Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 988

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Т” сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2018/00272 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Т” СӨХ,

Хариуцагч “Б.Е” цэцэрлэгт холбогдох,

Сууц өмчлөгчдийн холбооны төлбөр болох 1 800 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Золзаяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Батбаяр,

Хариуцагчийн төлөөлөгч Б.Лхагвасүрэн,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

            Нэхэмжлэгч “Т” Сууц өмчлөгчдийн холбооны төлөөлөгч Ц.Золзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б.Е” цэцэрлэг нь “Т” СӨХ-той 2013 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний гэрээ байгуулан үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Гэтэл “Б.Е” цэцэрлэг нь 2015-2017 он хүртэл СӨХ-ны төлбөрөө төлөхгүй байгаа тул сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 1 800 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “Б.Е” цэцэрлэгийн төлөөлөгч Б.Лхагвасүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Тухайн үйлчилгээний зориулалттай 1 давхрын байрыг 2008 онд худалдан авахад байрнаасаа урд зүг буюу орцны эсрэг тал руу гаргасан хаалгатай, сууц өмчлөгчдийн холбоонд огт хамааралгүй үйл ажиллагаатай байсан. Хүүхдийн цэцэрлэгийн үйл ажиллагаа явуулж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл байрны гадна, дотор урсгал засвар, цэвэрлэгээ, хог, харуул хамгаалалт зэргийг өөрийн хөрөнгөөр сууц өмчлөгчдийн холбооноос хамааралгүйгээр шийдвэрлэж байгаа болно.

2013 онд “Т” СӨХ-той 1 жилийн хамтран ажиллах гэрээ байгуулсан. Тус хамтран ажиллах гэрээний хугацаа нь дууссан бөгөөд гэрээт хугацаандаа сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг цаг бүрт нь төлж байсан. Харин сууц өмчлөгчдийн холбоонд дээд давхрын айлаас байнга ус алддаг талаар гомдол мэдүүлж, засвар хийх шаардлага тавихад хүлээж авалгүй 4 жил өнгөрсөн. Мөн хог хаях цэг нь байнга цоожтой байдаг, биднийг хог хаяулдаггүй, харуул хамгаалалт нь байгаа үгүй нь мэдэгддэггүй гэх зэргээр сууц өмчлөгчдийн холбооны үйлчилгээг авч үзээгүй.

Иймд “Т- СӨХ-ны гаргасан нэхэмжлэлийг хүлээж авах боломжгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч “Б.Е” цэцэрлэгт холбогдох Сууц өмчлөгчдийн холбооны төлбөр болох 1 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Т” сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Т” сууц өмчлөгчдийн холбооны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 43 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “Б.Е цэцэрлэг нь орон сууцны өмчлөгч бус цэцэрлэгийн зориулалтаар барьсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч байна. Иймд тус байрны СӨХ-д гишүүнээр элсэх үүрэггүй, дундын өмчийн зарим хэсгийг ашигладаг байж болох боловч сууц өмчлөгч биш учир ашиглалт, засварын мөнгийг төлөх үүрэг үүсэхгүй” гэж хариуцагчид хамааралгүй хуулийн заалтыг баримтлан “хариуцагч нь сууц өмчлөгч биш” гэсэн дүгнэлт нь хийсэн нь буруу болсон. Өөрөөр хэлбэл, Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т зааснаар Б.Алтангэрэл, Е.Энхболд нар нь сууц өмчлөгч болно. гэтэл шүүх эдгээр этгээдүүдийг тухайн байрны сууц өмчлөгч биш гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийсэн нь буруу юм.

Мөн Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4 дэх хэсэгт зааснаар нийтийн зориулалттай 70-р байрны сууц өмчлөгч Б.Алтангэрэл, Е.Энхболд нар нь “Т” СӨХ-ны гишүүн мөн байна. Түүнчлэн дундын өмчлөлийн эд хөрөнгө нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хамаарах бөгөөд сууц өмчлөгч нь тухайн орон сууцыг ямар зориулалтаар өмчилж байгаагаас үл хамааран дундын өмчлөлийн эд хөрөнгийг ашиглах, засварлах үүргээс чөлөөлөгдөхгүй. Шүүх хариуцагч дундын өмчлөлд байгаа эд хөрөнгийг ашигладаггүй гэж үзсэн нь хэрэг маргааны үйл баримтын шалтгаант холбоог ойлгоогүйг харуулж байна. Хэрвээ хариуцагч дундын өмчлөлийн эд зүйлийг ашигладаггүй бол тухайн эд зүйлийн ашиглалтаас Б.Е цэцэрлэгийг тусгаарлах нь зүйтэй байхад шүүх ямар нэгэн эрх зүйн үндэслэл бүхий тайлбар өгөөгүй.

Хариуцагч татгалзлынхаа үндэслэлийг тайлбарлахдаа “хогийн бункер, орцны хаалгыг ашигладаггүй” гэсэн ба шүүх энэ талаар шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан нь Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн. Хууль тогтоогчид “сууц өмчлөгч дундын өмчлөлийн эд хөрөнгийг ашигладаггүй гэдэг үндэслэлээр дундын өмчлөлийн хэвийн байдлыг хангах, засвар үйлчилгээний зардлыг төлөхөөс зайлсхийх эрхгүй” тухай заажээ. Тухайн үүрэг үүсэх угтвар нөхцөлд ашиглалт огт хамаагүй байдаг тул эрх зүйн ийм үр дагавар үүсэж байгаа. Иймд хариуцагч ашиглалтаас татгалзсан байдал нь үүргээс чөлөөлөгдөх үндэслэлд ямар нэгэн нөлөө үзүүлэхгүй. Дээрх тохиолдолд шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

            Нэхэмжлэгч “Тэнгис өргөө” сууц өмчлөгчдийн холбоо нь хариуцагч “Б.Е” цэцэрлэгт холбогдуулан сууц өмчлөгчдийн холбооны төлбөрт 1 800 000 төгрөгийг шаардахдаа 2013 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний гэрээг үндэслэн шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргахдаа нэг жилийн хугацаатай байгуулсан уг гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн, гэрээг сунгаагүй, гэрээг шинэчлэн байгуулж, төлбөрийн хэмжээг тохиролцох саналыг сууц өмчлөгчдийн холбоо хүлээн авч шийдвэрлээгүй гэжээ.

             Талуудын хооронд байгуулсан 2013 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээний гэрээний хугацаа дууссан, сунгасан тухай баримтгүй тул гэрээг үндэслэн шаардах эрхгүй.

Түүнчлэн дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, хамгаалалт, үйлчилгээтэй холбогдсон зардлыг бүх гишүүдийн хурлаар тогтоох талаарх Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4 дэх хэсэгт зааснаар сар тутам 50 000 төгрөгийн төлбөр ногдуулахаар шийдвэрлэсэн талаар баримтыг шүүхэд гаргаагүй байна.

Иймд “Тэнгис өргөө” сууц өмчлөгчдийн холбоо өөрийн хариуцдаг Чингэлтэй дүүрэг, 5 дугаар хороо, 6 дугаар хороолол, Их тойруугийн 6 дугаар байрны 1 дүгээр давхарт цэцэрлэгийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлж буй “Б.Е” цэцэрлэгээс дундын эд хөрөнгийн ашиглалтын зардал шаардсан үндэслэлээ нотлоогүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив. Түүнчлэн Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэг нь сууц өмчлөгчийн үүргийг зохицуулснаас бус үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгчийн үүргийг зохицуулсан зүйл биш юм. Талууд гэрээ байгуулан ажиллахад энэ шийдвэр саад болохгүйг тэмдэглэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2018/00272 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43 750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ш.ОЮУНХАНД

 

                                          ШҮҮГЧИД                                    Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                               А.ОТГОНЦЭЦЭГ