Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2025/0672

 

                                                                                                     

     

 

 

 

 

 

 

 

 

 

    "Б" ХХК-ийн нэхэмжлэлтэй

                захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2025/0635 дугаар шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б-с гаргасан давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч О.Оюунгэрэл

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Т.Энхмаа 

Илтгэгч шүүгч Ц.Одмаа

 

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: "Б" ХХК

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Э, Б.М

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ж.Б, В.Б

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цэрэндаваа

Хэргийн индекс: 128/2023/0106/З

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2025/0635 дугаар шийдвэрээр Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.3, 11.1.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч "Б" ХХК-иас гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/1289 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, "Б" ХХК-ийн төсөл хэрэгжүүлэх эрхийг цуцалсан нийслэлийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/1289 дүгээр захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ. 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:

2.1. Нэхэмжлэгч, хариуцагч, төслийн байршил дахь өмчлөгч иргэд нар  Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд заасан гурван талт гэрээг байгуулаагүй. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д “төсөл хэрэгжүүлэгч” гэж энэ хуулийн 4.1.11-д заасан төслийг хэрэгжүүлэхээр газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч болон аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргатай гурван талт гэрээ байгуулсан хуулийн этгээдийг”, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт “Төсөл хэрэгжүүлэхэд аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга, газар, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч, эзэмшигч, төсөл хэрэгжүүлэгч оролцсон гурван талт гэрээ байгуулна” гэж заасан бөгөөд төсөл хэрэгжүүлэгч этгээд нь Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/604 дүгээр захирамжаар "Б" ХХК байна. Гэтэл "Б" ХХК Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан гурван талт гэрээг байгуулаагүй. 2013, 2014 онд Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 3/31, 23 дугаар тогтоолоор батлагдсан журмаар 2 талт гэрээ байгуулаад түүнийг үндэслэн 3 талт гэрээ байгуулдаг байсан. Нэхэмжлэгчийн 2 талт гэрээг 3 талт болгоогүй үйлдлийг шүүх дүгнээгүй зөвхөн хариуцагч буруутай мэтээр хэт нэг талын эрх ашгийг баримтлан хариуцагчийг буруутгасан.

2.2. Төслийн байршилд дараагийн төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах эсэх асуудлыг барилгажих нэгж талбар байгаа эсэх асуудлыг судлан хот, суурин газрын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлэн Нийслэлийн Засаг дарга өөрт олгосон эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэдэг. Мөн энэ тухай маргаан шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад төслийн байршилд дараагийн төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах бодит нөхцөл байдал байгаа эсэхийг шүүх тогтоогоогүй, үндэслэлтэй дүгнэлт өгөөгүй, хариуцагчийг төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах үйл ажиллагааг зохион байгуулаагүй гэж буруутгасан нь үндэслэлгүй.

2.3. Хариуцагч Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Захирамж, тушаал, гэрээг хүчингүй болгуулах тухай 06/5399 дүгээр албан бичгийг үндэслэн маргаан бүхий захиргааны акт гаргасан гэж дүгнэсэн нь маргаан бүхий акт гарах үеийн бодит нөхцөл байдлыг буруу үнэлж дүгнэсэн. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Захирамж, тушаал гэрээг хүчингүй болгуулах тухай 06/5399 дүгээр албан бичигт "Б" ХХК нь Хөгжлийн банкнаас зээл авахдаа Сүхбаатар дүүрэгт хэрэгжиж буй гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах төслийн хүрээнд баригдсан орон сууцны барилгыг хуурамчаар улсын бүртгэлд бүртгүүлж залилах аргаар зээлийн санхүүжилт авсан нөхцөл байдал тогтоогдсон тул тус төсөл хэрэгжүүлэх эрх, холбогдох гэрээг Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д заасны дагуу хэрэгжүүлж хариу ирүүлэхийг мэдэгдсэн.

2.4. Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д “Авлигатай тэмцэх газраас бүрэн эрхийнхээ дагуу гаргасан хууль ёсны шаардлага, шийдвэрийг хүлээн авсан аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан түүний дагуу холбогдох арга хэмжээг заавал авч, хариуг хугацаанд нь өгөх үүрэгтэй” гэж заасан. Хариуцагч Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн дээрх хууль биелүүлж хариу ирүүлэх мэдэгдлийг хууль ёсны эсэх, Авлигатай тэмцэх газарт мөрдөн шалгагдаж байгаа 174100038022* дугаар хэргийн оролцогч биш тул "Б" ХХК нь яллагдагчаар татагдсан эсэхийг тогтоох боломжгүй бөгөөд хариуцагч Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д заасан үүргээ биелүүлсэн.

2.5. Нэхэмжлэгч Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 06/5399 дүгээр албан бичгээр мэдэгдсэн нөхцөл байдал бүрэн арилсан "Б" ХХК-ийн төлөөлөх эрх бүхий этгээд болох ерөнхий захирал Б.Мд холбогдуулсан гаргасан Эрүүгийн хэргийн шүүхийн холбогдох шийдвэрүүдийг Эрүүгийн хэргийн хяналтын шатны тогтоолоор хүчингүй болгосон гэж тайлбарладаг. Шүүх холбогдох нотлох баримт цуглуулах хүрээнд Хөгжлийн Банкны гэх 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн шүүхийн холбогдох шийдвэрийг шүүхийн журмаар гаргуулан авсан. Тус хэргийг шийдсэн Эрүүгийн хэргийн хяналтын шатны тогтоолын тогтоох хэсгийн 6-д /тус тогтоолын 681 дүгээр хуудас/ “.... Б.М,…нарт авсан хувийн баталгаа гаргах, болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох,… таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээсүгэй” гэж шийдсэнийг шүүх үнэлээгүй.

2.6. Захиргааны хэргийн анхан шатны шүүх хурал болж 128/ШШ2025/0635 дугаар шүүхийн шийдвэр гарсан 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх Хөгжлийн банкны хэргийг хэлэлцээд "Б" ХХК-ийн захирал гэх Б.Мд 5 жилийн хорих ял оногдуулсан шийдвэр гаргасан тухай мэдээлэл цахим орчинд нийтлэгдсэн. Хариуцагч тус эрүүгийн хэрэгтэй холбоотой материал, мэдээллийг тодруулан авах эрхгүй этгээд юм. Дээрх нөхцөл байдлыг дүгнэхэд Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 06/5399 дүгээр албан бичгээр мэдэгдсэн Хөгжлийн Банкны гэх эрүүгийн хэрэгт "Б" ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч, удирдах зөвлөлийн дарга, ерөнхий захирал гэх иргэн Б.М гэм буруутай эсэхийг шүүхээр эцэслэн шийдвэрлээгүй, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гараагүй байна гэж үзэж байна.

2.7. Иймд Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 06/5399 дүгээр албан бичгээр мэдэгдсэн асуудлыг бүрэн тогтоож хэргийг шийдвэрлэх нь хэргийн бодит нөхцөл байдлыг зөв тогтоох, үндэслэл бүхий шийдвэрлэхэд ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ. 

  ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч "Б" ХХК-иас “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн А/1289 дүгээр захирамжийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй ...”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж тус тус заасан.

4. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 128/ШШ2024/0380 дугаар шийдвэрээр энэхүү нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн мөн оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 221/МА2025/0586 дугаар магадлалаар “... Б.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах, 21.1 дүгээр зүйлийн 1-д заасан нотлох баримт хуурамчаар үйлдэх, устгах гэж заасны дагуу яллах дүгнэлт үйлдсэн үйл баримт тогтоогдож байх боловч хэрхэн шийдвэрлэгдсэн болохыг шүүхээс тодруулаагүй” гэсэн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан боловч 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2025/0635 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, маргаан бүхий захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэхдээ өмнөх хуулийн хүчин төгөлдөр магадлалд заасан ажиллагааг хангалттай хийгээгүй, хэрэгт хамааралтай нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй, үүнээс улбаалан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

5. Тодруулбал, Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэрэгт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор "Б" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Мийг “үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон”, “хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн, нотлох баримт хуурамч гэдгийг мэдсээр байж хууль сахиулагчид гаргаж өгсөн” гэмт хэрэгт зохион байгуулагчаар хамтран оролцсон, үргэлжилсэн үйлдлээр “гэмт хэргийн улмаас олсон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 2024/ХШТ/138 дугаар тогтоолоор Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн байх бөгөөд тус тогтоолоор “... хоёр шатны шүүх ... "Б" ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгосон гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг харгалзан үзээгүй ... Засгийн газрын тогтоолыг эрүүгийн хэргийн харьяалан шийдвэрлэх асуудалд хамаарахгүй гэж дүгнэлт хийж, зөвхөн энэ төсөлтэй холбоотой Б.М, Н.М нарыг гэм буруутайд тооцож, бусад шүүгдэгчийн үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй” гэж дүгнэн “Б.М “/Б/”...– ХХК-иудад холбогдох хэргүүдийг дахин хэлэлцүүлэх”-ээр шийдвэрлэж, Б.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

6. Үүнээс үзвэл тухайн хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэн эсэх нь тодорхойгүй байх төдийгүй анхан шатны шүүх нэхэмжлэгч хуулийн этгээдийг яллагдагчаар татагдаагүй, одоо ч яллагдагчаар татсан хэрэг байхгүй гэж дүгнэхдээ 2023 оны албан бичгүүдийг үндэслэсэн байгаа зэргээс үзвэл өмнөх магадлалд дурдсан ажиллагаа огт хийгдээгүй, мөн Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 06/5399 дүгээр албан бичигт дурдаж буй 2 үндэслэл нь тухайн хэрэгт хамаарч байгаа эсэх нь тодорхойгүй буюу энэ талаарх холбогдох баримтуудыг бүрэн гүйцэд цуглуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна.

7. Тодруулбал, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 221/МА2025/0586 дугаар магадлалд дурдсан үндэслэл арилаагүй буюу хэрэгт авагдсан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 940 дүгээр албан бичигт Б.М нарт холбогдох 1741000380228 дугаар эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй талаар дурдсан байхад шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.

8. Иймд давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага, хэргийн нөхцөл байдалд дүгнэлт өгч, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 128/ШШ2025/0635 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                     О.ОЮУНГЭРЭЛ

 

ШҮҮГЧ                                                     Т.ЭНХМАА

 

ШҮҮГЧ                                                     Ц.ОДМАА