| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2023/0188/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/261 |
| Огноо | 2023-07-04 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.3.1., 17.4.1., |
| Улсын яллагч | Н.Д |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 2023/ШЦТ/261
2023 7 04 2023/ШЦТ/261
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,
улсын яллагч Н.Д,
шүүгдэгч Н.М, түүний өмгөөлөгч С.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүгдэгч Н.М-д холбогдох эрүүгийн 2325000000177 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, Н.М
Шүүгдэгч Н.М нь;
2023 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут баг “........” худалдааны төвийн 1 дүгээр давхар “istore” дэлгүүрийн худалдагч Ж.Ц-с “iphone-14 рrоmах” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 5.300.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэгт,
2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум мэдээлэл зүйн багшаар ажиллаж байхдаа,
тус сургуулийн ангийн сурагч, насанд хүрээгүй Г.Б-н урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг гадаа компьютерын процессорыг нь үзүүлэлт сайтай процессороор сольж өгөхөөр тохиролцон авч, улмаар процессорын зөрүү 570.000 төгрөгийг өөрийн Хаан банкны дансаар гурван удаагийн гүйлгээгээр шилжүүлэн авч, нийт 2.570.000 төгрөгийн хохирол учруулсан залилах гэмт хэрэг,
2022 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-16 дугаар байрны гадаа хохирогч Б.О-н урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “...“Dell” загварын i3-ын 10 дугаар үеийн зөөврийн компьютерыг “Apple” брендийн 2020 оны 15.6 инчийн дэлгэцтэй М1 чиптэй “Macbook”-ээр сольж өгнө” гэж хуурч авсан, улмаар 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр зөрүү 900.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны дансаар шилжүүлэн авч, 1.700.000 төгрөгийн хохирол учруулсан залилах гэмт хэрэг,
2022 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн хооронд Орхон аймаг Баян-Өндөр сум “Эрдмийн сан” сургуулийн мэдээлэл зүйн багшаар ажиллаж байхдаа, ажил үүргийн хувьд өөрт нь хүлээлгэн өгч, итгэмжлэн хариуцуулсан 19 ширхэг компьютерын процессоруудын эд ангиудыг болон нэг ширхэг проектор зэргийг завшиж, 25.859.900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдэд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын тэгш эрх мэтгэлцээний үндсэн дээр явуулж, дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт;
шүүгдэгч Н.М “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн, зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хорихоос өөр төрлийн хөнгөн ял өгнө үү.” гэв.
хохирогч Ж.Ц-с “iphone-14 рrоmах” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийн тухайд,
мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;
хохирогч Ж.Ц-н “...2023 оны 2 дугаар сарын 19-ний өдөр...“Istore” гар утасны дэлгүүр дээрээ ажил үүргээ гүйцэтгэж байхад манай дэлгүүрийн хүргэлтийн ажилтан Н.М ирээд “...“iphone-14 рrоmах” загварын гар утсыг найз охиндоо худалдан авч өгөх гэсэн юм” гээд гар утсыг худалдан авахаар болж гар утасны төлбөр 5.300.000 төгрөгийг “дэлгүүрийн захирал М.У-н данс руу шилжүүлчихлээ” гэж хэлэхээр нь би “данс руу мөнгө орсон эсэхийг шалгаж байж гар утсыг өгнө” гээд гар утсыг хайрцагтай нь өөрийнхөө суудаг лангууны хойд талд тавцан дээр тавьсан байсан бөгөөд би өөр хүмүүст үйлчилгээ үзүүлж байх хооронд надад хэлэлгүйгээр, нууцаар, миний зөвшөөрөлгүйгээр “iphone-14 рrо mах” загварын гар утсыг аваад явсан байсан. ...тухайн өдрөөс хойш ажилдаа нэг ч удаа ирээгүй.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 14 дэх тал/,
“...Би “iphone-14 рrоmах” загварын гар утсыг хүлээн авсан тул гаргах санал хүсэлтгүй, нэхэмжлэх зүйлгүй. Гар утасны ажиллагаа хэвийн, ямар нэгэн задаргаа ороогүй, эвдрэл гэмтэлгүй байна.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 31 дэх тал/,
иргэний нэхэмжпэгч О.Д “...шаргал өнгийн 256GВ багтаамжтай “iphone-14 рrоmах” загварын гар утсыг хайрцагтай нь, шинээр нь надад өгөхөөр нь би “авахгүй” гэж хэлэхэд “чамд өгнө гэсэн юм чинь, өгнө” гэсээр байгаад өгөхөөр нь би өөрийн хэрэглэж байсан хөх саарал өнгийн 256GВ багтаамжтай “iphone-13 рrоmах” гар утсаа Н.М-д форматлаад өгчихсөн.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 34-35 дахь тал/,
“...хохирогч Ж.Ц гэдэг эмэгтэй Н.М-н гар утас авахдаа өгсөн 1.100.000 төгрөгийг надад шилжүүлэн өгсөн болохоор би үнэлгээнээс уг мөнгийг хасаж, үлдэгдэл 2.400.000 төгрөгийг Н.М-с нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 37 дахь тал/,
гэрч М.У-н “...Би эхнэр У-н хамтаар 2023 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Вьетнам Улс руу аялахаар яваад 3 дугаар сарын 08-ны өдөр Эрдэнэт хотод ирэхэд худалдагч Ж.Ц надтай уулзаад “...2023 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Н.М “Istore” дэлгүүр дээр ирж 256GВ-ийн багтаамжтай, шар /gold/ өнгийн “iphone-14 рrоmах” загварын гар утас худалдаж авна, мөнгөө шилжүүллээ гэж хэлж байгаад мөнгөө шилжүүлэлгүйгээр гар утсыг хайрцагтай нь хулгайлаад аваад явсан” гэдгийг надад хэлсэн, ...би тухайн үеэс хойш олон удаа Н.М 88718619 дугаарт залгаж холбогдоход “удахгүй өгнө” гэж байгаад 2023 оны 3 дугаар сарын 16-ны өдөр миний Голомт банкны данс руу 1.100.000 төгрөг шилжүүлсэн, одоо үлдэгдэл нь 4.200.000 төгрөг байгаа.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 39-40 дэх тал/,
гэрч Б.Б “...Би 2023 оны 2 дугаар сарын 19-ний өдөр “istore” гар утасны дэлгүүрт дагалдан худалдагчийн ажил үүрэг гүйцэтгэж байхад үндсэн худалдагчаар Ж.Ц ажиллаж байсан. Н.М ирээд “...“iphone-14 рrоmах” загварын гар утас худалдаж авах гэсэн юм” гэж хэлээд Ж.Ц-р “iphone-14 рrоmах” загварын гар утсыг бэлдүүлж баталгааны хуудсыг бичүүлэхэд Ж.Ц “мөнгөө шилжүүлж байгаад гар утсаа аваарай” гээд лангууны ард талд гар утсыг тавьсан бөгөөд Ж.Ц лангууны ард хэсгээс босож иргэдэд үйлчилгээ үзүүлж байхад Н.М надад “явчихаад ирье” гэж хэлээд бэлдүүлсэн “iphone-14 рrоmах” загварын гар утсыг лангууны ард талаас авч явсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 42 дахь тал/,
Н.М-н сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Би 2023 оны 2 дугаар сарын 19-ний өдөр “istore” гар утасны дэлгүүр дээр очиход худалдагчаар Ц болон Б гээд хоёр хүн ажиллаж байсан бөгөөд Ц-р “...“iphone-14 рrоmах” загварын гар утас худалдан авах гэсэн юм” гээд 256GВ багтаамжтай шар /gold/ өнгийн “iphone-14 рrоmах” загварын гар утсыг шинээр нь хайрцагтай нь задраагүй байхад уутанд хийлгэж аваад, “төлбөр 5.300.000 төгрөгийг тухайн хүнээр нь шилжүүлүүлье” гэхэд Ц “за” гэж хэлэх шиг болохоор нь “нөгөө хүн маань надтай уулзах арай болоогүй байна, цаад талдаа тавьчих” гээд эргүүлэн гар утсыг Ц-д өгөхөд лангууны ард талд буюу суудаг хэсгийнхээ ард талд тавиур дээр тавьсан. ...гар утсыг лангууны ард талаас өөрийн биеэр аваад гарахдаа Б-нд “гар утас аваад явлаа, буцаад ирнэ” гэж хэлэхэд “за” гэж хэлэх шиг болсон, ...Би гар утасны төлбөрөөс 1.100.000 төгрөгийг Урантөгс ахын данс руу шилжүүлсэн.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 67-68 дахь тал/,
“...би гар утасны төлбөрийг төлөлгүйгээр авч явсан гэдээ хүлээн хүлээн зөвшөөрч байгаа боловч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь би гар утсыг авч явахдаа Ц-д биш, дадлага хийж байсан хамаатны залуу болох Билгүүнд “гар утсыг аваад явлаа шүү” гэж хэлээд...аваад явсан. ...“iphone-14 рrоmах” загварын гар утсыг Д-д өгч, оронд нь өөрийнх нь “iphone-13 рrоmах” загварын утсыг авсан, О.Д утсыг би өөрөө хэрэглэж байгаад...зарын дагуу танихгүй хүнтэй холбогдож 3.100.000 төгрөгт худалдсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 81 дэх тал/,
иргэн Ж.Ц-н бичгээр гаргасан “...“iphone-14 рrоmах” загварын гар утсаа хулгайд алдсан.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 1 дэх тал/,
түүний өргөдөл /1 дэх хавтаст хэргийн 2 дахь тал/,
“Оргил” худалдааны төвийн 1 дүгээр давхарт байрлах “istore” дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 5-6 дахь тал/,
“istore” дэлгүүрийн хяналтын камерын бичлэг бүхий хуурцагийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 7 дахь тал/,
“iphone-14 рrоmах” загварын гар утсыг хохирогч Ж.Ц-д хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 10, 11 дэх тал/,
Ж.Ц-н гаргаж хэрэгт хавсаргуулсан Н.М-той харилцсан чатны зураг болон “iphone-14 рrо mах” загварын гар утас лангуун дээр байх үеийн гэрэл зургийн үзүүлэлт /1 дэх хавтаст хэргийн 17-29 дэх тал/,
“Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн ТХҮ-ОРХ/6182 дугаартай, “iphone-14 рrоmах” загварын 256GB багтаамжтай гар утас 5.300.000 төгрөг.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 47-50 дахь тал/,
“Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн ТХҮ-ОРХ/6362 дугаартай, “iphone-13 рrоmах” загварын 256GB багтаамжтай гар утас 3.500.000 төгрөг.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 57-60 дахь тал/ зэрэг,
Г.Б-н процессорыг үзүүлэлт сайтай процессороор сольж өгөхөөр тохиролцон авч, улмаар процессорын зөрүү 570.000 төгрөгийг өөрийн Хаан банкны дансаар шилжүүлэн авч, 2.570.000 төгрөгийн хохирол учруулсан залилах гэмт хэргийн тухайд,
мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;
насанд хүрээгүй Г.Б-ын “...2022 оны 10 дугаар сард мэдээлэл зүйн хичээлийн сонгонд сууж байхдаа найз Оргил надад зөөврийн компьютер худалдаж авах талаар ярилцаж байхад багш Н.М “график карт нь 2070-тай хоёр компьютер байгаа, худалдаж авах хүн байвал гайгүй үнээр зарна шүү” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “компьютероо зараад таны компьютерыг авахаар бол минийх хэдэн төгрөг болох бол” гэсэн чинь “чиний компьютерыг өөрт аваад зөрүү өгөх юм бол болно шүү, 570.000 төгрөгийн зөрүү өгөх юм бол хоёулаа компьютероо сольж болно.” гэж хэлсэн. ...2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Н.М багш над руу залгаад “танай гэрийн гадаа байна, процессороо аваад гараад ир” гэхээр нь би авч гараад өгөхөд “урьдчилгаа 200.000 төгрөг өгчих, тэгээд чамд өгөх процессорыг өгнө” гэж хэлэхээр нь багшаас дансных нь дугаарыг авч ээжид өгөхөд 200.000 төгрөг шилжүүлж өгсөн. Тэгтэл багш “чамд өгөх гэж байгаа процессорт юм нэмж тавих хэрэгтэй байна, үлдэгдэл 370.000 төгрөгөө өгчих” гэсний дагуу ээж 2022 оны 12 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд хоёр удаагийн гүйлгээгээр мөнгийг нь шилжүүлэн өгөхөд компьютерыг минь өгөхгүй алга болсон.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 162 дахь тал/,
хууль ёсны төлөөлөгч Н.Л-н “...2022 оны 10 дугаар сарын дунд үед байсан санагдаж байна, хүү маань надад “мэдээлэл зүйн багш Н.М миний процессорыг авч, зөрүү 570.000 төгрөг өгчих, тэгээд хүчин чадал сайн процессор өгье гэж байна” гэж хэлэхээр нь тухайн үед мөнгө байхгүй байсан болохоор “болох байлгүй дээ” гэж хүүдээ хэлсэн. ...2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Н.М багш манай гэрийн гадаа ирээд хүү Г.Б-с процессорыг аваад явахад хүү маань Н.Мөнхдоржийн дансны дугаарыг надад өгч, “урьдчилгаа 200.000 төгрөг шилжүүлчих гэж байна, тэгээд хүчин чадал сайн процессор авч ирж өгнө гэнэ” гэхээр нь би Н.М-н данс руу 200.000 төгрөг шилжүүлсэн, хэд хоногийн дараа 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүү маань “үлдэгдэл 370.000 төгрөгөө шилжүүлчих, өгөх гэж байгаа процессорт нэмж юм тавих гэж байна гэнэ” гэхээр нь би Н.М-н данс руу 200.000 төгрөг, маргааш нь буюу 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 170.000 төгрөг шилжүүлсэн, ...нийт 570.000 төгрөг Н.М-д өгсөн, мөнгө шилжүүлчихээд байхад хүүд минь өгөх процессор болон хүүгийн минь өгсөн процессор аль, аль нь байхгүй болж, өөрөө ч сураггүй болсон.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 164 дэх тал/,
Н.М-н яллагдагчаар өгсөн “...10б ангийн сурагчдад 2022 оны 11 дүгээр сард хичээл ороод завсарлаж байхдаа бүх сурагчдад “компьютерынхаа хүчин чадлыг сайжруулахаар бол надтай холбогдоорой” гэхэд Г.Б гэдэг сурагч нэг сарын дараа “компьютерынхоо хүчин чадлыг сайжруулах гэсэн юм, та сайжруулаад өгөөч” гэхээр нь би процессорыг Г.Б-с гэрийнх нь гадаа авч, “сайжруулахад шаардлагатай эд анги авах тул 570.000 төгрөг шилжүүлээрэй” гээд өөрийнхөө дансаа өгөхөд түүний ээж нь над руу гурван удаагийн гүйлгээгээр мөнгө шилжүүлэн өгсөн.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 196-197 дахь тал/,
иргэн Н.Л-н бичгээр гаргасан “...Эрдмийн сан сургуулийн багш М манай хүүхдийн компьютерыг сайжруулж өгнө гэж залилсан.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 156 дахь тал/,
түүний өргөдөл /1 дэх хавтаст хэргийн 157 дахь тал/,
Н.Л-н Хаан банкны дансны хуулга /1 дэх хавтаст хэргийн 167-168 дахь тал/,
“Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн ТХҮ- 923/6013 дугаартай, “...процессор 2.000.000 төгрөг.” гэсэн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 178-181 дэх тал/,
Н.М-н Хаан банкны дансны хуулга /1 дэх хавтаст хэргийн 202-216 дахь тал/,
Н.Л-н “...хохирлын хэмжээ 2.570.000 төгрөг байснаас 570.000 төгрөгийг надад дансаар өгсөн, 2.000.000 төгрөг нэхэмжилж байгаа тул хохирлыг барагдуулж өгнө үү.” гэсэн хүсэлт /2 дахь хавтаст хэрэг/ зэрэг,
хохирогч Б.О-“Dell” брэндийн i3-ын 10 дугаар үеийн зөөврийн компьютерыг “Apple” брэндийн 2020 оны 15.6 инчийн дэлгэцтэй М1 чиптэй “Macbook”-ээр сольж өгнө” гэж хуурч, улмаар зөрүү 900.000 төгрөгийг өөрийн Хаан банкны дансаар шилжүүлэн авч, 1.700.000 төгрөгийн хохирол учруулсан залилах гэмт хэргийн тухайд,
мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн;
хохирогч Б.О-н “...Би Н.М-той 2022 оны 8 дугаар сарын 13-ны өдөр уулзаад ярилцаж байхад “...“Dell” брэндийн i3-ын 10 дугаар үеийн зөөврийн компьютерыг “Apple” брэндийн 2020 оны загварын М1 чиптэй “macbоок”-ээр сольж өгье, зөөврийн компьютер дээрээ нэмээд 900.000 төгрөг өгчих” гэхээр нь би зөвшөөрсөн. ...2022 оны 8 дугаар сарын 14-ний өдөр өглөө 08 цагийн орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 4-16 дугаар байрны гадаа ирж миний зөөврийн компьютерыг Н.М авсан, би 2022 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Н.М-н данс руу 900.000 төгрөг шилжүүлэхэд “маргааш “macbоок” чинь ирнэ, ирэхээр нь өгье” гэж хэлсэн. ...удаад байхаар нь “зөөврийн компьютер болон шилжүүлсэн мөнгөө авъя” гэхэд “за удахгүй өгье, дансаа явуулчих, компанийн данснаас мөнгө гарахгүй байна” гэх мэтээр худал ярьж байсан. ... Миний зөөврийн компьютерыг надаас аваад өөр хүнд 1.300.000 төгрөгөөр худалдан борлуулаад өгсөн мөнгийг чинь нэмээд “macbоок” аваад өгье гэсэн. ...Би Н.М-д зөөврийн компьютер болон 900.000 төгрөг өгсөн.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 241-242 дахь тал/,
Н.М-н сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Б.О бид хоёр 2022 оны 8 дугаар сарын эхэн үед Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт уулзан юм ярьж байхад “зөөврийн компьютерээ “Apple” брэндийн 2020 оны 15.6 инчийн дэлгэцтэй М1 чиптэй “Macbook” болгомоор байна” гэж хэлэхээр нь би “болгож болно, хүнээс асуугаад үзье, гол асуудал гэвэл дээр нь мөнгө нэмж өгнө шүү, чи гэрийнхэнтэйгээ ярилцаад хариу хэлээрэй” гээд арваад хоногийн дараа “нэмж 900.000 төгрөг өгөх шаардлагатай, харин чиний зөөврийн компьютер 1.300.000 төгрөгт зарагдах юм байна” гэж хэлэхэд зөвшөөрсөн, би тухайн өдрөө Б.О-н байрны гадаа очиж өөрөөс нь ажиллагаа хэвийн, ямар нэгэн эвдрэлгүй “Dell” брэндийн зөөврийн компьютерыг авахад маргааш нь Б.О миний Хаан банкны данс руу 900.000 төгрөг шилжүүлэн өгсөн. ... Ямар нэгэн санаа зорилго байгаагүй, тухайн үед мөнгөний хэрэг гараад өөрийн хувийн хэрэгцээнд ашигласан, миний буруу хохирлыг барагдуулах болно.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 247, 2 дахь хавтаст хэргийн 5 дахь тал/,
иргэн С.О-н бичгээр гаргасан “...Н.М гэж хүн миний охины компьютерыг сайжруулж өгнө гэж компьютер болон 900.000 төгрөг аваад өгөхгүй байна.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 220 дахь тал/,
түүний өргөдөл /1 дэх хавтаст хэргийн 221 дэх тал/,
“Далайван Аудит” ХХК-ийн 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 02/02-10 дугаартай, “...“Dell” загварын i3-ын 10 дугаар үеийн зөөврийн компьютерын үнэлгээ 800.000 төгрөг.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 228-232 дахь тал/,
Б.От-н Хаан банкны дансны хуулга /1 дэх хавтаст хэргийн 245 дахь тал/ зэрэг,
“Эрдмийн сан” ерөнхий боловсролын сургуулийн мэдээлэл зүйн багшаар ажиллах хугацаандаа өөрт нь ажил үүргийн хувьд хүлээлгэн өгч итгэмжлэн хариуцуулсан 19 ширхэг компьютерын процессоруудыг задлан эд ангиуд болон нэг ширхэг проектор зэргийг завшсан гэмт хэргийн тухайд,
мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;
хохирогчийн төлөөлөгч Б.Б-ын “...Н.М 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум “Эрдмийн тана” ХХК-ийн “Эрдмийн сан” сургуульд мэдээлэл зүйн багшаар ажилд орох хүсэлтийг гаргаж, манай захирал Г.Ө-тай 3 сарын туршилтын хөдөлмөрийн гэрээ байгуулж ажиллахаар болж 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр мэдээлэл зүйн ангийн 19 ширхэг ширээ, 19 ширхэг сандал, 19 ширхэг аравдугаар үеийн CPU i7 иж бүрэн компьютер, 1 ширхэг проекторыг тус тус хүлээн авч тэмдэглэл үйлдсэн. Н.М сурагчдад багшлан ажил үүргээ хэвийн гүйцэтгэж байсан бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр сурагчдын хагас жилийн амралт эхэлж, багш нар мөн адил амарсан. Энэ үед манай сургууль 15 хоногийн хугацаанд интернетийн болон камерын тоног төхөөрөмжийн шинэчлэлт хийсэн тул ямар нэгэн хяналтын камергүй байсан үеийг далимдуулж нууцаар, хэн нэгний зөвшөөрөлгүйгээр мэдээлэл зүйн ангийн 19 ширхэг 10 дугаар үеийн CPU i7 иж бүрэн компьютерын эд зүйлсийг хулгайлан авч явсан байсан. Авч явсан гэдгийг нь хэрхэн, яаж мэдсэн бэ гэвэл хичээлийн амралт дуусах дөхөж хичээл орох гэж байсан тул миний бие компьютеруудыг шалгаж үзэх гээд асаахад асахгүй байхаар нь 19 ширхэг компьютерын процессоруудыг задлан үзэхэд дотор нь байдаг 256GВ багтаамжтай hard, 10 дугаар үеийн I7-IF-10700 СРU, график карт АМD redeon R-5-430, ram DDR4-8GВ, hard НDD-1ТВ, VGА-DR дамжуулагч 19 ширхэг процессор тус бүрээс байхгүй болсон, мөн нэг ширхэг проектор байхгүй байсан тул Н.М-той холбогдон дуудаж уулзахад өөрөө авсан гэдгээ хэлсэн, яагаад хэрхэн яаж авсан гэдгээ хэлэхгүй, “би авчихсан юм” гээд байсан.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 45 дахь тал/,
гэрч Г.Ө-ын “...Мөнхдорж ажлаас халагдах үедээ ажлаа хүлээлгэж өгөөгүй явсан, ажлаа хүлээлгэж өгөөгүй явсан учир 2023 оны 1 дүгээр сарын сүүлээр мэдээлэл зүйн хичээлийн кабинет руу орж үзэхэд мэдээлэл зүйн хичээлд ашигладаг 19 ширхэг компьютерын 256GB хүчин чадалтай хард диск, IF-10700 хүчин чадалтай Сpu, Аmd Redeon R-5-430 загварыг график карт, DDR4-8 GВ-ийн хүчин чадалтай рам, НDD-1ТВ хүчин чадалтай хард, VGA-DR загварын дамжуулагч утас зэрэг эд зүйлийг тайлж аваад явсан байсан. Мөнхдоржтой утсаар ярьж компьютерын эд зүйл хаана байгаа талаар асуухад “би аваад явсан, авч ирээд өгнө” гэдэг зүйл хэлсэн.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 21-22 дахь тал/,
Н.М-н яллагдагчаар өгсөн “...19 процессоруудыг задлан 256GB багтаамжтай хард, 10 дугаар үеийн CPU-i7, IF-10700, дисплэй карт-AMD, redeon R-5-430, рам DDR4-8GВ, хард диск-НDD-1ТВ, VGA-DR дамжуулагч эд ангиуд болон нэг ширхэг проектор зэргийг завшиж, 24.510.000 төгрөгийн хохирол учруулсан гэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг зөвшөөрч байна. ...тус эд ангиудыг нууцаар авах болсон шалтгаан нь мөнгө олж байгаад ашиг олоод эргүүлээд эд ангиудыг худалдаж авч буцаагаад хийчихнэ гэж бодож байсан юм, би хувь хүнээс мөнгө зээлсэн байсан болохоор өрөө төлж барагдуулсан. Би 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр ерөнхий боловсролын “Эрдмийн сан” сургуулийн захирал Өлзийбаяртай уулзаж мэдээлэл зүйн багшаар ажиллах хөдөлмөрийн гэрээ байгуулж ажилд орж, 113 тоот ангид компьютер болон бусад эд зүйлсийг хүлээн авч гарын үсэг зурсан.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 62-63 дахь тал/,
иргэн Г.Ө-ын бичгээр гаргасан “...“Эрдмийн сан” сургуулийн мэдээлэл зүйн багшаар ажиллаж байсан Н.М сургуулийн 19 ширхэг компьютерын эд зүйлийн авч явсан.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 9 дэх тал/,
түүний өргөдөл /2 дахь хавтаст хэргийн 10 дахь тал/,
хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /2 дахь хавтаст хэргийн 35-39 дэх тал/,
“Далайван-Аудит” ХХК-ийн 2023 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 02/02-15 дугаартай, “...19 ширхэг компьютерийн эд ангийн нийт үнэлгээ 24.510.000 төгрөг.” гэсэн дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 25-29 дэх тал/,
“Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн ТХҮ-ОРХ/6457 дугаартай, “...проектор нэг ширхэг 1.349.000 төгрөг.” гэсэн дүгнэлт 2 дахь хавтаст хэргийн 48-51 дэх тал/,
шүүгдэгчийн хувийн байдал болон хохирол төлбөртэй холбоотой;
Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 550 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2 дахь хавтаст хэргийн 84-89 дэх тал/
Н.Мөнхдорж эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дэх хавтаст хэргийн 93 дахь тал/,
иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /1 дэх хавтаст хэргийн 100 дахь тал/ зэрэг,
Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангийн 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 01/1069 дугаартай, “...ялтан Н.М нийтэд тустай ажил хийлгэх ялыг хот тохижуулах газрын зам талбайн 1 дүгээр хэсэгт 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 6 дугаар сарын 19-ний өдөр хүртэл нийт 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биечлэн эдэлж, 100 цагийн үлдэгдэлтэй байна.” гэсэн албан бичиг /2 дахь хавтаст хэрэг/,
хохирлын тооцоо /2 дахь хавтаст хэргийн 68 дахь тал/,
иргэний нэхэмжлэгч О.Д-ний “...шүүгдэгч Н.М надад өгөх ёстой утасны төлбөрөө бүрэн барагдуулсан.” гэсэн хүсэлт, түүний Хаан банкны дансанд 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 4.500.000 төгрөг шилжүүлсэн баримт,
насанд хүрээгүй Г.Б-ын хууль ёсны төлөөлөгч Н.Л-н “...Н.М-с хохирол болох 2.000.000 төгрөгийг дансаар шилжүүлж авсан болно, хохиролгүй болсон тул Н.М-д гомдолгүй.” гэсэн хүсэлт, түүний Хаан банкны дансанд 2023 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 2.000.000 төгрөг шилжүүлсэн баримт,
“Эрдмийн сан” сургуулийн төлөөлөгч Б.Б-ын “...Н.М учруулсан хохирлыг нөхөж барагдуулсан болно.” гэсэн хүсэлт зэрэг болно.
Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч нараас, гэрч нараас мөн Н.М-с мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээч нарын дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрсдийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч нар гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Шүүгдэгч Н.М-г гэм буруутайд тооцох;
хохирогч Ж.Ц-с “iphone-14 рrоmах” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;
хэргийн үйл баримтын талаарх,
хохирогч Ж.Ц-н “...би өөр хүмүүст үйлчилгээ үзүүлж байх хооронд надад хэлэлгүйгээр, нууцаар, миний зөвшөөрөлгүйгээр “iphone-14 рrо mах” загварын гар утсыг аваад явсан байсан.” гэх,
гэрч М.У-н “...худалдагч Ж.Ц надтай уулзаад “...2023 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Н.М “Istore” дэлгүүр дээр ирж 256GВ-ийн багтаамжтай, шар /gold/ өнгийн “iphone-14 рrоmах” загварын гар утас худалдаж авна, мөнгөө шилжүүллээ гэж хэлж байгаад мөнгөө шилжүүлэлгүйгээр гар утсыг хайрцагтай нь хулгайлаад аваад явсан” гэдгийг надад хэлсэн.” гэх,
гэрч Б.Б “...Ж.Ц “мөнгөө шилжүүлж байгаад гар утсаа аваарай” гээд лангууны ард талд гар утсыг тавьсан...Н.М надад “явчихаад ирье” гэж хэлээд бэлдүүлсэн “iphone-14 рrоmах” загварын гар утсыг лангууны ард талаас авч явсан.” гэх,
Н.М-н өөрийнх нь өгсөн “...гар утсыг лангууны ард талаас өөрийн биеэр аваад гарахдаа Билгүүнд “гар утас аваад явлаа, буцаад ирнэ” гэж хэлэхэд “за” гэж хэлэх шиг болсон, ...Би гар утасны төлбөрөөс 1.100.000 төгрөгийг Урантөгс ахын данс руу шилжүүлсэн.” гэх мэдүүлгүүд,
иргэн Ж.Ц-н бичгээр гаргасан “...“iphone-14 рrоmах” загварын гар утсаа хулгайд алдсан.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл, “Оргил” худалдааны төвийн 1 дүгээр давхарт байрлах “istore” дэлгүүрийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, “iphone-14 рrоmах” загварын гар утсыг хохирогч Ж.Ц-д хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл зэргээр,
насанд хүрээгүй Г.Б-г хуурч, 2.570.000 төгрөгийн хохирол учруулсан, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;
хэргийн үйл баримтын талаарх,
хохирогч Г.Б-ын “...Н.М багш над руу залгаад “танай гэрийн гадаа байна, процессороо аваад гараад ир” гэхээр нь би авч гараад өгөхөд “урьдчилгаа 200.000 төгрөг өгчих, тэгээд чамд өгөх процессорыг өгнө” гэж хэлэхээр нь багшаас дансных нь дугаарыг авч ээжид өгөхөд 200.000 төгрөг шилжүүлж өгсөн. Тэгтэл багш “чамд өгөх гэж байгаа процессорт юм нэмж тавих хэрэгтэй байна, үлдэгдэл 370.000 төгрөгөө өгчих” гэсний дагуу ээж 2022 оны 12 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд хоёр удаагийн гүйлгээгээр мөнгийг нь шилжүүлэн өгөхөд компьютерыг минь өгөхгүй алга болсон.” гэх,
хууль ёсны төлөөлөгч Н.Л-н “...би Н.М-н данс руу... нийт 570.000 төгрөг...шилжүүлчихээд байхад хүүд минь өгөх процессор болон хүүгийн минь өгсөн процессор аль, аль нь байхгүй болж, өөрөө ч сураггүй болсон.” гэх,
Н.М-н өөрийнх нь өгсөн “...би процессорыг Г.Б-с гэрийнх нь гадаа авч, “сайжруулахад шаардлагатай эд анги авах тул 570.000 төгрөг шилжүүлээрэй” гээд өөрийнхөө дансаа өгөхөд түүний ээж нь над руу гурван удаагийн гүйлгээгээр мөнгө шилжүүлэн өгсөн.” гэх мэдүүлгүүд,
иргэн Н.Л-н бичгээр гаргасан “...Эрдмийн сан сургуулийн багш Мөнхдорж манай хүүхдийн компьютерыг сайжруулж өгнө гэж залилсан.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл, Н.Л-н Хаан банкны дансны хуулга, Н.Л-н “...хохирлын хэмжээ 2.570.000 төгрөг байснаас 570.000 төгрөгийг надад дансаар өгсөн, 2.000.000 төгрөг нэхэмжилж байгаа тул хохирлыг барагдуулж өгнө үү.” гэсэн хүсэлт зэргээр,
хохирогч Б.О-г хуурч, 1.700.000 төгрөгийн хохирол учруулсан, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;
хэргийн үйл баримтын талаарх,
хохирогч Б.О-н “...Н.М-н данс руу 900.000 төгрөг шилжүүлэхэд “маргааш “macbоок” чинь ирнэ, ирэхээр нь өгье” гэж хэлсэн. ...удаад байхаар нь “зөөврийн компьютер болон шилжүүлсэн мөнгөө авъя” гэхэд “за удахгүй өгье, дансаа явуулчих, компанийн данснаас мөнгө гарахгүй байна” гэх мэтээр худал ярьж байсан. ...Н.М-д зөөврийн компьютер болон 900.000 төгрөг өгсөн.” гэх,
Н.М-н өөрийнх нь өгсөн “...би тухайн өдрөө Б.О-н байрны гадаа очиж өөрөөс нь ажиллагаа хэвийн, ямар нэгэн эвдрэлгүй “Dell” брэндийн зөөврийн компьютерыг авахад маргааш нь Б.О миний Хаан банкны данс руу 900.000 төгрөг шилжүүлэн өгсөн.” гэх мэдүүлгүүд,
иргэн С.О-н бичгээр гаргасан “...Н.М гэж хүн миний охины компьютерыг сайжруулж өгнө гэж компьютер болон 900.000 төгрөг аваад өгөхгүй байна.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл, Б.О Хаан банкны дансны хуулга зэргээр,
“Эрдмийн сан” ерөнхий боловсролын сургуулийн 19 ширхэг компьютерын процессоруудыг задлан эд ангиуд болон нэг ширхэг проектор зэргийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;
хэргийн үйл баримтын талаарх,
хохирогчийн төлөөлөгч Б.Б-ын “...19 ширхэг 10 дугаар үеийн CPU i7 иж бүрэн компьютерын эд зүйлсийг хулгайлан авч явсан байсан.” гэх,
гэрч Г.Ө-ын “...19 ширхэг компьютерын 256GB хүчин чадалтай хард диск, IF-10700 хүчин чадалтай Сpu, Аmd Redeon R-5-430 загварыг график карт, DDR4-8 GВ-ийн хүчин чадалтай рам, НDD-1ТВ хүчин чадалтай хард, VGA-DR загварын дамжуулагч утас зэрэг эд зүйлийг тайлж аваад явсан байсан.” гэх,
Н.М-н өөрийнх нь өгсөн “...тус эд ангиудыг нууцаар авах болсон шалтгаан нь мөнгө олж байгаад ашиг олоод эргүүлээд эд ангиудыг худалдаж авч буцаагаад хийчихнэ гэж бодож байсан юм, би хувь хүнээс мөнгө зээлсэн байсан болохоор өрөө төлж барагдуулсан.” гэх мэдүүлгүүд,
иргэн Г.Ө-ын бичгээр гаргасан “...“Эрдмийн сан” сургуулийн мэдээлэл зүйн багшаар ажиллаж байсан Н.М сургуулийн 19 ширхэг компьютерын эд зүйлийн авч явсан.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тус тус тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй байна.
“Хулгайлах” гэмт хэрэг гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж халдахгүйгээр, эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд аргаар авч өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг,
“завших” гэмт хэргийг хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг шамшигдуулах, завших санаа бий болж хэрэгждэг бөгөөд эд хөрөнгө бусдын итгэмжлэл, хариуцлагад хууль ёсоор шилжих гэдгийг аж, ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зарим тохиолдолд итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээхийг,
“залилах” гэмт хэрэг нь хуурч мэхлэх, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсныг тус тус ойлгоно.
Шүүгдэгч Н.М-н үйлдсэн гэх хулгайлах, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах, бусдыг итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэйгээс гадна уг гэмт хэргүүдийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Н.М-г “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн,
“үргэлжилсэн үйлдлээр, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, залилах” гэмт хэрэг үйлдсэн,
“бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэж Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул шүүх түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Н.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх;
шүүх шүүгдэгч Н.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсгүүдэд заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Н.М-н үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүх хуралдааны үед;
улсын яллагч “...шүүгдэгч Н.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял тус тус оногдуулж, нийт ялыг 1 жил 6 сар хорих ялаар тогтоож, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 550 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 100 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоног хорих ялаар буюу 12 хоногоор тооцож, 1 жил 6 сар 12 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх.” гэсэн,
шүүгдэгчийн өмгөөлөгч С.Б “...шүүгдэгч нь хохирол төлбөрийг төлж барагдуулсан, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг нь харгалзан хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү.” гэсэн саналыг тус тус гаргав.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч нарын хохирол төлбөрийг төлсөн байдал болон оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзан түүнд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Шүүх шүүгдэгч Н.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ;
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,
гэмт хэргийн нийгмийн аюулын хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, урьд ял шийтгүүлж байсан хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 /долоо/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 /долоо/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 /долоо/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, эдлэх ялын хэмжээг 1 /нэг/ жил 9 /ес/ сарын хугацаагаар тогтоож, шүүгдэгчийн 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 7 дугаар сарын 04-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 14 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зөв гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь 1 /нэг/ жил 8 /найм/ сар 16 /арван зургаа/ хоногийн хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглож,
мөн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулах нь зүйтэй.
Шүүгдэгч Н.М урьд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 550 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 6 дугаар сарын 19-ний өдөр хүртэл нийт 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдэлсэн, одоо 100 цагийн үлдэгдэлтэй байгаа болох нь Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-437 дугаар нээлттэй хорих ангийн 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 01/1069 дугаартай албан бичгээр тогтоодож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно.” гэж заасан тул шүүх шүүгдэгч Н.М-г нийгэмшүүлэх, гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, хөдөлмөрлөх, амьдрах зөв арга барилд сургах, гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүнд энэ тогтоолоор оногдуулсан 1 /нэг/ жил 8 /найм/ сар 16 /арван зургаа/ хоногийн хугацаанд Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглосон зорчих эрхийг хязгаарлах ялаас Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 550 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 100 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг тусад нь эдлүүлэх нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн.”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож,
мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн.”-ийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Бусад асуудал;
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх эрхтэй.
Шүүгдэгч Н.М-н гэм буруутай үйлдлийн улмаас,
хохирогч Ж.Ц-д 5.300.000 төгрөгийн,
иргэний нэхэмжлэгч О.Д-д 3.500.000 төгрөгийн,
насанд хүрээгүй Г.Б-т 2.570.000 төгрөгийн,
хохирогч Б.О-д 1.700.000 төгрөгийн,
“Эрдмийн сан” сургуульд 25.859.900 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь энэ гэмт хэргийн улмаас хохирогч нарт учруулсан нийт хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хохирогч нар нь “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй.” болохоо шүүхэд бичгээр илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан “Istore” дэлгүүрийн хяналтын камерын бичлэг бүхий хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж,
битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж,
шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.М-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Н.М-д 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсныг тус шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЗ/403 дугаартай шүүгчийн захирамжаар өөрчилсөн тухай шүүгчийн захирамжийн хувийг Хил хамгаалах ерөнхий газарт хүргүүлснийг дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 хэсгүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Н.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан мөн хулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 /долоо/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 /долоо/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 /долоо/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шүүгдэгч Н.М-г тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7 /долоо/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7 /долоо/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 7 /долоо/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт ялын хэмжээг 1 /нэг/ жил 9 /ес/ сарын хугацаагаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М-н 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 7 дугаар сарын 04-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 14 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М 1 /нэг/ жил 8 /найм/ сар 16 /арван зургаа/ хоногийн хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглож,
мөн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 550 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 100 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг энэ тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас тусад нь эдлүүлсүгэй.
6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.М-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8.Шүүгдэгч Н.М-д 2023 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсныг өөрчилсөн тухай тус шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЗ/403 дугаартай шүүгчийн захирамжийн хувийг Хил хамгаалах ерөнхий газарт хүргүүлснийг дурьдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураасан “Istore” дэлгүүрийн хяналтын камерын бичлэг бүхий хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж,
битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь 14 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.
10.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ