Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2025/0673

 

                                       

 

 

 

 

 

 

 

 

 

 

   "И" ХХК-ийн нэхэмжлэлтэй

              захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 117/ШШ2025/0012 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн төлөөлөгч К.Оын гаргасан давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Т.Энхмаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү

Илтгэгч шүүгч Ц.Одмаа

 

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: "И" ХХК

Хариуцагч: Дундговь аймгийн Татварын газрын татварын хяналт шалгалтын татварын улсын байцаагч М.М, Б.Б

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч:К.О

Хариуцагч: Дундговь аймгийн Татварын газрын татварын хяналт шалгалтын татварын улсын байцаагч М.М, Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Цэрэндаваа

Хэргийн индекс: 117/2025/0011/З

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

1. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 117/ШШ2025/0012 дугаар шийдвэрээр Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.1.2, 13.1.3, 25 дугаар зүйлийн 25.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч "И" ХХК-иас Дундговь аймгийн Татварын газрын татварын хяналт шалгалтын татварын улсын байцаагч М.М, Б.Б нарт холбогдуулан гаргасан “2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн НА-0824000001* дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” шаардага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 

2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч К.О шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:

2.1. “Дундговь аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч М.М, Б.Б нар нь "И" ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, 824903204 тоот томилолтоор /Эрсдэлд суурилсан хэсэгчилсэн/ шалгалтыг 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг дуусталх хугацаанд хийж, 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн НА-0824000001* тоот нөхөн ногдуулалтын актаар нийт 99,430,585.41 төгрөгийн зөрчилд 19,930,803.97 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоосон.

2.2. Улмаар нэхэмжлэгчийн зүгээс уг нөхөн ногдуулалтын актыг эс зөвшөөрч Дундговь аймгийн Татварын газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж, тус газрын 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 01 дугаар тогтоолоор маргаан бүхий 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн НА-0824000001* тоот нөхөн ногдуулалтын актыг ... нийт 1,269,816.40 төгрөгийн төлбөрийг хүчингүй болгож, 96,297,928.32 төгрөгийн зөрчилд ногдуулсан 9,518,181.83 төгрөгийн нөхөн татвар, 3,918,883.74 төгрөгийн торгууль, 5,223,922.00 төгрөгийн алданги нийт 18,660,987.57 төгрөгийн төлбөр төлүүлэхээр өөрчилсөн. Ийнхүү тогтоосон нь дараах байдлаар үндэслэлгүй байна.

2.3. Нөхөн ногдуулалтын акт 4 хэсэг, тус бүрээр торгууль ногдуулсан байгаа. Үүнээс нэмэгдсэн өртгийн албан татварт тайлагнасан 4,800,000 төгрөгийг бид зөвшөөрч байгаа.Бидний маргаж байгаа зүйл нь 2020 онд 39,000,000 төгрөг, 2021 онд 25,000,000 төгрөг, нийт 64,000,000 төгрөгийн тайлангийн системд борлуулагч талаас бүртгүүлсэн падааныг нотлогдоогүй зардал гэж буруу тодорхойлсон. “И” компани 2020, 2021 онд халаалтын үйл ажиллагаа явуулж байсан. Энэ хугацаа нь коронагийн хөл хориотой байсан цаг үе. Тухайн үед гэрээт нягтлан бодогч болон "И" компани тайлангаа тайлагнахдаа нэр бүхий 3 компаниас худалдан авсан гэсэн татварын системд бүртгэгдсэн падааныг үндэслэж тайлангаа гаргасан. Үүнийг татварын байцаагч нар хий бичилт гэсэн үндэслэлээр хассан. Хий бичилт гэдэг үндэслэлийг би хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь худалдан авалтыг “И” компаниас өөр хэн нь ч шивэхгүй. Энэ 3 компанийг хууль бус ажиллагаа явуулж байна уу? хуулийн дагуу ажлаа хийж байна уу? гэдгийг бид нар ямар ч тохиолдолд мэдэх боломжгүй. Бид аль нэг газраас юм худалдаж авлаа гэхэд цаад байгууллага нь ямар ч нэр дээр баримт шивж болно. Бид амьдрал дээр талх худалдан авахад и-баримт өгдөг. Цаад байгууллага нь татвараа төлж байна уу, худлаа бичээд байна уу гэдгийг тогтоогоогүй. Манай татварын байгууллагад 10-аад жил худалдан авагч тал нь хохироод байгаа байдал ажиглагдаж байна.

2.4. Шивсэн юмыг худалдан авагч тал зөв, бурууг нь мэдэхгүй. Үүнийг бүрэн нотлоогүй. Хий бичилт бичдэг хүн нь А компани бөгөөд хий бичилтийг "И" ХХК бичээгүй. Орох бүртгэл, нэвтрэх нэр, нууц дугаарыг нь ч мэдэхгүй. Мөн хоорондоо үгсэн хуйвалдсан гэдгийг тогтоогоогүй. “И” компани ганцхан орлоготой. Сарын 10,000,000 гаран төгрөг ордог. Жилийн 7 сард нь ажилладаг. 7 сар ажиллаад 131,000,000 төгрөг орчим орлого олсон байсан. Улирлын чанартай, өөр орлого байхгүй. Зардлууд нь бодитоор гарсан. Нүүрсийг хэн нэгэн нэр бүхий этгээд, эсвэл компаниас авдаг. Нүүрс олдох, олдохгүй үе байдаг. Падаанаа нэхдэг, падаанаа шивээч гэхэд манайх ийм нэртэй компани шүү гээд өөр компанийн нэр орж ирдэг. Тухайн үед манай нягтлан, гүйцэтгэх захирал хоёрт мэдэх ямар ч боломж байхгүй. 131,000,000 төгрөгийн борлуулалт хийчхээд 50 хувийн ашиг гардаг бизнес Монголд Улсад байхгүй.

2.5. 2020, 2021 оны татварын тайланг Татварын ерөнхий газар хүлээж аваагүй бол 2022, 2023 оны тайлан цааш явахгүй. Би нэг зүйлийг холбож чадахгүй байгаа юм. Тухайн үед гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Б төрийн банкны дансаар орж ирсэн 131,000,000 төгрөгийг бэлнээр аваад байсан. Энэ мөнгө нь хаашаа орсон юм бэ гэдгийг хайсан юм. Гэтэл Хаан банкныхаа хувь данс руу хийгээд байсан юм билээ. Тиймээс Хаан банкных нь хувь дансны хуулгыг шүүхэд нотлох баримтаар өгсөн. Тухайн дансыг би өөрөө шүүж үзэхэд 64,000,000 төгрөгөөр нүүрс авсан, цалин олгосон гэж гарч ирсэн. Тэгэхээр зардал гарсан нь нотлогдож байна. Миний коронагийн үе байсан гэж ярьсан нь тийм учиртай юм. Коронагийн үед гэрээсээ гарч болохгүй, онцгой объектууд ажилладаг, цахимаараа бүх юм нь явдаг байсан. Цэнгэлдэх халсан уу халсан. Тэнд хүмүүс ажилласан уу ажиллаж байсан. Сайн үзвэл бүх зардлууд тодорхой байгаа. "И" ХХК-д борлуулалт хийсэн А компани өөрсдөө баримтаа шивсэн. Борлуулагч тал шивж байгаа юмыг худалдан авагч тал мэдэхгүй. Хар жагсаалт гэдэг зүйл 2023, 2024 оноос гарч ирсэн.

2.6. Дэлгүүр татвараа төлөх ёстой болохоос худалдан авч байгаа К.О төлдөггүй. Энэ энгийн татварын суурь зарчим. Бид тухайн үед нь тайлангаа нягтлаад илгээсэн төлөвт байдаг. Хэрвээ тэр буруу бол татварын ТТ-д буцаачихсан гэсэн төлөвт шилждэг. Хэрвээ тэр тайланг татвар зөвшөөрсөн бол хүлээгээд авчихсан байдаг. 2020, 2021 оны тайланг хүлээгээд авсан учраас 2023, 2024 онд би тайлангаа явуулсан. Урдах тайлан ямар нэгэн доголдолтой бол дараагийн тайлан явдаггүй. Тухайн үед нь буруу байсан бол Б.Б байцаагч буцаачихгүй яасан юм. Цалин хөлсний тайланг өгөөгүй нь үнэн. Би тухайн үед нь та нараас асууж байсан. Нийгмийн даатгалын шимтгэл өндөр, татвар төлдөг болохоор цалин бага гарна. Ийм учраас бид нар тэр өдрийн цалин 80.000 төгрөгөө авъя гээд явчихдаг. Үүнийгээ тайлагнахдаа зөв тайлагнаж чадаагүй.

2.7. Хамгийн гол юмыг М.М байцаагч өөрөө мушгиад байх юм. Иргэн Б-с нүүрс авахдаа манайх "И” компани шүү, регистрийн дугаар нь тэд гэж хэлээд орхичихно. Тухайн хүн нь цаашаа шивүүлэхэд би ч, нүүрс зарсан иргэн Б ч Аыг хий бичилт хийсэн гэдгийг мэдэхгүй. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13.1.3 дахь заалтад зааснаар зардал бодитой гарсан байхад баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажсан байх гэдгийг буруу хэрэглэсэн. Үүнээс үндэслээд 2020 оны 39.000.000 төгрөгийн и-баримтад бүртгэгдсэн зардал, 2021 оны 25.000.000 төгрөгийн и-баримтад бүртгүүлсэн зардлыг нотлогдоогүй зардал гэж буруу тодорхойлсон нь худлаа байна. Үүнийг нотлогдсон зардал мөн гэдгийг тогтоохыг хүсэж байна Хий бичилт гэдэг үг Нягтлан бодох бүртгэлийн болон Татварын ерөнхий хуульд байхгүй байхад энэ заалтыг хэрэглээд манайд үндэслэлгүй акт тавьсан. Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэст тухайн А компани шалгагдаж байгаа юм байна. Тэнд шалгагдаж байгаа компанийн асуудал манай компанид ямар хамаатай эсэхийг би ойлгохгүй байна.

2.8. Иймд Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 117/Ш2025/0012 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Дундговь аймгийн Татварын газрын татварын улсын байцаагч нарын 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн НА-0824000001* дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчээс гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянаад анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Дундговь аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаав.

2. Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д Шүүхэд тухайн шүүхийн нийт шүүгчээс бүрдсэн Шүүгчдийн зөвлөгөөн /цаашид Зөвлөгөөн гэх/ ажиллана, 19.2-т “Зөвлөгөөн дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэнэ”, 19.2.5-д “энэ хуулийн 19.3-т заасан нөхцөл, шаардлага болон энэ хуулийн 20.2.4-т заасан нийтлэг журамд үндэслэн хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нарийвчилсан журмыг батлах” гэж,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг жил, хагас жил зэрэг тодорхой хугацаагаар тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс хуваарь гарган томилж, Ерөнхий шүүгчийн захирамжаар албажуулна” гэж тус тус заасан.

3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч "И" ХХК-иас Дундговь аймгийн Татварын газрын татварын хяналт шалгалтын татварын улсын байцаагч М.М, Б.Б нарт холбогдуулан 2024 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн №НА-0824000001* дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, нэхэмжлэлийг шүүгч В.Цэрэнрагчаад хуваарилсны дагуу шүүгчийн 2025 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 117/ШЗ2025/0058  дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, улмаар 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 117/ШШ2025/0012 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

4. Ингэхдээ дээр дурдсан хуульд заасан журмын дагуу хэрэг хянан шийдвэрлэх даргалагч шүүгчийг албажуулсан Ерөнхий шүүгчийн захирамж, шийдвэргүйгээр хэргийг шийдвэрлэсэн байна.

5. Ийнхүү хуульд заасан журмын дагуу томилогдоогүй шүүгч хэргийг хянан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.2-т заасан хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн гэх үндэслэлд хамаарах бөгөөд энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчилд тооцогдох учир энэхүү зөрчлийг давж заалдах шатны шүүхээс нөхөн залруулан хэргийг эцэслэн шийдвэрлэх, маргааны үйл баримт, шийдвэрт хууль зүйн дүгнэлт өгөх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дундговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 117/ШШ2025/0012 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                     Т.ЭНХМАА

 

ШҮҮГЧ                                                     Н.ХОНИНХҮҮ

 

ШҮҮГЧ                                                     Ц.ОДМАА