Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/253

 

2023         06            30                                  2023/ШЦТ/253

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С     

улсын яллагч Ж.Б  

хохирогч Х.Д,

шүүгдэгч Д.И нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүгдэгч Д.И-т холбогдох эрүүгийн 2325000000270 дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

 

Шүүгдэгч Д.И нь;

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 11 цагийн орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг Үйлчилгээний төвд үйл ажиллагаа явуулдаг “Г” барьцаалан зээлдүүлэх газрын захирал, хохирогч Х.Д-ыг “зам тээврийн осол гаргасан, мөнгөний яаралтай хэрэг гарсан” гэж хуурч, **** улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг ашиглан 280.000 төгрөг зээлж авсны дараа тухайн гэрчилгээг Авто тээврийн хэрэгслийн бүртгэлийн байгууллагаас захиалан шинээр авсан, залилах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Д.И “...тухайн үед машинтай явж байгаад мөргөлдөөд мөнгө хэрэгтэй болсон болохоор нь бичиг баримтаа барьцаанд тавиад мөнгө авсан, 280.000 төгрөгийг төлнө, хувааж төлмөөр байна.” гэв.

хохирогч Х.Д “...250.000 төгрөгөөр нэг удаа, 30.000 төгрөгөөр нэг удаа нийт 280.000 төгрөг авсан, энэ хүний ахуй амьдралыг нь судалж үзсэн, авсан мөнгөө өгчих байх гэж бодож байна.” гэв.   

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч Х.Д-ын “...2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр намайг ажил дээрээ байхад 11 цагийн орчим үл таних хүн орж ирээд “би машин мөргөчихлөө” гэж хэлээд надад тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон жолооны үнэмлэх, иргэний үнэмлэхээ үзүүлээд “би салчихмаар байна, та намайг ойлгоод тээврийн хэрэгслийн гэрчилгээг маань авч үлдээд 500.000 төгрөг зээлээч” гэж хэлэхээр нь би итгээд 500.000 төгрөг өгч явуулсан. Тэрнээс хойш гурав хоногийн дараа И гэх залуу дахин ирээд надад жолооны үнэмлэх болон иргэний үнэмлэхээ үлдээж оронд нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ аваад “би машинаа оношилгоонд оруулчихаад ирье” гэж хэлээд авч явсан. Тэрнээс хойш 3-4 хоногийн дараа ирээд жолооны үнэмлэх болон иргэний үнэмлэхээ аваад тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ өгөөд “би таны мөнгийг удаахгүй өгнө, та тайван байж бай” гэж хэлээд гэрийн хаяг болон утасны дугаарыг өгсөн, тэрнээс хойш би 2-3 удаа утсаар нь ярихад “миний мөнгө бүтэхгүй байна, түр хүлээж байгаач” гэж хэлдэг байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дэх тал/,

“...2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр ажил дээрээ байхад гаднаас зүс таних Д.И гэх эрэгтэй орж ирээд “дүү нь машин мөргөчихлөө, надад мөнгө хэрэгтэй байна, та надад мөнгө зээлээч” гэж хэлээд бэлнээр 280.000 төгрөг аваад явсан, “мөнгийг 14 хоногийн дараа өгнө” гэж хэлээд өөрийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ үлдээсэн. ...Би цагдаад өргөдөл гаргахдаа зээлсэн 280.000 төгрөг дээр хоёр жилийн хугацааны хүү болох 220.000 төгрөгийг нэмж нийт 500.000 төгрөг гаргуулж авмаар байна” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/,

Д.И-ын өөрийнх нь өгсөн “...Би 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Үйлчилгээний төвийн 1 дүгээр давхарт байрлах ломбард дээр очоод “мөнгөний хэрэгтэй байна, машиныхаа бичиг баримтыг барьцаанд үлдээгээд мөнгө зээлье” гэхэд надад бэлнээр 280.000 төгрөг нэг сарын хугацаатай, хүүтэй зээлсэн. ...би **** улсын дугаартай тээврийн хэрэгслийн бичиг баримтыг үлдээсэн. Үүний дараа гэр бүлийн хамт Завхан аймаг явах шаардлага гарсан тул ломбардны ах дээр очоод “машинаа оношилгоонд оруулах гэж байгаа юм, гэрчилгээгээ авья” гэхэд “зээлсэн мөнгөө буцааж өг” гээд тээврийн хэрэгслийн гэрчилгээг өгөөгүй учраас би 2021 оны 8 дугаар сард машинаа унахын тулд Орхон аймгийн Авто тээврийн төв дээр явж очоод “**** улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг гээсэн” гэж хэлээд бичиг баримтыг бүрдүүлж өгч, шинээр тээврийн хэрэгслийн гэрчилгээ авсан. ...Өнөөдрийн байдлаар 280.000 төгрөгөөс ямар ч төлөлт хийгээгүй байгаа, тэр ах “мөнгө өгөөгүй удаасан” гээд 280.000 төгрөг дээр 220.000 төгрөг нэмж 500.000 төгрөг нэхээд байгаа юм.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,

хохирогч Х.Д-ын Орхон аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 5 дахь тал/,

**** улсын дугаартай “Mitsubishi.mirage” загварын тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хавтаст хэргийн 6 дахь тал/,

Д.И эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 27 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 31 дэх тал/,

Орхон аймгийн Авто тээврийн төвөөс ирүүлсэн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 35-36 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогчоос мөн Д.И-аас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгч Д.И-ыг гэм буруутайд тооцох;

шүүгдэгч Д.И нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 11 цагийн орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг Үйлчилгээний төвд үйл ажиллагаа явуулдаг “Г” барьцаалан зээлдүүлэх газрын захирал, хохирогч Х.Д-ыг “зам тээврийн осол гаргасан, мөнгөний яаралтай хэрэг гарсан” гэж хуурч, **** улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг ашиглан 280.000 төгрөг зээлж авсны дараа тухайн гэрчилгээг Авто тээврийн хэрэгслийн бүртгэлийн байгууллагаас захиалан шинээр авсан, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх,             

хохирогч Х.Д-ын “...2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр ажил дээрээ байхад гаднаас зүс таних Д.И гэх эрэгтэй орж ирээд “дүү нь машин мөргөчихлөө, надад мөнгө хэрэгтэй байна, та надад мөнгө зээлээч” гэж хэлээд бэлнээр 280.000 төгрөг аваад явсан. ... “мөнгийг 14 хоногийн дараа өгнө” гэж хэлээд өөрийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ үлдээсэн.” гэх,

Д.И-ын өөрийнх нь өгсөн “...би **** улсын дугаартай тээврийн хэрэгслийн бичиг баримтыг үлдээсэн. Үүний дараа гэр бүлийн хамт Завхан аймаг явах шаардлага гарсан тул ломбардны ах дээр очоод “машинаа оношилгоонд оруулах гэж байгаа юм, гэрчилгээгээ авья” гэхэд “зээлсэн мөнгөө буцааж өг” гээд тээврийн хэрэгслийн гэрчилгээг өгөөгүй учраас би 2021 оны 8 дугаар сард машинаа унахын тулд Орхон аймгийн Авто тээврийн төв дээр явж очоод “**** улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг гээсэн” гэж хэлээд бичиг баримтыг бүрдүүлж өгч, шинээр тээврийн хэрэгслийн гэрчилгээ авсан.” гэх мэдүүлгүүд,

хохирогч Х.Д-ын Орхон аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, **** улсын дугаартай “Mitsubishi.mirage” загварын тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Орхон аймгийн Авто тээврийн төвийн **** улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа зэрэг хэрэгт цуглуулж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд уг баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч Д.И гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд,

шүүгдэгч Д.И нь 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 11 цагийн орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг Үйлчилгээний төвд үйл ажиллагаа явуулдаг “Г” барьцаалан зээлдүүлэх газрын захирал, хохирогч Х.Д-д “зам тээврийн осол гаргасан, мөнгөний яаралтай хэрэг гарсан” гэж хуурч, **** улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг ашиглан 280.000 төгрөг зээлж авсны дараа тухайн гэрчилгээг Авто тээврийн хэрэгслийн бүртгэлийн байгууллагаас захиалан шинээр авсан, хохирогчийг залилсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй бөгөөд уг гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Залилах гэмт хэргийн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг шунахай сэдэлтээр өөрийн болгохдоо эд хөрөнгийг нь буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр хохирогчийн эд хөрөнгийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаар хангагддаг бөгөөд шүүгдэгч Д.Иын үйлдэлд Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзнэ.

Хэргийн үйл баримтаас үзвэл, нэг талаас хохирогч Х.Д-ын мөнгө зээлүүлж, хүү авах гэсэн хүсэл, санаа зорилго нь түүнийг бусдын арга заль мэхэнд автаж мөнгөө өгөхөд хүргэсэн буюу тухайн гэмт хэргийн хохирогч болгоход хүргэсэн,

нөгөө талаас шүүгдэгч нь 280.000 төгрөгийг нэг сарын хугацаатай, хүүтэй зээлж барьцаанд **** улсын дугаартай тээврийн хэрэгслийн бичиг баримтыг үлдээсэн боловч машинаа унахын тулд 2021 оны 8 дугаар сард Орхон аймгийн Авто тээврийн төвөөс тээврийн хэрэгслийн гэрчилгээ шинээр гаргуулж авсан, улмаар  хохирогчийн мөнгийг буцаан өгөх санаа зорилго агуулаагүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэхээр байна.

Шүүгдэгч Д.И-ын дээрх үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр бусдад зориуд хор уршиг учруулсан нь залилах гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэл болох тул шүүгдэгчийг “хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

          Шүүгдэгч Д.И-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

шүүх шүүгдэгч Д.И-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Д.И-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүх хуралдааны үед улсын яллагч “...шүүгдэгч Д.И-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах.” гэсэн,

шүүгдэгчийн Д.И “...өрх толгойлсон эцэг тул тэнсэж өгнө үү.” гэсэн саналыг тус тус гаргав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заажээ.

Шүүх шүүгдэгч Д.И-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан,

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан  мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 7 /долоо/ сарын хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно.” гэж заасны дагуу тэнссэн хугацаанд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах.”, 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, мөн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Шүүх хуралдааны үед шүүгдэгч нь өөрийгөө “өрх толгойлсон ганц бие эцэг” гэж тайлбарласан боловч энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байсныг зориуд дурьдах нь зүйтэй.  

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн.”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,

         мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Бусад асуудал;

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.

Гэмт хэргийн улмаас хохирогч Х.Д-д 280.000 төгрөгийн хохирол учирсан болох нь баримтаар тогтоогдсон тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.И-аас  280.000 төгрөг гаргуулж хохирогч Х.Д-д олгох үндэслэлтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ө овогт Д-ын И-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, баримт бичиг ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Д.И-ыг 7 /долоо/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд шүүгдэгч Д.И-т Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах.”, 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг тус тус хүлээлгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 болон 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.И нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг түүнд  анхааруулсугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.И-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.И-аас 280.000 төгрөг гаргуулж хохирогч Х.Д-д олгосугай.

          7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Д.И цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.  

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЭНХТУНГАЛАГ