Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 19

 


     

 

 


      Эмнэлгийн чанартай албадлагын арга 
хэмжээ хэрэглэх тухай

Архангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Алтанцэцэг даргалж, шүүгч П.Гандолгор, шүүгч Э.Одхүү нарын бүрэлдэхүүнтэй
Улсын яллагч: Б.Батсайхан,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Алтанчимэг,
Хохирогч: У.Ганхуяг, Ж.Энхжаргал,
Иргэдийн төлөөлөгч: А.Зүгчинноров,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дөлгөөн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Цагдаагийн газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар сэтгэцийн өвчтэй шүүгдэгчид эмнэлэгийн чанартай албадлагын арга хэмжээ авахуулах тухай тогтоол үйлдсэнийг тус аймгийн прокурорын газраас баталж ирүүлсэн Хиад боржигон овогт Онгойн Ганхуягт холбогдох 201603000473 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1970 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хөдөө аж ахуйн механикч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Бага Нарангийн 43-13 тоотод оршин суух, ял шийтгэл эдэлж байгаагүй, Хиад боржигон овогт Онгойн Ганхуяг /РД:МА70032815/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч О.Ганхуяг нь согтуугаар 2016 оны 10 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө Архангай аймгийн Батцэнгэл сумын Дэл багийн нутаг дэвсгэр Ороохын өвөлжөө гэх газарт иргэн У.Ганхуяг, Ж.Энхжаргал нарыг “зүгээр байхад хэрүүл маргаан үүсгэлээ” гэх хувийн харьцааны улмаас маргалдан модон сандлыг зэвсгийн чанартай хэрэглэн зодож бие махбодид нь  хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 
Шүүгдэгч О.Ганхуягийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Би архи дарс хэрэглээгүй хоёр гурван жил болсон. Хэрэг болох орой найз Ё.Аюурзанатай удаан уулзаагүй гээд монгол архи хувааж уусан юм. Нэг мэдсэн У.Ганхуягийн гэрийн гадаа ирсэн байсан. Би найзаасаа хэний гадаа ирчихвээ гэж асуусан чинь У.Ганхуягийн гэрийн гадаа байна гэж хэлсэн. Бид хоёр тэдний гэрт орох гэтэл гэрийнхээ гадаа У.Ганхуяг бие засаад зогсож байхаар нь сайн уу ахын дүү сайхан намаржиж байна уу гэж асуусан чинь харанхуй шөнө юу хийж яваа юм бэ. Хүмүүсийн амар тайван байдал алдагдуулаад муу новш бэ гэж хэлэхээр нь миний уур тухайн үед маш их хүрч, овс гээд уурласан. Түүний дараа нь яг ямар үйлдэл хийсэн талаараа сайн мэдэхгүй байна. Тэр үед намайг өөртөө нь мэндэлхэд урдаас шууд л харанхуй шөнө юу хийж яваа юм бэ гэж хэлэхээр нь миний уур хүрсэн. Би багаасаа нэг голд тоглож өссөн хүнээ ийм зан гаргахаар нь уур хүрсэн байх. Цаашаа юу болсныг тодорхой санахгүй байна. Ямар ч байсан гэрт нь орсон чинь Ж.Энхжаргал намайг самардах гэж дайраад байхаар нь сандал аваад цохьсон. Намайг мэндэлхэд хүндлэсэнгүй гэж уур хүрсэн. Миний санаж байгаагаар би алаад өгье, мөчлөөд өгье гэж хэлээгүй санагдаад байна. Ж.Энхжаргал намайг ингэж хэлсэн гэж байгаа бол би хэлсэн байх. Тодорхой зүйлийг сайн санахгүй байна гэх мэдүүлэг.
Гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл: /хх-ийн 2 дугаар хуудас/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл: /хх-ийн 11 дүгээр хуудас/
Гэрэл зургийн үзүүлэлтүүд: /хх-ийн 12 дугаар хуудас/ 
Хохирогч Ж.Энхжаргалын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: Би өөрийн эрх, үүргийг уншиж танилцлаа, асуух зүйл байхгүй. Би өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлнө. Би 2016 оны 10 дугаар сарын 26-ны орой 23 цаг өнгөрч байх орчим Архангай аймгийн Батцэнгэл сумын Дэл багийн нутаг дэвсгэр Ороохын өвөлжөө гэх газар гэртээ амарч байсан юм. Тэгтэл манай гэрийн гадаа мотоцикльтой хоёр хүн ирээд зогссон. Тэр үед манай нөхөр У.Ганхуяг гэрийн гадаа байсан бөгөөд гадаа ирсэн хүмүүс нохойгоо яагаад хорьж чадахгүй байна муу гуйлгачин минь гээд манай нөхөр У.Ганхуягтай чанга, чанга ярьж байснаа гэрт орж ирэхэд манайхтай ойролцоо нутаглаж байгаа Онгой Ганхуяг гэдэг залуу болон манайхтай айл байдаг Аюурзана хоёр жаахан халамцуу орж ирсэн юм. Тэгээд Ганхуяг нь гэрт орж ирчихээд манай нөхөр Ганхуягийг хэрүүл өдөөд чи миний ээжийн бантанг долоож байснаа бодвол их том болж, чи эхнэрийнхээ буянаар ингэж яваа биз дээ муу гуйлгачин минь жижиглээд мөчлөөд өгье гэж агсарч байснаа манай нөхрийн үснээс зулгааж аваад жижиг модон сандлаар толгой руу нь нэг удаа цохиод авахаар нь би зүүн талын орон дээр хэвтэж байснаа босч очоод О.Ганхуяг над руу хандаж та яагаад хүн зоддог юм бэ гэж хэлчихээд тэр хоёрын дундуур ортол миний О.Ганхуяг миний зүүн талын шанаа руу 2 удаа жижиг сандлаар цохиод авсан юм. Тэгтэл манай нөхөр Ганхуягийг зүүн талын орон дээр дарж унагаагаад тэр хоёр ноцолдож байтал О.Ганхуягтай хамт орж ирсэн Аюурзана дундуур нь орж харагдсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан юм. О.Ганхуяг ах бид хоёрын хооронд урд өмнө ямар нэгэн өс хонзонгийн зүйл байхгүй, манай нөхөр У.Ганхуягийг элдэвээр хэл амаар дайрч доромжилж байгаад жижиг сандлаар толгой руу нь нэг удаа цохихоор нь би дундуур нь ортол намайг сандлаараа цохьчихсон юм. Нөхөр бид хоёрын хувьд О.Ганхуягтай ямар нэгэн маргаан хэрүүл хийгээгүй. О.Ганхуяг нь бид хоёрыг янз бүрээр хэлээд дайраад байсан юм. Ганхуяг миний зүүн шанаа руу жижиг модон сандлаар нэг удаа мөн зулай руу нэг удаа нийт 2 удаа толгой руу цохисон, өөр цохиж зодсон зүйл байхгүй. Тэр үед О.Ганхуяг болон Аюурзана ах хоёр согтуу нь гайгүй байсан юм. О.Ганхуяг гэдэг хүнийг урд өмнө нь сайн танина, бид нар нэг нутаг усны хүмүүс юм. О.Ганхуяг гэрийн гаднаас муу гуйлгачингууд гэж орилоод орж ирээд гэрт хутга аваад ир жижиглээд өгнө гэж агсарч байсан юм. Надад шүүхийн шинжээч эмч гаргасан 485 тоот дүгнэлтэд гаргах санал хүсэлт байхгүй байна. Би эмчилгээний зардал нэхэмжилнэ, гомдолтой байна. Би эмчилгээний зардлыг нөхөр Ганхуягийн хамт Улаанбаатар хот руу өөрийн зардлаар яваад эмчилгээ болон үзүүлж харуулсан бодит баримтын төлбөр мөнгөө гаргуулна. Гомдол саналын хувьд О.Ганхуягт гомдолтой байна гэх мэдүүлэг. /хх-ийн 16-17 дугаар хуудас/
Хохирогч Ж.Энхжаргалын дахин мэдүүлсэн: Би эрх, үүргийг ойлгосон, асууж тодруулах зүйл байхгүй. Би өмгөөлөгч аваагүй, байцаалтандаа өмгөөлөгч оролцуулахгүй. Надад мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байна. О.Ганхуяг 2016 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл сумын Дэл багийн Ороох гэх газар Сандагбалжир гэх айлд байсан, тэгээд би өөрийн нөхөр У.Ганхуягтай мал сурах гээд ороход О.Ганхуяг нь согтуу, төрсөн ах Ганбаттайгаа хамт байсан бөгөөд тэр гэрт Сандагбалжир болон О.Ганхуягийн нүүрэн тус газар /зүүн хацар/ нэг удаа цохьсон, аль гараараа цохьсон болохыг би харж амжаагүй. Тэгээд Ганхуягийг О.Ганбат нь салгаад бариад гарсан. Би өөрийн нөхрийг татаад гараад явсан, гадаа гарахад бидний араас цусанд нь холино, цустай нь хутгана гээд орилоод байсан. Манай нөхрийн зүүн талын хацар нь бага зэрэг хөхөрсөн байсан бөгөөд эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгоогүй. Тухайн өдөр миний биед халдаагүй, харин манай нөхрийн нэг удаа цохьсон. О.Ганбат нь тухайн өдөр нэг их согтуу биш бага зэрэг согтолттой байсан. Би гомдолтой байна. Миний болон манай нөхрийн эмнэлэгт үзүүлсэн мөнгө болох 1.330.000 төгрөгийн хохирлыг барагдуулаагүй, хохиролд мөнгөө барагдуулж авмаар байна. Надад нэмж өгөх зарлагын 50.000 төгрөгийн баримт байна гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/     
Хохирогч У.Ганхуягийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: Би өөрийн эрх, үүргийг ойлголоо, асууж тодруулах зүйл байхгүй. Би өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлнө. Би 2016 оны 10 дугаар сарын 26-ны орой 23 цагийн орчим Архангай аймгийн Батцэнгэл сумын Дэл багийн нутаг дэвсгэр Ороохын өвөлжөө гэх газар гэрийнхээ гадаа зогсож байтал манайхтай айл байдаг Аюурзанатай хамт О.Ганхуяг гэдэг залуу манай гэрийн гадаа согтуу ирсэн юм. Тэгэхээр нь би О.Ганхуяг, Аюурзана хоёрыг орой болчихсон байхад хаанаасаа хаа хүрч яваа юм гэж асуухад Ганхуяг нь над руу чи нохойгоо хориод өгөхгүй яасан том болчихсон гуйлгачин бэ гэж хэлээд манай гэрт орцгоосон юм. Бид нарыг гэрт ороход манай эхнэр Энхжаргал унтах гээд орон дээрээ хэвтэж байсан. О.Ганхуяг нь гэрт орчихоод хэрүүл өдөөд над руу чи миний ээжийн бантанг идэж байснаа бодвол их том болж, чи эхнэрийнхээ буянаар ингэж яваа биз дээ муу гуйлгачин минь гээд над руу дайраад байхаар нь би, Ганхуяг ахаа таньтай хэрэлмээргүй байна, та хариад амар гэж хэлтэл О.Ганхуяг гэрт ороод хутга аваад ир, энэ хоёрыг жижиглээд мөчлөөд өгье гэх зэргээр орилж байснаа миний үснээс зулгааж аваад жижиг модон сандлаар толгой руу нэг удаа цохиод авсан юм. Тэр үед гэрийн зүүн талын орон дээр хэвтэж байсан манай эхнэр Энхжаргал босч ирээд О.Ганхуяг руу та яагаад хүн зоддог юм бэ гээд О.Ганхуяг бид хоёрын дундуур ортол Энхжаргалын зүүн шанаа руу нь О.Ганхуяг жижиг сандлаар дахиад цохиод авахаар нь би О.Ганхуягийг зүүн талын орон дээрээ боож дарж унагаагаад бид хоёр ноцолдож байтал Аюурзана бид хоёрыг салгаад эхнэр Энхжаргал цагдаагийн байгууллагад хандсан юм. О.Ганхуяг гэдэг хүнийг урьд өмнө нь сайн танина. Бид нар нэг нутаг усны хүмүүс юм, садан төрлийн холбоо байхгүй. О.Ганхуяг ах бид хоёрын хооронд урьд өмнө нь ямар нэгэн өс хонзонгийн зүйл байхгүй намайг энэ орой юу хийж яваа гэж хэлсэн дээрээс л халамцуу хүн юм бодоод чи бараг гэртээ нохойгоо хориод оруулсангүй, ямар гуйлгачин байлаа, манай ээжийн бантанг идэж байгаагүй юм шиг зан гаргалаа гэсэн утгатай зүйл ярьж маргаан эхэлсэн юм. О.Ганхуяг нь манай гэрт орж ирээд намайг гуйлгачин минь хутга аваад ир, жижиглээд өгье гээд орилж хашгирч байсан юм. О.Ганхуяг миний үснээс хальт зулгааж аваад хажуу талдаа байсан жижиг модон сандлаар баруун нүдний доод талд өнгөцхөн нэг удаа цохиж авсан бөгөөд өөрөөр цохиж зодоогүй. Тэр үед О.Ганхуяг нь халамцуу байсан Аюурзана ах бол гайгүй байсан юм. Намайг О.Ганхуяг зодоход манай эхнэр Энхжаргал мөн Аюурзана бид дөрөв байсан юм. Надад шүүх шинжээч эмчийн гаргасан 486 тоот дүгнэлтэд гаргах санал хүсэлт байхгүй байна. О.Ганхуяг манай гэрт хутга гаргаагүй амаараа орилж байсан юм. Би эхнэр Энхжаргалын хамт Улаанбаатар хот руу өөрийн зардлаар яваад томографаар толгойны зургаа харуулна, тэгээд бодит баримтаар төлбөр мөнгөө гаргуулна. Гомдол саналын хувьд О.Ганхуягт гомдолгүй байна гэх мэдүүлэг. /хх-ийн 34-35 дугаар хуудас/
Гэрч Ё.Аюурзанын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: Би эрх, үүргийг ойлголоо, асууж тодруулах зүйл байхгүй. О.Ганхуяг бид хоёр садан төрлийн холбоо байхгүй. Би 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр О.Ганхуягтай хамт Ганхуягийн ээжийнх нь гэрийг өвөлжөөнд буулгаж өгчихөөд О.Ганхуягийн гэрт нь 1 литр шимийн архи хувааж уусан юм. Тэгээд тэр хавийнхаа хотны хоёр айлд орж 4 литр шимийн архи уучихаад урагшаа манай гэрт мотоцикльтойгоо ирчихээд гарахдаа манайхтай айл байдаг У.Ганхуягийн гэрт О.Ганхуяг бид хоёр орох гээд мотоцикльтойгоо иртэл гэрийнхээ гадаа У.Ганхуяг зогсож байсан ба О.Ганхуяг бид хоёрыг ийм харанхуй шөнө юу хийж яваа юм гээд хэлтэл О.Ганхуяг нь У.Ганхуяг руу чи миний ээжийнг бантангийн шахрууг долоож байснаа мартчихсан байна, муу гуйлгачин нохой хориод өгчихгүй гэж хэлээд гэрт нь ортол У.Ганхуягийн эхнэр Энхжаргал уурлаад харанхуй шөнө айлд орж ирлээ гээд бид хоёрыг аашлаад эхлэхээр нь О.Ганхуяг муу гуйлгачингууд хэзээ ийм болчихсон юм гэж хэлтэл бөөн хэрүүл болоод У.Ганхуягийн эхнэр Ж.Энхжаргал О.Ганхуяг руу дайрахад нь О.Ганхуяг хажуу талдаа байсан жижиг модон сандлыг аваад урдаас нь шидчихсэн чинь Ж.Энхжаргалын зүүн талынх нь шанаанд таараад цус гараад эхэлсэн юм. Тэгтэл хойд талын орон дээр сууж байсан Энхжаргалын нөхөр У.Ганхуяг босч ирээд О.Ганхуягийг боогоод тэр хоёр дээр доороо ороод ноцолдоод байхаар нь би салгасан юм. Тэгтэл Энхжаргал бид хоёр руу дайраад гар, зайл гээд гэрээсээ хөөж гаргасан, тэгээд бид хоёр явсан юм. О.Ганхуяг жаахан халамцуу байсан, харин Энхжаргал болон нөхөр Ганхуяг нар нь эрүүл байсан. Миний харснаар бол О.Ганхуяг Н.Энхжаргалын урдаас нь жижиг модон сандлыг нь аваад шидчихсэн чинь зүүн талынх нь шанаа тус газар нь нэг цохьсон. Харин түүний нөхөр Ганхуягийн бол сандлаар цохиж байхыг хараагүй, харин Ганхуяг нь манай эхнэрийг цохьсон гээд О.Ганхуягийг боогоод тэр хоёр дээр доороо ороод ноцолдоод байсан юм. Тэр үед гэрт О.Ганхуяг, У.Ганхуяг, Энхжаргал, бид нар байсан. У.Ганхуягийнх манайхтай айл өвөлжиж байгаа юм гэх мэдүүлэг. /хх-ийн 36-37 дугаар хуудас/
Гэрч Ё.Аюурзанын дахин мэдүүлсэн: Би өмнөх мэдүүлэг дээр О.Ганхуяг нь Энхжаргалыг эхэлж сандлаар цохьсон, дараа нь У.Ганхуягтай барилцаж авсан гэж мэдүүлсэн. Би энэ асуудал дээр андуурсан байна. Учир нь би тухайн үед айж сандарсан бас дээрээс нь архи уусан байсан болохоор буруу ярьсан байна намайг уучлаарай. Хохирогч нарын мэдүүлгүүдээр эхлээд О.Ганхуяг нь У.Ганхуягтай хэрэлдээд гэрт нь орсон, тэгээд У.Ганхуягийг цохьсон бөгөөд дараа нь Ж.Энхжаргал босоод ирсэн. Ж.Энхжаргал нь О.Ганхуягийг зайл, харанхуй шөнө унтаж амараа гээд орилоод байсан, тэгээд О.Ганхуяг Ж.Энхжаргалыг сандлаар цохьсон байна. О.Ганхуяг нь Ж.Энхжаргалыг сандлаар шидсэн гэж би мэдүүлсэн. Би согтуу байсан болохоор сайн харж чадаагүй, ямар ч гэсэн зүүн шанаа хэсэгт нь цохьсон, тэгээд цус гарсан гэх мэдүүлэг. /хх-ийн 38 дугаар хуудас/
Гэрч Ё.Аюурзанын дахин мэдүүлсэн: Би О.Ганхуягийг танина, бага байхаасаа Архангай аймгийн Батцэнгэл суманд О.Ганхуягтай хамт тоглож өссөн. Бид нар найзын холбоотой, ураг төрлийн холбоогүй. О.Ганхуяг нь бага байхдаа даруу төлөв зантай байсан. 14 настайдаа Улаанбаатар хот руу шилжсэн. Түүнээс хойш сэтгэцийн өвчтэй болсон байсан. 2016 оны 10 дугаар сард Архангай аймгийн Ороох гэх газар ирсэн байсан, би очиж нүүдэл хийлцээд хамт монгол архи уусан. Тэгээд дараа нь У.Ганхуягийн гэрт очсон бөгөөд тэнд ороод агсан тавиад болиулах гэхээр урдаас эсэргүүцээд түлхээд байсан. О.Ганхуягийг ганцааранг нь явуулбал юу ч хийж мэдэхээр хүн болсон байна лээ. Миний үгэнд орохгүй, дуугүй байх гээд байх юм байна лээ. Архи уухаараа хүнд дийлдэхгүй, хүчрэгдэхгүй, аюултай юм байна лээ. Архи уухгүй бол зүгээр, архи уухаараа сэтгэцийн өвчин нь хөдлөөд юу хийж байгаагаа мэдэхгүй болчихдог юм шиг байна лээ гэх мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр хуудас/
Гэрч Б.Соёл-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: О.Ганхуяг миний нөхөр байгаа юм. Би О.Ганхуягтай 1993 онд хуримаа хийгээд 13 жил болж байна. Миний нөхөр О.Ганхуяг нь одоо 48 настай, тэрээр эхээсээ есүүлээ, айлын 4 дэх хүүхэд байгаа юм, эцэг нь нас барсан. Манай нөхрийн ээж нь хайр халамжаар дутаагаагүй сайн өсгөсөн. Ганхуяг нь Сэлэнгийн Алтанбулагт Хөдөө аж ахуйн механикийн техникум гэх сургуулийг төгсөөд 1993 онд цэргийн албыг Улаанбаатар хотын 05 дугаар ангид хааж байсан. Бид нар анх танилцаж байхад тамхи татаж, архи уудаггүй хүн байсан. Түүнээс хойш махны ченж хийж байгаад маш их архи уудаг болсон, тэгээд мал нядлах ажил ихээр хийдэг болсон. Түүнээс хойш их хэмжээгээр архи ууж сэтгэцийн хувьд өөрчлөгдөж эхэлсэн. 2000 оноос сэтгэцийн өвчин нь анх эхэлсэн. Тус онд уул уурхайн компани болох Боро Гоулдод ажиллаж байх хугацаанд архи ууж хүн дайрч ална гэж хэлээд том тэргээр хөөж байхад нь ажилчид нь зогсоосон гэсэн. Тэгж байгаад ажлаасаа халагдсан. Тэрээр гэр бүлдээ халамжтай, намайг зодож цохьсон асуудал байхгүй. Бидэнд байнга өмнө нь болсон асуудлын талаараа инээдэм наргиа болгож ярьдаг. О.Ганхуяг байнгын асаргаанд байдаг. Би болон үр хүүхдүүд нь дандаа харж хандаж байдаг. Түүнийг гадагш гарах болгонд араас нь гарахгүй бол хутга шөвөг бариад л архи уучихсан байж байдаг. Өмнө нь хараа хяналтгүй байх хугацаандаа том тэрэг жолоодож даргыгаа дайрч ална гэж хөөгөөд байсан гэсэн. Тэгээд одоо дандаа цусанд хутгана гэж орилоод байдаг болчихсон. Энэ асуудал нь өмнө нь малын ченж байсантай холбоотой байдаг байх гэж би бодож байна. Архи уусан бол ямар ч үйлдэл хийх боломжтой бөгөөд нийгэмд ямар нэгэн аюултай үйлдэл хийх боломжтой гэх мэдүүлэг. /хх-ийн 39 дүгээр хуудас/
Гэрч О.Ганбатын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: Би эрх, үүргийг ойлгосон, асууж тодруулах зүйл байхгүй. Би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254, 255 дугаар зүйлд заасныг ойлгож мэдсэн. Би 2016 оны 12 сарын 10-ны өдөр үдээс хойш 14 цагийн орчимд О.Ганхуяг ахтай Ороох гэх газар Сандагбалжирынд очсон. Тэнд О.Ганхуяг ах очихдоо архи уусан байсан болохоор нь би дагаад явж байсан. Тэнд ороод бид нар айраг ууцгаасан. Тэгээд сууж байхад У.Ганхуяг болон Ж.Энхжаргал нар орж ирсэн байсан бөгөөд бид нараас хонь хаана байсан бэ гэх шиг болсон. Тэгээд О.Ганхуяг ах шууд ална гээд дайраад У.Ганхуягийн нүүрэн хэсэгт нь хальт цохих шиг болсон. Тэгээд би шууд гарнаас нь татаад салгаад тэвэрч аван орон дээр дарсан. Тэгээд тэр хоёр гараад явсан. О.Ганхуяг ах араас нь ална, цусанд нь хутгана гээд орилоод байсан. Миний ах О.Ганхуяг нь одоо 48 настай бөгөөд архи уугаагүй байх үедээ зан харилцааны хувьд даруу төлөв, гүндүүгүй монгол эр байгаа юм. Манай ах бид нарт сургааль, сургамж айлддаг. Олон нийтийн ажил урлагийн авъяастай, архи уухаараа харин юу ч хийхээс буцахгүй аюултай зантай болчихдог байсан. О.Ганхуяг ах байнгын асаргаанд байдаг. О.Ганхуяг ахыг хөдөө ирэхээр нь би Улаанбаатар хот руу хамт очиж өөрийнх нь эхнэрт хүлээлгэн өгдөг. Тэгэхгүй бол замдаа юу хийх, яахыг бид нар тааж мэдэхгүй. Тэрээр нийгэмд аюултай үйлдэл хийх боломжтой, архи уухаараа өөрийгөө удирдан жолоодох боломжгүй болдог гэх мэдүүлэг. /хх-ийн 41 дүгээр хуудас/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 485 тоот шинжээчийн дүгнэлтэд: 
1. Ж.Энхжаргалын биед тархи доргилт, зүүн шанаа, хацарт цус хуралт, зулгаралт, зүүн шууны дотор доод хэсэгт жижиг цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 43 дугаар хуудас/

 Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 486 тоот шинжээчийн дүгнэлтэд: 
1. У.Ганхуягийн биед баруун хацар, зулайн урд хэсэгт цус хуралт, баруун хацар, зүүн шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. 
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-4-1-д зааснаар биеийн эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 47 дугаар хуудас/
Эмнэлгийн магадлагаа: /хх-ийн 50 дугаар хуудас/

Шүүх, сэтгэц гэм судлалын 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 23 тоот магадлагаанд /нэмэлт/: 1. Яллагдагч О.Ганхуяг хэрэг үйлдэхийн өмнө болон хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд архинд донтох өвчин III үе, хий үзэгдэл зонхилсон архины солио өвчтэй ба бусад эрхтэний хувьд тархины цус хомсрох дайрал ба түүнд хамаарах хам шинж өвчтэй байжээ. Сэтгэцийн болон бусад эрхтэний өвчний улмаас сэтгэцийн хувьд хэрэг болох үед өөрийн үйлдэл, нийгмийн аюулын шинж чанарыг ойгүйдэлт, согтолтогд орж байсан тул өөрийнхөө үйлдлийг зөв ойлгож, удирдан жолоодож чадахгүй байсан. 
2. Одоо сэтгэцийн хувьд дээрх өвчтэй тул албадан эмчилгээний арга хэмжээ авах шаардлагатай. /одоогоор СЭМҮТ-д хэвтэн эмчлүүлж буй өгүүлэмжтэй/ 
3. Яллагдагч О.Ганхуяг нь хэрэг хариуцах чадваргүй гэх дүгнэлт /хх-ийн 64 дүгээр хуудас/ 

Шинжээч эмч С.Энхтайваны мэдүүлсэн: 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн нэмэлтээр гаргасан 23 тоот дүгнэлт үндэслэлтэй. О.Ганхуяг нь СЭМҮТ-ийн архивын лавлагаанаас харахад 2012 оноос одоог хүртэл 4 удаа хэвтэж эмчлэгдсэн. Архинд донтох өвчний хий үзэгдэл догширсон байдалтайгаар эмчилгээ хийгдсэн байсан. Уг өвчин нь архи уусан болон нойргүйдэлт, сэтгэл санааны тавгүй байдал зэргийн үед хий үзэгдэл /хараа, сонсголон/ байдал зонхилон илэрч, ширүүн төрх байдалтай болж хий үзэгдэлдээ хөтлөгдөн догширч орчинд аюултай үйлдэл хийх байдал байнга гаргадаг. Ухаан санаа нь согтуурсан байдаг учир тухайн үед болсон үйлдлийг бүрэн ухамсарлаж өөрийн гаргасан үйлдлээ хянаж чадахгүй байдалд ордог. О.Ганхуяг нь архи уусан үедээ өөрийгөө удирдаж чадахгүй учир нийгэмд аюултай. О.Ганхуяг нь архинд донтох өвчний хий үзэгдэл, дэмийрлийн байдалтай бөгөөд энэ өвчин нь бүрэн эдгэхгүй. Сэтгэцийн эдгэрэлгүй хүнд өвчтэй. Албадлагын арга хэмжээ авах шаардлагатай. Нийгэмд хор учруулж болзошгүй эдгэрэшгүй хүнд өвчтэй. Тэрээр өмнө нь архи уусан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хүн дайрах гэж байсан талаараа надад /үзлэгийн үед/ хэлж ярьж байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 68-70 дугаар хуудас/
Сэжигтэн, яллагдагч О.Ганхуягийн мэдүүлсэн: Би мэдүүлэг өгнө зөвшөөрч байна, ямар нэгэн татгалзах зүйл байхгүй. Би 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотоос Архангай аймгийн Батцэнгэл сумын Дэл багийг Луузан гэх газарт ирсэн. Тэгээд би 2016 оны 10 дугаар сарын 26-ны орой би Аюурзана гэх найзтайгаа монгол архи уугаад У.Ганхуяг гэх дүүгийндээ ирсэн чинь гэрийн гадаа зогсоод бие засаж байсан. Тэгээд би мэнд усаа мэдээд орох гэтэл яасан орой ирдэг юм гэж хэлээд хүний амар тайван байдал алдагдууллаа гэж байсан. Тэгээд гэрт нь Аюурзана бид хоёр ортол мэндийн зөрүү байхгүй, наад хэрүүлийн бузраа яах гэж оруулж ирсэн юм гэж Н.Энхжаргал нь Аюурзанад хэлсэн. Би тэгэхээр нь уурлаад хэрүүлийн бузар нь хоймор суунаа гэж хэлээд хоймор суутал намайг самардах гээд босоод ирэхээр нь би баруун гараараа жижиг модон сандлыг бариад хаасан. Тэгтэл нөхөр нь болох У.Ганхуяг нь намайг заамдаж авч боогоод би гараараа түлхэх гээд сарвалзаж байхдаа санамсаргүй байдлаар цохих, шүргэх шиг болсон. Тэгээд намайг Аюурзана ирж салгаад, намайг авч явъя гэж хэлээд чирээд гарах гэтэл нөгөө хүмүүс цагдаа дуудаад бид 2 Архангай аймгийн төв рүү явж байх замдаа баригдсан. Би Энхжаргал гэх хүнийг сандлаар цохьсон. У.Ганхуягийн нүүрэн хэсэгт нь цохиж, маажиж гэмтэл учруулсан. Намайг тухайн хүмүүстэй хэрүүл маргаан хийгээд дараа нь цохиход Аюурзана харсан, өөр хэн нэгэн хүн хараагүй. Тухайн үед Аюурзана бид хоёр монгол архи уусан байсан бөгөөд дунд зэрэг согтсон байсан. Энхжаргалыг цохьсон сандал модон сандал байсан, өнгө болон содон шинж тэмдгийг нь мэдэхгүй байна. У.Ганхуяг бид нар нэг нутгийн хүмүүс, багаасаа бидний мэднэ, манай гэрт бага байхдаа өсч хүмүүжсэн, өс санасан зүйл бол байхгүй. Миний бодлоо хэрүүл болох шалтгаан нь намайг жаахан согтуу мэндэлж байхад сайн байна уу гээд мэндлээгүй бөгөөд монгол хүн байж мэндлэх ёс байгаагүй гэж бодож байна. Урдаас юмгүй дээ гэх мэтээр хэдэрлээд, уурлаад байсан гэх мэдүүлэг. /хх-ийн 96-99 дүгээр хуудас/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас: /хх-ийн 100-101 дүгээр хуудас/
Эрүүл мэндийн яам сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 22/01 тоот албан бичиг /хх-ийн 108 дугаар хуудас/ 
Өвчний түүх: /хх-ийн 109-113 дугаар хуудас/, эд мөрийн баримт зэрэг болно.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу цугларч, бэхжигдсэн байх бөгөөд энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.
Шүүгдэгч О.Ганхуяг нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй үедээ буюу 2016 оны 10 дугаар сарын 26-27-нд шилжих шөнө согтуугаар Архангай аймгийн Батцэнгэл сумын Дэл багийн нутаг дэвсгэр Ороохын өвөлжөө гэх газарт иргэн У.Ганхуяг, Ж.Энхжаргал нартай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан модон сандлыг зэвсгийн чанартай хэрэглэн зодож бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн: хохирогч У.Ганхуягийн мэдүүлсэн “...намайг энэ орой юу хийж яваа гэж хэлсэн дээрээс л халамцуу хүн юм бодоод чи бараг гэртээ нохойгоо хориод оруулсангүй, ямар гуйлгачин байлаа, манай ээжийн бантанг идэж байгаагүй юм шиг зан гаргалаа гэсэн утгатай зүйл ярьж маргаан эхэлсэн...” гэх мэдүүлэг, хохирогч Ж.Энхжаргалын мэдүүлсэн “...манай нөхөр У.Ганхуягийг элдэвээр хэл амаар дайрч доромжилж байгаад жижиг сандлаар толгой руу нь нэг удаа цохихоор нь би дундуур нь ортол намайг сандлаараа цохьчихсон...” гэх мэдүүлэг, гэрч Ё.Аюурзанын мэдүүлсэн “...У.Ганхуягийн эхнэр Ж.Энхжаргал О.Ганхуяг руу дайрахад нь О.Ганхуяг хажуу талдаа байсан жижиг модон сандлыг аваад урдаас нь шидчихсэн чинь Ж.Энхжаргалын зүүн талынх нь шанаанд таараад цус гараад эхэлсэн юм. Тэгтэл хойд талын орон дээр сууж байсан Ж.Энхжаргалын нөхөр У.Ганхуяг босч ирээд О.Ганхуягийг боогоод тэр хоёр дээр доороо ороод ноцолдоод байхаар нь би салгасан...” гэх мэдүүлэг, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 485, 486 тоот шинжээчийн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтаар, 
Шүүгдэгч О.Ганхуяг нь дээрх гэмт хэргийг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадваргүй байсан болох нь гэрч Б.Соёл-Эрдэнийн мэдүүлсэн “...Бид нар анх танилцаж байхад тамхи татаж, архи уудаггүй хүн байсан. Түүнээс хойш махны ченж хийж байгаад маш их архи уудаг болсон, тэгээд мал нядлах ажил ихээр хийдэг болсон. Түүнээс хойш их хэмжээгээр архи ууж сэтгэцийн хувьд өөрчлөгдөж эхэлсэн...” гэх мэдүүлэг, гэрч О.Ганбатын мэдүүлсэн “...Миний ах О.Ганхуяг нь одоо 48 настай бөгөөд архи уугаагүй байх үедээ зан харилцааны хувьд даруу төлөв, гүндүүгүй монгол эр байгаа юм. Манай ах бид нарт сургааль, сургамж айлддаг. Олон нийтийн ажил урлагын авъяастай, архи уухаараа харин юу ч хийхээс буцахгүй аюултай зантай болчихдог...” гэх мэдүүлэг, шинжээч эмч С.Энхтайваны мэдүүлсэн “...О.Ганхуяг нь СЭМҮТ-ийн архивын лавлагаанаас харахад 2012 оноос одоог хүртэл 4 удаа хэвтэж эмчлэгдсэн. Архинд донтох өвчний хий үзэгдэл догширсон байдалтайгаар эмчилгээ хийгдсэн байсан. Уг өвчин нь архи уусан болон нойргүйдэлт, сэтгэл санааны тавгүй байдал зэргийн үед хий үзэгдэл /хараа, сонсголон/ байдал зонхилон илэрч, ширүүн төрх байдалтай болж хий үзэгдэлдээ хөтлөгдөн догширч орчинд аюултай үйлдэл хийх байдал байнга гаргадаг...” гэх мэдүүлэг, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримт болон шүүгдэгч О.Ганхуягийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

Шүүгдэгч О.Ганхуягт 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т заасан гэмт хэрэгт сэжигтнээр тооцох тогтоол үйлдэж, сэжигтнээр, 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол үйлдэж яллагдагчаар тус тус байцааж, мөн улсын яллагч Б.Батсайхан О.Ганхуягийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн болохыг тогтоолгох саналыг шүүх хуралдаанд гаргасан байх боловч шүүгдэгч О.Ганхуяг нь 2016 оны 10 дугаар сарын 26-ны орой У.Ганхуягийн гэрт нэг цаг хугацаанд нэг удаагийн үргэлжилсэн үйлдлээр хохирогч У.Ганхуяг, Ж.Энхжаргал нарын биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримт, шүүхийн хэлэлцүүлгээр бүрэн нотлогдож, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулж байх тул шүүгдэгч О.Ганхуягийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэргийг үйлдсэн болохыг тогтоох үндэслэлтэй байна.
 
Иймд шүүгдэгч О.Ганхуягийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэмт хэрэг гарах болсон нөхцөл байдал, түүний биеийн байдал зэргийг харгалзан түүнд сэтгэцийн эмгэг судлалын ердийн эмнэлэгт эмчлүүлэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

 Энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч О.Ганхуяг нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн модон сандал нэг ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгч О.Ганхуягт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Хохирогч Ж.Энхжаргал, У.Ганхуяг нар гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нотлох баримтын хэмжээнд 1.194.300 төгрөгийн нэхэмжилсэн байх боловч Иргэний хуулийн 504 дүгээр зүйлийн 504.1-д зааснаар шүүгдэгч О.Ганхуяг нь дээрх гэм хорыг хариуцах үндэслэлгүй гэж үзэж энэ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 298, 378, 383, 385 дугаар зүйлийн 385.1, 385.5-д заасныг удирдлага болгон


ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэргийг Хиад боржигон овогт Онгойн Ганхуяг нь хэрэг хариуцах чадваргүй үедээ үйлдсэн болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар Онгойн Ганхуягт сэтгэцийн эмгэг судлалын ердийн эмнэлэгт эмчлүүлэх эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй. 
3. Иргэний хуулийн 504 дүгээр зүйлийн 504.1-д зааснаар хохирогч Ж.Энхжаргал, У.Ганхуяг нарын 1.194.300 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. 
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан модон сандал нэг ширхэгийг шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай. 
5. Шүүгдэгч О.Ганхуяг нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгч О.Ганхуягийг сэтгэцийн эмгэг судлалын ердийн эмнэлэгт очтол урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэсүгэй.
7. Шүүхийн тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хохирогч нар, шүүгдэгч, түүний өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шүүхийн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Р.АЛТАНЦЭЦЭГ
              ШҮҮГЧИД                                  П.ГАНДОЛГОР
                                                       Э.ОДХҮҮ