Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/275

 

 2023         7              24                                  2023/ШЦТ/275

         

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П    

улсын яллагч Т.Т

шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч Я.Э нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдсэн шүүгдэгч Д.Оад холбогдох эрүүгийн 2325000000348 дугаартай хэргийг 2023 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, Д.О

Шүүгдэгч Д.О нь;

2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 19 цагийн үед Орхон аймаг Баян-Өндөр сум *************** тоот гэртээ архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих шалтгааны улмаас гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Э.Оюун-Эрдэнэтэй маргалдан түүний толгой, нуруу зэрэгт нь сандлаар цохиж, эрүүл мэндэд нь “дух, хоёр гарын бугалга, шуу, нуруунд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг; Гэм буруугийн талаар;

Шүүгдэгч Д.О дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна,

иргэн Э.О-н “...2023 оны 6 дугаар сарын 14-ний орой Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг 11 дүгээр хорооллын Б хэсгийн 16 тоот хаягт манай нөхөр О-т нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх үедээ миний биед халдаж зодсон.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дахь тал/,

түүний өргөдөл /хавтаст хэргийн 8 дахь тал/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 9-14 дэх тал/,

гэрч Ё.О-н “...Тухайн өдөр хүргэн О-т эмнэлгээр явж үзүүлж байгаад гэртээ оройны 19 цагийн орчим ирснийхээ дараа охин О-тэй хоол яриад хэрүүл маргаан хийгээд байсан. ...чанга дуугаар хэрэлдээд байхаар нь ...1 давхар луу буугаад очтол аяга, ширээний шилэн тавцан хагалсан байсан. ...гал тогооны тавилгын татдаг шүүгээг татаж унагаасан, модон сандал газар унасан  байсан. ...хүргэн Отгонбат уурлаад гэрийн гадна байсан машиныхаа цонхнуудыг чулуун блокоор цохиод хагалчихсан. ...манай охиныг зодсон байсан.“ гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газар Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 527 дугаартай;

“...Э.О-н биед дух, хоёр гарын бугалга, шуу, нуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хатуу зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр, 1-3 хоногийн өмнө үүсгэгдсэн байх боломжтой, шинэ гэмтэл байна. Дух, хоёр гарын бугалга, шуу, нуруунд цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,

Д.Оын яллагдагчаар өгсөн “...2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр эмнэлгийн магадлалын комиссын хурлаар орохын өмнө эмчийн үзлэгт орж байгаад ирсэн, уг өдөр би эмнэлэгт очиж шинжилгээ өгөх байсан учир өглөө ямар нэгэн зүйл идэлгүй явсан. Эмнэлэг рүү явахын өмнө нь эхнэртээ “намайг ирэх үед хөргөгчинд байгаа буузыг жигнэчихээрэй” гэж захиж хэлчихээд явсан, ...өглөөний 10 цаг 30 минутын орчим эхнэр лүү залгаж “нөгөө бууз чинь байна уу” гэж асуухад “байхгүй дууссан, шинээр хоол хийгээд байж байя” гэж хэлсэн. ...15 цаг 30 минутын орчим хурлаас гарч ирээд хамт ажилладаг ах Б-й хамт 0.5л “Агар” архи хувааж уугаад 17 цагийн орчим гэртээ ирэх үед дахиад хоол болоогүй байсан, би бухимдаж эхнэртэйгээ хэрүүл маргаан хийсэн, уурандаа хэрүүл маргаан хийж байгаад эхнэрийнхээ зүүн талын булчин хэсэг рүү цохисон. ...би уурлаад өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийнхээ салхины шил, хоёр ширхэг хаалганы шилийг чулуун блокоор хагалсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

          Шүүгдэгч Д.О нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Шүүгдэгч Д.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хавтаст хэргийн 17 дугаар талд авагдсан хохирогч Э.О-н “...нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй.” гэсэн мэдүүлгийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж тооцов.

 

          Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;

Шүүх прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн нэг мянга нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялыг түүнд оногдуулж,

торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцэх бөгөөд шүүгдэгч нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,

шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Д.О-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Оыг нэг мянга нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.О шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Оад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичиж болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.ЭНХТУНГАЛАГ