга нь хүчингүй болгоно гэсэн заалт байгаа. Энэ бол маргааныг шийдвэрлэхэд төдийлөн ач холбогдол байхгүй. Хамгийн гол маргаж байгаа зүйл бол Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 21.2.3-д зааснаар уг маргаан бүхий газар нь дүүргийн Засаг даргын олгох газар биш Нийслэлийг Засаг даргын олгох эрх хэмжээний газар гэж маргаж байгаа. Гэтэл Газрын тухай хуулиар 21.2.3-д зааснаар Нийслэлийг Засаг даргаас олгох эрх хэмжээ зөвхөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу гэж байгаа. Хэрвээ төлөвлөгөөнд тусгагдаагүй бол дур мэдэж энэ миний эрх хэмжээний газар, би энд олгоно тэгэхэд чи олгосон байна гэдэг байдлаар асуудалд хандаж хуулийг гажуудуулж эрх хэмжээгээ хэрэгжүүлэх ямар ч боломж байхгүй. Энэ бол хууль юм. Маш тодорхой нөхцөлийг хуульчилж өгсөн.

... Мөн удаа дараагийн С.Б-д газар эзэмших эрх олгоод нэхэмжлэгчид шилжүүлэхэд 2 удаагийн Ус сувгийн газраас ирүүлсэн албан тоотуудаар харагдана. Тийм учраас олгох журмаар олгоод явсан байна. Аман тайлбараар инженерийн шугам сүлжээ бүхий газар байна гэж хариуцагч тайлбарлаад байна. Улсын дээд шүүхийн тайлбараар энэ газар нь инженерийн шугам сүлжээ бүхий газар байна гэж нотолсон зүйл байхгүй. Үгүйсгэсэн баримтууд хавтаст хэрэгт авагдсан. 2013 онд нэхэмжлэгчийн байгаа газрын ойр орчмыг иргэд Б ХХК-тай гэрээ байгуулсан. Дүүргийн Засаг даргаас газрыг эзэмшүүлсэн бөгөөд энэ газрыг нийслэлийн Засаг даргаас хүчингүй болгох үндэслэлгүй. Тийм учраас төсөл хэрэгжүүлэгч компани нь өөрөө сайн дураараа иргэдтэй харилцан тохиролцож үнийг нь төлөх замаар энэ асуудлыг шийдэж байгаа. Хариуцагчийн ярьж байгаагаар гэрээ байгуулах иргэдийг бүгдийг нь нийслэлийн Засаг дарга хүчингүй болгох агуулга бүхий юм ярьж байгаа. Энэ бол үндэслэлгүй юм. Хуулийн гол агуулгыг барьж нөхцөл дүгнэлт хийх ёстой. Агуулга харахаар 2014 оны 01 сарын 19-ний өдрийн Баянзүрх дүүргийн зөвхөн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай А/39 дүгээр тогтоол өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байж байгаа. 2016 оны 5 сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн Засаг дарга А/192 дугаар захирамж гаргаж С.Б болон бусад иргэдэд газар эзэмшүүлэх гээд энэ тогтоолоор батлагдсан тус төлөвлөгөөг үндэслэсэн зүйл дурдсан. Хариуцагч 2016 онд уг газрыг С.Б олгосон дүүргийн Засаг даргын захирамжтай маргахгүй байгаа. Энэ бас ойлгомжгүй байгаа. С.Б*******ын газрыг хүлээн зөвшөөрч байгаа. Гэтэл С.Б*******ын захирамжийг шилжүүлсэн газар байгаа. Шинээр олгосон зүйл байхгүй. Гэрчийн мэдүүлгээр хууль тогтоомж зөрчөөгүй байсан учраас дүүргийн Засаг даргаас иргэдэд газар эзэмшүүлж ирсэн. Нэхэмжлэгч болон С.Б захирамж хууль тогтоомж зөрчөөгүй байсан учраас газрыг эзэмшүүлж, шилжүүлэх захирамж гаргасан тухай гэрчийн мэдүүлэг байгаа. Дээрх нөхцөл байдлаар хариуцагчийн гаргасан 2 захирамж хууль бус болох нь тогтоогдож байна. Тийм учраас хууль бус байсан болохыг тогтоож уг актуудын улмаас газрыг эзэмших цаашлаад өмчлөх үр шимийг хүртэх, ашиглах боломжгүй болсон. Нэхэмжлэлийн шаардлагаа хууль бус байсан болохыг тогтоогоод хохирлоо гаргуулах гэж байгаа. Актууд хууль бус байсан бөгөөд одоо цэцэрлэг баригдсан түүнийг хүчингүй болгоод цэцэрлэгийг буулгаж болохгүй, нийтийн ашиг сонирхол байгаа учраас хохирлоо гаргуулах нь нөхцөл байдалд уян хатан хандаж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Нийслэлийн боловсролын газарт эзэмшүүлэхээр гаргасан захирамж бол нэгэнт Газрын тухай хуулийн 21.2.3 дах заалтыг зөрчсөн. Хариуцагч өөрөө хүлээн зөвшөөрсөн. Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөвлөгөө батлагдаагүй гэсэн. Тэгэхээр хууль бус байсан болох нь тогтоогдож байгаа. Давхацсан байдлын зураг нь 2007 оноос давхардуулсан байдлаар зургийг ирүүлсэн байдаг. Нотлох баримтыг үнэлэх талаар шүүх анхаарч үзээсэй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүчингүй болгосон захирамж нь өөрөө нэхэмжлэгчийн маргаж байгаа 2020 оны А/349 дүгээр захирамжийн үндэслэл хэсэг дээр Газрын тухай хуулийн 61.1 дэх заалтыг барьсан. 61.1-д Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэж заасан. Гол барьсан зүйл юу вэ? гэхээр Газрын тухай хуулийн 51.2.4,51.2.5 дэх заалтыг барьсан. Юу харагдаж байгаа вэ? гэхээр нэхэмжлэгч нь тухайн газрыг Газрын тухай хуулийн 21.2.3-д заасны дагуу Нийслэлийн Засаг даргын захирамжаар газар олгох эрх хэмжээтэй газрууд байдаг. Үүн дээр Баянзүрх дүүргийн Засаг дарга нь Газрын тухай хуулийг зөрчиж газар олгосон. Ингээд Газрын тухай хуулийн 61.1-д заасны дагуу газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. 2020 оны А/349 дүгээр захирамжийг хуульд заасны дагуу арга хэмжээ авсан.

... Маргаан бүхий захиргааны акт буюу Э.Г-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон захиргааны актын хүрээнд ярихад Газрын тухай хуулийн 21.2.3, 21.2.4, 21.5.3 гэж баримталсан. Газрын тухай хуулийн 21.2.3-д нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна гэж заасан. 2017 оны таны яриад байгаа 2016 онд анх С.Б олгосон биш жил болгон баталдаг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөвлөгөөнд хамаарахгүй. Тухайн жилийн төлөвлөгөө биш өмнөх ерөнхий төлөвлөгөө болон хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд үе шатны төсөл гэдэгт хамаарах юм. 8 дугаар хороонд гэр бүлийн хэрэгцээний 2,5 га газрыг 50 иргэнд олгоно гэж байгаа. 8 дугаар хороо дотроосоо шугам сүлжээнд холбогдоогүй хэсэгт олгох ёстой байсан. Та болохоор өөрөө яриад байгаа зүйлээ үгүйсгээд байна. Энэ чинь бол инженерийн шугам сүлжээнд хамаарахгүй гэж байна. Инженерийн шугам сүлжээнд хамаарахгүй бол анх яагаад С.Б 2016 онд тухайн газар эзэмших эрхийг анх шинээр авахдаа Ус сувгийн удирдах газраас бичиг авах вэ? гэдэг зүйл байна. Хамаарч байгаа учраас тухайн хэсгээс бичиг авч эзэмших эрх олгосон. Нийслэлийн Засаг даргын эрх хэмжээний газар байсан гэдэг нь тодорхой харагдаж байгаа. 225 дугаар хуудасны тухайд тухайн жилийн төлөвлөгөө болон хотын төлөвлөгөө гэж тус тусад нь салгаж ойлгохгүй бол Газрын тухай хуулийн 21.2.3-д заасан зүйлийг зөвхөн тухайн жилийн төлөвлөгөө гэдэг дээр хамаараад байж болохгүй. 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй зүйл байна гэдэг нь хамаарч байгаа. 227 дугаар хуудсанд байгаа 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй ч өмнөх оны ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөнд хамаарсан байна шүү гэдэг нь нотлогдож байна гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Х шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...Нийслэлийн Боловсролын газар нь иргэний Үндсэн хуулиар олгогдсон сурч боловсрох эрхийг хангахтай холбогдсон Монгол Улсын боловсролын бодлого шийдвэрийг хүртээмжтэй чанартайгаар бүх хүүхдүүдэд тэгш, сургуулийн өмнөх болон бүрэн дунд боловсрол олгохтой холбогдсон харилцааг нийслэлийн хэмжээнд зохион байгуулдаг. Сургалт хүмүүжлийн орчны боловсролын стандартыг хэрэгжүүлэхэд сургууль цэцэрлэгийн барилгын хүрэлцээ дутмаг 1 цэцэрлэгийн 1 ангид 56-60 хүүхэд хүмүүжиж, мөн цэцэрлэгийн насны хүүхдүүдийг цэцэрлэгт бүрэн хамруулж чадахгүй байгаа зэрэг олон хүндрэлтэй асуудлууд гардаг. Эрх бүхий байгууллагын газар зохион байгуулалтын талаар урьдчилан төлөвлөгөө хэрэгцээ шаардлагын дагуу гаргасан шийдвэрүүдийг үндэслэн улсын цэцэрлэг сургуулиудыг шат дараатайгаар төлөвлөн барьж байгуулдаг.

Дээрх нийгмийн зайлшгүй хэрэгцээ шаардлага, хуулиар олгосон эрх үүргийн хүрээнд нийслэлийн Боловсролын газарт нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 29- ний өдрийн А/511 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт 1******* дугаар бүхий 7067.0 м.кв /га/ газрыг цэцэрлэгийн зориулалтаар олгож тус газар дээр 240 хүүхдийн ор бүхий хүчин чадалтай цэцэрлэгийг улсын төсвийн санхүүжилтээр гүйцэтгэж байна.

Нэхэмжлэгчийн дурдсан Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/349 дүгээр захирамж, 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Газар эзэмших эрх олгох тухай А/511 дүгээр захирамжуудыг хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Маргаан бүхий газрыг нэхэмжлэгчид олгосон нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3. нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэнэ. Уг асуудлыг шийдвэрлэхэд холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байна; 21.2.4.хотын хөгжлийн ерөнхий; төлөвлөгөөний үе шатны төсөл болон тухайн жилийн газар зохион байгуулалтын батлагдсан төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 11.2.3-т заасан газар эзэмшүүлэх, ашиглуулах ажлыг зохион байгуулах, 21.5.3. энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах; гэж тус тус заасныг зөрчсөн тул Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай" Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/81 дүгээр захирамжийн хавсралтын 4 дэх хэсгийг хүчингүйд тооцсон Нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай А/349 дүгээр захирамж нь хууль ёсны байх тул 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Газар эзэмших эрх олгох тухай" А/511 дүгээр захирамж нь хуулийн хүчин төгөлдөр захиргааны акт байна.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Гнь анх нийслэлийн Засаг даргын 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/349 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа Нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/511 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах[1][1] гэж нэмэгдүүлсэн.

Улмаар маргааны бүхий газар дээр цэцэрлэгийн барилга нэгэнт баригдсан тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудаасаа татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаа Нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/511, 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/349 дугаартай захирамжуудыг хууль бус байсан болохыг тогтоож, түүний улмаас нэхэмжлэгчид учирсан хохиролд 61,425,000 төгрөгийг гаргуулах[2][2] гэж өөрчилсөн тул шүүх энэхүү шаардлагын хүрээнд хэргийг хэлэлцэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 20-ний өдрийн А/192 дугаар захирамжийн 1 дүгээр хавсралтын 14 дэх заалтаар тус дүүргийн 8 дугаар хороо, Эрдэнэтолгой ******* тоот хаягт байрлах 182мкв газрыг С.Б 15 жилийн хугацаагаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар эзэмшүүлж[3][3], мөн Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/181 дүгээр захирамжийн 1 дэх заалтаар уг газрын Э.Г-д шилжүүлж 15 жилийн хугацаагаар эзэмшүүлжээ[4][4].

Нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/511 дүгээр захирамжаар Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж буй Улаанбаатар хотын төлөвлөлтийн зүүн бүсийн 16 дугаар нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө-ний ... төлөвлөлтийн Б хэсэгчилсэн талбайд 0,74га газрыг нийслэлийн Боловсролын газарт эзэмшүүлж[5][5], 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/349 дугаартай захирамжаар ...Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны А/81 дүгээр захирамжийн хавсралтын 4 дэх хэсгийг хүчингүйд тооцож шийдвэрлэжээ[6][6].

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс нийслэлийн Засаг даргын дээрх захирамжуудыг эс зөвшөөрч Дүүргийн ИТХ-ын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдаж олгогдсон газар эзэмших эрх хүчин төгөлдөр байхад тухайн дүүргийн Засаг аргаас холбогдох санал авалгүйгээр гуравдагч этгээдэд давхцуулан эзэмшүүлж, нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байхад нийслэлийн Засаг даргын эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэгдэх газар гэж үзэж газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хууль бус гэх агуулгаар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Газрын тухай хуульд заасны дагуу инженерийн шугам сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газар байсан тул газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хууль тогтоомжид нийцсэн гэж тайлбарлан тус тус маргажээ.

 

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас 2020 оны 07 дугаар сарын 24-нд ирүүлсэн лавлагаанд ... 182 мкв талбай бүхий газар нь иргэн Э.Гийн нэр дээр эзэмших эрхтэйгээр бүртгэгдсэн байх бөгөөд ... 7067мкв талбай бүхий нийслэлийн Боловсролын газрын нэр дээр бүртгэгдсэн газартай бүхэлдээ давхарлан зураглагдаж бүртгэгдсэн гэжээ[7][7].

Мөн шүүхээс хийсэн газрын үзлэгээр маргаан бүхий газар цэцэрлэгийн барилга баригдсан үйл баримт тогтоогдов.

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-т зааснаар нийслэлийн Засаг дарга нь ...газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэхдээ холбогдох дүүргийн Засаг даргын саналыг авсан байх үүрэгтэй байна.

Гэтэл хариуцагч нийслэлийн Засаг дарга маргаан бүхий газрыг А/511 дүгээр захирамжаар нийслэлийн Боловсролын газарт эзэмшүүлж шийдвэрлэхдээ холбогдох дүүргийн Засаг даргаас санал аваагүй болох нь нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 03-07/2359 тоот албан бичигт ...нийслэлийн 2016, 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Баянзүрх дүүргийн Засаг даргаас холбогдох саналыг албан ёсоор ирүүлээгүй гэснээр тогтоогдов[8][8].

Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ...хариуцагч нь дүүргийн Засаг даргын саналыг авах үүргээ хэрэгжүүлээгүйгээс нэхэмжлэгчийн эзэмшиж буй газартай давхцуулж нийслэлийн Боловсролын газарт газар эзэмшүүлсэн нь хууль бус гэх агуулга бүхий тайлбар үндэслэлтэй.

Түүнчлэн Баянзүрх дүүргийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний Хоёр. Өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, хэмжээ, зориулалт хэсгийн 4-т 8 дугаар хороо, Улаанхуаран, Эрдэнэтолгой, Холбоотолгой. Гэр бүлийн хэрэгцээний, 2,5 га, ДӨХГА, 50 гэж тусгагдсан[9][9], мөн Газрын тухай хуулийн 21.5.3-т зааснаар хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах нь дүүргийн Засаг даргын бүрэн эрхэд хамаарах хэдий ч дүүргийн иргэдийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан дээрх байршилд Э.Гийн эзэмшиж буй газар хамаарах эсэх тодорхойгүй, энэ талаарх баримтыг Баянзүрх дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас удаа дараа шаардсан боловч шүүхэд ирүүлээгүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн нэхэмжлэгч нь эрхийн зөрчилгүй газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан гэх тайлбарыг үгүйсгэх боломжгүй байна.

Гэвч,

Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.4-т зааснаар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон тухайн жилийн газар зохион байгуулалтын батлагдсан төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.3-т заасан газар эзэмшүүлэх, ашиглуулах ажлыг зохион байгуулах нь нийслэлийн Засаг даргын эрх хэмжээнд хамаарахаар заажээ.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 07/29 дүгээр тогтоолоор Баянзүрх дүүргийн 8, 16 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Батлан хамгаалахын их сургууль орчмын 93,8га газарт хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төслийг боловсруулахаар анх тогтоосон байх ба нийслэлийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/535 дугаар захирамжаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч-ээр Б ө******* ХХК-г батламжилжээ[10][10].

Мөн Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газраас ирүүлсэн 2020 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1/3245 тоот албан бичигт ...нэгж талбарын 186493*******7665 дугаар бүхий газар нь 2016 оны 07 дугаар сарын зурган мэдээлэлд УК92082383 регистрийн дугаар бүхий иргэний нэр дээр анх бүртгэгдсэн[11][11] гэжээ.

Түүнчлэн нийслэлийн Хот байгуулалт, хөгжлийн газраас ирүүлсэн зургаар нэхэмжлэгчийн эзэмшиж буй газар нь Б Ө******* ХХК-ийн хэрэгжүүлж буй гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн талбайд хамаарч байгаа болох нь тогтоогдож байна[12][12].

Дээрхээс үзвэл, маргаан бүхий газар нь 2013 оноос эхлэн нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө бүхий газарт хамаарч байсан байх тул хариуцагч нь төлөвлөлт бүхий газарт төлөвлөгдсөн барилгын доорх газрыг баталгаажуулсан шийдвэр гаргахдаа дүүргийн Засаг даргаас санал авах шаардлагагүй, харин Баянзүрх дүүргийн Засаг дарга нь хуулиар тогтоосон хязгаарлалтыг үл хайхран уг газрыг 2016 онд С.Б эзэмшүүлж, улмаар эзэмших эрхийг 2019 онд нэхэмжлэгч Э.Г шилжүүлж шийдвэрлэсэн гэж үзэхээр байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл болон тухайн жилийн газар зохион байгуулалтын батлагдсан төлөвлөгөөний дагуу нийслэлийн Засаг даргаас эзэмших эрх олгох эсэхийг шийдвэрлэх газар байхад дүүргийн Засаг дарга Э.Г газар эзэмшүүлж шийдвэрлэсэн нь хууль бус байсан гэсэн тайлбар үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Э.Г газар эзэмших эрхийн үндэслэл болсон С.Б*******ын газар эзэмших эрх нь тухайн газрын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө батлагдахаас хойно үүссэн байх тул маргаан бүхий А/511 дүгээр захирамжаар ... 16 дугаар нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө-ний ... төлөвлөлтийн Б хэсэгчилсэн талбайд 0,74га газрыг нийслэлийн Боловсролын газарт эзэмшүүлж шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй, мөн маргаан бүхий А/349 дугаартай захирамжаар ...Баянзүрх дүүргийн Засаг даргын 2019 оны А/81 дүгээр захирамжийн хавсралтын 4 дэх хэсгийг хүчингүйд тооцож шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно гэж заасан нийслэлийн Засаг даргын эрх хэмжээнд нийцсэн шийдвэр болжээ.

Хэдийгээр нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ний өдрийн 63 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын төлөвлөлтийн зүүн бүсийн 16 дугаар нэгж хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг 258,9 га талбайд хэрэгжүүлэхээр баталсан байх боловч нэхэмжлэгч Э.Г эзэмшиж байсан газартай хөрш зэргэлдээ газруудыг чөлөөлөхөөр 2013 оны төлөвлөлтийн дагуу гэрээ хийгдсэн болох нь нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 01-07/6160 дугаартай албан бичгээр ирүүлсэн Б ХХК болон нэхэмжлэгчийн хөрш зэргэлдээ газруудын эзэмшигч, өмчлөгч болох Т.Т, Б.М, Д.Г, Ч.Э нар нь 2013 оны 04, 05 дугаар саруудад Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ[13][13]-гээр тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг үл харгалзан нь төлөвлөлт хийсэн гэж үзэх, улмаар маргаан бүхий актуудын улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн маргаан бүхий газрыг анх С.Б эзэмшүүлэхдээ цэвэр усны шугамаас зайтай болохыг эрх бүхий этгээдээр тодорхойлуулж авсан, нийслэлийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг бусдад эзэмшүүлсэн нь хууль бус гэх агуулга бүхий тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй гэж дүгнэлээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, маргаан бүхий А/511 дүгээр захирамж нь нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 2013 онд батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг хэрэгжүүлж гарсан акт байх ба тухайн төлөвлөгөө батлагдах үед нэхэмжлэгчид газар эзэмших эрх үүсээгүй байсан байх тул уг актын улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй, харин маргаан бүхий А/349 дүгээр захирамж нь дүүргийн Засаг даргын хууль тогтоомжийг зөрчиж гарсан шийдвэрийг хүчингүй болгох талаар нийслэлийн Засаг даргад хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд гарсан акт байх тул нэхэмжлэгч Э.Гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2.4, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.Г-ийн нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан Нийслэлийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/511, 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/349 дугаартай захирамжуудыг хууль бус байсан болохыг тогтоож, түүний улмаас нэхэмжлэгчид учирсан хохиролд 61,425,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.МӨНХЗУЛ