| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2023/0287/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/291 |
| Огноо | 2023-08-07 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Т.Д |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 2023/ШЦТ/291
2023 8 07 2023/ШЦТ/291
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,
улсын яллагч Т.Д,
хохирогч Д.Нын өмгөөлөгч С.Б, Ж.Т,
шүүгдэгч П.Б, өмгөөлөгч Р.Цэрэнханд нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүгдэгч П.Б-т холбогдох эрүүгийн 2325000****** дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, П.Б
Шүүгдэгч П.Б нь;
тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ, 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 10 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг шүүхийн уулзварын урд төв асфальтан зам дээр **-**улсын дугаартай, “Toyota Corolla” загварын тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа,
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а.“Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”,
12.1.“Жолооч...замын болон цаг агаарын нөхцөлийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан сонгож явна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас замын хөвөө хэсэгт зогсож байсан явган зорчигч, хохирогч Ж.Тг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол, уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч Д.Н-ын эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын тэгш эрх мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд;
шүүгдэгч П.Б “...мөрдөн байцаалтын шатанд үнэн, зөв мэдүүлгээ өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;
хохирогч Ж.Т-ийн “...2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 11 цаг өнгөрч байхад...зам тээврийн осолд орсон, сэрэхэд эмнэлэгт эмчилгээ хийлгэж байсан. ... толгой өвдөж, харахад зовуурьтай юм давхардаж харагддаг, нүдний ухархай хоёр ханандаа хугарч, нүдний өөхөн эд, булчинтайгаа хугарсан ясанд хавчуулагдсан тул 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг “Окула мед” хувийн эмнэлэгт хагалгаанд орсон. ...одоо нүүрний баруун хэсэг мэдээгүй, ганцаараа явж чадахгүй байна.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 22-24, 26 дахь тал/,
хохирогч Д.Н-ын “...2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр...П.Бын эзэмшлийн **-**дугаартай, улаан өнгийн машинд нөхөр С.С, Н, П.Б түүний эхнэр С нарын хамт барилгачдын талбайгаас цагдаа руу засмал замаар явж байхад зүүн тийш болоод баруун талын жалганд уначихсан, би осолд ороод ухаан алдсан. ...тээврийн хэрэгслийг П.Б жолоодож, түүний хажууд С, жолоочийн ард би, миний хажууд нөхөр С.С, түүний цаана Н сууж байсан. ...биеийн байдал муу, хөдөлж чадахгүй, ...толгой байнга өвддөг, дотор муухайрдаг. ...баримтаар 3.155.211 төгрөг, 6 сар ажилгүй байсны цалин 3.900.000 төгрөг нийт 7.055.211 төгрөгөөс 300.000 төгрөг өгсөн, үлдэгдэл 6.755.211 төгрөгийг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 29-30, 32 дахь тал/,
гэрч Д.Сын “...Тухайн өдөр хамтран амьдрагч П.Бын **-**улсын дугаартай машинаар Д.Н, Д.Нын нөхөр, Н нарын хамт тавуулаа цагдаагийн байгууллага орох гээд явж байсан, би жолооч талын эсрэг талд сууж явсан. П.Бын машин шүүхийн уулзварын харалдаа жолооч талын жалга руу гулгасан, тэгэхэд хүн харагдаад би “хүн байна” гээд орилоод осол болоход шоконд ороод хажуу тал руу харахад машин зүүн талаараа эргээд уначихсан байсан. Тэгсэн эрэгтэй, эмэгтэй хоёр хүн ирчихсэн машины арын шилийг хагалаад бид нарыг нэг, нэгээр нь буулгасан, ...би “нэг эмэгтэй хүн дайруулчих шиг боллоо, эмнэлэг дуудаарай” гэхэд “эмнэлэг дуудчихсан” гэж байсан, удаагүй түргэний машин ирээд тэр эмэгтэйг авч явсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 36 дахь тал/,
гэрч Б.Нгийн “...Тухайн өдөр гэртээ байхад 12 цагийн үед С залгаад “гадагшаа ажил хөөцөлдөх гэсэн юм” гэхээр нь би “зав муутай байна” гэсэн чинь “та хувцсаа өмсөж бай, очоод авъя” гэхээр нь хувцсаа өмсөөд байж байхад “ирчихлээ” гэсэн, тэгээд гэрээсээ гараад машинд нь суухад машин дотор Д.Н, С.С, П.Б, С нар байсан. ...Би жолооч талын эсрэг арын суудалд хаалга талдаа сууж явсан, цагдаа орохоор явж байхад машин гулгаад явчих шиг болсон, ...осол болсны дараа нэгнийгээ асуухад Д.Н ёолоод байсан, С “машин гулгаад ороход нэг хүн байсан” гээд орилоод байсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 39-40 дэх тал/,
гэрч С.Сын “...П.Бын машинд Д.Н, Н, С нарын хамтаар цагдаагийн газар Бат-Эрдэнэ байцаагчтай уулзах гээд барилгачдын талбай өнгөрөөд шүүхийн уулзвар орохын өмнөхөн гэнэт П.Бын жолоодож явсан машин муриганаж шарваад эрчиндээ замын хажуу талын жалга руу унасан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 42 дахь тал/,
П.Бын сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Би 2022 оны 12 дугаар сарын 05-ны өглөө...Д.Н манай эхнэр лүү залгаад “би цагдаа руу явах ажилтай боллоо, боломжтой бол хүргээд өгөөч, би одоо цайгаа уучихаад гэрээсээ гарлаа, П.Б та хоёр бэлэн байж байгаарай” гэж хэлсэн байсан, ...11 цагийн орчим Д.Н нөхрийнхөө хамт манай гэрт ирсэн. ...бид дөрөв гарч яваад Н гэх танил эгчийг гэрээс нь аваад цагдаагийн газар луу явсан, миний 3040ОРХ улсын дугаартай, “Toyota Corolla” загварын тээврийн хэрэгсэлтэй цагдаа руу явж байх үед машин замын хальтиргаанд замын уруу хэсэгт зогсохгүй яваад байсан, ... машин зогсохгүй тэнцвэрээ алдаад хэд, хэдэн удаа арын хоёр дугуй шарвасан, гэтэл замын хажуу талын уруу хэсгээс явган хүн өгсөөд гараад ирсэн би тэр хүнийг хараад улам сандарч, тоормоз гишгэсэн боловч гулгаад замын хажуугийн огцом уруу хэсэг рүү орох үедээ замын хажуугаас гарч ирж байсан эмэгтэй хүнийг мөргөсөн, тэгээд цааш 2-3 удаа замын хажуугийн эрэг рүү өнхөрч хажуу талаараа зогссон. ...Би машинаас суудлын бүсээ тайлаад гарахад машинд мөргүүлсэн хүний нүүр нь цус болсон байдалтай сууж байсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 44-45 дахь тал/,
“...Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, болсон асуудлын талаар мэдүүлэг өгсөн, нэмж ярих зүйлгүй. Би Д.Нд 300.000 төгрөг, Ж.Тд цувуулж 800.000 төгрөг өгсөн, эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгүүлж байхад нь хоол цай хүргэж өгч, эргэж тойрч байсан.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 75 дахь тал/,
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Буянзаяагийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 917 дугаартай; “...1.Д.Нын биед бүсэлхий нурууны нэгдүгээр нугалмын нугасыг шахаж аарцгийн хөндийн эрхтний үйл ажиллагааны алдагдал үүсгэсэн шахагдсан хугарал, нугасыг чөлөөлөх, ясны хугарлыг засах хагалгааны дараах байдал, баруун мөрөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.3.Уг гэмтэл нь хатуу зүйлийн, хоёр ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл ба хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байна. 4.Бүсэлхий нурууны нэгдүгээр нугалмын нугасыг шахаж аарцгийн хөндийн эрхтний үйл ажиллагааны алдагдал үүсгэсэн шахагдсан хугарал, нугасыг чөлөөлөх, ясны хугарлыг засах хагалгааны дараах байдал нь амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.6-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарагдана. Баруун мөрөнд цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна.” гэсэн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 48-50 дахь тал/,
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Буянзаяагийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 920 дугаартай; “...1.Ж.Тгийн биед баруун талын хоншоор ясны хугарал, тархи доргилт, баруун нүдний доод хананы хугарал, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, нүүр, зүүн гарын сарвуунд зөөлөн эдийн няцрал, духанд шарх, нүүр, зүүн гарын бугалга, сарвуунд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.3.Уг гэмтлүүд нь хатуу зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл ба хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байна. 4.Баруун талын хоншоор ясны хугарал нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Тархи доргилт, баруун нүдний доод хананы хугарал, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, нүүр, зүүн гарын сарвуунд зөөлөн эдийн няцрал, духанд шарх, нүүр, зүүн гарын бугалга, сарвуунд цус хуралт, зулгаралт нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 5.Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 55-57 дахь тал/,
Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ч.Буянзаяагийн 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 14 дугаартай; “...1.Ж.Т нь одоогийн байдлаар баруун нүдний ухархайн мэс заслын дараах байдалтай байгаа ба нэмэлтээр гэмтэл тогтоогдсонгүй.” гэсэн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 65-66 дахь тал/,
Шүүх Шинжилгээний Ерөнхий Газрын шинжээч Б.А, Ш.Ц, Э.Б нарын 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 491 дугаартай;
“...1.2.Ж.Тгийн биед үүссэн баруун ухархайн ханын хугарал нь нүдний хараанд нөлөөлөөгүй байна. Орхон аймгийн ШША-ны 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн шинжээч эмчийн үзлэг, дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүд нь авто ослын улмаас үүссэн байх боломжтой. 3.Орхон аймгийн ШША-ны 2023 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн шинжээч эмчийн дүгнэлт үндэслэлтэй байна.” гэсэн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 77-78 дахь тал/,
Шүүх Шинжилгээний Ерөнхий Газар Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Ч.Буянзаяагийн 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 1 дугаартай “...1.П.Б-ын биенээс авсан гэх цусанд этилийн спирт илэрсэнгүй.” гэсэн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 105-106 дахь тал/,
ШУТИСургуулийн Механик, Тээврийн сургуулийн шинжээч Н.Мөнхзул, А.Э, Ж.Т, Г.У нарын 2023 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 01/18 дугаартай; “...1.**-**улсын дугаартай “Toyota Corolla” загварын тээврийн хэрэгслийн жолооч П.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а. “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох.”, 12.1.“Жолооч...замын болон цаг агаарын нөхцөлийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг...тохируулан сонгож явна.” гэснийг тус тус зөрчсөн байна. 2.Явган зорчигч Ж.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй байна.” гэсэн дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 128-129 дэх тал/,
иргэн Ж.Б-ын “...Орхон аймаг Баян-Өндөр сум шүүхийн уулзварын ойролцоо машин замын хажуу руу унаж осолдсон байна.” гэх мэдээллийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 11 дэх тал/,
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 13-14, 15-17 дахь тал/,
зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 18 дахь тал/,
Цагдаагийн Ерөнхий Газрын “П.Бын тээврийн хэрэгслийг жолоодох эрх 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдөр нэг жилийн хугацаагаар хасагдсан.” гэсэн лавлагаа /1 дэх хавтаст хэргийн 133 дахь тал/,
хохирогч Д.Нын өвчний түүхийн хуулбар /1 дэх хавтаст хэргийн 136-168 дахь тал/,
хохирогч Д.Нын хохирол төлбөртэй холбоотой баримтууд /1 дэх хавтаст хэргийн 170, 171-217, 219- 248, 2 дахь хавтаст хэргийн 1-34 дэх тал/,
хохирлын тооцоо /2 дахь хавтаст хэргийн 35-38 дахь тал/,
хохирогч Ж.Тгийн нэхэмжлэл, хохирол төлбөртэй холбоотой баримтууд /2 дахь хавтаст хэргийн 101-102, 103-123 дахь тал/,
нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн шаардлага, хохирол төлбөртэй холбоотой баримтууд, хөдөлмөрийн гэрээ /2 дахь хавтаст хэргийн 132, 133-228, 229-230 дахь тал/,
хохирогч Д.Нын “Амбулаториор эмчлүүлэгсдийн карт”-ын хуулбар,
Орхон аймаг Нийгмийн даатгалын хэлтсээс тус шүүхэд ирүүлсэн “Эрдэнэт бурам” ХХК нь 2023 оны 1-6 дугаар саруудад нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх баримт мөн “...Д.Н 2022, 2023 онд ажил эрхэлж нийгмийн даатгал төлөөгүй нь үнэн болно.” гэсэн албан бичиг,
шүүгдэгч П.Бын;
эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 дахь хавтаст хэргийн 40 дэх тал/,
иргэний үнэмлэхийн лавлагаа /2 дахь хавтаст хэргийн 41 дэх тал/,
Орхон аймгийн сум дундын шүүхийн 1996 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 63 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /2 дахь хавтаст хэргийн 43 дахь тал/,
хохирогч Д.Нд 200.000 төгрөг, 100.000 төгрөг, 50.000 төгрөг, 1.250.000 төгрөг, 100.000 төгрөг мөн хохирогч Ж.Тд 500.000 төгрөг, 300.000 төгрөг, 100.000 төгрөг, 50,000 төгрөг, 1.250.000 төгрөг төлсөн тухай Хаан банкны баримтууд /2 дахь хавтаст хэргийн 79-82, 231, 232, 233, 234, 235, 236 дахь тал/,
шүүхэд шинээр нотлох баримтаар ирсэн,
хохирогч Д.Нын “...нийт 5.000.000 төгрөгийн хохирол барагдуулсан, миний бие 9.016.254 төгрөгийн нэхэмжлэлээс 4.016.254 төгрөгөөс татгалзаж байна. Харин цаашид нуруунд суулгасан төмрийг авах хагалгааны зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйгээр үлдээж өгнө үү, П.Б нь хагалгааны зардлыг сайн дураараа төлөхөө илэрхийлсэн болно. Миний зүгээс П.Баас нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй болно.” гэсэн хүсэлт бүхий бичиг,
хохирогч Д.Нд 3.000.000 төгрөг төлсөн тухай банкны баримт,
хохирогч Ж.Тгийн “...Миний бие шүүх хуралдаанд оролцохгүй, П.Б нэхэмжилсэн хохирлыг барагдуулсан тул нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн бичиг,
хохирогч Ж.Тд 2.700.000 төгрөг төлсөн тухай банкны баримт зэрэг болно.
Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч нараас, гэрч нараас мөн П.Баас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрсдийн гаргасан дүгнэлтүүдийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч нар гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн
шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Шүүгдэгч П.Быг гэм буруутайд тооцох;
шүүгдэгч П.Б нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ, 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 10 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан баг шүүхийн уулзварын урд төв асфальтан зам дээр **-**улсын дугаартай, “Toyota Corolla” загварын тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а.“Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.1.“Жолооч...замын болон цаг агаарын нөхцөлийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг тохируулан сонгож явна.” гэсэн заалтуудыг зөрчиж, замын хөвөө хэсэгт зогсож байсан явган зорчигч, хохирогч Ж.Тг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол,
уг тээврийн хэрэгсэлд зорчиж явсан хохирогч Д.Нын эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;
хэргийн үйл баримтын талаарх,
хохирогч Ж.Тгийн “...2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 11 цаг өнгөрч байхад...зам тээврийн осолд орсон.” гэх,
хохирогч Д.Нын “...2022 оны 12 дугаар сарын 05-ны өдөр...П.Бын эзэмшлийн **-**дугаартай, улаан өнгийн машинд нөхөр С.С, Н, П.Б түүний эхнэр С нарын хамт барилгачдын талбайгаас цагдаа руу засмал замаар явж байхад зүүн тийш болоод баруун талын жалганд уначихсан, би осолд ороод ухаан алдсан.” гэх,
гэрч Д.Сын “...П.Бын машин шүүхийн уулзварын харалдаа жолооч талын жалга руу гулгасан, ...машин зүүн талаараа эргээд уначихсан байсан.” гэх,
гэрч Б.Нгийн “...Би жолооч талын эсрэг арын суудалд хаалга талдаа сууж явсан, цагдаа орохоор явж байхад машин гулгаад явчих шиг болсон, ...осол болсны дараа нэгнийгээ асуухад Д.Н ёолоод байсан.” гэх,
гэрч С.Сын “...шүүхийн уулзвар орохын өмнөхөн гэнэт П.Бын жолоодож явсан машин муриганаж шарваад эрчиндээ замын хажуу талын жалга руу унасан.” гэх,
П.Бын “...миний 3040ОРХ улсын дугаартай, “Toyota Corolla” загварын тээврийн хэрэгсэлтэй цагдаа руу явж байх үед машин замын хальтиргаанд замын уруу хэсэгт зогсохгүй яваад байсан, ...машин зогсохгүй тэнцвэрээ алдаад хэд, хэдэн удаа арын хоёр дугуй шарвасан, гэтэл замын хажуу талын уруу хэсгээс явган хүн өгсөөд гараад ирсэн би тэр хүнийг хараад улам сандарч, тоормоз гишгэсэн боловч гулгаад замын хажуугийн огцом уруу хэсэг рүү орох үедээ замын хажуугаас гарч ирж байсан эмэгтэй хүнийг мөргөсөн, тэгээд цааш 2-3 удаа замын хажуугийн эрэг рүү өнхөрч хажуу талаараа зогссон.” гэх мэдүүлгүүд,
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Буянзаяагийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 917 дугаартай; “...Д.Нын биед бүсэлхий нурууны нэгдүгээр нугалмын нугасыг шахаж аарцгийн хөндийн эрхтний үйл ажиллагааны алдагдал үүсгэсэн шахагдсан хугарал, нугасыг чөлөөлөх, ясны хугарлыг засах хагалгааны дараах байдал, баруун мөрөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.” гэсэн,
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Буянзаяагийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 920 дугаартай; “...Ж.Тгийн биед баруун талын хоншоор ясны хугарал, тархи доргилт, баруун нүдний доод хананы хугарал, хамрын ясны хугарал, хамрын таславчийн муруйлт, нүүр, зүүн гарын сарвуунд зөөлөн эдийн няцрал, духанд шарх, нүүр, зүүн гарын бугалга, сарвуунд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.” гэсэн,
ШУТИСургуулийн Механик, Тээврийн сургуулийн шинжээч Н.М, А.Э, Ж.Т, Г.У нарын 2023 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 01/18 дугаартай; “...1.**-**улсын дугаартай “Toyota Corolla” загварын тээврийн хэрэгслийн жолооч П.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а. “Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодох.”, 12.1.“Жолооч...замын болон цаг агаарын нөхцөлийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг...тохируулан сонгож явна.” гэснийг тус тус зөрчсөн байна.” гэсэн дүгнэлтүүд,
иргэн Ж.Б-ын “...Орхон аймаг Баян-Өндөр сум шүүхийн уулзварын ойролцоо машин замын хажуу руу унаж осолдсон байна.” гэх мэдээллийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл,
хохирогч Д.Н-ын өвчний түүхийн болон “Амбулаториор эмчлүүлэгсдийн карт”-ын хуулбарууд зэрэг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн баримтуудаар нотлогдсон бөгөөд дээрх нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч П.Б-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг бүрэн агуулсан, гэм буруу нь болгоомжгүй хэлбэртэйгээс гадна гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол нь хоорондоо шалтгаант холбоотой гэж үзнэ.
Шүүгдэгч П.Б нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчиж, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн,
мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон ч хохирогч Д.Н, Ж.Т нарт хохирол, хор уршиг учруулсан байна.
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч П.Быг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийн хуулийн зүйл, хэсэг, заалт тохирсон,
энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийн үйл баримтын талаарх шүүгдэгч болон хохирогч нарын мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг бусад нотлох баримтуудыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийхэд шүүгдэгчийн гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул
шүүх шүүгдэгч П.Быг “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан.” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч П.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэх;
шүүх шүүгдэгч П.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэг, заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч П.Б-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүх хуралдааны үед;
улсын яллагч “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч П.Б-ын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах.” гэсэн,
шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд “...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах ялын хугацааг шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй, харин шүүгдэгчийн эрүүл мэндийн байдлыг анхаарч, группт байдгийг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар ялаас чөлөөлж өгөөч эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгөөч.” гэсэн саналыг тус тус гаргав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно.” гэж,
1.1-д “энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх.” гэж тус тус хуульчилсан бөгөөд уг гэмт хэргийн улмаас хохирогч Д.Нд учирсан хор уршиг бүрэн арилаагүй тул шүүгдэгч П.Быг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломжгүй юм.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгчид оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзан үзлээ.
Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэх эрх хэмжээг хуулиар шүүхэд олгосон.
Иймд шүүх шүүгдэгч П.Бын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал, хохирогч нарын эмчилгээний зардлыг нөхөн төлж барагдуулсан, цаашид хохирогч Д.Нын нуруунд суулгасан төмрийг авах мэс засал эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн,...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан энэ хуулийн 7.3 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, хязгаарлалт тогтооно.” гэж заасны дагуу тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, мөн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж,
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн хорьдугаар бүлэгт зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.
Шүүгдэгч П.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй.
Бусад асуудал;
Хохирогч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх зэрэг хуулиар олгогдсон эрхтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,
505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.”,
505 дугаар зүйлийн 505.2 дахь хэсэгт “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй.” гэж тус тус заажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нь хохирогч Д.Н, Ж.Т нарт хохирол, төлбөрийг нөхөн төлж байсан болох нь 2 дахь хавтаст хэргийн 79-82, 231, 232, 233, 234, 235, 236 дахь талуудад авагдсан банкны баримтуудаар,
мөн шүүхэд шинээр ирсэн, хохирогч Ж.Тд 2.700.000 төгрөг, хохирогч Д.Нд 3.000.000 төгрөг төлсөн тухай банкны баримтуудаар тус тус тогтоогдож байгаа бөгөөд хохирогч Ж.Тгийн “...Миний бие шүүх хуралдаанд оролцохгүй, П.Б нэхэмжилсэн хохирлыг барагдуулсан тул нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн,
хохирогч Д.Нын “...нийт 5.000.000 төгрөгийн хохирол барагдуулсан, миний бие 9.016.254 төгрөгийн нэхэмжлэлээс 4.016.254 төгрөгөөс татгалзаж байна. Харин цаашид нуруунд суулгасан төмрийг авах хагалгааны зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйгээр үлдээж өгнө үү, П.Б нь хагалгааны зардлыг сайн дураараа төлөхөө илэрхийлсэн болно. Миний зүгээс П.Баас нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй болно.” гэсэн хүсэлт бүхий бичгүүдийг үндэслэн шүүгдэгч П.Быг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Мөн хохирогч Д.Нын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ч.Буянзаяагийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 917 дугаартай дүгнэлтээр тогтоогддог бөгөөд түүнд учирсан хохирол, хор уршиг бүрэн арилаагүй, цаашид нуруунд суулгасан төмрийг авах мэс засал эмчилгээний зардлын талаар шүүгдэгч, хохирогч нар харилцан тохиролцсон байх тул энэ зардлаа нэхэмжлэх эрхийг нь хохирогч Д.Нд нээлттэй үлдээв.
Энэ хэрэгт хураасан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж,
шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Бт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч П.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч П.Бын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 6 /зургаа/ сарын хугацаанд шүүгдэгч П.Бт мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 болон 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг түүнд анхааруулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ялын хугацааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7.Хохирогч Д.Н нь нуруунд суулгасан төмрийг авахуулах мэс засал эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар шүүгдэгч П.Баас нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.
8.Шүүгдэгч П.Бын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ялыг хэрэгжүүлэх зорилгоор шийтгэх тогтоолын хувийг Цагдаагийн Ерөнхий Газрын Лицензийн төвд хүргүүлсүгэй.
9.Энэ хэрэгт хураасан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.
10.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ