Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 972

 

 

 

 

 

 

 

 

 

 

М.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2018/00364 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч М.Б,

Хариуцагч “А” ХХК, “П” ХХК-д холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг,

Хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Батдэлгэр,

Хариуцагч “А” ХХК-ийн өмгөөлөгч Б.Эрдэнэмөнх,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Б нь 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдөр “А” ХХК-тай 93 м.кв газраа чөлөөлөн тус компанийн баригдах байшингийн 1 давхарт үйлчилгээний зориулалттай 38 м.кв оффисын өрөөгөөр солих гэрээ хийсэн бөгөөд гэрээний хугацаа 2015 оны 12 дугаар сарын 31-нд дууссан.

Гэрээний 5.1-д зааснаар гэрээний хугацааг 6 сар сунгаж болно гэсний дагуу мэдэгдэх үүргээ хүлээгээгүй, дотроо ариун цэврийн өрөөтэй, оффисын өрөө хүлээлгэн өгөх гэрээний үүргээ зөрчсөн. “П” ХХК болон “А” ХХК нь хоорондоо хамааралтай компани бөгөөд газар шилжүүлэх үед 2 компанийн гүйцэтгэх захирлаар Б.Энхбат ажиллаж байсан. Б.Энхбаттай бүх гэрээ хэлцлийг хийсэн, нэхэмжлэлд хавсаргасан гэрээнд Б.Энхбат, Т.Баярхүү нар гарын үсэг зурсан, одоо дээрх 2 компанийн захирал Т.Баярхүү болсон.

2014 оны 08 дугаар сарын 21-ний өдөр “А” ХХК-тай 01/14 дугаартай Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсан, уг гэрээг үндэслэн 2014 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээг нотариатын загвараар хийж газрын албанд бүртгүүлж, үүний дагуу 93 м.кв газрыг “П” ХХК-д шилжүүлсэн. Гэрээний 4 дэх заалтад гараар бичсэн хэсэгт “2014 оны 08 дугаар 21-ний өдөр №01/14 тоот гэрээгээр” гэж “А” ХХК-тай байгуулсан 01/14 дугаартай гэрээг зааж, уг гэрээг үндэслэн 38 м.кв оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгийг өгнө гэж тохиролцсон. Иймд дээрх компаниудаас гэрээний төлбөр болох 38 м.кв офиссын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч “П” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай компани нь М.Баас газар шилжүүлэн аваагүй. Харин манай эзэмшлийн газарт М.Бын газрын 10 м.кв орчим хэсэг давхцан орсон. Нэхэмжлэгч М.Б болон манай компанийн хооронд бусдын өмчлөлд эд хөрөнгө харилцан шилжүүлэх буюу М.Б 93 м.кв талбайг манай компанид шилжүүлэх, “П” ХХК нь М.Бад 38 м.кв оффисын өрөөг өгөхөөр арилжааны гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлсэн нь хууль бус болсон.

“П” ХХК-ийг төлөөлсөн Б.Өнөрцэцэг болон М.Б нарын хооронд байгуулсан Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ гэж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцлийг баталгаажуулсан Баянгол дүүргийн 349 дүгээр тойргийн нотариатч М.Алтангэрэлийн үйлдэл нь Иргэний хууль болон Нотариатын тухай хуулийг зөрчсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн 260.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Быг Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Апартмент 5 дугаар байр 52/6 байрны 1 давхрын баруун жигүүрт байрлах 38 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 349 367 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч нараас нийт 349 367 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

            Хариуцагч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:  Анхан шатны шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж дүгнэж хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Учир нь Иргэний хуулийн III хэсгийн I дэд хэсэгт зохицуулсан бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон гэрээний үүргийн зохицуулалтын хэсэгт хамаарах хэлцэл бөгөөд эзэмшлийн газрыг хариу төлбөртэйгөөр захиран зарцуулах эрхгүй юм. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан, мөн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг уялдуулан хэрэглэсэн нь бүхэлдээ үндэслэлгүй болсон. Түүнчлэн шүүх Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1, 211.2 дахь хэсэгт заасныг тайлбарлан хэрэглэхдээ нотлох баримт, үйл баримтаар нотлогдоогүй нөхцөлүүдийг гаргаж ирсэн нь уг зүйл, заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэсэн.

            Хамтран хариуцагчаар “П” ХХК-ийг татсантай холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргахад шүүх хүлээн авахаас татгалзсан. Мөн 93 м.кв газрын 10 м.кв газар нь “П” ХХК-д шилжиж ирсэн бөгөөд энэхүү хэмжээний давхцлыг харуулсан зураг өгч хөндлөнгийн шинжээчээр тогтоолгох хүсэлт гаргасан ч шүүхээс хүлээж аваагүй. Шинжээч шаардлагагүй бол газар дээр нь очиж газрыг хэмжин шүүхэд харуулъя үзлэг хийж өгнө үү гэхэд мөн л хүсэлтийг хүлээн аваагүй. Дөнгөж хамтран хариуцагчаар татагдаж хүсэлтүүдээ гаргаж байхад шүүхээс хангахгүй байсан тул захирамжаа өөрөө хүчингүй болгож өгөхийг хүссэн ч хүсэлт хангахаас татгалзаж улмаар хариуцагчийн зүгээс хэт нэг талыг барьж хариуцагчийн эрх ашгаа хамгаалах боломжийг олгохгүй байсан тул хэргийг шударгаар шийдвэрлэхэд эргэлзээтэй байна гэж үзээд шүүгчээс татгалзах хүсэлтээ гаргахад хүлээн аваагүй. Ийм байдлаар шүүхээс хэт нэг талыг барьж байсан тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын зүгээс шүүх хурлыг орхин гарсан бөгөөд шүүх хурлыг хариуцагчийн эзгүйд шийдвэрлэж нэхэмжлэлийг бүрэн хангасан байсан. Анхан шатны шүүхийн шийдвэрт “татгалзан гаргах үндэслэл илэрвэл хэргийн оролцогч мэдэгдэх үүрэгтэй болохоос бус шүүгчийн татгалзан гаргах хүсэлт гаргах боломжгүй юм” гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.2 дахь хэсэгт заасныг тайлбарлаж байна. Энэ зүйлд зааснаас үзвэл татгалзах үндэслэл илэрвэл хүсэлт гаргах эрхтэй бөгөөд шүүх хурал эхлэхээс өмнө эсхүл шүүх хуралдааны явцад илэрвэл энэ тухай хүсэлтээ мэдэгдэхээр заасан байгааг шүүх буруу тайлбарлан хэрэглэсэн.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагадаа тодруулга хийсэн гэх бичигтээ өмчлөгчөөр тогтоолгох шаардлагаа оффисын өрөө гаргуулах болгож өөрчилсөн байсныг шүүхээс өмнөх шаардлагаар нь шийдвэрлэсэн. Мөн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад хариуцагч нарт хариу тайлбар өгөх боломж олгоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-д заасан хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт, эрх зүйн харилцаанд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг зөв шийдвэрлэсэн ч үнэлэх боломжтой нэхэмжлэлийн үнийн дүнг тодорхойлж, түүнд ногдуулах улсын тэмдэгтийн хураамжийг зөв тооцоогүй байх тул шүүхийн шийдвэрт уг алдааг зөвтгөсөн өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч М.Б нь “А” ХХК болон “П” ХХК-д холбогдуулан Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, Апартмент 5 дугаар байр 52/6 байрны 1 давхрын 38 м.кв оффисын өрөөний өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргажээ.

Хариуцагч “П” ХХК нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн татгалзлаа тус компанийн М.Бтай байгуулсан 93 м.кв газар манай компанид шилжүүлсний хариуд 38 м.кв оффис өрөөг өгөх тохиролцоо бүхий гэрээг төлөөлөх эрхгүй этгээдтэй байгуулсан тул хүчин төгөлдөр бус хэлцэл гэх үндэслэлээр гарган, сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Зохигчдын хооронд байгуулагдсан 2014 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 01/14 дугаартай  “газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-гээр М.Б нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар хотхонд байрлах 133017/0217 нэгж талбарын дугаар бүхий 000494963 тоот гэрчилгээний дугаартай 93 м.кв газрын эзэмших эрхийг шилжүүлэх, хариуцагч “А” ХХК нь худалдагчийн шилжүүлсэн газар эзэмших эрхийн төлбөрт 38 м.кв, дотроо ариун цэврийн өрөөтэй, оффисын зориулалттай талбайг хүлээлгэн өгөх үүргийг тус тус хүлээсэн байх ба /хх1-4-6/ талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний үүрэг үүссэн гэж үзсэн шүүхийн дүгнэлт зөв байна. Учир нь худалдах, худалдан авах гэрээний зүйл болох “хөрөнгө” гэдэгт Иргэний хуулийн 83, 84 дүгээр зүйлд зааснаар “эрх” багтах бөгөөд эрх, шаардлага, бусад хөрөнгө худалдан авахад худалдах, худалдан авах гэрээний талаарх мөн хуулийн заалтууд нэгэн адил хамаарах талаарх Иргэний хуулийн 260 дугаар зүйлийн зохицуулалтыг шүүх зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Мөн олгосон итгэмжлэлийн дагуу “А” ХХК-ийн нягтлан бодогч Б.Өнөрцэцэг нь 2014 оны 8 дугаар сарын 23-ны өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж, М.Баас 93 м.кв газрын эзэмших эрхийг шилжүүлэн авахаар тохиролцохдоо гэрээний нэмэлт нөхцөл гэсэн хэсэгт хариу төлбөрт нь уг газарт баригдах орон сууцны барилгын 1 давхрын баруун жигүүрийн 38 м.кв талбай бүхий оффисын зориулалттай өрөөг шилжүүлэн өгөх үүргийг 01/14 дугаартай гэрээгээр тохиролцсоныг тэмдэглэжээ. /хх-249/

 “П” ХХКомпанид М.Бын 93 м.кв газар эзэмших эрхийг шилжүүлэн, нийт 1322 м.кв газар эзэмших эрхтэй болсныг Нийслэлийн Засаг дарга 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 03/4798 тоот албан бичгээр мэдэгдэж, шүүхэд холбогдох баримтыг ирүүлснээс үзвэл Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 72-р хотхонд байрлах 133017/0217 нэгж талбарын дугаар бүхий 000494963 тоот гэрчилгээний дугаартай 93 м.кв газрын эзэмших эрхийг “П” ХХК шилжүүлэн авч, 1322 м.кв газрын хууль ёсны эзэмшигч болсон байх тул нэхэмжлэгч М.Быг гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзнэ.

Эрх бүхий этгээдийн шийдвэрээр 93 м.кв газар эзэмших эрхийг шилжүүлсэн нь  нэгэнт тогтоогдсон тул өөрийн эзэмшлийн 1322 м.кв газартай М.Бын 10 м.кв газар нь л давхацсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй, үүнтэй холбоотойгоор шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн аваагүй нь хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримтыг цуглуулах журмыг зөрчихгүй тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.  

Дээрх байдлаар гэрээний үүргээ биелүүлсэн тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэг болон газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний 4.6-д зааснаар хариуцагч “А” ХХК, “П” ХХК-иудаас Апартмент 5 дугаар байрны 1 давхрын баруун жигүүрт байрлах 38 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхтэй, шүүх нэхэмжлэлийг хангасан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт нийцнэ.

Хариуцагч “А” ХХК, “П” ХХК нь итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд буюу гүйцэтгэх удирдлага нэгтэй /Т.Баярхүү/ харилцан хамаарал бүхий компани болох нь компанийн дүрэм болон хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байхаас гадна гэрээний дагуу шилжүүлэн авсан 93м.кв газрыг багтаасан 1322 м.кв эзэмшил газар дээр барьсан 12 давхар үйлчилгээний зориулалттай орон сууцны барилгын захиалагч, ерөнхий гүйцэтгэгч гэж барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын актад /2хх-18/  тусгагджээ. Мөн уг барилгын өмчлөх эрхийг бүртгүүлэх хүсэлтийг “А” ХХК гаргасан талаарх дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг хэрэгт авагдсан байна. /хх2-38/

Түүнчлэн “А” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Энхбат нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байрлах 133017/0217 нэгж талбарын дугаартай 93 м.кв газрын эзэмших эрх шилжүүлэх, худалдах худалдан авах гэрээг компанийн нэрийн өмнөөс хийх, гэрээг Нийслэлийн өмч, газрын харилцааны албанд бүртгүүлэх эрхтэй этгээдээр  2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр нягтлан бодогч Б.Өнөрцэцэгийг томилжээ. /хх1-250/

Дээрх баримтууд, хэргийн нөхцөл байдлаас үзвэл “А”,  “П” ХХК-ний хэн аль нь М.Бадралтай байгуулсан гэрээний үүргээ биелүүлээгүй  бөгөөд хоёр хариуцагчид холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргасныг үндэслэлтэй гэж үзсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.

2014 оны 8 дугаар сарын 23-ны өдөр М.Б болон Б.Өнөрцэцэг нарын байгуулсан “Газар эзэмших эрх шилжүүлэх” гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах, уг гэрээг гэрчилсэн нотариатын үйлдлийг хүчингүй болгуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагад тооцогдохгүй гэж сөрөг нэхэмжлэлийг шүүх хүлээж авахаас татгалзсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дэх хэсэгт заасанд нийцнэ.

Түүнчлэн шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулиар тогтоосон журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох, мэтгэлцэх эрхийг хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

Хэргийг хэлэлцсэн 2018 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн өмнөх шатанд шүүх бүрэлдэхүүн, оролцогчдыг танилцуулан татгалзал бий эсэхийг асуухад хариуцагчийн өмгөөлөгч татгалзалгүй гэсэн нь тэмдэглэлд тусгагдсан байна. Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой санал хүсэлт бий эсэхийг тодруулж, хариуцагчийн өмгөөлөгчөөс гаргасан шинжээч томилуулах хүсэлтийг шүүгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэл гаргасныг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсний дараа хариуцагчийн өмгөөлөгч шүүгчийг татгалзах хүсэлт гаргасан нь хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байна. /хх2-111/

Хэргийн оролцогчийн гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон ажиллагааг шүүгчийг татгалзан гаргах үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт заасан шүүгчийг татгалзах үндэслэлд хамаарахгүй тул шүүх хүсэлтийг мөн хуулийн 92 дугаар зүйлийн 92.6 дахь хэсэгт заасан журмаар шийдвэрлүүлэх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн хүсэлтийг хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэлгүй. Иймд шүүх хуралдааны явцад гарсан уг асуудлыг тэмдэглэлд тусган хуралдааныг үргэлжлүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 92 дугаар зүйлийн 92.6, 92.8 дахь хэсэгт заасныг зөрчихгүй.

Харин шүүх улсын тэмдэгтийн хураамжийг зохигчдод хуваарилахдаа 349 400 төгрөгийг ямар баримтыг үндэслэн гаргуулсан нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгч шүүхэд анх нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлжээ. Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага буюу 38 м.кв оффисын өрөөний өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг үнэлэх боломжтой бөгөөд Улсын бүртгэлийн байгууллагын шүүхэд ирүүлсэн баримтад хариуцагч компанийн барьсан барилгын 1 давхрын 50 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай барилгыг 70 000 000 төгрөгөөр үнэлснийг /хх.79/  жишиг болгож үзвэл 38 м.кв талбайг 53 200 000 төгрөгийн үнэтэй гэж, уг үнийн дүнгээс улсын тэмдэгтийн хураамжийг тооцох боломжтой байна.

Иймд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тооцвол 423 950 төгрөг болох ба урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг хасч, 353 750 төгрөгийг нэхэмжлэгчээс нэмж гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч нараас нийт 423 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 181/ШШ2018/00364 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын “нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 349 367 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч нараас нийт 349 367 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж” гэснийг “нэхэмжлэгчээс 353 750 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч нараас нийт 423 950 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч “А” ХХК-аас төлсөн 349 400 төгрөг, хариуцагч “П” ХХК-аас төлсөн 349 400 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Н.БАТЗОРИГ

 

                                          ШҮҮГЧИД                                  Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                             А.ОТГОНЦЭЦЭГ