Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 02 өдөр

Дугаар 2023/ШЦТ/285

 

2023           8              02                                  2023/ШЦТ/285

         

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Пунсалдулам,  

улсын яллагч Ж.Б,

насанд хүрээгүй хохирогч Э.Э хууль ёсны төлөөлөгч Б.С, түүний өмгөөлөгч Р.Ц,

иргэний нэхэмжлэгч П.Б, өмгөөлөгч Н.М,

шүүгдэгч Б.Ч, өмгөөлөгч Э.Т нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүгдэгч Б.Ч-т холбогдох эрүүгийн 2225004020365 дугаартай хэргийг 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн,Б.Ч

Шүүгдэгч Б.Ч нь;

2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 7 дугаар хорооллын урд талын авто зам дээр ****** улсын дугаартай “Honda CR-V” загварын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9.“Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Д.Джолоодон явсан ***** улсын дугаартай “Toyota Prius-XW30” загварын тээврийн хэрэгслийг мөргөж 7.149.000 төгрөгийн хохирол, уг тээврийн хэрэгслийн зорчигч Э.Э эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын тэгш эрх мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдаанд;

шүүгдэгч Б.Ч “...би 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 12.00 цагийн үед угаалгын газар руу эргэх үедээ осол гаргасан бөгөөд нэг хүн эрүүл мэндээрээ хүнд хохирсонд маш их харамсаж байна. Хохирогч Э.Э- хоёр удаа эмнэлэгт хэвтэхэд нь би эм тариа, төлбөртэй өрөөний төлбөр зэрэгт 2.236.300 төгрөг төлсөн, мөн өмнөх шүүх хуралдааны үед 6.445.228 төгрөг нэмж төлсөн, иргэний нэхэмжлэгч Дамбын 7.668.000 төгрөгийг бүрэн төлсөн байгаа. Баянмөнхийн хувьд түүнийг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурдаас хамааруулан сонгож явна.” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй гэсэн дүгнэлт гарсан юм, шүүх түүний “төлбөрийг төл” гэвэл төлөхөд бэлэн байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилсэн мөнгийг төлнө, өнөөдрийн байдлаар нийт 16.349.528 төгрөгийг хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлсөн байгаа, цаашид төлөгдөөгүй төлбөрийг тодорхой хугацаанд хувааж төлөх боломж олгож өгнө үү.” гэв.

насанд хүрээгүй хохирогч Э.Э хууль ёсны төлөөлөгч Б.С “...охинд маань хүнд гэмтэл учирсан, Дамба жолооч “мөнгөгүй байна” гээд ганц л тариа авч ирж өгсөн. Охины эрүүл мэнд маш их хохирч байна, толгойдоо төмөр тавиулсан одоо тэнцвэрээ ч олохгүй, хүрдээ ч мэдэхгүй болсон. Надад мөнгө илүүдсэндээ Япон яваагүй юм шүү. Б.Ч- надад “чи өөрийнхөө боломж бололцоогоор эм тариагаа авч байгаарай, би ингээд гүйгээд байхаар цагдаа намайг буруутгачихдаг юм байна.” гэж хэлсэнд, мөн миний охины эрүүл мэнд Дамбын 7.668.000 төгрөгөөс дор орсонд гомдолтой байна, өмнөх шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн хохирол төлбөрийг шүүгдэгч нь төлж барагдуулсан тул гаргах саналгүй, харин одоо шүүхээс хүсэхэд “Япон Улсад явсан зардал болон Монголд байхдаа авсан эмний зардал нийт 8.448.331 төгрөгийг гаргаад өгөөрэй” гэж хэлмээр байна.” гэв.

иргэний нэхэмжлэгч П.Б “...2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр зам тээврийн осолд орсон, би энэ хүний ард нь явсан, энэ хүн чигээрээ явсан тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүй, гэтэл өмнөх шүүх хуралдаан дээр та намайг “миний араас мөргөсөн.” гэж худлаа ярьж байсан. Энэ хүнээс машины эвдрэлийн төлбөрт 2.863.000 төгрөг, үзлэг оношилгооны төлбөрт 88.000 төгрөг, эд зүйлийн үнэлгээний төлбөр 171.000 төгрөгт нийт 3.122.000 төгрөг гаргуулж авмаар байна.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

насанд хүрээгүй хохирогч Э.Э “...2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн үдээс өмнө...намайг таксинд суухад жолооч нь ганцаараа явсан бөгөөд жижиг суудлын машин байсан. ...Миний хувьд жолоочийн эсрэг талд арын суудлын захад сууж явсан...“Сансар” дэлгүүр өнгөрөөд явж байхаар нь би утсаа оролдсон бөгөөд нэг мэдсэн чинь авто осолд орчихсон, ...хэсэг хугацаанд ухаан санаа маань балартсан...толгойноос цус гарч байсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 25-26 дахь тал/,

насанд хүрээгүй гэрч Ц.Б “...2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр...аав Цэнгэлтамирт хоол хүргэж өгөх гээд гэрээсээ гараад гудамжныхаа урд талын засмал замаас “Toyota Prius-30” загварын тээврийн хэрэгсэлд суусан. ...Би жолоочийн ар талын сандал дээр суучихсан цонхоор хараад явж байхад Цагаанчулуут баг 7 дугаар хорооллын урд талд машин нэг юм мөргөсөн,  машинаас буугаад харахад миний сууж байсан машин өөр нэг машинтай мөргөлдчихсөн байсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 28 дахь тал/,

гэрч Ж.Н “...2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 12 цагийн үед Их залуу багийн самбараас горд явах гээд замын хажууд зогсож байгаад “Toyota Prius-30” загварын тээврийн хэрэгсэлд суусан. ...Цагаанчулуут баг 7 дугаар хорооллын урд талын засмал замаар явж байхад эсрэг талын урсгал буюу урд талаас ирж явсан машин зам дээр зүүн гар тийш эргэх гээд гэрэл дохиогоо өгөөд зогсож байсан, миний сууж байсан машин хөдөлгөөнөө үргэлжлүүлээд урагшаа явж байхад нөгөө зогсож байсан машин гэнэт хөдлөөд урдуур орж ирээд мөргүүлсэн.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 30 дахь тал/,

насанд хүрээгүй гэрч М.А-н “...2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хамаатны эгч Энхжингийн гэр болох Орхон аймаг Баян-Өндөр сум Их залуу баг 8в-12 тоотоос 12 цаг өнгөрч байхад гараад горд явах гээд засмал замаас “Toyota Prius-30” загварын тээврийн хэрэгслийн ар талд суусан. ...Цагаанчулуут баг 7 дугаар хорооллын урд талын замаар машины цонхоор хараад явж байхад гэнэт машинтай мөргөлдөж, осол гарсан, эгч Энхжин бид хоёр машинаас буухад гурван машин мөргөлдчихсөн байсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 32 дахь тал/,

гэрч, иргэний нэхэмжлэгч П.Б-н “...2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 12 цаг өнгөрч байхад 03-15ОРХ улсын дугаартай саарал өнгийн “Toyota Prius-20” загварын машинтайгаа Гордоос хороолол руу урд төв замаар өгсөж явсан юм. ...7 дугаар хорооллын урд явж байтал миний урд явсан “CR-V” загварын машин нь зогсож байгаад зүүн тийш буюу ертөнцийн зүгээр урагш эргэх дохио өгч байгаад эргэсэн, гэнэт тэр “CR-V” машиныг машин ирж мөргөөд үүний улмаас “CR-V” машин миний машиныг хамж мөргөсөн. ...хорооллоос төв рүү чиглэлтэй явсан “Toyota Prius-30” загварын машин “CR-V” машинтай мөргөлдсөн байсан. ...Миний хувьд “Toyota Prius-30” загварын машиныг ирэхийг хараагүй бөгөөд “CR-V” машин  эргэх үйлдэл хийж байхад би ард нь хүлээгээд зогсож байсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 36 дахь тал/,

“...машины эвдрэлийн төлбөр 2.863.000 төгрөг, үзлэг оношилгоонд оруулсны төлбөр 88.000 төгрөг, эд зүйлийн үнэлгээний төлбөр 171.000 төгрөгийг тус тус нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 230 дахь тал/,

гэрч, иргэний нэхэмжлэгч Д.Д-н “...2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн үдээс өмнө өөрийн 63-85ОРО улсын дугаартай “Toyota Prius-30” загварын машинтайгаа Их залуу багаас уруудаад Горд руу явж байсан юм. ...би 7 дугаар хорооллын урд буюу “Hi car wash” угаалгын газрын урд явж байтал миний өөдөөс эсрэг урсгалаас ирж явсан цагаан өнгийн машин ямар ч дохио өгөлгүй, зүүн тийш буюу угаалгын газар луу эргээд надтай мөргөлдсөн, буутал нөгөө цагаан машины ард явсан “Toyota Prius-20” загварын машин бас мөргөлдсөн байсан. ...машинд надтай нийлээд зургаан хүн явсан бөгөөд арын суудалд явсан эмэгтэй хүүхдийн толгой нь хагарчихсан уйлж байсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 38 дахь тал/,

          “...машины эвдрэлийн төлбөр 7.149.000 төгрөг, үзлэг оношилгоонд оруулсны төлбөр 88.000 төгрөг, эд зүйлийн үнэлгээний төлбөр 431.000 төгрөгийг тус тус нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 233 дахь тал/,

иргэний нэхэмжлэгч Б.С-н “...2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр охин Э.Э осолд орж шинжээчийн дүгнэлтээр эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан, одоогоор хүүхдийн эмчилгээний зардалд 2.537.000 төгрөгийн зардал гарсан, үүнээс гадна зарим зардлыг Б.Ч гаргасан. ...Одоо охин маань 3 сар болгон унтуулгатай тархины цахилгаан бичлэг хийлгэж байгаа мөн мэдрэл болон гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай байгаа, ...баримттай 2.537.000 төгрөг байгаа бөгөөд баримтгүй бас зардлууд гарч байсан. Манай нөхөр У.Э энэ асуудлаас болж ажилдаа яваагүй бараг нэг сар болсон бөгөөд нэг сарын цалин 1.500.000 төгрөгийг нэхэмжилнэ, гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 224 дэх тал/,

иргэний нэхэмжлэгч Б.А-н “...2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр хүү Ц.Б авто осолд орж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан,  хүүхдийн эмчилгээний зардалд 70.000 төгрөгийн зардал гарсан бөгөөд одоо надад тэр зардлын баримт байхгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 227 дахь тал/,

иргэний нэхэмжлэгч Ц.Л-н “...Тус хэрэгт насанд хүрээгүй хохирогч Э.Э 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Орхон аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлж, үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 3.989.704 төгрөг, мөн 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдөр дахин хэвтэн эмчлүүлж 1.018.700 төгрөгийн зардал гарсан байх тул тусламж үйлчилгээний зардлыг Б.Ч-с гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 1009000200080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү.” гэсэн  мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 236 дахь тал/,

Б.Ч-н яллагдагчаар өгсөн “...2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 12 цаг өнгөрч байхад би өөрийн 42-86ОРА улсын дугаартай “Honda CR-V” загварын машинаа угаалгах зорилгоор Гордоос “Hi car wash” угаалгын газар луу явсан. Угаалга руу эргэхээс өмнө 40-50м зайд эргэх дохио өгөөд түр зогссон. ...би эргэх үйлдэл дөнгөж удаанаар хийж байтал машинтай мөргөлдсөн, миний машин 180градус эргэж машины ослын хоёр дэр гарч бөөн утаа болсон. ...буухад “Toyota Prius-30” загварын машин миний машинаас өнгөрөөд зогсчихсон байсан бөгөөд дотроос нь хүмүүс бууж ирсэн, тус машинаас буусан нэг эмэгтэй хүүхэд толгойгоо дарж байсан, мөн “Toyota Prius-20” загварын машин миний араас мөргөсөн байсан.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 18-19 дэх тал/,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Б-н 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 526 дугаартай;

“...1.Э.Э-н биед зүүн дух, чамархай ясны шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсны дээрх ба доорх цусан хураа, тархины эдийн няцрал, тархины хатуу хальсны дээрх цусан хурааг авах, тархийг чөлөөлөх хагалгааны дараах байдал, духанд шарх гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлийн, нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Зүүн дух, чамархай ясны шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсны дээрх ба доорх цусан хураа, тархины эдийн няцрал, тархины хатуу хальсны дээрх цусан хурааг авах, тархийг чөлөөлөх хагалгааны дараах байдал нь амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. Духанд үүссэн шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Гэмтлүүд нь нэг цаг хугацаанд үүссэн байх ба шинэ гэмтлүүд байна.

4.Үүссэн гэмтлүүд нь хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд, зам тээврийн ослын улмаас  үүссэн байх боломжтой.

5.Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна.” гэсэн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 41-43 дахь тал/,

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Орхон аймгийн автотээврийн төвийн шинжээч Ц.Э, И.И, Л.Э, Б.М нарын 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 10 дугаартай; “...“Toyota Prius-XW20” загварын 03-15ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгахад,

Автотээврийн хэрэгслийн өнгө үзэмж, техникийн ерөнхий байдал стандартын шаардлага хангахгүй. Уг тээврийн хэрэгсэлд үүссэн гэмтлүүд осол гарах үед үүссэн болох нь тогтоогдсон. Уг тээврийн хэрэгслийн дээрх гэмтлүүд нь осол гарахад нөлөөлөх боломжгүй гэмтлүүд байна. Уг тээврийн хэрэгслийг засварласны дараа дахин техникийн хяналт үзлэгт хамруулж замын хөдөлгөөнд оролцуулах шаардлагатай.” гэсэн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 69-73, 74 дэх тал/,

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Орхон аймгийн автотээврийн төвийн шинжээч Ц.А, Б.З, Л.Э, Б.М нарын 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 15 дугаартай; “...“Honda CR-V” загварын ***** улсын дугаартай тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгахад,

Автотээврийн хэрэгслийн өнгө үзэмж, техникийн ерөнхий байдал стандартын шаардлага хангахгүй. Уг гэмтлүүд осол гарах үед үүссэн гэмтлүүд байна. Уг эвдрэл гэмтэл нь зам тээврийн осол гарах үед үүссэн гэмтлүүд учраас зам тээврийн осол гарахад нөлөөлөөгүй гэж үзлээ.” гэсэн дүгнэлт, хяналтын дүгнэлтийн хуудас, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 85-90, 91, 92-95 дахь тал/,

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Орхон аймгийн автотээврийн төвийн шинжээч Ц.А, Б.З, И.И, Б.М нарын 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 15 дугаартай; “...“Toyota Prius” загварын ****** улсын дугаартай тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг шалгахад,

Уг гэмтлүүд осол гарах үед үүссэн гэмтлүүд болох нь тогтоогдсон. “Toyota Prius” загварын 65-85ОРО улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь техникийн хяналтын үзлэг явуулах журамд заасан нөхцөлийг хангаагүй, тоормосны систем шалгах боломжгүй нөхцөлд байсныг зурагт хуудсаар хавсаргав.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 101-104, 106-107 дахь тал/,

“Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 1936 дугаартай; “...“Toyota Prius-20” загварын 03-15ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын үнэлгээ 2.863.000 төгрөг.” гэсэн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 113, 114-116 дахь тал/,

“Хас Үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 695 дугаартай; “...“Toyota Prius-30” загварын ****** улсын дугаартай тээврийн хэрэгсэл үнэлгээгээр тогтоогдсон дүн 7.149.000 төгрөг.” гэсэн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 123, 125-127 дахь тал/,

“Цагаан шонхорын жигүүр” НҮТББ Замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн шинжээч Я.Г-н 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан 22/140 дугаартай;

“...“Honda CR-V” загварын 42-86ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Ч Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9 “Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэж байгаа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Жолооч П.Б Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурдаас хамааруулан сонгож явна.” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Жолооч Д.Д-г Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн аль нэг заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй.” гэсэн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 245-249 дэх тал/,

          иргэн Н-н “...2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг “Hope town” хотхоны урд авто зам дээр “Honda CR-V” загварын *******, “Toyota Prius” загварын ******, “Toyota Prius” загварын ***** улсын дугаартай тээврийн хэрэгслүүд мөргөлдсөн байна.” гэх мэдээллийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 4 дэх тал/,

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 6-9, 10-12 дахь тал/,

Д.Д-н биеэс биологийн дээж авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 13 дахь тал/,

Б.Ч-н биеэс биологийн дээж авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 14 дэх тал/,

Мөрдөгч Б.-н “...иргэн Б.Ч, Д.Д нараас биологийн дээж болгон авсан цусанд этилийн шинжилгээ хийх зорилгоор түүнийг хадгалж байгаа гэх аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн Яаралтай тусламжийн тасагт энэ оны 6 дугаар сарын 21-ний өдөр очиход сувилагч Нэргүй нь “...манайх хүнээс авсан цусыг 24 цаг хадгалдаг, Б.Ч, Д.Д нараас авсан цусыг 2022 оны 6 дугаар сарын 20-ны өдөр устгасан.” гэв. Цусыг хэрхэн устгасан талаар тодруулж, эмнэлгийн аюултай хог хаягдлыг ухаж, шалгахад ямар нэгэн цус байхгүй байсныг тэмдэглэл болгож хэрэгт хавсаргав.” гэсэн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 17 дахь тал/,

насанд хүрээгүй хохирогч Э.Э-н өвчний түүх /1 дэх хавтаст хэргийн 170-205 дахь тал/,

иргэний нэхэмжлэгч П.Б-н иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримт /1 дэх хавтаст хэргийн 208 дахь тал/,

иргэний нэхэмжлэгч Б.С-н иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтууд, зардлын тооцоо /1 дэх хавтаст хэргийн 210-218 дахь тал, 2 дахь хавтаст хэргийн 104-121, 123-142, 200, 201-206, 211 дэх тал/,

иргэний нэхэмжлэгч Б.С-н “гурван хүний Япон Улсын визны 79.000 x 3 = 237.000 төгрөг, Япон Улсад эмнэлэгт үзүүлсэн зардал 77.760 төгрөг+59.400 төгрөг, эм авсан зардал 660.771 төгрөг, гурван хүний онгоцны тийзний үнэ 7.260.300 төгрөг, Монгол Улсад эм авсан зардал 150.100 төгрөг нийт 8.448.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэл, холбогдох баримтууд /3 дахь хавтаст хэргийн 69-91 дэх тал/,

Б.Ч эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /2 дахь хавтаст хэргийн 38, 40 дэх тал/,

насанд хүрээгүй хохирогч Э.Э-н эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийн мэдээлэл /2 дахь хавтаст хэргийн 64 дэх тал/,

Б.Ч нь;

иргэний нэхэмжлэгч Д.Д-д 4.000.000 төгрөгийн хохирол төлсөн тухай банкны баримт /2 дахь хавтаст хэргийн 223 дахь тал/,

насанд хүрээгүй хохирогч Э.Э-н хууль ёсны төлөөлөгч Б.С-д 6.445.288 төгрөг төлсөн тухай банкны баримт /2 дахь хавтаст хэргийн 224 дэх тал/ зэрэг болно.

          Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нараас, гэрч нараас мөн Б.Ч-с мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрсдийн гаргасан дүгнэлтүүдийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч нар гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгч Б.Ч-г гэм буруутайд тооцох;

шүүгдэгч Б.Ч нь 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 7 дугаар хорооллын урд талын авто зам дээр ***** улсын дугаартай “Honda CR-V” загварын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9.“Уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Д.Д-н жолоодон явсан ****** улсын дугаартай “Toyota Prius-XW30” загварын тээврийн хэрэгслийг мөргөж 7.149.000 төгрөгийн хохирол, уг тээврийн хэрэгслийн зорчигч Э.Э-н эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх,

насанд хүрээгүй хохирогч Э.Э-н “...Миний хувьд жолоочийн эсрэг талд арын суудлын захад сууж явсан...нэг мэдсэн чинь авто осолд орчихсон, ... хэсэг хугацаанд ухаан санаа маань балартсан...толгойноос цус гарч байсан.” гэх,

насанд хүрээгүй гэрч Ц.Б-н “...“Toyota Prius-30” загварын тээврийн хэрэгсэлд суусан. ...жолоочийн ар талын сандал дээр суучихсан цонхоор юм хараад явж байхад Цагаанчулуут баг 7 дугаар хорооллын урд талд машин нэг юм мөргөсөн, машинаас буугаад харахад миний сууж байсан машин өөр нэг машинтай мөргөлдчихсөн байсан.” гэх,

гэрч Ж.Н-н “...Цагаанчулуут баг 7 дугаар хорооллын урд талын засмал замаар явж байхад эсрэг талын урсгал буюу урд талаас ирж явсан машин зам дээр зүүн гар тийш эргэх гээд гэрэл дохиогоо өгөөд зогсож байсан, миний сууж байсан машин хөдөлгөөнөө үргэлжлүүлээд урагшаа явж байхад нөгөө зогсож байсан машин гэнэт хөдлөөд урдуур орж ирээд мөргүүлсэн.” гэх,

насанд хүрээгүй гэрч М.А-н “...Цагаанчулуут баг 7 дугаар хорооллын урд талын замаар машины цонхоор хараад явж байхад гэнэт машинтай мөргөлдөж, осол гарсан.” гэх,

гэрч, иргэний нэхэмжлэгч П.Б-н “...****** улсын дугаартай саарал өнгийн “Toyota Prius-20” загварын машинтайгаа...7 дугаар хорооллын урд явж байтал миний урд явсан “CR-V” загварын машин нь зогсож байгаад зүүн тийш буюу ертөнцийн зүгээр урагш эргэх дохио өгч байгаад эргэсэн, гэнэт тэр “CR-V” машиныг машин ирж мөргөөд үүний улмаас “CR-V” машин миний машиныг хамж мөргөсөн.” гэх,

гэрч, иргэний нэхэмжлэгч Д.Д-н “...*****улсын дугаартай “Toyota Prius-30” загварын машинтайгаа Их залуу багаас...7 дугаар хорооллын урд буюу “Hi car wash” угаалгын газрын урд явж байтал миний өөдөөс эсрэг урсгалаас ирж явсан цагаан өнгийн машин ямар ч дохио өгөлгүй, зүүн тийш буюу угаалгын газар луу эргээд тэгээд надтай мөргөлдсөн.” гэх,

иргэний нэхэмжлэгч Б.С-н “...2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр охин Э.Э осолд орж шинжээчийн дүгнэлтээр эрүүл мэндэд нь хүнд хохирол учирсан.” гэх,

Б.Ч-н өөрийнх нь өгсөн “...2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 12 цаг өнгөрч байхад би өөрийн 42-86ОРА улсын дугаартай “Honda CR-V” загварын машинтайгаа...“Hi car wash” угаалгын газар руу эргэхээс өмнө 40-50м зайд эргэх дохио өгөөд түр зогссон. ...эргэх үйлдэл дөнгөж удаанаар хийж байтал машинтай мөргөлдсөн, миний машин 180градус эргэж машины ослын хоёр дэр гарч бөөн утаа болсон.” гэх мэдүүлгүүд,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Б-н 2022 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 526 дугаартай; “...Э.Э-н биед зүүн дух, чамархай ясны шугаман хугарал, тархины зүүн тал бөмбөлгийн хатуу хальсны дээрх ба доорх цусан хураа, тархины эдийн няцрал, тархины хатуу хальсны дээрх цусан хурааг авах, тархийг чөлөөлөх хагалгааны дараах байдал, духанд шарх гэмтэл тогтоогдлоо.”гэсэн,

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Орхон аймгийн автотээврийн төвийн шинжээч нарын 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 10, 15 дугаартай болон мөн төвийн шинжээч нарын 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 15 дугаартай дүгнэлтүүд,

“Ашид билгүүн” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 1936 дугаартай, “Хас Үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 695 дугаартай үнэлгээний тайлангууд,

“Цагаан шонхорын жигүүр” НҮТББ Замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн шинжээч Я.Ганболдын 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр гаргасан 22/140 дугаартай дүгнэлт,

иргэн Н-н “...2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг “Hope town” хотхоны урд авто зам дээр “Honda CR-V” загварын 42-86ОРА, “Toyota Prius” загварын 63-85ОРО, “Toyota Prius” загварын 03-15ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслүүд мөргөлдсөн байна.” гэх мэдээллийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл,

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, насанд хүрээгүй хохирогч Э.Э-н өвчний түүх зэрэг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн баримтуудаар нотлогдсон бөгөөд дээрх нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд;

шүүгдэгч Б.Ч нь 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Цагаанчулуут баг 7 дугаар хорооллын урд талын авто зам дээр 42-86ОРА улсын дугаартай “Honda CR-V” загварын тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9 заалтыг зөрчсөний улмаас,

03-15ОРХ улсын дугаартай саарал өнгийн “Toyota Prius-20” загварын тээврийн хэрэгслийг жолоодон явсан П.Б-д 2.863.000 төгрөгийн хохирол,

63-85ОРО улсын дугаартай “Toyota Prius-30” загварын тээврийн хэрэгслийг жолоодон явсан Д.Д-д 7.149.000 төгрөгийн хохирол,

насанд хүрээгүй хохирогч Э.Э-н эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байх бөгөөд түүний энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг бүрэн агуулсан, гэм буруу нь болгоомжгүй хэлбэртэй байна. 

          Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Ч-г дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийн хуулийн зүйл, хэсэг, заалт тохирсон,

энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийн үйл баримтын талаарх шүүгдэгч, хохирогчийн төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарын мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, бусад нотлох баримтуудыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийхэд шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх шүүгдэгч Б.Ч-г “авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан.” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Б.Ч-т эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

шүүх шүүгдэгч Б.Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Б.Ч-н үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүх хуралдааны үед;

улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Б.Ч-н тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/ жил хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах.” гэсэн,  

шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Т “...шүүгдэгч Б.Ч нь “*****” ХХК-д ажилладаг бөгөөд ажлын шаардлагаар Орхон аймаг Баян-Өндөр сумаас гарах зайлшгүй шаардлага үүсдэг, Говь-Алтай аймаг руу явж хүнд өвчтэй аавыгаа асардаг зэргийг нь, мөн хохирлын дийлэх хэсгийг төлсөн, үлдсэн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа байдлуудыг харгалзан хуульд заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү.” гэсэн саналыг тус тус гаргав.

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх хэмжээг хуулиар шүүхэд олгосон.

          Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгчид оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзан үзлээ.   

          Шүүх шүүгдэгч Б.Ч-н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал, хохирогчийн эмчилгээний зардалд 10.681.528 төгрөг, иргэний нэхэмжлэгч П.Б-д 1.122.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Д.Д-д 7.149.000 төгрөг нийт 18.952.528 төгрөгийн хохирол нөхөн төлсөн, үлдэх төлбөрийг төлөхөө илэрхийлсэн тул,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн,...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж,

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно.” гэж заасны дагуу тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, мөн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн хорьдугаар бүлэгт зааснаар  шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан үндсэн ял дээр нэмж эрх хасах ялыг оногдуулж болно.” гэж,

Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна.” гэж,

3 дахь хэсэгт “хорих ял оногдуулахгүйгээр үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан бол албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолно.” гэж тус тус хуульчилсан тул шүүгдэгч Б.Ч-н тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолох нь зөв юм.   

Шүүгдэгч Б.Ч-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн.”-ийг,

1.2-т заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад тусламж үзүүлсэн.”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож,

мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

          Бусад асуудал;

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,

505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж,

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ.” гэж тус тус заажээ.

Насанд хүрээгүй хохирогч Э.Э-н хууль ёсны төлөөлөгч Б.С нь “гурван хүний Япон Улсын визны 79.000 x 3 = 237.000 төгрөг, Япон Улсад эмнэлэгт үзүүлсэн зардал 77.760 төгрөг+59.400 төгрөг, эм авсан зардал 660.771 төгрөг, гурван хүний онгоцны тийзний үнэ 7.260.300 төгрөг, Монгол Улсад эм авсан зардал 150.100 төгрөг нийт 8.448.000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэхдээ тоо, тооцооны шинжтэй алдаа гаргаж 2669 төгрөг илүү нэхэмжилсэн байна.

Шүүх шүүгдэгч Б.Ч-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлээд түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,  

түүнээс нийт 11.567.331 төгрөг гаргуулж,

насанд хүрээгүй хохирогчийн эмчилгээний зардалд 8.445.331 төгрөгийг,

иргэний нэхэмжлэгч П.Б-н гэм хорын хохиролд 3.122.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэсний дараа шүүгдэгч нь насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 2.000.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч П.Б-д 1.122.000 төгрөг нөхөн төлснийг дурьдах нь зүйтэй.

Харин иргэний нэхэмжлэгч Ц.Л “...насанд хүрээгүй хохирогч нь хоёр удаа Орхон аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлж, үйлчилгээ авсны зардалд 5.008.404 төгрөг нэхэмжилсэн байх боловч энэ мөнгөн дүнд шүүгдэгчийн гаргасан эм тарианы үнэ давхар тооцогдсон, өөрөөр хэлбэл  Орхон аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төв нь өөрөөс гаргаагүй эм, тарианы үнийг нэхэмжилсэн тооцооны зөрүүтэй байдал үүссэн тул шүүх энэ нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхив.

Мөн шүүгдэгч Б.Ч-т холбогдох хэргийг шийдвэрлэсэн өнөөдрийн байдлаар насанд хүрээгүй Э.Э-н эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг бүрэн арилаагүй байгаа тул цаашид зөвхөн энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой зардлаа хууль ёсны төлөөлөгч Б.С нэхэмжлэх эрхтэй байна.

Өмгөөлөгч Э.Т “...энэ хэрэгт Д.Д, Б.Ч нарын цусыг биологийн дээж болгон авсан байдаг, шинжилгээний хариуг асууж очиход “цус нь хүрэхгүй байна.” гэсэн хариу өгсөн, гэтэл 1 дэх хавтаст хэргийн 17 дахь талд цус алга болсон талаар тэмдэглэл авагдсан байна. Цаашид прокурорууд ийм байдлыг анхаарах шаардлагатай гэдэг үүднээс мөрдөгчийн тэмдэглэлийг шинжлэн судалж, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулмаар байна.” гэв.

Шүүгдэгч Б.Ч, иргэний нэхэмжлэгч Д.Д нараас биологийн дээж авсан тэмдэглэл 1 дэх хавтаст хэргийн 13, 14 дэх талуудад, дээрх авсан цус устгагдсан талаарх мөрдөгчийн тэмдэглэл 17 дахь талд тус тус авагдсан байх бөгөөд биологийн дээжийг хэн, яагаад, ямар зорилгоор устгах болсон нь тодорхойгүй, мөрдөгчийг энэ ажиллагаанд хайнга хариуцлагагүй хандсан гэж үзэхээр байна. Иймд аливаа хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа болон хяналт тавьж байгаа эрх бүхий албан тушаалтнууд нь цаашид ийм зөрчил, дутагдал гаргахгүй ажиллавал зохино.

Шүүгдэгч Б.Ч-н тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ялыг хэрэгжүүлэх зорилгоор түүний “В” ангиллын 323511 дугаарын жолоочийн үнэмлэхийг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн Ерөнхий Газрын Лицензийн төвд хүргүүлж,

энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний нэхэмжлэгч Д.Д-д төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж,

шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ч-т урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүллээ.    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б.Ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Б.Ч тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд шүүгдэгч Б.Ч-т мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 болон 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг түүнд анхааруулсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч-н тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.

          5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ч-рт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Ч-с нийт 8.445.331 төгрөг гаргуулан 6.445.331 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С-д, 2.000.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч П.Б-д тус тус олгож,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.С цаашид энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй Э.Э-н эрүүл мэндэд учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбоотой гарсан зардлын баримтаа, 

иргэний нэхэмжлэгч эрүүл мэндийн даатгалын байгууллага нь хохирогч Э.Э-н Орхон аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлж, үйлчилгээ авсны зардлын баримтаа тус тус Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар бүрдүүлж нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

          8.Шүүгдэгч Б.Ч-н тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ялыг хэрэгжүүлэх зорилгоор түүний “В” ангиллын 323511 дугаарын жолоочийн үнэмлэхийг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар дамжуулан Цагдаагийн Ерөнхий Газрын Лицензийн төвд хүргүүлсүгэй.

9.Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний нэхэмжлэгч Д.Д-д төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.  

10.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нар, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЭНХТУНГАЛАГ