Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/250

 

 2023         06            30                                   2023/ШЦТ/250

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Б    

улсын яллагч Н.Д

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч А.Т нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүгдэгч Б.Б-д холбогдох эрүүгийн 2225003420260 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Шүүгдэгч Б.Б нь;

согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Этэй үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэж, 2022 оны 5 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум ................. дугаар байрны урд талд иргэн Б.Ц-той маргалдаж, цохисон үйлдлийг нь таслан зогсоох гэсэн үйлдлийн эсрэг буюу хохирогч Б.Б-ын толгой, нүүр, гар луу цохих, өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Б.Б “...би барилга дээр ажилладаг бөгөөд орой гэртээ амарч байтал Ч, Д хоёр “ирээч” гээд дуудаад байхаар нь 4-12 дугаар байрны сааданд очсон. Тэгээд байж байгаад гэртээ харихаар болоод байж байтал Ч, Д хоёр танихгүй хоёр залуутай уулзаад байсан, би “явлаа” гэж хэлэхээр очтол хоёр залуугийн нэг нь намайг хэл, амаар доромжилсон бөгөөд үүнээс болж зодоон болсон.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч Б.Б-ын “...Миний нэг найз “Солонгос Улсаас түр хугацаагаар ирсэн” гээд 10 жилийн найзуудтайгаа “Wave” баар луу орцгоосон, баар хаах цаг болоод бид авсан пивоо бараагүй тул үлдсэнийг нь аваад гарсан. Тэгээд 4 дүгээр сургуулийн хашаан дотор баарнаас авч гарсан пивоо уунгаа юм ярьж байгаад цаг орчмын дараа дуусаад Ц-ийн хамт харих гээд такси барихаар Уртцагаан руу явж байсан чинь 4-16, 4-18 дугаар байрны голд байдаг дэлгүүрийн ард талын сааданд хэдэн залуучууд сууцгааж байсан, тэгээд “тамхи байна уу” гээд орилохоор харсан чинь юу, юугүй гүйлдээд хүрээд ирсэн. Тэгснээ манай найз Ц-ийг зарим нь таниад “юу байна ахаа” гээд нэг, нэгээрээ гар бариад эхэлсэн, би таньдаг дүү нар нь юм байна гээд тайвширчихсан байж байсан чинь араас нь нэг халзан залуу гарч ирээд үг дуугүй Ц-ийг цохиод унагаачихсан, ...би болиулах гээд “та нар чинь яагаад байгаа юм” гээд нэгийг нь хойшлуулаад Ц-ийг татах гээд тонгойсон чинь намайг зодоод эхэлсэн, зодуулж байх үедээ нүүрээ дараад тонгойгоод суучихсан, тэгсэн чинь дагз руу нэлээн хэдэн удаа хүчтэй цохиод байсан, бид хоёрыг зодчихоод 4-20 дугаар байр луу зугтаагаад явсаны дараа боссон чинь толгой эргээд, дагз руу халуу оргиод явчихаар нь дагзаа барьсан чинь алга тэр чигтээ цус болчихсон. ...цагдаагийн машин ирэхээр нь суугаад хүлээн авах дээр очиход “толгой хоёр газар хагарчихсан байна” гээд оёдол тавиулсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дахь тал/,

гэрч Б.Ц-ийн “...2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр манай найз “Солонгос Улсаас ирчихсэн” гээд найзуудын хамт “Wave бааранд орсон, баар хаах цаг болоод авсан пивонуудаа ууж дуусаагүй тул авч гараад 4 дүгээр сургуулийн гадна талд пивоо ууж дуусаад найз Б-ын хамт такси барина гээд урагшаа Уртцагаан руу гарах гээд явж байсан чинь 4-16, 18 дугаар байрны голд сааданд хэдэн залуучууд сууж байхаар нь тоогоогүй явж байсан чинь “хөөе тамхи байна уу” гэж орилохоор нь гайхаад харсан чинь тэр залуучууд бид хоёр дээр хүрээд ирсэн. Тэгээд намайг зарим нь таниад “юу байна ах” гээд гар барихаар нь зөрүүлээд мэндэлсэн чинь цаанаас нь нэг залуу “би хэн билээ, та намайг таньж байна уу” гэхээр нь би танихгүй юм чинь “танихгүй байна, хэн билээ” гэсэн чинь шууд цохиод би газар уначихсан, тэгсэн нэг залуу миний урд ирээд цаасны хутга дуугаргаад “ахаа та нарын үе дууссан шүү” гээд нүдний доод талд зүсчихсэн. Тэгсэн чинь нэг залуу нь намайг босгохоор нь харсан чинь манай найз Б-ыг цаана нь хэдэн залуучууд тойрчихсон зодож байгаад цаашаагаа зугтаад яваад өгсөн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дэх тал/,

гэрч Б.Э-ийн “...2022 оны 5 дугаар сарын 13-нд 20 цагийн үед Д, Ч хоёр найзтайгаа “Уурхайчин” соёлын ордны гадаа уулзаад 4-18 дугаар байрлуу яваад “Азам” дэлгүүрээс 2.5л хоёр ширхэг “Сэнгүр” пиво аваад 4-18 дугаар байрны урд талын сааданд уугаад сууж байхад Ч-ийн найз Б ирсэн, дараа нь Бийн найз Т, дүү хоёр нь 0.75л “Соёрхол” архитай ирээд бид хэд уусан. Архи дуусахад Б-ийн найз гээд танихгүй хүн ирсэн, Т гэдэг залуу манай найз Ч-ийг зодоод, би Ч-ийг аваад явган хүний замруу холдоод байж байхад “Найрамдал-Эс” зусланд багшилдаг байсан Ц гэдэг ах найзтайгаа явж байхад нь таараад юм яриад зогсож байхад араас нөгөө залуучууд ирээд Ц ахыг найзтай нь хамт зодсон, би тэр хэд рүү орилоод зодолдох гэж байхад Б, Т, Бийн дүү, сүүлд ирсэн танихгүй залуу тэр дөрөв машинлуугаа зугтаасан, ... Ц ахын найз зодуулаад газар унасан байсан, босож ирээд надаас зуураад тавихгүй би салах гээд ноцолдож 2-3 удаа түлхээд Д намайг хойш татаад салгасан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 42, 45-46 дахь тал/,

гэрч Л.Д-ийн “...Уурхайчин соёлын ордны гадаа Ч болон Э хоёртой уулзаад 4-22 дугаар байр хүртэл алхаад явж байгаад бид гурав пиво уухаар болоод 4-18 дугаар байрны “Азам” дэлгүүр орж 2.5л “Сэнгүр” пиво нэгийг авч уугаад байж байгаад би Ч-д “Б-ийг дуудах уу” гэж хэлсэн чинь Ч нь Б рүү залгаад утсаа өгөхөөр нь би Б-тэй яриад “4-18 дугаар байранд бид хэд ууж байна, чи хүрээд ирээч” гэсэн чинь Б “заа за ойлголоо, би очихгүй ч байж магадгүй шүү, ядраад байна” гэж байсан, удалгүй Б 0.75л шил архи барьчихсан хоёр найзтайгаа хүрч ирсэн. Тэгээд бид хэд авч ирсэн архийг ууж, Б-ийн найзуудтай нь танилцаад байж байгаад Б “удахгүй манай найз ирж намайг авна” гэж байсан, ууж дуусаад салаад явах гэж байтал Ч-ийн таньдаг хоёр ахтай тааралдаад мэндлээд гар бариад Ч, Э хоёр юм яриад зогсож байхад Б хүрч ирээд тэр хэд маргалдаад, Б хоёр ахын нэгийг нь цохиж аваад зодолдоод эхэлсэн. Ч салгахад Э нэг ахын толгой руу юмаар цохичихсон, салгачихаад явж байсан чинь толгой руугаа цохиулсан ах газар суучихсан байж байхаар нь би очоод “зүгээр үү ахаа” гэсэн чинь намайг “цаашаа бай, яв” гэхээр эргээд явж байтал миний урдаас Э, Ч хоёр хүрээд ирэхээр нь бид гурав шууд чигээрээ яваад хуримын ордны урдуур гараад 5-1 дүгээр байранд очоод “Б яагаад зодоон эхлүүлчих вэ” гээд ярилцаж байгаад Хаан банкны урд очоод салаад гэр, гэр лүүгээ явцгаасан” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 52 дахь тал/,

Б.Б-ийн яллагдагчаар өгсөн “...Тухайн орой ажлаасаа буугаад гэртээ ирчихсэн амарч байсан, гэтэл над руу цэргийн найз Д утсаар залгаж “Ч бид хоёр уулзчихсан байна, чи гараад ирээч” гэж хэлсэн, би “завгүй ээ, очихгүй” гэтэл над руу байн, байн залгаад байхаар нь очсон. Тэгээд би тэд нарын хэлсэн газарт буюу 4 дүгээр микрийн сааданд найз Т-ийн хамт очсон, тухайн үед би эрүүл байсан, Т халамцуу, мөн нэг шил архитай очсон, Ч, Д мөн танихгүй нэг залуу нар байсан, намайг очиход тэр гурав 2.5л пиво ууж байсан. Ингээд бид тав тухайн пивоо ууж дуусгаад, миний авч очсон архийг хувааж уусан, тарах гээд байж байтал Ч, Д, Э нар хоёр хүнтэй уулзаад зогсож байсан, Ч-ийн найз гэх танихгүй залууг Э гэж байсан. Би явахаасаа өмнө Ч, Д хоёртой уулзчихаад явъя гэж бодоод тэд нар дээр очтол тэр гуравтай уулзаж байсан хоёр залуугийн нэг нь надад “чи зайлж бай, Э-д чи намайг мэдэх үү” гээд байсан, бид хоёр муудалцаад тэр залуу эхлээд намайг духаараа нэг удаа мөргөсөн, би зөрүүлж нүүр лүү нь гараараа нэг удаа цохисон. Тэгтэл хамт явж байсан залуу нь над руу дайрахаар нь би тэр залуутай барьцалдаж цааш явж байгаад түүнийг хавсарч унагаасан, би “барахгүй шүү” гэж хэлчихээд явж байтал надтай анх маргалдсан залуу нүүрээ дарчихсан сууж байсан, тэр залуу “чи намайг юугаар цохисон бэ” гэхээр нь би “чамайг гараараа цохисон шүү” гэж хэлсэн, тухайн үед тэр залуугаас цус гарч байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 89 дэх тал/,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмч Ч.Б-гийн 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 397 дугаартай; “...1.Б.Б-ын биед  хуйханд шарх, баруун нүдний урд булан, баруун гарын сарвууны ар хэсэгт цус хуралт, баруун сарвууны ар хэсэг, бугуйнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь бүгд хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байхаар байна. 3.Хуйханд шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамраагдана. Баруун нүдний урд булан, баруун гарын сарвууны ар хэсэгт цус хуралт, баруун сарвууны ар хэсэг, бугуйнд зулгаралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. 4.Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 60-61 дэх тал/,

иргэн Б.Б-ын “...Хүрэнбулаг баг 4-18 дугаар байрны дунд найз Б.Ц-ийн хамт явж байгаад үл таних 7 залууд зодуулсан.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 12 дахь тал/,

Б.Ц-ийн өргөдөл /хавтаст хэргийн 13 дахь тал/,

Орхон аймаг Хүрэн булаг багийн 4-18 дугаар байрны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 23-27 дахь тал/,

“Мэдээлэл шуурхай удирдлагын төв”-ийн хяналтын камерын бичлэг бүхий хуурцагийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 28 дахь тал/,

Б.Б-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 98 дахь тал/,

эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 103 дахь тал/ зэрэг болно.

Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мөн Б.Б-өөс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгч Б.Б-ийг гэм буруутайд тооцох;

шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Этэй үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэж, 2022 оны 5 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум .............. дугаар байрны урд талд иргэн Б.Ц-той маргалдаж, цохисон үйлдлийг нь таслан зогсоох гэсэн үйлдлийн эсрэг буюу хохирогч Б.Б-ын толгой, нүүр, гар луу цохих, өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь “хуйханд шарх, баруун нүдний урд булан, баруун гарын сарвууны ар хэсэгт цус хуралт, баруун сарвууны ар хэсэг, бугуйнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх,

хохирогч Б.Б-ын “...Ц-ийг татах гээд тонгойсон чинь намайг зодоод эхэлсэн, зодуулж байх үедээ нүүрээ дараад тонгойгоод суучихсан, тэгсэн чинь дагз руу нэлээд хэдэн удаа хүчтэй цохиод байсан, бид хоёрыг зодчихоод 4-20 дугаар байр луу зугтаагаад явсаны дараа би боссон чинь толгой эргээд, дагз руу халуу оргиод явчихаар нь дагзаа барьсан чинь алга тэр чигтээ цус болчихсон.” гэх,

гэрч Б.Ц-ийн “...нэг залуу “би хэн билээ, та намайг таньж байна уу” гэхээр нь би танихгүй юм чинь “танихгүй байна, хэн билээ” гэсэн чинь шууд цохиод би газар уначихсан, тэгсэн нэг залуу миний урд ирээд цаасны хутга дуугаргаад “ахаа та нарын үе дууссан шүү” гээд нүдний доод талд зүсчихсэн. Тэгсэн чинь нэг залуу нь намайг босгохоор нь харсан чинь манай найз Б-ыг цаана нь хэдэн залуучууд тойрчихсон зодож байгаад цаашаагаа зугтаад яваад өгсөн.” гэх,

гэрч Б.Э-ийн “...Ц гэдэг ах нэг найзтайгаа явж байхад нь таараад юм яриад зогсож байхад араас нөгөө залуучууд ирээд Ц ахыг найзтай нь хамт зодсон, би тэр хэд рүү орилоод зодолдох гэж байхад Б, Т, Б-ийн дүү сүүлд ирсэн танихгүй залуу тэр дөрөв машинлуугаа зугтаасан, ... Ц ахын найз зодуулаад газар унасан байсан.” гэх,

гэрч Л.Д-ийн “...Ч-ийн таньдаг гэх хоёр ахтай тааралдаад мэндлээд гар бариад Ч, Э хоёр юм яриад зогсож байхад Б хүрч ирээд тэр хэд маргалдаад эхэлсэн, Б хоёр ахын нэгийг нь цохиж аваад зодолдоод эхэлсэн. Тэгээд Ч салгахад Э нэг ахын толгой руу юмаар цохичихсон, салгачихаад явж байсан чинь толгой руугаа цохиулсан ах газар суучихсан байж байхаар нь би очоод “зүгээр үү ахаа” гэсэн чинь намайг “цаашаа бай, яв” гэхээр эргээд явж байтал миний урдаас Э, Ч хоёр хүрээд ирэхээр нь бид гурав шууд чигээрээ яваад хуримын ордны урдуур гараад 5-1 дүгээр байранд очоод “Б яагаад зодоон эхлүүлчих вэ” гээд ярилцаж байгаад Хаан банкны урд очоод салаад гэр, гэр лүүгээ явцгаасан.” гэх,

Б.Б-ийн өөрийнх нь өгсөн “...Би явахаасаа өмнө Ч, Д хоёртой уулзчихаад явъя гэж бодоод тэд нар дээр очтол тэр гуравтай уулзаж байсан хоёр залуугийн нэг нь надад “чи зайлж бай, Э-д чи намайг мэдэх үү” гээд байсан, бид хоёр муудалцаад намайг тэр залуу эхлээд духаараа нэг удаа мөргөсөн, би зөрүүлж нүүр лүү нь гараараа нэг удаа цохисон. Тэгтэл хамт явж байсан залуу над руу дайрахаар нь би тэр залуутай барьцалдаж цааш явж байгаад түүнийг хавсарч унагаасан, би “барахгүй шүү” гэж хэлчихээд явж байтал надтай анх маргалдсан залуу нүүрээ дарчихсан сууж байсан, тэр залуу “чи намайг юугаар цохисон бэ” гэхээр нь би “чамайг гараараа цохисон шүү” гэж хэлсэн, тухайн үед тэр залуугаас цус гарч байсан.” гэх мэдүүлгүүд,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч, эмч Ч.Б-гийн 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 397 дугаартай, “...Б.Б-ын биед  хуйханд шарх, баруун нүдний урд булан, баруун гарын сарвууны ар хэсэгт цус хуралт, баруун сарвууны ар хэсэг, бугуйнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.” гэсэн дүгнэлт,

иргэн Б.Б-ын “...Хүрэнбулаг баг 4-18 дугаар байрны дунд найз Б.Ц-ийн хамт явж байгаад үл таних 7 залууд зодуулсан.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл, Б.Ц-ийн өргөдөл, Орхон аймаг Хүрэн булаг багийн 4-18 дугаар байрны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох  баримтуудаар нотлогдон тогтоогдсон бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүй байна.

Хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд;

шүүгдэгч Б.Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Э-тэй үйлдлээрээ санаатай нэгдэж бүлэглэж, 2022 оны 5 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэн булаг баг 4-18 дугаар байрны урд талд иргэн Б.Ц-той маргалдаж, цохисон үйлдлийг нь таслан зогсоох гэсэн үйлдлийн эсрэг буюу хохирогч Б.Б-ын толгой, нүүр, гар луу цохих, өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь “хуйханд шарх, баруун нүдний урд булан, баруун гарын сарвууны ар хэсэгт цус хуралт, баруун сарвууны ар хэсэг, бугуйнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсоноос гадна нотлох баримтуудыг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдоогүй, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтэл нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Б-ийн хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь шүүгдэгч бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд хэрэгт цуглуулсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б-ийн үйлдэл “бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангажээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан, шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийн үйл баримтын талаарх шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг, бусад нотлох баримтуудыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийхэд шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх шүүгдэгч Б.Б-ийг “бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

шүүх шүүгдэгч Б.Б-ийгбүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед;

улсын яллагчаас “...шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах.” гэсэн дүгнэлтийг,

өмгөөлөгч А.Т “...гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг тул долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү.” гэсэн саналыг тус тус гаргасан болно.

Шүүх шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ;

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч Б.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон Орхон аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээчийн дүгнэлт болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар  долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,

торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин Т болмогц 7 /долоо/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна.

Шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн.”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй. 

Бусад асуудал;

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заажээ.

Хохирогч Б.Б нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нэхэмжлэл гаргаагүй бөгөөд шүүх хуралдаан эхлэхийн өмнө тус шүүхэд

“...миний бие 2022 оны 5 дугаар сард тус этгээдүүдэд зодуулж эрүүл мэндээрээ хохирсон тул гомдолтой.” гэсэн хүсэлтийг,

“А” ХХК-ийн “...Б овогтой Б нь тус компанийн 2022  оны 2 дугаар сараас эхлэн борлуулалт хариуцан ажиллаж байсан “Э” ХХК-ийн хэрэгжүүлж байгаа “И-таур” төслийн борлуулагчаар ажиллаж байхдаа бусдын халдлагад өртсөн шалтгаанаар ажилдаа сарын хугацаанд ирээгүйн улмаас уг төсөл нь манай компаниас хамтран ажиллах гэрээ дуусгавар болсон. Б.Б нь уг төсөл дээр ажиллаж байхдаа сарын 2.000.000 төгрөгийн цалинтай байсан нь банкны шилжүүлгээр нотлогдох болно.” гэсэн тодорхойлолтын хамт цахимаар илгээсэн байна.

Түүний ирүүлсэн тодорхойлолт нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй, мөн холбогдох нотлох баримтуудыг ирүүлээгүй байх тул шүүх түүний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисон бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нотлох баримтаа бүрдүүлэн өөрт учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх хохирогчийн эрхийг нь нээлттэй үлдээв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцон хураасан “Мэдээлэл шуурхай удирдлагын төв”-ийн хяналтын камерын бичлэг бүхий хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж,

битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдаж,

шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин Т болтол хэвээр үргэлжлүүлэв.  

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овогт Б-гийн Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийг долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Б шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин Т болмогц 7 /долоо/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин Т болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Хохирогч Б.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөртэй холбоотой нотлох баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцон хураасан “Мэдээлэл шуурхай удирдлагын төв”-ийн хяналтын камерын бичлэг бүхий хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж,

битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЭНХТУНГАЛАГ