Шүүх | Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Алагаагийн Мөнхзул |
Хэргийн индекс | 181/2020/00076/И |
Дугаар | 181/ШШ2020/00527 |
Огноо | 2020-02-19 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 181/ШШ2020/00527
2020 02 19 | й |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Сонгино хайрхан дүүрэг 16-р хороо Өнөр хороолол 27-р байр 23 тоотод оршин суух Авжид овогт Лхамхүүгийн Эрдэнэ /РД:ЧР71101316/-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сүхбаатар дүүрэг 1-р хороо Олимп 34-12 тоотод байрлах “Интер орд” ХХК /РД:6313671/-д холбогдох
гэрээний үүрэгт 424,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Цэвэлмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Эрдэнэ нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие хариуцагч “Интер орд” ХХК тай 2019 оны 06 сарын 20-ний өдөр “Зөвлөх үйлчилгээний” гэрээ байгуулсан. Гэрээгээр Дундговь аймгийн Баянжаргалан сум Цагаан толгойн орд нэртэй газарт хар тугалга цайрын ордыг олборлох, баяжуулах үйл ажиллагаатай холбоотой орон нутгийн захиргааны байгуулагатай харилцах, шаардлагатай зөвшөөрөл авах, гэрээ хэлцлийг байгуулахад зуучлах, олборлосон баяжуулах бүтээгдэхүүнд шинжилгээ хийлгэх, мэдээллийг баталгаажуулах, гадаадад экспортлох шаардлагатай гаалийн бүрдүүлэлтийг хийхэд зуучлах, бүтээгдэхүүний тээвэрлэлт хил гаалийн тээвэр зуучийн ажлыг зохион байгуулах, холбогдох гэрээ хэлцэл байгуулахад зуучлах, гүйцэтгэлд дэмжлэг үзүүлэх, Монгол улсад ажиллах гадаад улсын ажиллах хүчний асуудлыг зохицуулах зэрэг үйлчилгээ багтсан.
Би гэрээнд заасан ажлаа хийж гүйцэтгэсэн тул хариуцагч тал уул уурхайн олборлолт явуулж хар тугалга, цайрын хүдэр олборлож баяжуулан БНХАУ-д экспортолсон. “Интер орд” ХХК 2019 оны 11 сарын 05-ний өдөр миний оролцоотой гаалийн бүрдүүлэлт хийж 292 тонн цайрын хүдрийн баяжмал гаргасан.
Гэрээний 3.1-д үйлчилгээ үзүүлсний төлбөрт 400,000,000 төгрөгийг надад төлөхөөр тохирсон. Бид 2019 оны 12 сарын 09-ний өдөр тооцоо нийлж төлбөрийн асуудлыг баталгаажуулсан, төлбөрөө шаардсан захиаг хүргүүлж байсан.
Дээрхи гэрээний үүргийг гүйцэтгэхийн тул 6 сарын турш өөрийн хөрөнгөөр санхүүжүүлж ирсэн хариуцагч талаас нэг ч төгрөг аваагүй.
Иймд 400,000,000 төгрөгийг алданги 24,000,000 төгрөгийн хамт хариуцагч “Интер орд” ХХК-иас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч “Интер орд” ХХК нь шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа:
“Интер орд” ХХК нь Л.Эрдэнэтэй 2019 оны 06 сарын 20-ний өдөр “Зөвлөх үйлчилгээний гэрээ” байгуулж, холбогдох гэрээнд заасан үйлчилгээг авч хамтран ажилласан. Энэ хугацаанд манай компаний зүгээс зохих үйлчилгээг авч төлбөрийн асуудлыг гэрээнд заасан нөхцөлөөр өгөхөөр тохирч тооцоо нийлсэн актыг 2019 оны 12 сарын 09-ний өдөр хийсэн.
Одоогийн нөхцөл байдлаар манай компани төлбөрийг төлөх боломжгүй, бидний зүгээс БНХАУ-д экспортолсон цайрын баяжмалын борлуулалтын орлого ороод ирэнгүүт төлнө гэдгийг Л.Эрдэнэд мэдэгдсэн. Л.Эрдэнэгийн алдангийн төлбөр нэмж нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй.
Өнөөдрийн байдлаар манай компани борлуулалтын орлогоо авч чадаагүй, татварын болон бусад өр төлбөрийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай нөхцөл байдал үүссэн тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар болон бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Эрдэнэ нь хариуцагч “Интер орд” ХХК-иас зөвлөх үйлчилгээний гэрээний үүргийн төлбөрт 424,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч “Интер орд” ХХК нь БНХАУ-д экспортолсон цайрын баяжмалын борлуулалтын орлого орж ирэхээр төлнө, харин алдангийг төлөхгүй гэх бичгийн тайлбар шүүхэд ирүүлсэн.
Талуудын хооронд 2019 оны 06 сарын 20-ний өдөр “Зөвлөх үйлчилгээний гэрээ” нэртэйгээр Дундговь аймгийн Баянжаргалан сум Цагаан толгойн орд нэртэй газарт хар тугалга цайрын ордыг олборлох, баяжуулах үйл ажиллагаатай холбоотой орон нутгийн захиргааны байгуулагатай харилцах, шаардлагатай зөвшөөрөл авах, гэрээ хэлцлийг байгуулахад зуучлах, олборлосон баяжуулах бүтээгдэхүүнд шинжилгээ хийлгэх, мэдээллийг баталгаажуулах, гадаадад экспортлох шаардлагатай гаалийн бүрдүүлэлтийг хийхэд зуучлах, бүтээгдэхүүний тээвэрлэлт хил гаалийн тээвэр зуучийн ажлыг зохион байгуулах, холбогдох гэрээ хэлцэл байгуулахад зуучлах, гүйцэтгэлд дэмжлэг үзүүлэх, Монгол улсад ажиллах гадаад улсын ажиллах хүчний асуудлыг зохицуулахаар тохиролцон гэрээг бичгээр байгуулан хоёр тал баталгаажуулан гарын үсэг зурж гэрээ хүчин төгөлдөр болжээ.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д заасан гэрээний харилцаа үүссэн байна.
Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д “хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажи, үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.”, 359.2-т “энэ гэрээний зүйл нь бүх төрлийн ажил үйлчилгээ байж болно.” гэж хуульчилсан.
Талууд харилцан тохиролцсоны дагуу гүйцэтгэгч гэрээний 2.1.1-ээс 2.1.7-д заасан ажил үйлчилгээг тухай бүр компанид үзүүлэх бөгөөд энэ зүйл заалтад зааснаар хязгаарлагдахгүйгээр тохирчээ.
Гэрээний 3.1-д гүцэтгэгчийн энэхүү гэрээний дагуу хийгдэх ажил үйлчилгээний төлбөр нийт 400,000,000 төгрөг байх ба дараах хэсгээс бүрдэнэ. Үүнд: гэрээний 2.1.1-д заасан ажил үйлчилгээ 100,000,000 төгрөг
гэрээний 2.1.2-2.1.3-т заасан ажил үйлчилгээ 100,000,000 төгрөг
гэрээний 2.1.4-2.1.5-д заасан ажил үйлчилгээ 100,000,000 төгрөг
гэрээний 2.1.6-2.1.7-д заасан ажил үйлчилгээ 100,000,000 төгрөг
3.2-т гүйцэтгэгчийн үйл ажиллагааны тусламжтайгаар компани нь уул уурхайн олборлолт үйлдвэрлэл явуулж, дор хаяж 250 тонн баяжмал үйлдвэрлэн бусдад борлуулах буюу гүйцэтгэгчийн нэр заасан дансанд бэлэн бусаар эсвэл түүнд бэлнээр төлбөрийг төлнө” гэж заасан байна.
Гүйцэтгэгч нь ажил үйлчилгээг хийж хариуцагч “Интер орд” ХХК-ний нэрээр БНХАУ руу Монгол улсаас “цайрын хүдэр” гаргасан болох нь гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг, хавсралт, бараа тээврийн хэрэгсэл пүүлсэн тухай акт, вагон жинлэлтийн хуудас, тээврийн тооцооны баримт, орлох падан зэргээр нотлогдов.
Талууд 2019 оны 12 сарын 09-ний өдөр “тооцоо нийлсэн акт” үйлдэн “Интер орд” ХХК нь 400,000,000 төгрөгийн үйлчилгээний төлбөрийн тооцооны үлдэгдэлтэй гарсныг харилцан баталж, хоёр тал гарын үсэг зурсан байна.
Гэрээний 4.9-д “Компани гэрээнд заасан төлбөрийг хугацаанд нь төлөөгүй, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг хоног тутам төлөх үүрэгтэй” гэжээ.
Иймд хариуцагч “Интер орд” ХХК нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байх тул гэрээний үүргийн үндсэн төлбөр 400,000,000 төгрөг, алданги 24,000,000 төгрөг нийт 424,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Эрдэнэд олгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.
Хариуцагч “Интер орд” ХХК-ний гүйцэтгэх захирал Я.Эрдэнэбаатарт 2020 оны 02 сарын 19-ний өдрийн 11.00 цагт товлон зарлаж албан ёсоор мэдэгдэн гарын үсэг зуруулсан боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгч Л.Эрдэнэгийн түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1,115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар хариуцагч “Интер орд” ХХК-иас 424,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Эрдэнэд олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 2,277,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 2,277,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг зохигчдод мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ