| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2023/0283/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/293 |
| Огноо | 2023-08-08 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Г.А |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 08 өдөр
Дугаар 2023/ШЦТ/293
2023 8 08 2023/ШЦТ/293
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,
улсын яллагч Г.А,
шүүгдэгч Д.А нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүгдэгч Д.А-эд холбогдох эрүүгийн 2325000000*** дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, Д.А
Шүүгдэгч Д.А нь;
2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Толгодын **-** тоот, хохирогч Я.О-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшингийн цонхоор нэвтэрч монетон гинж, үнэртэй ус, цаг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.010.000 төгрөгийн хохирол учруулсан,
үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Толгодын **-** тоот, хохирогч Б.Н-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшингийн цонхоор нэвтэрч 15кг үхрийн борц, 10кг хонины хаа, гуя, хонины сүүл, улаан дарс, гурван ширхэг газ, нэг хос пүүз зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.186.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэргүүд үйлдсэн,
2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 18 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Толгодын **-** тоот, хохирогч П.Х-ын өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшингийн цонхыг хагалан нэвтэрч эмэгтэй хүний хоёр хос пүүз, эрэгтэй хүний хос пүүз, хонины гуя болон жижиглэсэн мах зэрэг 224.000 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авахыг завдсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт;
шүүгдэгч Д.А “...мөрдөн байцаалтын шатанд үнэн, зөв мэдүүлгээ өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;
хохирогч П.Х “...Өнөөдөр 18 цаг өнгөрч байхад гэртээ ирээд байшингийнхаа хаалгыг онгойлгоод ортол манай байшингийн баруун талын хойд цонхоор дээгүүрээ бараан өнгийн савхин хүрэмтэй, саарал өнгийн юүдэнтэй цамцтай туранхай залуу гадагшаа гарч байхаар нь гүйж очоод “явуулахгүй” гэж хөлтэй нь зууралдсан, тухайн залуу манай хүү П-ийн улаан өнгийн оруулгатай хар өнгийн пүүзийг өмсчихсөн байсан, тухайн залууд “чи яах гэж манай хүүгийн пүүзийг өмссөн юм” гэж хэлээд өрөөсөн пүүзийг нь сугалж авсан, гэтэл тухайн залуу тэр чигтээ цонхоор гадагш гараад зугтаагаад явчихсан. Байшингаа тойроод тухайн залуугийн гарсан цонхны дэргэд очиход манай байшин дотор байсан эмэгтэй хүний хоёр хос шинэ пүүз, хөргөгч дотор байсан хонины гуя болон жижиглэсэн махыг газар гаргачихсан, мөн өөрийнх нь өмсөж явсан бололтой саарал өнгийн нэг хос пүүзэн гутал байсан. ...байшингийн баруун талын 33x33см хэмжээтэй салхивчны шилийг хагалсан, гадна талын 120x120см хэмжээтэй төмөр решёткийг хөшиж эвдсэн байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дэх тал/,
“...Манай гэрээс хулгай хийсэн залуу хонины 8кг ястай мах, эмэгтэй хүний хоёр хос пүүз, манай хүүгийн нэг өрөөсөн пүүз авсан, цонхны гадна талын 120x120см хэмжээтэй төмөр хаалт болон 30x30см хэмжээтэй вакум цонхны шилийг хагалсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/,
гэрч Т.О-ийн “...2023 оны 4 дүгээр сарын 27-ны орой 18 цагийн үед манай хажуу талын буюу Яргуйт баг Толгодын **-** тоот айлд засвар хийгээд байгаа юм болов уу гэлтэй юм нүдээд байгаа чимээ гараад байсан, хэсэг хугацаанд дуугарч байгаад дахиж дуугараагүй. Тэгээд гэртээ хоолоо идээд байж байтал манай байшингийн цонхны урдуур хүн явах шиг болсон гараад хартал байшингийн зүүн талд дээгүүрээ хар өнгийн савхин куртиктэй, дотуураа саарал өнгийн юүдэнтэй цамцтай, өрөөсөн пүүзтэй намхан туранхай бор залуу сууж байсан тэгээд би “юу хийж байгаа юм” гэтэл тухайн залуу миний хажуугаар ухас хийгээд гүйгээд гараад явчихсан, хэсэг хугацааны дараа тухайн залууг манай хажуу талын айлаас хулгай хийсэн гэдгийг мэдсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 28 дахь тал/,
Д.А-ийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 18 цаг өнгөрч байхад...манай гэрийн хойшоо байдаг хүрэн өнгийн хашаатай ногоон өнгийн дээвэртэй, мансардтай, дүнзэн байшингийн баруун талын цонхны гадна талын хамгаалалтын рёшоткийг тухайн хашаан дотор нь байсан модоор хөшиж эвдэж зай гаргаад салхивчны шилийг нь хагалж салхивчаар дотогш нэвтрээд байшин дотроос хоёр хос цагаан өнгийн гутал, хөргөгчнөөс ууттай мах аваад цонхоор нь авсан эд зүйлээ шидэж гаргаад байшингаас гарах гэж байтал эзэн нь бололтой настай эгч гаднаас хаалгаа онгойлгоод ороод ирсэн, би анх орж ирсэн цонхоороо гарч зугтаасан, ямар нэгэн эд зүйл авч чадаагүй, тухайн айлын байшингийн цонхоор орох гэтэл миний пүүз тулаад орохгүй байсан тэгэхлээр нь би пүүзээ тайлж үлдээгээд хөл нүцгэн байшин руу орсон, байшин дотор үүдний хэсэгт байсан улаан өнгийн оруулгатай хар өнгийн пүүзийг өмсөөд айлын эзнийг нь гаднаас орж ирэх үед буцаад цонхоороо гарах агшинд тухайн эгч миний өмссөн пүүзний нэг өрөөснийг аваад үлдчихсэн. ...Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 30, 49 дэх тал/,
“Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн ТХҮ- ОРХ/6776 дугаартай; “...Эмэгтэй хүний хоёр хос пүүз шинэ 80.000 төгрөг, эрэгтэй хүний хос пүүз 40.000 төгрөг, цонхны төмөр торон хаалт 1.44м2 129.600 төгрөг, 2 давхар вакум цонхны шил 1.2м2 180.000 төгрөг, хонины мах 8кг 104.000 төгрөг, нийт үнэ 533.600 төгрөг.” гэсэн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 33-35 дахь тал/,
хохирогч П.Х-ын “...Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Толгодын **-** тоот гэрт маань хулгай орсон.” гэх гомдол, мэдээллийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дахь тал/,
Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Толгодын 29-05 тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 8, 9-10 дахь тал/,
Д.Аийн биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 11, 12-13 дахь тал/,
хохирогч Я.О-ын “...2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр 10 цаг 10 минутын үед манай ах Баасанбаатар залгаж дуудаад би гэрээсээ гарсан, 13 цаг 40 минутад гэртээ ороход өчигдөр идсэн хоолны үлдэгдэл байхгүй, аяганд тамхины үнс хийсэн байсан, би “хулгайч орсон байна” гэж бодоод авдар луу харсан цаг байхгүй болохоор нь цагдаад дуудлага өгсөн. Миний гинж, үнэртэй ус байхгүй байна, ... манай гэрээс хойшоо байдаг Д.А гэх залууг сэжиглэж байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 81 дэх тал/,
гэрч Л.Б-ын “...Он, сар, өдрөө сайн санахгүй байна, 4 дүгээр сарын дундуур Д.Атэй гудамжинд таарсан, гэрлүүгээ ороод гинж авч гарч ирээд Яргуйт багийн дундуур явдаг зам дээр зогсож байсан хүнд Д.А өөрөө зарсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 89 дэх тал/,
Д.Аийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Би Я.О гэх айлаас 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хулгай хийсэн нь үнэн, тухайн айлаас цагаан алаг өнгийн спорт бугуйн цаг, эрэгтэй хүний мөнгөн гинж авсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 90, 124 дэх тал/,
“Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн ТХҮ- ОРХ/6461 дугаартай; “...Солонгос монетон гинж 11гр 1.760.000 төгрөг, Орифлейм үнэртэй ус 50.000 төгрөг, “G-Shock” бугуйн цаг 200.000 төгрөг, нийт 2.010.000 төгрөг.” гэсэн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 101-104 дэх тал/,
Шүүхийн Шинжилгээний Ерөнхий Газар Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 79 дугаартай; “...1.Шинжилгээнд ирүүлсэн гутлын мөр шинжилгээнд тэнцэнэ. 2.3.Шинжилгээнд тэнцсэн гутлын мөр нь харьцуулах загвараар илрүүлсэн Д.Аийн гутлын улны хээтэй хээний хэлбэр, хэмжээ, харилцан байрлал зэрэг шинж тэмдгүүдээр тохирч байна.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 109-110, 111-114 дэх тал/,
хохирогч Я.О-ын “...Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Толгодын 23-31 тоот манай гэрт хулгайч орж эд зүйлс алдагдсан.” гэх гомдол, мэдээллийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 68 дахь тал/,
Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Толгодын 23-31 тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 70-71, 72-73 дахь тал/,
Д.Аээс “G-Shock” загварын хар өнгөтэй бугуйн цагийг 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 09 цаг 00 минутад хүлээн авсан, хохирогч Я.От хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд /хавтаст хэргийн 74, 75 дахь тал/,
хохирогч Б.Н-ийн “...2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр...төрсөн дүү Баттулга залгаад “танай гэрт хулгайч ороод цонхыг чинь хагалаад мах аваад явчихсан байна” гэж хэлсэн, Улаанбаатар хотоос ирээд гэрт байсан эд зүйлсээ шалгахад хонины өрөөл мах, бурхны архи, үхрийн борц ойролцоогоор 15кг алдагдсан байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 142 дахь тал/,
“...Үнэлгээгээр тогтоогдсон вакум цонхны үнэ 54.000 төгрөг, дарсны үнэ 50.000 төгрөг, бурхны өргөлийн архины мөнгө 3.500 төгрөг, нийт 107.500 төгрөгийг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 144 дэх тал/,
гэрч Б.Б-ын “...2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр 17 цагийн үед...хадам ахын...хашаанд ороод байшингийх нь цонхнуудыг тойроод үзэж явтал баруун талын зочны өрөөнийх нь цонх хагарчихсан, онгорхой, мөн гадна талд нь байх тор нь урагдчихсан байхаар нь “хулгай орчихсон юм байна” гэж бодоод ...онгойлгоод зочны өрөөрүү нь ороход алдагдсан гэх зүйл анзаарагдаагүй, гал тогооны өрөөрүү орж цагаан өнгийн хөлдөөгчийг нь онгойлгож үзэхэд идэшнийх нь махнаас хонины гуя, хаа алга болчихсон байсан, тэгэхээр нь хоёр давхарт гараад үзтэл...үхрийн гуя, хаагаар хийсэн ойролцоогоор 20кг борцолсон мах алга болчихсон байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 147-148 дахь тал/,
Д.А-ийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн “... 2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр...хашаан дотроо байшинтай айл байсан, хашаанд ороод гэрийн хаалгыг нь цохиод үзтэл хүн байхгүй байсан, тэгэхээр нь хаалгыг нь татаад үзтэл онгойх боломжгүй байхаар нь цонхны салхивчийг чулуугаар цохиж хагалаад, цонхоор дотогш орсон. Хоёр давхарын мансард хэсэгт нь өлгөөд хатааж байсан борц байсан тэрийг торонд хийтэл хоёр тор болсон, доошоо буугаад үүдэн хэсэгт хар өнгийн том размертай пүүз байсныг шууд аваад өмсчихсөн, гал тогооны өрөөний хөлдөөгчөөс хонины гуя байсныг авсан. Хагарсан цонхны хажуу талд жижиг ширээн дээрээс задалчихсан виног аваад гарсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 150, 167 дахь тал/,
“Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн ТХҮ- ОРХ/6574 дугаартай “...Үхрийн хатаасан борц 15кг 900.000 төгрөг, хонины хаа, гуя 10кг 120.000 төгрөг, вакум цонх 54.000 төгрөг, улаан дарс 50.000 төгрөг, хэрэглээний газ гурван ширхэг 15.000 төгрөг, эрэгтэй пүүз 35.000 төгрөг, хонины сүүл 12.000 төгрөг, нийт 1.186.000 төгрөг.” гэсэн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 154-157 дахь тал/,
“Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн ТХҮ- ОРХ/6574-01 дугаартай “...Бурханы өргөлийн архи 3.500 төгрөг.” гэсэн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 160-162 дахь тал/,
иргэн Б.Б-ын “...Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Толгодын **-** тоот манай ахын гэрт хулгай орсон.” гэх гомдол, мэдээллийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 133 дахь тал/,
Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Толгодын **-** тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 134-135, 136-138 дахь тал/,
Д.Аийн биед хийсэн үзлэгээр хураан авсан болон сайн дураар гаргаж өгсөн ахуйн хэрэглээний газ гурван ширхэг, нэг хос пүүз, 6.970гр хонины мах, 5.120гр үхрийн хатаасан борцыг хохирогч Б.Н-т хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 139 дэх тал/,
Д.Аийн биед хийсэн үзлэгээр хураан авсан 6.970гр хонины мах, 3.680гр үхрийн махан борц, 1.440гр үхрийн гэдсэн борц зэрэг эд зүйлд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 17, 18 дахь тал/,
Д.Аээс хохирогч Б.Н-ийн байшингаас хулгайлсан гэх нэг хос цагаан өнгийн ултай хар өнгийн хуучин пүүзийг хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 19, 20 дахь тал/,
шүүгдэгч Д.Аийн;
иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 38 дахь тал/,
эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 39 дэх тал/,
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 7 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 40-44 дэх тал/,
Д.Аээс хар өнгөтэй “Ecco” гэх бичиглэлтэй пүүзэн гутлыг 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 09 цаг 00 минутад хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 76 дахь тал/,
“Ecco” гэх бичиглэлтэй пүүзэн гутлыг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 77 дахь тал/,
хохирогч П.Х-д 224.000 төгрөг, Б.Наранцэцэгт 107.500 төгрөг, Я.От 1.810.000 төгрөгийн хохирол төлсөн баримтууд зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч нараас, гэрч нараас мөн Д.Аээс сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрсдийн гаргасан дүгнэлтүүдийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч нар гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Шүүгдэгч Д.Аийг гэм буруутайд тооцох;
шүүгдэгч Д.А нь 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Толгодын 23-31 тоот, хохирогч Я.Оын хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшингийн цонхоор нэвтэрч монетон гинж, үнэртэй ус, цаг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 2.010.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;
мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;
хохирогч Я.Оын “...гэртээ ороход өчигдөр идсэн хоолны үлдэгдэл байхгүй, аяганд тамхины үнс хийсэн байсан, би “хулгайч орсон байна” гэж бодоод авдар луу харсан цаг байхгүй болохоор нь цагдаад дуудлага өгсөн. Миний гинж, үнэртэй ус байхгүй байна.” гэх,
Д.Аийн өөрийнх нь өгсөн “...Би Я.О гэх айлаас 2023 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр хулгай хийсэн нь үнэн, тухайн айлаас цагаан алаг өнгийн спорт бугуйн цаг, эрэгтэй хүний мөнгөн гинж авсан.” гэх мэдүүлгүүд,
“Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн ТХҮ- ОРХ/6461 дугаартай үнэлгээний тайлан, Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Толгодын **-** тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргээр,
2023 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 18 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Толгодын **-** тоот, хохирогч П.Х-ын өмчлөлийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшингийн цонхыг хагалан нэвтэрч эмэгтэй хүний хоёр хос пүүз, эрэгтэй хүний хос пүүз, хонины гуя болон жижиглэсэн мах зэрэг 224.000 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авахыг завдсан болох нь;
мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;
хохирогч П.Х-ын “...Манай гэрээс хулгай хийсэн залуу хонины 8кг ястай мах, эмэгтэй хүний хоёр хос пүүз, манай хүүгийн нэг өрөөсөн пүүз авсан, цонхны гадна талын 120x120см хэмжээтэй төмөр хаалт болон 30x30см хэмжээтэй вакум цонхны шилийг хагалсан.” гэх,
Д.Аийн өөрийнх нь өгсөн “...байшин дотроос хоёр хос цагаан өнгийн гутал, хөргөгчнөөс ууттай мах аваад цонхоор нь авсан эд зүйлээ шидэж гаргаад байшингаас гарах гэж байтал эзэн нь бололтой настай эгч гаднаас хаалгаа онгойлгоод ороод ирсэн, би анх орж ирсэн цонхоороо гарч зугтаасан, ямар нэгэн эд зүйл авч чадаагүй.” гэх мэдүүлгүүд,
“Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн ТХҮ- ОРХ/6776 дугаартай үнэлгээний тайлан, Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Толгодын **-** тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргээр,
2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Толгодын **-** тоот, хохирогч Б.Н-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох байшингийн цонхоор нэвтэрч 15кг үхрийн борц, 10кг хонины хаа, гуя, хонины сүүл, улаан дарс, гурван ширхэг газ, нэг хос пүүз зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1.186.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;
мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;
хохирогч Б.Н-ийн “...хонины өрөөл мах, бурхны архи, үхрийн борц ойролцоогоор 15кг алдагдсан байсан.” гэх,
Д.Аийн өөрийнх нь өгсөн “...мансард хэсэгт нь өлгөөд хатааж байсан борц байсан тэрийг торонд хийтэл хоёр тор болсон, доошоо буугаад үүдэн хэсэгт хар өнгийн том размертай пүүз байсныг шууд аваад өмсчихсөн, гал тогооны өрөөний хөлдөөгчөөс хонины гуя байсныг авсан. Хагарсан цонхны хажуу талд жижиг ширээн дээрээс задалчихсан виног аваад гарсан.” гэх мэдүүлгүүд,
“Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн ТХҮ- ОРХ/6574 дугаартай, 2023 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн ТХҮ-ОРХ/6574-01 дугаартай үнэлгээний тайлангууд, Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Толгодын **-** тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргээр тус тус тогтоогдсон бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бүрмөсөн үнэ төлбөргүйгээр өөрийн эзэмшилдээ авч ашиглах, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлснээр хулгайлах гэмт хэргийг төгссөнд тооцно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд эзэмшигч, өмчлөгчийн орон байр, агуулахад түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, хаалга, цонх, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад сэм орох, нуугдах” зэрэг аргаар нэвтрэн орсон байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Д.Аийн бусдын орон байранд нэвтэрч, эд зүйл хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Хууль зүйн хувьд,
шүүгдэгч Д.Аийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэйгээс гадна уг гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж,
мөн хуулийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл, эс үйлдэхүйг санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй бол гэмт хэрэг үйлдэхээр завдах гэнэ.” гэж тус тус хуульчилсан.
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Д.Аийн “эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн.” гэх гэмт хэргийг хэд, хэдэн удаагийн үйлдлээр буюу үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэн гэж, мөн “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлахыг завдсан” гэж яллах дүгнэлт үйлдсэн хуулийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.
Шүүгдэгч Д.Аийн эрх зүйн байдлыг нь дээрдүүлж “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлахыг завдсан.” үйлдлийг нь “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн.” гэх хүндрүүлэх бүрэлдэхүүнийг агуулах гэмт хэрэгт нь багтаан гэм буруутайд тооцох нь зөв юм.
Иймд шүүх шүүгдэгч Д.Аийг “үргэлжилсэн үйлдлээр, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн.” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, шүүх хуралдаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно.” гэсэн хүсэлтийг гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.
Шүүгдэгч Д.Аэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх;
Шүүх шүүгдэгч Д.Аийг “үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн.” гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүх хуралдааны үед;
улсын яллагч “...шүүгдэгч Д.Аэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 4 жил хорих ял оногдуулж, энэ тогтоолоор оногдуулсан хорих ял дээр Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 7 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил хорих ялыг нэмж нийт 6 жил хорих ял оногдуулах.” гэсэн,
шүүгдэгч Д.А өөрөө өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцож, “...надад оногдуулах ялыг багасгаж өгөөч.” гэсэн саналыг тус тус гаргав.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж,
мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна.” гэж хуульчилан заасан байна.
Шүүх шүүгдэгч Д.Аэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,
шүүгдэгч нь үргэлжилсэн үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, урьд тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 7 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жил тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал болон гэмт хэргийн улмаас хохирогч нарт учруулсан хохирлыг бүрэн төлсөн байдал, өндөр настай эцэг, бага насны охины хамт амьдардаг зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил хорих ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 7 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож,
мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ялыг нэмж, түүний эдлэх нийт ялын хэмжээг 4 /дөрөв/ жил хорих ялаар тогтоов.
Шүүгдэгч Д.Аийн 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 99 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.
Шүүх шүүгдэгч Д.Аэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг төлсөн.”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд,
мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн.”-ийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Бусад асуудал;
шүүгдэгч Д.Аийн “үргэлжилсэн үйлдлээр, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн.” гэм буруутай үйлдлийн улмаас;
хохирогч Я.От 2.010.000 төгрөгийн,
хохирогч Б.Наранцэцэгт 1.186.000 төгрөгийн,
хохирогч П.Хишигжаргалд 224.000 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь хэрэгт цуглуулсан нотлох баримтуудаар тогтоогдсон, шүүгдэгч нь хохирогч нарт учруулсан хохирлыг бүрэн төлсөн баримтыг шүүхэд ирүүлснийг үндэслэн түүнийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураасан “Ecco” гэх бичиглэлтэй пүүзэн гутлыг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж,
битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь 99 хоног цагдан хоригдсон, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж,
шүүгдэгч Д.Аэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Д.Аийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийг 3, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “үргэлжилсэн үйлдлээр, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн.” гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Д.Аийг 2 /хоёр/ жил хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 7 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Д.Аэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож,
мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жил хорих ялыг нэмж, түүний нийт эдлэх ялын хэмжээг 4 /дөрөв/ жил хорих ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Аэд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Аийн 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 08-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 99 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Аэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураасан “Ecco” гэх бичиглэлтэй пүүзэн гутлыг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж,
битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь 99 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.
8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ