Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/279

 

  2023         07             28                                  2023/ШЦТ/279

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,  

улсын яллагч Т.Т,

шүүгдэгч Т.Т, О.М, өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүгдэгч Т.Т, О.М нарт холбогдох эрүүгийн 2325000000136 дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, Т.Т

Монгол Улсын иргэн, О.М

Шүүгдэгч Т.Т нь;

2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Орхон аймаг Баян-Өндөр сум **************** хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллахдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг буюу тус дэлгүүрийн бараа бүтээгдэхүүн худалдан борлуулсан орлогын мөнгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны дансаар шилжүүлэн авч, “************* ХХК-д 371.650 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

шүүгдэгч О.М нь;

2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг “*************” ХХК-ийн “Т***********” хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллахдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг буюу тус дэлгүүрийн бараа бүтээгдэхүүн худалдан борлуулсан орлогын мөнгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны дансаар шилжүүлэн авч, “*************” ХХК-д 316.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Т.Т “...мөрдөн байцаалтын шатанд үнэн, зөв мэдүүлгээ өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

шүүгдэгч О.М “...мөрдөн байцаалтын шатанд үнэн, зөв мэдүүлгээ өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогчийн төлөөлөгч Л.Т “...Миний бие “******* ХХК-ийн “******” хүнсний дэлгүүрийг ажиллуулдаг, 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 2 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл О.Мишээл худалдагчаар ажиллах хугацаандаа найз залуу Тэмүүжингийн хамт байрлаж, ажиллахаар гуйхаар нь зөвшөөрөөд ажиллуулсан. 2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн тооллогоор дэлгүүрийн бараа материалын зөрүү гарсныг мэдэж, Мишээл, Тэмүүжин нартай тооцоо тулгахад 3.350.000 төгрөг дутааснаа хүлээн зөвшөөрсөн, ...мобайл болон интернэт банкны гүйлгээгээр орсон орлогыг Мишээл нь 5094751701, Тэмүүжин нь 5657007117 дугаартай данс руу авч байсныг олж тогтоосон. ...Тэмүүжин, Мишээл нар дэлгүүрийн бараа, эд зүйлийг хэрэглэж, ашиглахын хажуугаар бараа худалдан борлуулсан орлогын мөнгийг өөрсдийн данс руу шилжүүлж хувьдаа ашигласан байсныг мэдсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 39, 40 дэх тал/,

“...2023 оны 2 дугаар сарын 02-ны өдөр цагдаагийн байгууллагад “9.000.000 орчим төгрөг дутсан байна, шалгаж өгнө үү” гэж гомдол гаргасан, тухайн үед Тэмүүжин, Мишээл нартай бараа материалын тооцоо бодоход 3.350.000 төгрөгийн бодит хохирол учирсан нь тогтоогдсон. Тухайн 3.350.000 төгрөгөөс Мишээл, Тэмүүжин нар 1.675.000 төгрөг дансаар шилжүүлсэн, мөн тэдэнд олговол зохих цалингийн зөрүү 625.000 төгрөгийг хасаад одоо 1.050.000 төгрөг үлдээд байгаа, би дээрх 1.050.000 төгрөгөөс Мишээл, Тэмүүжин нарын өөрсдийн дансаар хувьдаа авч ашиглаж, буцааж төлөөгүй дүн болох 516.050 төгрөгийг нэхэмжилнэ, үлдэгдэл 533.950 төгрөгийг иргэний журмаар нэхэмжилж байна.

“...Дээрх 1.050.000 төгрөгийн хохирлоос хавтас хэргийн материалд авагдсан дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэлээс үзэхэд Т.Тэмүүжин орлогоос 393.150 төгрөг өөрийн дансаар авч, үүнээс 21.500 төгрөгийг дэлгүүрийн данс руу шууд шилжүүлсэн, харин 108.900 төгрөгийг ашигласныхаа дараа шилжүүлж, дэлгүүрийн данс руу нийт 130.400 төгрөг шилжүүлсэн, 241.250 төгрөг шилжүүлээгүй, хувьдаа ашиглаж хохирол учруулсан, харин О.Мишээл орлогоос 381.800 төгрөг өөрийн дансаар авсан, үүнээс 65.000 төгрөгийг дэлгүүрийн данс руу шууд шилжүүлсэн, 42.000 төгрөгийг ашигласныхаа дараа шилжүүлсэн, дэлгүүрийн данс руу нийт 107.000 төгрөг шилжүүлсэн, 274.800 төгрөг шилжүүлээгүй, хувьдаа ашиглаж хохирол учруулсан байна. Т.Тэмүүжин, О.Мишээл нар нийт ашигласан мөнгөн дүнгээс 516.050 төгрөгийн хохирлыг барагдуулаагүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 155 дахь тал/,

О.М сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг “Тэх маркет” хүнсний дэлгүүрт худалдагчаар ажилд орсон. Дэлгүүрт байрлаж ажиллах хугацаандаа Тэмүүжин бид хоёр дэлгүүрийн хүнсний бараанаас мах, гоймон, гурил, будаа, бэлэн гоймон, төмс, ногоо, ус, ундаа, чихэр, жимс зэргийг хэрэглэсэн, эхэндээ бид хоёр цалингаасаа хасуулна гэж бичиж тэмдэглэж явж байсан, үүнээс гадна Тэмүүжин бид хоёр дэлгүүрээс эд зүйл худалдаж аваад хүмүүсийн дансаар шилжүүлж байгаа орлогын мөнгийг өөрсдийнхөө данс руу шилжүүлж авдаг байсан, тухайн дансанд орсон мөнгөөрөө цахим фокер тоглоом тоглодог байсан. ...2023 оны 1 дүгээр сарын сүүлээр Тэмүүжин бид хоёр дэлгүүрийн бараануудыг тоолоод Тайван ахад өгсөн чинь “3.000.000 төгрөгийн бараа, эд зүйл дутсан байна” гэж хэлсэн. Тэмүүжин бид хоёр ээлжээр касс дээр суудаг байсан, ...өөрийнхөө дансаар 381.800 төгрөг авсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дэх тал/,

“...дэлгүүрт учруулсан 3.350.000 төгрөгийн хохирлыг барагдуулж, уучлалт гуйсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 56-57 дахь тал/,

“...өөрийнхөө дансаар авсан 381.800 төгрөгөөс 107.000 төгрөгийг дэлгүүрийн данс руу буцааж шилжүүлсэн, 65.000 төгрөгийг өөрийнхөө дансаар хүлээн авсан даруйдаа дэлгүүрийн дансруу шилжүүлсэн, 42.000 төгрөгийг ашигласныхаа дараа шилжүүлсэн, 274.800 төгрөг буцааж шилжүүлээгүй хувьдаа ашигласан нь үнэн, хохирлыг барагдуулах болно.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 157 дахь тал/,

          Т.Т сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг “Тэх маркет” хүнсний дэлгүүрт миний найз охин Мишээл худалдагчаар ажилд орсон. ...Дэлгүүрт байрлаж ажиллах хугацаандаа Мишээл бид хоёр дэлгүүрийн хүнсний бараа, мах, гоймон, гурил, будаа, бэлэн гоймон, төмс, ногоо, ус, ундаа, чихэр, жимс зэргийг бас дэлгүүрийн орлогын мөнгийг өөрсдийнхөө данс руу шилжүүлж хэрэглэсэн, 2023 оны 1 дүгээр сарын сүүлээр Мишээл бид хоёр дэлгүүрийн бараануудыг тоолоод Тайван ахад өгсөн чинь “3.000.000 төгрөгийн бараа, эд зүйл дутсан байна” гэж хэлсэн. ...Би дэлгүүрийн орлогоос орсон мөнгөөр фокер тоглож буцаагаад хийнэ гэж бодож байсан, заримдаа орлогыг дэлгүүрийн данс руу буцааж хийдэг байсан, 400.000 гаруй төгрөгийг би дансаараа авсан байсан, дээрх мөнгийг фокер тоглоом тоглоход зарцуулсан. ...өөрийнхөө дансаар 393.150 төгрөг авсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 46-47 дахь тал,

“...дэлгүүрт учруулсан 3.350.000 төгрөгийн хохирлыг барагдуулж, уучлалт гуйсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 60-61 дэх тал/,

“...393.150 төгрөг өөрийн дансаар авсан, үүнээс 21.500 төгрөгийг дэлгүүрийн данс руу шууд шилжүүлсэн, 108.900 төгрөгийг ашигласныхаа дараа шилжүүлсэн, дэлгүүрийн данс руу нийт 130.400 төгрөг шилжүүлсэн, харин 241.250 төгрөг буцааж төлөөгүй, дээрх хохирлыг барагдуулах болно.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 159 дэх тал/,

Л.Т “...2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн хооронд “************” хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан О.Мишээл, Тэмүүжин нар нь дэлгүүрийн бараа, материалын орлогоос завшсан.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 9 дэх тал/, 

түүний өргөдөл /хавтаст хэргийн 11 дэх тал/, 

шүүгдэгч Т.Т;

Хаан банкны 5657007117 дугаартай дансанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, дансны хуулга /хавтаст хэргийн 16-21, 22-25 дахь тал/,

          иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 74 дэх тал/,

          эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 81 дэх тал/,

шүүгдэгч О.М;

Хаан банкны 5094751701 дугаартай дансанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, дансны хуулга /хавтаст хэргийн 26-30, 31-35 дахь тал/,

          иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 73 дахь тал/,

          эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 80 дахь тал/,

          шүүх хуралдаан эхлэх үед шүүгдэгч нарын өмгөөлөгчийн шинээр гаргаж өгсөн “...О.Мишээл, Т.Тэмүүжин нар нь 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн хооронд “Хан тайван-Ундраа” ХХК-ийн “Тэх маркет” хүнсний дэлгүүрт худалдагчаар ажилласан, ажиллах хугацаанд тооллого, тооцооны зөрүү гарч дутсан байсныг мөнгөн дүнгээр бүрэн төлж барагдуулсан тул уг хоёр иргэнд гомдол, саналгүй болно.” гэсэн хохирогчийн төлөөлөгч Л.Тайвандоржийн 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн хүсэлт,

          шүүгчийн туслах Б.О “...хохирогч Л.Тайвандоржтой 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 10.33 цагт холбогдож хохирол, төлбөр төлсөн эсэхийг асуухад “шүүгдэгч О.Мишээл, Т.Тэмүүжин нартай ярьж тохиролцоод эхлээд 1.670.000 төгрөг, сүүлд 600.000 төгрөг өгсөн, нийт 2.270.000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан. Одоо нэхэмжлэх зүйлгүй, хохирол төлбөргүй.” гэж утсаар мэдэгдсэн болохыг тэмдэглэл болгон хөтлөв.” гэсэн 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн утсаар ярьсан тэмдэглэл зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогчоос болон О.Мишээл, Т.Тэмүүжин нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд тэдний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгч Т.Т, О.М нарыг гэм буруутайд тооцох;

шүүгдэгч Т.Т нь 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг “********т” хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллахдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг буюу тус дэлгүүрийн бараа бүтээгдэхүүн худалдан борлуулсан орлогын мөнгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны дансаар шилжүүлэн авч, “*****************” ХХК-д 371.650 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,

шүүгдэгч О.М нь 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн хооронд Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг “************” хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллахдаа бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг буюу тус дэлгүүрийн бараа бүтээгдэхүүн худалдан борлуулсан орлогын мөнгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны дансаар шилжүүлэн авч, “***************” ХХК-д 316.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх,

хохирогчийн төлөөлөгч Л.Т “...2023 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн тооллогоор дэлгүүрийн бараа материалын зөрүү гарсныг мэдэж, М, Т нартай тооцоо тулгахад 3.350.000 төгрөг дутааснаа хүлээн зөвшөөрсөн, ...мобайл болон интернэт банкны гүйлгээгээр орсон орлогыг Мишээл 5094751701, Тэмүүжин 5657007117 дугаартай данс руу авч байсныг олж тогтоосон.” гэх

О.М “...Тэмүүжин бид хоёр дэлгүүрээс эд зүйл худалдаж аваад дансаар шилжүүлж байгаа хүмүүсийн орлогын мөнгийг өөрсдийнхөө данс руу шилжүүлж авдаг байсан.” гэх      

Т.Т “...Би дэлгүүрийн орлогоос орсон мөнгөөр фокер тоглож буцаагаад хийнэ гэж бодож байсан, заримдаа орлогыг дэлгүүрийн данс руу буцааж хийдэг байсан, 400.000 гаруй төгрөгийг би дансаараа авсан.” гэх мэдүүлгүүдээр,

мөн хохирогчийн төлөөлөгч Л.Т “...2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн хооронд “*******” ХХК-ийн “*******” хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллаж байсан О.М, Т нар нь дэлгүүрийн бараа, материалын орлогоос завшсан.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл, түүний өргөдөл, шүүгдэгч Т.Тэмүүжин, О.Мишээл нарын Хаан банкны дансанд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хэрэгт цуглуулсан нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд уг баримтууд хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйд заасан “завших” гэмт хэргийг хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдэд хууль ёсоор шилжсэний дараа уг эд хөрөнгийг шамшигдуулах, завших санаа бий болж хэрэгждэг бөгөөд эд хөрөнгө бусдын итгэмжлэл, хариуцлагад хууль ёсоор шилжих гэдгийг аж, ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээлгэсэн, эсхүл хууль буюу гэрээнд зарим тохиолдолд итгэлцлийн үндсэн дээр захиран зарцуулах эрхгүйгээр бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээхийг ойлгоно.

Хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд,

шүүгдэгч Т.Тэмүүжин, О.Мишээл нарын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйд заасан гэмт хэргийн шинжийг хангасан,

хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн баримтуудаар шүүгдэгч нар “*******” ХХК-ийн “*********” хүнсний дэлгүүрийн бараа, бүтээгдэхүүнийг итгэмжлэн хариуцаж хүлээн авсны дараа буюу 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 2 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд бараа бүтээгдэхүүн худалдан борлуулсан зарим орлогыг өөрсдийн эзэмшлийн Хаан банкны дансаар шилжүүлэн авч, завшсан гэм буруу нь санаатай хэлбэртэйгээс гадна гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Т.Т, О.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийн хуулийн зүйл, хэсэг тохирсон гэж үзнэ. 

Иймд шүүх шүүгдэгч Т.Т, О.М нарыг “үргэлжилсэн үйлдлээр, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан.” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

шүүх шүүгдэгч Т.Т, О.М нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт зургаан сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, улмаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч учруулсан хохирлоо төлсөн болон хувийн байдлуудыг нь харгалзан ялаас чөлөөлөх.” гэсэн санал гаргаж,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Б “...улсын яллагчийн саналыг дэмжиж байна.” гэв.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно.” гэж,

1.1-д “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх; тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх.” гэж хуульчилжээ.

Шүүх шүүгдэгч Т.Т, О.М нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж,

тэдний гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, хохирогчийн “гомдол, саналгүй” байдал, мөн шүүгдэгч О.М 7 сартай жирэмсэн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзаад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг 1.1-д заасныг баримтлан шүүгдэгч нарыг 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэхээс чөлөөлж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Т.Т, О.М нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг,

1.2-д заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 

энэ хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Бусад асуудал;

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд,

мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор заажээ.

          Шүүх хуралдаан эхлэх үед шүүгдэгч нарын өмгөөлөгчийн шинээр гаргаж өгсөн “...О.М, Т.Т нар нь 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн хооронд “******” ХХК-ийн “****” хүнсний дэлгүүрт худалдагчаар ажилласан, ажиллах хугацаанд тооллого, тооцооны зөрүү гарч дутсан байсныг мөнгөн дүнгээр бүрэн төлж барагдуулсан тул уг хоёр иргэнд гомдол, саналгүй болно.” гэсэн хохирогчийн төлөөлөгчийн хүсэлт,

          шүүгчийн туслах Б.О “...хохирогч Л.Т-той 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 10.33 цагт холбогдож хохирол, төлбөр төлсөн эсэхийг асуухад “шүүгдэгч О.Мишээл, Т.Тэмүүжин нартай ярьж тохиролцоод эхлээд 1.670.000 төгрөг, сүүлд 600.000 төгрөг өгсөн, нийт 2.270.000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан. Одоо нэхэмжлэх зүйлгүй, хохирол төлбөргүй.” гэж утсаар мэдэгдсэн болохыг тэмдэглэл болгон хөтлөв.” гэсэн утсаар ярьсан тэмдэглэл зэргийг үндэслэн шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж,

шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч Т.Т, О.М нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “үргэлжилсэн үйлдлээр, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Т, О.М нарыг 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.  

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Т.Т, О.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас чөлөөлсүгэй. 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Т, О.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэнднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.

6.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нар, хохирогчийн төлөөлөгч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ЭНХТУНГАЛАГ