| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2023/0245/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/245 |
| Огноо | 2023-06-29 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Т.Д |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 06 сарын 29 өдөр
Дугаар 2023/ШЦТ/245
2023 6 29 2023/ШЦТ/245
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С
улсын яллагч Т.Д
шүүгдэгч Д.Н нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдсэн, шүүгдэгч Д.Н-д холбогдох эрүүгийн 2325002190343 дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Шүүгдэгч Д.Н нь;
2023 оны 6 дугаар сарын 04-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Бүрэнбүст баг **** тоот гэртээ, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, 13 настай төрсөн хүү Б.А-ыг “хаалгаа тайлсангүй, утсаа авсангүй, пиво уулаа ” гэх шалтгаанаар гарын бугалга, шуу хэсгээс чимхэж, нуруу хэсэгт нь суран тэлээгээр ороолгож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг; Гэм буруугийн талаар;
Шүүгдэгч Д.Н нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна,
зөрчлийн хэрэгт цуглуулсан нотлох баримтууд /хавтаст хэргийн 2-12 дахь тал/,
насанд хүрээгүй хохирогч Б.А-ын “...Тухайн өдөр аав, ээж хоёр хотоос орж ирээд, ээж намайг “гар утсаа авсангүй, хаалга онгойлгосонгүй” гэж хэлээд уурлаад гараараа цохисон, ...хөргөгч ухаад хөргөгчид байсан шар айргийг хараад намайг уусан байна гэдгийг мэдээд аавын бэлтгэлдээ авч явдаг сураар намайг зодож, тэлээгээр цохисон, миний нуруу хэсэг рүү хэд, хэдэн удаа цохисон.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дахь тал/,
гэрч Д.Н-ын “...гэрт орсон чинь эхнэр Н хүү А-ыг тэлээгээр зодож, хүү А уйлаад зогсож байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/,
Д.Н-ийн яллагдагчаар өгсөн “...2023 оны 6 дугаар сарын 04-ний өглөө 08 цагийн үед...гэртээ ирээд хаалгаа тогшсон боловч хүү А хаалга онгойлгоогүй, би маш удаан хаалгаа цохиж, арай гэж хаалга онгойлгосон, ...гэртээ ороод “яагаад хаалга тайлахгүй байгаа юм, яагаад гар утсаа авдаггүй юм, чи яагаад шөнөжингөө унтаагүй юм” гэж хэлээд гарын булчин хэсгээс нь гараараа чимхэж гар хэсэг рүү нь зөндөө олон удаа цохисон, ...хөргөгчид байгаа шар айргийг харсан чинь бүтэн шар айргийг онгойлгоод нэлээн уучихсан байхаар нь уурлаад нөхрийн бэлтгэлдээ авч явдаг сураар хүү А-ыг цохисон, бас тэлээгээр нь цохисон.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дахь тал/,
Шүүхийн Шинжилгээний Ерөнхий газар Орхон аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 503 дугаартай;
“...Б.А-ын биед хоёр гарын бугалга, нуруу, хоёр гарын шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь хатуу зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хоёр гарын бугалга, нуруунд үүссэн цус хуралт нь 1-3 хоногийн өмнө, хоёр гарын шуунд үүссэн цус хуралт нь 4-7 хоногийн өмнө үүссэн байхаар байна. Хоёр гарын бугалга, нуруунд үүссэн цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 25-26 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Г-гийн “...гомдолгүй” гэсэн хавтаст хэргийн 68 дугаар талд авагдсан хүсэлтийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг түүнд оногдуулж,
торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцэх бөгөөд шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрүүгийн хариуцлагын хуульзүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,
шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х овогт Д-ийн Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н-г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.Н шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Н урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичиж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ