Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 2023/ШЦТ/292

 

2023           08            08                                2023/ШЦТ/292

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,     

улсын яллагч Г.А,

хохирогч Д.Н,

шүүгдэгч Ж.У нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар;

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүгдэгч Ж.У-д холбогдох эрүүгийн 2325000000*** дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, Ж.У

Шүүгдэгч Ж.У нь;

2023 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум “О.У” ХХК-ийн нягтлан бодогч Д.Нийн Хаан банкны харилцах данснаасаа тус эмнэлгийн хүний их эмч ажилтай О.Ж.У-д 2023 оны 4 дүгээр сарын цалин 924.500 төгрөгийг бодож олгохдоо Хаан банкны 5127193923 дугаарын харилцах дансанд төлбөр тооцооны алдаатай гүйлгээ хийж шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 924.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Ж.У “...2023 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр миний дансанд мөнгө орж ирсэн, би хүүхдүүдийн тэтгэмжийн мөнгө гэж бодоод зарцуулсан юм.” гэв.

хохирогч Д.Н “...ажилчдын цалингаа хагас сайн өдөр хувийн дансаараа шилжүүлсэн юм, гэтэл андуураад энэ хүний данс руу 924.500 төгрөг шилжүүлсэн байсан, тухайн үед нь “буцаагаад шилжүүлээд өгөөч” гэж хэлэхэд “явдаг газраараа яваад аваарай.” гэж хэлсэн, одоо 400.000 төгрөг авах үлдсэн, бусад мөнгөө авсан.” гэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч Д.Нийн “...2023 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр...хүний их эмч О.Ж.У гэдэг ажилчны цалинг олгох гэж байгаад өмнө нь манайд түр ажиллаж байсан Ж.У гэх хүний данс руу 924.500 төгрөгийг андууран шилжүүлчихсэн байсан. Андуурч шилжүүлсэн гэдгээ 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр мэдээд Ж.Уянгын утсыг олоод холбогдож “буцаагаад өгөөч” гэх зэргээр асууж тодруулахад “өгөх боломжгүй, хэрэглэчихсэн, чи яахаараа өөрөө андуурч шилжүүлдэг юм, явах газраараа яваад олж аваарай.” гэж хэлсэн. Ж.Уас 924.500 төгрөг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 13-14, 16 дахь тал/,

гэрч Х.Э-ийн “...Ж.У надад “хуучин ажиллаж байсан байгууллагаас андуурч мөнгө шилжүүлсэн, тухайн үед ээжийн төрсөн ах Дархан-Уул аймагт нас барсан тул буяны ажилд нь зарцуулсан.” гэж хэлж байсан, ойролцоогоор 900.000 гаран төгрөг дансанд нь андуурч орж ирсэн гэсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,

Ж.У-ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2023 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр миний дансанд уг мөнгө орж ирсэн, “Ж.У цалин” гээд ороод ирэхээр нь ямар мөнгө хаанаас явуулчихав гэж бодоод мөнгийг үрэлгүй 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хүлээж харсан, тэгээд аргагүйн эрхэнд ажил явдалтай байсан болохоор мөнгийг хэрэглээндээ зарцуулчихсан. Тэгсэн чинь миний хуучин ажиллаж байгаад гарсан “О.У” эмнэлгээс 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдөр залгаж яриад “эмчийнхээ цалинг андуураад шилжүүлчихсэн байна, буцаагаад шилжүүлээд өгөх боломж байна уу” гэхээр нь би “боломжгүй байна, ажил явдал гараад Дархан-Уул аймагт явж байна, мөнгийг үрчихсэн” гэж хэлээд тасалчихсан. ... Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна, хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25, 32, 34 дэх тал/,

хохирогч Д.Нийн;

“2023 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр манай байгууллагад ажиллаж байсан Ж.У гэх хүний эзэмшдэг Хаан банкны 5127193923 дугаартай данс руу 924.500 төгрөг андуурч шилжүүлсэн бөгөөд уг дансны эзэмшигч Ж.У нь “хэрэглэчихсэн” гээд буцааж өгөхгүй байна.” гэх гомдлыг Цагдаагийн байгууллага хүлээж авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дахь тал/,

түүний гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 7 дахь тал/,

Хаан банкны *********** дугаарын харилцах дансны хуулга /хавтаст хэргийн 59 дэх тал/,

шүүгдэгч Ж.У-ын;

эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 36 дахь тал/,

иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 37 дахь тал/,

Орхон аймаг  Баян-Өндөр сум Баянцагаан багийн зохион байгуулагчийн ам бүлийн тодорхойлолт, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтаст хэргийн 44, 45 дахь тал/,

Хаан банкны ********** дугаарын харилцах дансны хуулга /хавтаст хэргийн 58 дахь тал/ зэрэг болно. 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогчоос мөн Ж.У-аас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгч Ж.У-ыг гэм буруутайд тооцох;

шүүгдэгч Ж.У нь 2023 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум “О.У” ХХК-ийн нягтлан бодогч Д.Нийн өөрийн Хаан банкны харилцах данснаасаа тус эмнэлгийн хүний их эмч ажилтай О.Ж.Уд 2023 оны 4 дүгээр сарын цалин 924.500 төгрөгийг бодож олгохдоо Хаан банкны 5127193923 дугаарын харилцах дансанд төлбөр тооцооны алдаатай гүйлгээ хийж шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 924.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх,

мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн хохирогч Д.Нийн “...манайд түр ажиллаж байсан Жамсрангийн Ж.У гэх хүний данс руу 924.500 төгрөгийг андууран шилжүүлчихсэн байсан.” гэх,

гэрч Х.Э-гийн “...Ж.У надад “хуучин ажиллаж байсан байгууллагаас андуурч мөнгө шилжүүлсэн, тухайн үед ээжийн төрсөн ах Дархан-Уул аймагт нас барсан тул буяны ажилд нь зарцуулсан.” гэж хэлж байсан.” гэх,

Ж.У-ын өөрийнх нь өгсөн “...2023 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр уг мөнгө миний дансанд орж ирсэн.” гэх мэдүүлгүүд,

хохирогч Д.Н-ийн гомдлыг Орхон аймгийн Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл, түүний гаргасан өргөдөл, шүүгдэгч, хохирогч нарын Хаан банкны харилцах дансны хуулгууд зэрэг хэрэгт цуглуулсан, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь энэ хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүйгээс гадна шүүгдэгч Ж.У гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Монгол хэлний толь бичигт “завших” гэдгийг бусдын юмыг өөрийн болгох, хувьдаа ашиглах ... гэж тайлбарлажээ.

Хэргийн нөхцөл байдлаас дүгнэхэд,

шүүгдэгч Ж.У нь 2023 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум “О.У” ХХК-ийн нягтлан бодогч Д.Нийн өөрийн эзэмшлийн Хаан банкны харилцах данснаас тус эмнэлгийн хүний их эмч ажилтай О.Ж.Уд 2023 оны 4 дүгээр сарын цалин 924.500 төгрөгийг бодож олгохдоо шүүгдэгчийн Хаан банкны 5127193923 дугаарын харилцах дансанд төлбөр тооцооны алдаатай гүйлгээ хийж шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 924.500 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь бусдын өмчийг гэмт этгээд хууль бус ямар аргаар өөртөө олж авч байгаагаас хамаараад энэ төрлийн бусад гэмт хэргүүдэд хуваагддаг бөгөөд ... завших гэмт хэргийн хувьд гэмт этгээд бусдын өмчийг олж авахын тулд идэвхтэй үйлдэл хийгээгүй, хохирогчийн эд хөрөнгө гэмт этгээдийн эзэмшилд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас шилжсэний дараа гэмт этгээдэд завших сэдэл төрж, шамшигдуулсан, захиран зарцуулсан байдаг.

Шүүгдэгч Ж.Уянгын хувьд, “О.У” ХХК-ийн нягтлан бодогч Д.Нийн төлбөр тооцооны алдаатай гүйлгээ хийж шилжүүлсэн 924.500 төгрөгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэйгээс гадна  уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор шүүгдэгч Ж.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.

Иймд шүүх шүүгдэгч Ж.У-ыг төлбөр тооцооны алдаатай гүйлгээ хийж шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан.” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, шүүх хуралдаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно.” гэсэн хүсэлтийг гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.

          Шүүгдэгч Ж.Уд эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

шүүх шүүгдэгч Ж.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “төлбөр тооцооны алдаатай гүйлгээ хийж шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Ж.У-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүх хуралдааны үед улсын яллагч “...шүүгдэгч Ж.Уд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах.” гэсэн санал гаргав.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгчид оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзсан болно.  

Шүүх шүүгдэгч Ж.Уд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,

гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлын заримыг төлсөн байдал, гэртээ хүүхдүүдийн хамт ам бүл дөрвүүлээ амьдардаг хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, зорчих эрхийг хязгаарлах ялыг өөрийн оршин суух газраас явахыг хориглох буюу Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглож,

зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,

шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн.”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,

мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Бусад асуудал;

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,

мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заажээ.

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Нт 924.500 төгрөгийн хохирол учирсан нь баримтаар тогтоогдсон бөгөөд шүүх хуралдааны үед хохирогч Д.Нийн “...924.500 төгрөгөөс 524.500 төгрөгийг авсан, одоо үлдэх 400.000 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэснийг үндэслэн шүүгдэгч Ж.Уас  400.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Нт олгох үндэслэлтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдаж,

шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа” гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч Ж.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “төлбөр тооцооны алдаатай гүйлгээ хийж шилжүүлсэн мөнгөн хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.У-ыг 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.У-ыг дээрх хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газраас явахыг хориглох буюу Орхон аймаг Баян-Өндөр сумаас явахыг хориглож,

          мөн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

          4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Уд урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

          6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ж.У-аас 400.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Нт олгосугай.

          7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Ж.У цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдсугай.  

          8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Г.ЭНХТУНГАЛАГ