Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/268

 

2023         07            06                                  2023/ШЦТ/268

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.С,     

улсын яллагч Т.Д,  

хохирогч төлөөлөгч Ц.Г,

хохирогч төлөөлөгч Б.Б,

шүүгдэгч Ц.Ш нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүгдэгч Ц.Ш-д холбогдох эрүүгийн 2325000680236 дугаартай хэргийг 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, Ц.Ш

Шүүгдэгч Ц.Ш нь;

2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр .................... Барилга засварын цехийн цахилгаан шугам сүлжээ, металл хийцийн ахлах мастер Б.Э-с “бөхийн өргөө рүү орж байгаа цахилгааны хүчдэл унасан, цахилгааны утсыг солих шаардлагатай, хэсгийн дарга Доржбал соль гэж хэлсэн, гадаа байгаа дамартай кабелыг авч явна.” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон “....................” ТӨҮГ-ын өмчлөлийн хөнгөн цагаан голчтой 216м урттай 5.421.600 төгрөгийн үнэ бүхий кабель утсыг авсан, залилах гэмт хэрэгт,

үргэлжилсэн үйлдлээр, 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Зэст баг ..................... харуул Л.О, Д.М нарыг “бөхийн өргөөний кабель утсыг солино.” гэж хуурч “..............” ХХК-ийн өмчлөлийн 216м  урттай зэс голчтой 38.880.000 төгрөгийн үнэ бүхий кабель утсыг “.............” ТӨҮГ-аас залилж авсан 216м урттай хөнгөн цагаан голчтой 5.421.600 төгрөгийн үнэ бүхий кабель утсаар сольж авсан, залилах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Ц.Ш “...мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж хэлэх зүйлгүй, гэм буруугаа зөвшөөрч байна.” гэв.

хохирогч  төлөөлөгч Ц.Г “...үйлдвэрт учирсан хохирлыг төлүүлж өгнө үү.” гэв.

хохирогч “........” ХХК-ийн төлөөлөгч Б.Б“...нэхэмжлэх зүйлгүй, кабель утсаа буцаагаад холбуулсан, манай үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч “................” ХХК-ийн төлөөлөгч Б.Борхүүгийн “...манай “.........................т” ХХК нь Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн нутаг дэвсгэрт дутуу баригдсан 3 барилгын ажлыг гүйцэтгэж байгаа юм. ...Орхон аймагт барьж байгаа бөхийн өргөөний барилгыг .................... Барилга засварын цех барьж байгаа бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр тус цехийн цахилгаанчин Шаравжамц манай талбай дээрх манай компанийн эзэмшлийн 216м зэс кабель утсыг хөнгөн цагаан голтой утсаар солиод авч явах гэсэн үйлдэл гаргасан. Тухайн өдөр Шаравжамц над руу утсаар яриад “танай хашаа руу ороод цахилгааны утасны гэмтэл шалгах гэсэн юм” гэхээр нь би “тэг, тэг” гэж хэлээд харуулуудад “Шаравжамцыг оруул” гэж хэлсэн. Манай барилгын хажуу талд байдаг хүчдэлийн самбараас бөхийн өргөө рүү цахилгааны утас татсан байгаа бөгөөд тэр утсыг нь шалгах гэж байна гэж бодоод зөвшөөрсөн, Шаравжамц манай компанийн хашаанд байх дэд станцаас баруун тийшээ манай барьж байгаа 3 байр луу явсан зэс голтой 4x95+1x50 ММ2 CU маркийн 216м утсыг тасалж аваад өөрсдийнхөө авч ирсэн 3x70+1x50 маркийн хөнгөн цагаан голтой утсаар сольсон. ...тасалсан утсыг солих шаардлага байхгүй хэвийн ажиллагаатай утас байсан,  хэрэв солих хэрэгтэй бол ...........................Г ч солих ёсгүй, манай байгууллага өөрөө солих ёстой.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 25-26 дахь тал/,

хохирогч ......................-ын төлөөлөгч Ц.Ганбаатарын “...Тухайн цахилгааны утас нь манай байгууллагын өмч биш учраас манай байгууллага солих шаардлага байхгүй. Газар нутаг буюу цахилгааны утас сольж байгаа газар нь манай үйлдвэрийн газрын хариуцсан талбай биш учраас солих шаардлагатай эсэхийг нь мэдэхгүй.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 32-33 дахь тал/,

гэрч Л.О “...2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр намайг ажилтай байхад өдөр 12 цагийн орчим “*****************-ын өөрөө буулгагч крантай ачааны машин манай харуулын цэгээр нэвтэрч 2 дугаар барилгын хажуу талд модон дамартай цахилгааны утас буулгасан. Манай компанийн дутуу баригдсан барилгын хажуу талд байдаг цахилгааны шитнээс бөхийн өргөө цахилгаанаа авдаг, утас буулгах үедээ “цахилгааны утсаа солих гэж байгаа юм, энд буулгаарай гэсэн шүү” гэж хэлээд утас ачиж ирсэн машины жолооч, туслах ажилтан хоёр цахилгааны утас буулгаад явсан. 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр намайг ажил дээрээ үүрэг гүйцэтгэж байхад 16.10 цагийн орчим бөхийн өргөөний барилгын цахилгаанчин Шаравжамц суудлын машинтай өөрөөсөө гадна гурван хүний хамт ирээд “цахилгааны утас солих гэж байна” гээд манай хашаа руу нэвтэрсэн. ...Орой 19 цагийн орчим Шаравжамц машинтайгаа ганцаараа “сольж байсан утас дутаад нэмж авч ирлээ” гээд бага хэмжээний утас ачаад хашаа руу нэвтэрсэн, би 20 цаг өнгөрч байхад хашааны зүүн талд харуул дээр ирсэн чинь Шаравжамц хамт явсан хүмүүстэйгээ хашааны зүүн талд байдаг шитнээс манай 3 байр луу явсан цахилгааны утсыг солиод сууж байсан. Тэгэхээр нь би очоод “энэ утсыг сольж болж байгаа юм уу” гэсэн чинь “солих ёстой” гэж хэлсэн, Шаравжамц над дээр ирээд “чи хө дансаа өгчих 100.000 төгрөг өгье” гэсэн, тэгэхээр нь би “яах юм бэ, наад утсаа боль” гээд нөгөө харуул дээрээ очсон. Шаравжамц нөгөө залуучуудтайгаа утсаа солиод л байсан, 21 цагийн орчим би Шаравжамц дээр очоод “та нар цахилгааны утсаа сольж дууссан бол яв” гэсэн чинь “500.000 төгрөг өгье, хуучин цахилгааны утсыг нь аваад гаръя” гэхээр нь “тийм зүйл байхгүй, гар” гээд хашаанаас гаргасан. Хашаанаас гарч явсныхаа дараа над руу утсаар яриад “чи цаад талынхаа харуул руу яриад өгөөч, авч гарахгүй бол бид нар онигоо болно шүү дээ, та хоёр байна, бид нар дөрвүүлээ байна, нэг хүний 500.000 төгрөг болно шүү дээ” гэж хэлсэн. Тэгэхээр нь “ёстой болохгүй юм байна” гэж хэлээд утсаа салгаад шууд захирал Борхүү рүү ярьж болсон хэргийн талаар хэлсэн.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 39-40 дахь тал/,

гэрч Д.М “...2022 оны 12 дугаар сарын 11-ний өдөр намайг харуултай байхад бөхийн өргөөний цахилгааны ажилтан Шаравжамц “манай байгууллагын хүчдэл унаад байна, цахилгааны утас шалгана” гэж орж ирээд цахилгааны утас дагаж явж байгаад явсан, явахдаа “хэд хоногоос ирж цахилгааны утас солино” гэж хэлээд гарсан. 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 16 цагийн орчим харуулын албаны дарга Борхүү над руу утсаар яриад “бөхийн өргөөний цахилгаанчин кабель утас солино гэж байна, орсон гарсан хөдөлгөөнийг нь сайн бүртгэж аваарай” гэхээр нь Шаравжамцыг хашаа руу оруулсан. Шаравжамц нар ирээд цахилгааны утас солиод байсан, орой 20 цагийн орчим Очирдарь над дээр ирээд “цахилгааны утас сольж байсан хүмүүсийг хашаанаас гаргасан, Очирдарь “наад Шаравжамц чинь сольсон цахилгааны утсаа авч гаръя гээд байна” гэхээр нь Очирдарь бид хоёр ярьж байгаад захирал Борхүүд болсон асуудлын талаар хэлсэн. 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр намайг ажилд гарахад 2 дугаар байрны хажууд дамартай цахилгааны утас авч ирж тавьсан байсан, Шаравжамц нар тэр дамартай утсыг хөвж сольж тавьсан, манай барилгын хашааны зүүн талд байдаг цахилгааны шитнээс баригдаж байгаа 3 байр луу явсан цахилгааны 200 орчим метр утсыг сольсон, хуучин цахилгааны утас нь зэс, Шаравжамц нарын тавьсан цахилгааны утас нь хөнгөн цагаан голтой утас байсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 44 дэх тал/,

          “...миний санаж байгаар 17-ны өдрийн 15 цаг 30-40 минутын орчим бөхийн өргөөний цахилгаанчин гэх хоёр хүн “цахилгааны утас солих гэж байгаа” гээд орж ирсэн, тухайн хоёр хүн орж ирээд манай компанийн цахилгааны шитнээс цаашаа явсан утсыг дагаад яваад үзэж хараад байсан. ...Захирлын зөвшөөрлөөр орсон болохоор тэр хүмүүсийг их анзаараагүй, хашаагаа эргэж тойроод ажлаа хийж байсан. ...18 цаг өнгөрч байхад харуулын цэг дээр ирэхэд нөгөө хүмүүс дөрвүүлээ болчихсон талбайн гол хэсэгт цахилгааны утсаа холбоод сууж байсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 194-195 дахь тал/,

гэрч Х.Д “...Бөхийн өргөөний барилга барих ажил 2022 оны 11 дүгээр сарын эхээр зогссон, барилга барихад ашиглаж байгаа цахилгааныг тухайн баригдаж байгаа барилгын зүүн талд байх дутуу баригдсан 3 барилгын хашаан дотроос буюу 3 барилгыг барьж байгаа “Ай Ти Жи Эрдэнэт” ХХК-аас авч байгаа. Одоогоор бөхийн өргөөний барилга руу явж байгаа цахилгааны утсыг солих шаардлага байхгүй, яагаад гэхээр барилга барих үйл ажиллагаа зогссон, 2022 оны хавар барилгын үйл ажиллагаа эхлэхдээ цахилгааны утсыг шалгаж хэсэг газарт утсыг нь сольсон. Тэр цахилгааны утас манай байгууллагын хөрөнгө биш, хоёр байгууллага харилцан тохиролцож тухайн цахилгааны утсанд үүссэн гэмтлийг засварлаж болох юм. ...Намайг амарч байх хугацаанд Б.Эрдэнэчулуун ахлах мастер миний ажлыг орлож байсан, хэрэв цахилгааны утсыг солих шаардлага гарвал эхлээд цахилгааны мастер Сүх-Эрдэнэ тухайн газарт үзлэг шалгалт хийж гэмтлийг тогтоож, цахилгааны утсыг зайлшгүй солих шаардлагатай бол надад танилцуулна. ...цахилгааны мастерын хяналт дор цахилгааны утас солих ажил хийгдэнэ, би ажиллаж байх хугацаандаа “Ай Ти Жи Эрдэнэт” ХХК-ийн хашаанаас бөхийн өргөөний барилга руу явж байгаа цахилгаан утас солих үүрэг, даалгавар хэн нэгэн хүнд өгөөгүй.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 46-48 дахь тал/,

 

гэрч С.С “...өөр байгууллагын хөрөнгийг манай цех хэсэг солих ажил биш, тэгээд ч амралтын өдөр, аюулгүй ажиллагааны зааварчилгаа аваагүй байж сантехникч хүн цахилгааны утас солих ажлыг хийж гүйцэтгэх ямар ч үндэслэл байхгүй. ...удирдлагын зөвшөөрөлгүйгээр цахилгааны утас сольсон байна гэж ойлгож байна.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 51-52 дахь тал/,

гэрч Б.Э “...намайг ажил дээр байхад цахилгаанчин Шаравжамц манай өрөөнд орж ирээд “хэсгийн дарга Доржбал бөхийн өргөөний цахилгааны хүчдэл унаад байгаа учраас бөхийн өргөөний барилга руу явж байгаа цахилгааны утсыг соль” гэж хэлсэн, гадаа байгаа дамартай кабелыг авч явна.” гээд манай байгууллагын хашаан дотор байсан дамартай цахилгааны утсыг манай өрөөний цонхоор заасан, би Доржбал даргаас асуух гээд гар утас руу нь залгасан чинь холбогдох боломжгүй байсан. Тэгэхээр нь Шаравжамцын үгэнд итгээд “гадаа байгаа утас чинь хэдэн метр ямар маркийн утас байгаа юм” гэсэн чинь Шаравжамц “100м урт 70х3х50-тай кабель” гэсэн, би 100м цахилгааны утас гаргах бичиг өгсөн. ... Шаравжамц тэр цахилгааны утсаа авч яваад “Ай Ти Жи Эрдэнэт” ХХК-ийн хашаанд буулгасан байсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 54-56 дахь тал/,

яллагдагч Ц.Ш “...2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр би “Эрдэнэт-Үйлдвэр” ТӨҮГ-ын барилга засварын цехийн 5 дугаар хэсгийн мастер Эрдэнэчулуунд “Бөхийн өргөөний кабелын утсыг солих гэсэн юм, цахилгааны утас хэрэгтэй байна” гэж танилцуулсан. Ингээд би түүнээс 100 урт АВВГ 70x50 хэмжээтэй цахилгааны утсыг үйлдвэрийн хашаанаас гаргах зөвшөөрлийг авсан, тэгээд би “манай үйлдвэрийн хашаанд байсан дамартай утсыг бөхийн өргөөний хашаанд аваачиж буулгаарай” гэж жолооч Баярмагнай ахад хэлсэн, давхар Эрдэнэчулуун мастераар хэлүүлсэн. Тэгээд би 2022 оны 12 дугаар сарын 17-ны үдээс хойш 17 цагийн үед Бөхийн өргөөний хажуу талын баригдаж буй 3 барилга дээр очсон, тухайн үед гарч байсан харуултай нь уулзаж “кабелын утсыг сайн утсаар солих гэж байгаа юм, хэд хоногийн өмнө солих утсыг танай хашаанд буулгасан байгаа” гэж хэлсэн, би хашаа руу орохоосоо өмнө хамт ажилладаг Сайнбаяр луу залгаж “нэг ажил гарчихаад байна, завтай бол ирээд туслаад өгөөч” гэж хэлсэн. Ингээд Сайнбаярыг ирэхээр нь бид хоёр хашаа руу нэвтэрч орсон, Сайнбаяр бид хоёр харуулын путикны урд талд байх трансформатораас явсан хуучин утсыг нь шинэ утсаар солих ажлаа эхэлсэн, бас хамт ажилладаг Бат-Эрдэнэ рүү залгаж “хөгшөөн завтай бол ирээд туслаад өгөөч кабель солих ажил гарчихлаа” гэж хэлсэн. ...торцов түлхүүр хэрэг болохоор нь найз Есөн-Эрдэнэ рүү залгаж “түлхүүр аваад ирээч” гэж хэлсэн, хэсэг хугацааны дараа Есөн-Эрдэнэ надад 17-ын иштэй торцов түлхүүр авч ирсэн, тэгээд удалгүй буцаад явчихсан. Нийтдээ барагцаагаар 190 орчим метр хуучин утсыг шинэ утсаар сольсон бөгөөд трансформаторын үзүүрээс гарсан 4м цахилгааны утсыг ороогоод эвхчихсэн байж байтал харуул нь ирж харчихаад “та нар утас авч гарах гэж байна” гээд тэгээд дээшээ асуудал үүсгэсэн юм. ...Манай байгууллагын зүгээс болон өөр хэн нэгэнд тухайн цахилгааны утсыг солих үүрэг даалгавар өгөөгүй, би хуучин сайн утсыг нь чанар арай муутай шинэ утсаар сольж авах гэж байсан юм, хууль бусаар сольж байгаагаа хэлээгүй, тэд нар намайг үндсэн ажлаа хийж байна гэж ойлгосон байх.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 249-250 дахь тал/,

Б.Б “...манай компанийн болон бөхийн өргөөний барилга угсралтын ажилд хэрэглэх цахилгааны хүчин чадлыг бууруулсан.” гэх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 2 дахь тал/,

“.................” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 22/25 дугаартай, Орхон аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан албан бичиг /1 дэх хавтаст хэргийн 3 дахь тал/,

“Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 5950 дугаартай; “...цахилгааны кабель утас /хөнгөн цагаан голтой 4 жилтэй/ утас 216м  нэгжийн үнэ 25.100 төгрөг нийт 5.421.600 төгрөг.” гэсэн тайлан /1 дэх хавтаст хэргийн 91-93 дахь тал/,

“Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 5951 дугаартай;  “...4x95+1x50 мм2 СU 216м зэс голтой цахилгааны утас 216м нэгжийн үнэ 180.000 төгрөг нийт 38.880.000 төгрөг.” гэсэн тайлан /1 дэх хавтаст хэргийн 102-104 дэх тал/,

Ц.Ш эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудас  /1 дэх хавтаст хэргийн 161 дэх тал/,

иргэний үнэмлэхний лавлагаа /1 дэх хавтаст хэргийн 150 дахь тал/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 177-181 дэх тал/,

хохирогчийн төлөөлөгч Б.Б “...2023 оны 5 дугаар сарын 13-ны өдөр манай компанийн эзэмшлийн цахилгааны утсыг залгаж, хэвийн болгосон тул Шаравжамцтай тооцоогүй, гомдолгүй болно.” гэсэн хүсэлт /2 дахь хавтаст хэргийн 16 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн,

хохирогчийн төлөөлөгч нараас, гэрч нараас болон Ц.Ш-с мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгч Ц.Ш-г гэм буруутайд тооцох;

шүүгдэгч Ц.Ш нь 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр “*********-ын Барилга засварын цехийн цахилгаан шугам сүлжээ, металл хийцийн ахлах мастер Б.Э*******с “бөхийн өргөө рүү орж байгаа цахилгааны хүчдэл унасан, цахилгааны утсыг солих шаардлагатай, хэсгийн дарга Доржбал соль гэж хэлсэн, гадаа байгаа дамартай кабелыг авч явна.” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон “...........-ын өмчлөлийн хөнгөн цагаан голчтой 216м урттай 5.421.600 төгрөгийн үнэ бүхий кабель утсыг авсан, залилах гэмт хэрэг,

үргэлжилсэн үйлдлээр, 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Зэст баг “............. -ийн харуул Л.О, Д.М нарыг “бөхийн өргөөний кабель утсыг солино.” гэж хуурч “*******” ХХК-ийн өмчлөлийн 216м  урттай зэс голчтой 38.880.000 төгрөгийн үнэ бүхий кабель утсыг “********-аас залилж авсан 216м урттай хөнгөн цагаан голчтой 5.421.600 төгрөгийн үнэ бүхий кабель утсаар сольж авсан, залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх,             

мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн хохирогч-ийн төлөөлөгч Б.Б “...Ш манай компанийн хашаанд байх дэд станцаас баруун тийшээ манай барьж байгаа 3 байр луу явсан зэс голтой 4x95+1x50 ММ2 CU маркийн 216м утсыг тасалж аваад өөрсдийнхөө авч ирсэн 3x70+1x50 маркийн хөнгөн цагаан голтой утсаар сольсон.” гэх,

хохирогч ............. төлөөлөгч Ц.Г “...Тухайн цахилгааны утас нь манай байгууллагын өмч биш учраас манай байгууллага солих шаардлага байхгүй.” гэх,

гэрч Л.О “...2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр намайг ажил дээрээ үүрэг гүйцэтгэж байхад 16.10 цагийн орчим бөхийн өргөөний барилгын цахилгаанчин Шаравжамц суудлын машинтай өөрөөсөө гадна гурван хүний хамт ирээд “цахилгааны утас солих гэж байна” гээд манай хашаа руу нэвтэрсэн. ... хашааны зүүн талд байдаг шитнээс манай 3 байр луу явсан цахилгааны утсыг солиод сууж байсан. ...Тэгэхээр нь би очоод “энэ утсыг сольж болж байгаа юм уу” гэсэн чинь “солих ёстой” гэж хэлсэн, Шаравжамц над дээр ирээд “чи хө дансаа өгчих 100.000 төгрөг өгье” гэсэн, ...21 цагийн орчим би Шаравжамц дээр очоод “та нар цахилгааны утсаа сольж дууссан бол яв” гэсэн чинь “500.000 төгрөг өгье, хуучин цахилгааны утсыг нь аваад гаръя” гэхээр нь “тийм зүйл байхгүй, гар” гээд хашаанаас гаргасан. ...Тэгэхээр нь “ёстой болохгүй юм байна” гэж хэлээд утсаа салгаад шууд захирал Борхүү рүү ярьж болсон хэргийн талаар хэлсэн.” гэх,

гэрч Д.М “...орой 20 цагийн орчим Очирдарь над дээр ирээд “цахилгааны утас сольж байсан хүмүүсийг хашаанаас гаргасан, Очирдарь “наад Шаравжамц чинь сольсон цахилгааны утсаа авч гаръя гээд байна” гэхээр нь Очирдарь бид хоёр ярьж байгаад захирал Борхүүд болсон асуудлын талаар хэлсэн. ...Шаравжамц нар тэр дамартай утсыг хөвж сольж тавьсан, манай барилгын хашааны зүүн талд байдаг цахилгааны шитнээс баригдаж байгаа 3 байр луу явсан цахилгааны 200 орчим метр утсыг сольсон, хуучин цахилгааны утас нь зэс, Шаравжамц нарын тавьсан цахилгааны утас нь хөнгөн цагаан голтой утас байсан.” гэх,

гэрч Х.Д “...бөхийн өргөөний барилга руу явж байгаа цахилгааны утсыг солих шаардлага байхгүй, яагаад гэхээр барилга барих үйл ажиллагаа зогссон, 2022 оны хавар барилгын үйл ажиллагаа эхлэхдээ цахилгааны утсыг шалгаж хэсэг газарт утсыг нь сольсон. Тэр цахилгааны утас манай байгууллагын хөрөнгө биш, хоёр байгууллага харилцан тохиролцож тухайн цахилгааны утсанд үүссэн гэмтлийг засварлаж болох юм. ...би ажиллаж байх хугацаандаа “Ай Ти Жи Эрдэнэт” ХХК-ийн хашаанаас бөхийн өргөөний барилга руу явж байгаа цахилгаан утас солих үүрэг, даалгавар хэн нэгэн хүнд өгөөгүй.” гэх,

гэрч С.С “...удирдлагын зөвшөөрөлгүйгээр цахилгааны утас сольсон байна гэж ойлгож байна.” гэх,

гэрч Б.Э “...Шаравжамцын үгэнд итгээд “гадаа байгаа утас чинь хэдэн метр ямар маркийн утас байгаа юм” гэсэн чинь Шаравжамц “100м урт 70х3х50-тай кабель” гэсэн, би 100м цахилгааны утас гаргах бичиг өгсөн. ... Шаравжамц тэр цахилгааны утсаа авч яваад “........” ХХК-ийн хашаанд буулгасан байсан.” гэх,

Ц.Ш өөрийнх нь өгсөн “...2022 оны 12 дугаар сарын 17-ны үдээс хойш 17 цагийн үед Бөхийн өргөөний хажуу талын баригдаж буй 3 барилга дээр очсон, ...барагцаагаар 190 орчим метр хуучин утсыг шинэ утсаар сольсон бөгөөд трансформаторын үзүүрээс гарсан 4м цахилгааны утсыг ороогоод эвхчихсэн байж байтал харуул нь ирж харчихаад “та нар утас авч гарах гэж байна” гээд тэгээд дээшээ асуудал үүсгэсэн, ...Манай байгууллагын зүгээс болон өөр хэн нэгэнд тухайн цахилгааны утсыг солих үүрэг даалгавар өгөөгүй, би хуучин сайн утсыг нь чанар арай муутай шинэ утсаар сольж авах гэж байсан юм.” гэх мэдүүлгүүд,

Б.Б “...манай компанийн болон бөхийн өргөөний барилга угсралтын ажилд хэрэглэх цахилгааны хүчин чадлыг бууруулсан.” гэх гомдол, мэдээллийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл, “.............” ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 22/25 дугаартай, Орхон аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан албан бичиг хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хэрэгт цуглуулж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд уг баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч Ц.Шаравжамц гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Ц.Шаравжамцын хохирогч “................ болно “................-ийн өмчлөх эрхийн эсрэг тэднийг залилсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй бөгөөд уг гэмт хэргийн улмаас хохирогч байгууллагуудад учруулсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Залилах гэмт хэргийн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг шунахай сэдэлтээр өөрийн болгохдоо эд хөрөнгийг нь буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилго, сэдэлтээр хохирогчийн эд хөрөнгийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авснаар хангагдах бөгөөд шүүгдэгч Ц.Ш-н хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан үйлдлүүдэд Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн  тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзнэ.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан,

шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийн үйл баримтын талаарх шүүгдэгч, хохирогч нарын төлөөлөгч нарын болон гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгүүд бусад нотлох баримтуудыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийхэд түүний гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүх шүүгдэгч Ц.Ш*******н дээрх үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал бусдад зориуд хор уршиг учруулсан нь залилах гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзэх үндэслэл болох тул шүүгдэгчийг “үргэлжилсэн үйлдлээр, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, залилах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, шүүх хуралдаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно.” гэсэн хүсэлтийг гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.

          Шүүгдэгч Ц.Ш*д эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар;

шүүх шүүгдэгч Ц.Ш***г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүх хуралдааны үед улсын яллагч “...шүүгдэгч Ц.Ш****д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сар хорих ял оногдуулах.” гэсэн саналыг,

шүүгдэгч Ц.Шаравжамц нь өөрөө өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцож, “...хорихоос өөр хөнгөн ял өгнө үү, цаашид чин шударгаар ажиллах болно.” гэсэн санал, хүсэлтийг тус тус гаргав.

          Шүүх шүүгдэгч Ц.Ш******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,

       Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн,

          гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

          хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, 

          Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

Шүүгдэгч Ц.Шаравжамцад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал гэдгийг гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн тодорхой зүйл, хэсэгт заасан ял, албадлагын төрөл, хэлбэрээс аль хөнгөнийг сонгон хэрэглэх үндэслэл болж буй нөхцөл байдлуудыг хэлнэ,

“тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”  гэдэгт урьдчилан төсөөлөөгүй, гэнэт бий болсон хүчин зүйлд автаж Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Ц.Ш****н хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн хэдий ч урьдчилан төсөөлөөгүй, гэнэт бий болсон хүчин зүйлд автаж гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхгүй юм.

Бусад асуудал;

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.

Шүүгдэгч Ц.Ш нь гэмт хэргийн улмаас хохирогч “********” ХХК-д учруулсан хохирлыг нөхөн төлсөн болох нь 2 дахь хавтаст хэргийн 16 дахь талд авагдсан хохирогчийн төлөөлөгч Б.Борхүүгийн “...2023 оны 5 дугаар сарын 13-ны өдөр манай компанийн эзэмшлийн цахилгааны утсыг залгаж, хэвийн болгосон Шаравжамцтай тооцоогүй, гомдолгүй болно.” гэсэн хүсэлтээр тогтоогдсон тул шүүгдэгч нь “*******” ХХК-д төлөх төлбөргүй байна.

Харин хохирогч “******-т учруулсан хохирлыг төлсөн үзэх баримтгүй тул шүүгдэгч Ц.Ш****с 216м урттай хөнгөн цагаан голчтой цахилгааны утасны үнэ 5.421.600 төгрөгийг гаргуулж хохирогч байгууллагад олгох үндэслэлтэй.

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,  

          шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч  Ц.Ш-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шүүгдэгч Ц.Ш****г шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ц.Ш шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

          4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ш*****д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ц.Ш*****с 5.421.600 төгрөг гаргуулж хохирогч “********-т олгосугай.

          7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч “********-д төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.  

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЭНХТУНГАЛАГ