Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/252

 

 2023          6               30                                 2023/ШЦТ/252

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П   

улсын яллагч Ж.Б

шүүгдэгч Э.А нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүгдэгч Э.А-т холбогдох эрүүгийн 2325001780257 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Шүүгдэгч Э.А нь;

архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2023 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаан чулуут баг **** тоотод хохирогч Д.Э-тай маргалдаж, түүнийг цохих, унагах, дэвсэх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Э.А “...мөрдөн байцаалтын шатанд үнэн, зөв мэдүүлгээ өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Д.Э бид хоёр хэл, амаа ололцсон, надад гомдол, саналгүй гэсэн.” гэв.   

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч Д.Э-ын “...2023 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр 19 цагийн үед нөхөр, нөхрийн найз Х нарын хамтаар гэртээ байж байхад Э.А ганцаараа 0.75гр архи авч орж ирээд нөхөр болон найзтай нь хамт хувааж уусан. ...Э.А-т “архиа аваад гар, одоо болно” гэж хэлтэл намайг “гичий, нохой, янхан” гэх мэтээр хэлж, үгийн зөрүүгүй үснээс зулгааж, нүд, нүүргүй цохиж, газар унасан байхад дээрээс дэвссэн. ...гэрээс гарахдаа байшингийн гурван цонх хагалсан. ...Миний үс туг тугаараа унасан. ...Миний толгой тархи, нүүр хэсэг хавдартай байсан учраас өвчин намдаах эм, тариа өөрөө мөнгө гаргаж авсан, эмчилгээнд зориулан надад нэг ч төгрөг өгөөгүй, надаас 30.000 төгрөгийн эм, тариа гарсан, гомдол санал байхгүй, 30.000 төгрөгөө нэхэмжлэхгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дахь тал/,

гэрч Б.Б-ын “...2023 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр эхнэр бид хоёрыг гэртээ байж байхад манай найз Г 0.75гр архитай ирсэн. ... А ирэхдээ мөн нэг шил архитай ирсэн, А-ийг ирсэн хойно манай эхнэр “одоо архиа аваад яв” гэж хэлсэн, тэр үед А манай эхнэр рүү дайраад элдвээр хэлээд, гэнэт үсдэж аваад нүүр, нүдгүй цохисон, газарт унасан байхад нь дэвсээд байхаар нь арай гэж салгасан. ...А гэрээс гарахдаа манай гэрийн цонх хагалсан бөгөөд шиллэж өгсөн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/,

Э.А-ийн яллагдагчаар өгсөн “...2023 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр орой манай ах Г “ахдаа нэг шил архи аваад ирээч” гэхээр нь “хаана байгаа юм” гэж асуутал “Б гын гэрт байна” гэсэн, би нэг шил архи аваад Б гын гэрт очиход манай ах болон Б, эхнэр Э нар нь байсан. Бид нар хүний гурван хундага татаад байж байтал Э хэрүүл маргаан хийж, би Э-ын үснээс зулгаасан. Тухайн үед Б салгаад би гарахдаа гэрийнх нь гурван цонхыг хагалсан. ...Э-ыг зодсон нь үнэн, Э, Б нарын байшингийнх нь цонхны шилийг шиллэж өгсөн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дахь тал/,

Шүүхийн Шинжилгээний Ерөнхий Газар Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 374 дугаартай;

“...1.Д.Э-ын биед нүүр, зүүн чихний дэлбээнд зөөлөн эдийн няцрал, нүүр, зүүн чихний дэлбээ, чихний ар хэсэг, хоёр гарын бугалга, шуу, нурууны доод хэсэг, зүүн өгзөг, хоёр хөлийн гуя, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтэл нь хатуу зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байхаар шинэ гэмтэл байна. 3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 22-23 дахь тал/,

Мөрдөгчийн 2023 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 23-10 дугаартай; “...хагарсан гурван цонх нь 25x40 байх бөгөөд...шилний зах зээлийн үнэлгээ 56.250 төгрөг.” гэсэн магадлагаа /хавтаст хэргийн 26 дахь тал/,

Зөрчлийн материал /хавтаст хэргийн 2-12 дахь тал/,

Э.А эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 40, 42 дахь тал/ зэрэг болно.

Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогчоос, гэрчээс болон Э.А-ээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

 

Шүүгдэгч Э.А-ийг гэм буруутайд тооцох;

шүүгдэгч Э.А нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2023 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаан чулуут баг **** тоотод хохирогч Д.Э-тай маргалдаж, түүнийг цохих, унагах, дэвсэх зэргээр зодож, эрүүл мэндэд нь “нүүр, зүүн чихний дэлбээнд зөөлөн эдийн няцрал, нүүр, зүүн чихний дэлбээ, чихний ар хэсэг, хоёр гарын бугалга, шуу, нурууны доод хэсэг, зүүн өгзөг, хоёр хөлийн гуя, шилбэнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх,

хохирогч Д.Э-ын “...Э.А-т “архиа аваад гар, одоо болно” гэж хэлтэл намайг “гичий, нохой, янхан” гэх мэтээр хэлж, үгийн зөрүүгүй үснээс зулгааж, нүд, нүүргүй цохиж, газар унасан байхад дээрээс дэвссэн.” гэх,

гэрч Б.Б-ын “...А манай эхнэр рүү дайраад элдвээр хэлээд, гэнэт үсдэж аваад нүүр, нүдгүй цохисон, газарт унасан байхад нь дэвсээд байхаар нь арай гэж салгасан.” гэх,

Э.А-ийн өөрийнх нь өгсөн “...Бид нар хүний гурван хундага татаад байж байтал Э хэрүүл маргаан хийж, би Э-ын үснээс зулгаасан. ...Э-ыг зодсон нь үнэн.” гэх мэдүүлгүүд,

Шүүхийн Шинжилгээний Ерөнхий Газар Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 374 дугаартай,

“...Д.Э-ын биед нүүр, зүүн чихний дэлбээнд зөөлөн эдийн няцрал, нүүр, зүүн чихний дэлбээ, чихний ар хэсэг, хоёр гарын бугалга, шуу, нурууны доод хэсэг, зүүн өгзөг, хоёр хөлийн гуя, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.” гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд уг баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч Э.А гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Э.А-ийн, хохирогч Д.Э-ын эсрэг бие махбодын хүчирхийлэл үйлдэж, түүнийг цохих, унагах, дэвсэх зэргээр зодож, эрүүл мэндэд нь “нүүр, зүүн чихний дэлбээнд зөөлөн эдийн няцрал, нүүр зүүн чихний дэлбээ, чихний ар хэсэг, хоёр гарын бугалга, шуу, нурууны доод хэсэг, зүүн өгзөг, хоёр хөлийн гуя, шилбэнд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Хуульзүйн хувьд,

Шүүгдэгч Э.А-ийн хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй бөгөөд уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой гэж үзнэ.

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын шүүгдэгч Э.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул шүүх түүний “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, шүүх хуралдаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно.” гэсэн хүсэлтийг гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.

Шүүгдэгч Э.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

шүүх шүүгдэгч Э.А-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Э.А-ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгчид оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзан үзэв. 

Шүүх хуралдааны үед;

улсын яллагч “...шүүгдэгч Э.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах.” гэсэн саналыг гаргасан болно.

Шүүх шүүгдэгч Э.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг нь тус тус харгалзан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, зорчих эрхийг хязгаарлах ялыг өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,

         шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.  

Шүүгдэгч Э.А-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж байна.  

Бусад асуудал;

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.

          Хохирогч Д.Э гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөртэй холбоотой баримт гаргаагүй бөгөөд түүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн, хавтаст хэргийн 17 дахь талд авагдсан “...гомдол санал байхгүй, би 30.000 төгрөгөө нэхэмжлэхгүй.” гэсэн мэдүүлгийг нь үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан хохирогчийн үсийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж,

битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, 

шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа” гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овогт Э-ын А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-ийг 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-ийг дээрх хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газраас явахыг хориглох буюу Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.А-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан хохирогчийн үсийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Г.ЭНХТУНГАЛАГ