| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2023/0279/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/280 |
| Огноо | 2023-07-31 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ж.Б |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 2023/ШЦТ/280
2023 7 31 2023/ШЦТ/280
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,
улсын яллагч Ж.Б,
шүүгдэгч С.М нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдсэн шүүгдэгч С.М-д холбогдох эрүүгийн 2325000000356 дугаартай хэргийг 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, С.М
Шүүгдэгч С.Мөнхдалай нь;
2023 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг *********** тоот гэртээ, “гэрээс гаргахгүй хаалга хааж зогссон” гэх шалтгаанаар эхнэр Б.Лхамыг зургаан сартай жирэмсэн болохыг нь мэдсээр байж гараас нь атгаж татах, өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь “хоёр гарын бугалга, шуу, хэвлийн зүүн хажуу, баруун хөлийн шилбэ, зүүн гуянд цус хуралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг; Гэм буруугийн талаар;
Шүүгдэгч С.М дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь түүний үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс нь гадна,
иргэн Б.Л “...2023 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-10-26 тоотод нөхөр С.Мөнхдалай намайг зодсон.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 7 дахь тал/,
түүний өргөдөл /хавтаст хэргийн 8 дахь тал/,
хохирогч Б.Л өгсөн “...2023 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг **** тоотод нөхөр бид хоёр маргалдсан, бид хоёр албан ёсны гэр оронгүй, манай төрсөн эгчийн гэрт байдаг байж тусдаа гарахаа бодохгүй, олсон мөнгөөрөө том тэрэг /машин/ авна гээд байхаар нь би “хүний гэр оронд байна, би удахгүй төрнө, хоёр талаас тусалж дэмжинэ гэсэн дээр нь мөнгөө хадгалж байгаад гэр оронтой болохоо бодсон нь дээр” гэсэн чинь уурлаад гэрээсээ гарах гэхээр нь би “чи хаачих гээд байгаа юм” гээд хаалгаа таглаад зогссон, намайг “холд” гээд хоёр гараас барьж холдуулах гэж үзсэн, би холдохгүй байсан болохоор хөл, гуя руу өшиглөчихөөд гараад явчихсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дэх тал/,
Шүүхийн Шинжилгээний Ерөнхий Газар Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмчийн 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 538 дугаартай; “...Б.Л-н биед хоёр гарын бугалга, шуу, хэвлийн зүүн хажуу, баруун хөлийн шилбэ, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Хоёр гарын бугалга, шуу, хэвлийн зүүн хажуу, баруун хөлийн шилбэ, зүүн гуянд цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 19-20 дахь тал/,
С.М “...2023 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг **** тоотод эхнэрийн хамт байхдаа маргалдсан, эхнэр “байртай, гэр оронтой болмоор байна” гэхээр нь би “одоо яарч нэг өрөө байр авч байхаар энэ удаа том тэрэг авчихаад 3 сарын дараа шинэ гурван өрөө байрны урьдчилгаа хийчихнэ, санаа зоволтгүй” гэж хэлэхдээ уурлаад хэлчихсэн. Учир нь эхнэр надад “хүний гэр оронд байна, манай эгчийн байр” гэж үглээд байдаг болохоор төвөгтэй санагдсан, тэгсэн эхнэр “чи юундаа уурлаад байгаа юм” гэхээр нь би босоод гутлаа өмсөөд гарах гэтэл хаалга тээглэж зогсчихоод “гаргахгүй” гэхээр нь гараас нь татаад холдуулах гэтэл хөдлөхгүй байхаар нь өшиглөчихсөн.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч С.М нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч С.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд хохирогч Б.Л-н хавтаст хэргийн 14 дэх талд авагдсан “нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлгийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж тооцов.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар;
Шүүх прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг түүнд оногдуулж,
торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь Эрүүгийн хуульд нийцэх бөгөөд шүүгдэгч нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих эрүүгийн хариуцлагын хуульзүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,
шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч С.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хохирогчийн жирэмсэн болохыг мэдсээр байж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.М-г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч С.М шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичиж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ