Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 181/ШШ2020/00192

 

 

 

 

 

 

 

                2020          01          15  

                                 181/ШШ2020/00192

 

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

    

                                 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг 15-р хороо Дамбадаржаагийн 23-01 тоотод тоотод оршин суух Таван ханхар овогт Лхаажавын Ариунжаргал /РД:ВЙ81090804/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг 14-р хороо Уяачдын 3-1Б  тоотод оршин суух Рэнхүү овогт Юндэнгийн Бат-Эрдэнэ /РД:НК84120118/-д холбогдох

 хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Л.Ариунжаргал, нарийн бичгийн дарга Г.Цэвэлмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Ариунжаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний бие нь Ю.Бат-Эрдэнэтэй 2011 онд  танилцан үерхэж байгаад хамтран амьдрах болсон. Бидний дундаас 2012 оны 01 сарын 19-ний өдөр охин Б.Анужин төрсөн.

Бид гэрлэлтээ батлуулаагүй байсан бөгөөд охинтой болсноос хойш ийм тийм ажилтай боллоо гэж шалтаг тоочин гэртээ тогтохоо больсон. Охиноо төрөөд 2 артай болсноос хойш Ю.Бат-Эрдэнэ ор сураггүй алга болсон. Би хүрээд ирэх болов уу гэж зөндөө хүлээж сурагласан боловч над руу эмэгтэй хүнээр яриулж доог тохуу хийгээд дахиад алга болсон. Би 2016 онд шүүхэд эрэн сурвалжлуулах өргөдөл гаргаж хаягийг нь тогтоолгосон.

Ю.Бат-Эрдэнэ өнөөдрийг хүртэл охин бид хоёрт дэмжлэг тусламж үзүүлээгүй хүүхдийнхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Одоо өөр хүнтэй гэр бүл болсон тул охин Б.Анужинд хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Ю.Бат-Эрдэнэ юманд аягүй хариуцлагагүй өнөөдөр хурлыг мэдсэн мөртлөө ирээгүй тул түүний эзгүйд хурлыг үргэлжлүүлж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

                                                                                                                       ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Ариунжаргал хариуцагч Ю.Бат-Эрдэнэд холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Ю.Бат-Эрдэнэд 2019 оны 12 сарын 18-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулан өгч 14 хоногийн дотор буюу 2020 оны 01 сарын 01-ний өдөр хариу тайлбараа ирүүлэх үүргээ хариуцагч биелүүлээгүй байна.

 

Нэхэмжлэгч Л.Ариунжаргал, хариуцагч Ю.Бат-Эрдэнэ нар нь 2011 онд  танилцан, тэдний дундаас 2012 оны 01 сарын 19-ний өдөр охин Б.Анужинг төрүүлсэн болох нь №0000725326-219 тоот хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Гүн мэдрэмж ӨЭМТ-ийн “охин Б.Анужин эрүүл бойжиж байгаа” гэх тодорхойлолт, Сүхбаатар дүүрэг Эрдмийн хөтөч цогцолбор сургуулийн “2д ангид суралцдаг” гэх тодорхойлолт, нэхэмжлэгчийн тайлбар болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Зохигчдын хоорондын таарамжгүй байдал, бие, биенээ гэх хайр халамжгүй, эхнэр, нөхрийн дотно харьцаа байхгүй,  гэр бүлийн амьдралаа цаашид хэвийн хадгалан үргэлжлүүлэх хүсэлгүй болох нь тогтоогдсон.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д “Хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх асуудлыг шүүх шийдвэрлэнэ” гэж заасан ба мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ тэжээн тэтгэх хүмүүжүүлэхэд тэгш эрх эдлэж, адил үүрэг хүлээдэг.

Нэхэмжлэгч Л.Ариунжаргал нь бага насны хүүхэд болох охин Б.Анужинг өөрийн асрамжид авч, тэтгэлэг гаргуулах шаардлага гаргасан, хариуцагч Э.Бат-Эрдэнэ нь хүүхдийн асрамж болон тэтгэлэгийн талаар маргасан тайлбар шүүхэд ирүүлээгүй тул рхин Б.Анужинг эх Л.Ариунжаргалын асрамжинд  үлдээж, хүүхэд эхийн асрамжинд үлдсэн ч эцэгтэйгээ уулзах эрхийг эх нь хориглох болон хязгаарлахгүй байхыг дурдах нь зүйтэй байна.

Гэр бүлийн эрх зүйн харилцаа нь гэр бүлийн гишүүдийн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус харилцаа, хүүхдийн асрамж тогтоох, тэжээн тэтгэх гэх мэт цогц харилцааг зохицуулдаг онцлогтой тул хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

Шүүх хуралдааны товыг хариуцагч Ю.Бат-Эрдэнэд албан ёсоор мэдэгдэн гарын үсэг зуруулсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь түүний эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д “Тогтмол хугацаанд төлөгдөх ... тэтгэлэг.. шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр” нэхэмжлэлийн үнийг тодорхойлно гэж заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тооцож,  хариуцагчаас 35,868 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 35,868 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй байна.

Үндэсний статистикийн хорооноос 2019 оны 02 сарын 01-ний өдрөөс Хүн амын амьжиргааны баталгаажих доод түвшинг Улаанбаатар хотод 217,900 төгрөгөөр тогтоосон байх тул хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлэгт ногдох тэмдэгтийн хураамжийн хэмжээг уг дүнгээс тооцов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2012 оны 01 сарын 19-ний өдөр төрсөн охин Б.Анужинг эх Л.Ариунжаргалын асрамжинд үлдээсүгэй.

2. Гэр бүлийн тухай хуулийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2012 оны 01 сарын 19-ний өдөр төрсөн охин Б.Анужинг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл тухайн нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Ю.Бат-Эрдэнээр тэжээн тэтгүүлсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хариуцагч Ю.Бат-Эрдэнээс гаргуулах хүүхдийн тэтгэлэгийн хэмжээ нь түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтрэхгүй болохыг дурдсугай.

 

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд нэхэмжлэгч Л.Ариунжаргал хариуцагч Ю.Бат-Эрдэнэ нар нь дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд нь хэн алиндаа саад учруулахгүй байх үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Ю.Бат-Эрдэнээс нэг жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлгийн нийлбэр дүнгээс улсын тэмдэгтийн хураамжид 35,868 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Ариунжаргалд олгож, нэхэмжлэгч Л.Ариунжаргалын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 35,868 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр уншин сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120.2-д зааснаар зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

               

 

            

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       А.МӨНХЗУЛ