Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 2023/ШЦТ/294

 

2023         8             08                                 2023/ШЦТ/294

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Б,  

улсын яллагч Т.Төгөлдөр,

хохирогч З.А,

шүүгдэгч Г.Ү нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүгдэгч Г.Үд холбогдох эрүүгийн 2325000000*** дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, Г.Ү

Шүүгдэгч Г.Ү нь;

архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2023 оны 5 дугаар сарын 27-ны шөнө 02.00 цагийн орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум ************** баарны гадаа “ээжийг муулсан” гэсэн шалтгаанаар хохирогч З.А-тай маргалдаж, хохирогчийн нүүрийг маажиж, нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь “зүүн нүдний дээд зовхины ирмэгт шарх, дээд уруулын дотор салстад шарх, нүүрэнд олон тооны гүн зулгарсан шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Г.Ү “...мөрдөн байцаалтын шатанд үнэн, зөв мэдүүлгээ өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.   

хохирогч З.А “...2023 оны 5 дугаар сарын 26-ны орой “******” төвд найзтайгаа хоолонд ороод сууж байхад Г.Ү нэг эмэгтэйтэй хамт орж ирсэн, Г.Ү “баар орьё” гэж хэлээд “*****” бааранд орж дөрвүүлээ нэг шил архи уусан, дараа нь “Loft” бааранд дөрвүүлээ орсон. Бааранд ороод хамт ажилладаг М.А, Ууганаа хоёртой нийлж зургуулаа нэг ширээнд сууж байхад У, Г.Ү хоёр үнсэлцээд байхаар нь А бид хоёр инээсэн, Г.Ү надад “чи манай ээжийг доромжиллоо” гэж хэлээд миний хамар руу цохиод цус гаргасан, би цагдаад дуудлага өгөөд хоёр цагдаа ирэхэд Г.Ү зугтаачихсан байсан. Г.Ү “шүүх юу гэж шийднэ, биелүүлнэ” гэсэн, энэ сорви миний насан туршийн сорви болсон, эмнэлэгт байхад “эргэж ирнэ” гэсэн боловч ирээгүй, “тос авч өгнө” гэсэн боловч бас л ирээгүй. Ээж нь над руу залгаад “чамайг ажилгүй болгоно, юу олж долоохыг чинь харна.” гэж хэлж байсан. Нэхэмжилсэн өмнөх зардал дээрээ нэмж Улаанбаатар хотод лазер эмчилгээнд орсон зардлаа гаргуулж авмаар байна, гомдолтой байна.” гэв. 

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч З.Аын “...2023 оны 5 дугаар сарын 26-ны орой 21 цагийн үед найз Лхагваагийн хамт “Баялаг” төвд хоолонд орж байтал гаднаас хамт ажилладаг Г.Ү, нэг эмэгтэйтэй хамт хоёулаа орж ирээд хажууд ирээд суусан, ...22 цаг өнгөрч байх үед “*****” бааранд орж дөрвүүлээ нэг шил архи уусан, ...23 цагийн үед “***** бааранд дөрвүүлээ ороод хамт ажилладаг М.А, У хоёртой нийлж зургуулаа нэг ширээнд сууж байхад У, Г.Ү хоёр үнсэлцээд байхаар нь А бид хоёр хараад жаахан инээсэн, ...баарны гадаа гарах үед Г.Ү надад “чи манай ээжийг доромжиллоо, олон юм ярилаа” гэж хэлээд миний хамар руу цохисон, хамраас цус гарсан, “хамраас цус гарчихлаа” гээд доошоо тонгойтол үснээс зулгаасан, нүүрийг маш олон удаа маажсан, би цагдаа руу залгаж дуудлага өгтөл Г.Ү зугтаачихсан. ...би Г.Үд зодуулсан, ...намайг зодчихоод “та нарыг бүгдийг чинь ажилгүй болгоно, намайг ямар гэдгийг мэдэхгүй л байна даа, миний ээжийг доромжилсон” гээд хашхираад байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дугаар тал/,

гэрч Г.Л-ийн “...2023 оны 5 дугаар сарын 26-ны орой 21 цагийн үед ажлын газрын эмэгтэй З.Атай утсаар ярьж уулзаад “Баялаг” лоунжид орсон. ... “Баялаг” дотор байхад гаднаас ажлын газрын Г.Ү, Х хоёр орж ирээд бид хоёртой хамт нэг ширээнд суусан. ...22 цаг өнгөрч байх үед бид дөрөв таксинд суугаад “Sugar” бааранд орсон, бааранд байхдаа нэг шил архи хувааж уусан, 00 цагийн үед баар хаасан учраас бид дөрөв “Loft” бааранд...ороод ажлын газрын У, М.А нартай нийлж зургуулаа нэг ширээнд суусан. ...Баарны гадаа Г.Ү З.Ад “чи миний ээжийг доромжилсон, муулсан” гэсэн утгатай үг хэлж уурлаад З.Аын хамар руу гараараа нэг удаа цохиж авсан, гэтэл З.Аын хамраас цус гарсан, энэ үед Г.Ү З.Аын үснээс зулгааж нүүрийг нь маажсан, З.А Г.Үг зөрүүлж үсдээд адилхан үсдэлцсэн гэхдээ З.А Г.Үгийн нүүр, ам руу цохиж бариагүй, З.А нүүрээ маажуулж, Г.Үд зодуулаад цагдаа руу залгаж дуудлага өгсөн, гэтэл Г.Ү яваад өгсөн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дахь тал/,

Г.Үгийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2023 оны 5 дугаар сарын 26-ны орой 21 цагийн үед ажлаасаа буугаад ажлын газрын эгч Тунгалагхөвсгөлийн хамт “Баялаг” орох үед З.А, Л хоёр пиво уугаад сууж байсан, бид нар хамт нэг ширээнд суусан, Т эгч бид хоёр тэр хоёрын дэргэд суугаад нэг, нэг шил пиво уусан. 23 цаг өнгөрч байх үед З.А “хэдүүлээ баар орьё, баар хаалаа шүү” гэж хэлсэн. ...бид дөрөв “Sugar” бааранд ороод 0.5л хэмжээтэй нэг шил архи хувааж уусан, 00 цагийн үед “loft” бааранд ороод ажлын газрын У ахтай нийлж тавуулаа хамт суусан. ...Бааранд бүжиглэж байгаад сандал руу очих үед З.А, Л-тай юм ярьж байсан, яриаг нь сонстол З.А Л-д манай ээжийг “зэвүүн п***а, ажил дээр намайг аймар дарамталдаг байсан, намайг ажлаас өөр ажил руу шилжүүлсэн” гэж ярьж байсан, би З.Ад “эгч та миний ээжийн талаар хажууд битгий яриад байгаарай, ярих гэж байгаа бол чимээгүй, зөөлөн яриарай” гэж хэлсэн. З.А надад “угаасаа танай ээж зэвүүн п***а, хүн болгон мэддэг юм байна лээ шүү дээ” гэж хэлсэн тэгэхээр нь би З.Аын нүүр рүү гараараа нэг удаа алгадсан. Гэтэл З.Аын хамраас цус гарсан, үүний дараа тэк рүү явж байтал араас З.А хүрч ирээд миний үснээс зулгааж, доошоо дарж газар чирсэн, баарны гадаа байхад З.А над руу “чи миний хамраас цус гаргалаа” гэж хэрүүл өдөөд байхаар нь би “чи тэгвэл миний ээжийн талаар ингэж ярихгүй” гэж хэлсэн. ...би З.Аын үснээс зөрүүлж үсдэх гэж байгаад гар хүрэхгүй нүүрийг нь хумсаараа маажсан, зодооны дараа З.Ааас “яагаад намайг үсдэж байгаа юм” гэхэд “чиний ээжид дарамтлуулдаг байсан өс хонзонг чамаас авч байна гэж чи ойлго” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 30 дахь тал/,

“...Надад сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. З.А миний ээжийг хэл амаар доромжлоогүй бол ийм асуудал болохгүй байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дахь тал/,

Шүүхийн Шинжилгээний Ерөнхий Газар Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, эмчийн 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 499 дугаартай;

“...1.З.Аын биед зүүн нүдний дээд зовхины ирмэгт шарх, дээд уруулын дотор салстад шарх, нүүрэнд олон тооны гүн зулгарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

2.3.4.5.Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлийн /хүний гарын хумсаар/, олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байхаар шинэ гэмтлүүд байна.

6.Зүүн нүдний дээд зовхины ирмэгт шарх, дээд уруулын дотор салстад шарх, нүүрэнд олон тооны гүн зулгарсан шарх нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 17-19 дэх  тал/,

хохирогч З.Аын;

“...2023 оны 5 дугаар сарын 26-ны шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг “**** баарны гадаа бусдад зодуулсан.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 5 дахь тал/,

түүний өргөдөл /хавтаст хэргийн 7 дахь тал/,

эрүүл мэндийн үйлчилгээ авсны төлбөрт 550.000 төгрөг төлсөн баримт /хавтас хэргийн 53 дахь тал/, 

сорвины тосны үнэ 85.000 төгрөг төлсөн баримт /хавтас хэргийн 54 дэх тал/, 

шүүх хуралдааны үед шинээр гаргаж өгсөн,

Улаанбаатар хотод лазер эмчилгээ хийлгэхэд автомашинд шатахуун хийсний зардлын 212.000 төгрөгийн,

лазер эмчилгээнд 1см сорвийг 50.000 төгрөгөөр арилгуулна, нэг удаа эмчилгээнд орж 6.5см сорвийг 325.000 төгрөгөөр эмчлүүлсэн тухай “Хэлэн гоо” эмнэлгийн их эмч Ч.Оюундарь гэсэн тэмдэг, гарын үсэг бүхий бичиг,

шүүгдэгч Г.Үгийн;

эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 40 дэх тал/,

иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 60 дахь тал/,

шүүх хуралдааны үед шүүгдэгч нь хохирогч З.Аын эмчилгээний зардалд нийт 1.172.000 төгрөг нөхөн төлсөн тухай баримт зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мөн Г.Үгаас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

 

          мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгч Г.Үг гэм буруутайд тооцох;

шүүгдэгч Г.Ү нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2023 оны 5 дугаар сарын 27-ны шөнө 02.00 цагийн орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг “*****” баарны гадаа “ээжийг муулсан” гэсэн шалтгаанаар хохирогч З.Атай маргалдаж, хохирогчийн нүүрийг маажиж, нүүрэн тус газар нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх,

хохирогч З.А-ын “...баарны гадаа гарах үед Г.Ү надад “чи манай ээжийг доромжиллоо, олон юм ярилаа” гэж хэлээд миний хамар руу цохисон, хамраас цус гарсан, “хамраас цус гарчихлаа” гээд доошоо тонгойтол үснээс зулгаасан, нүүрийг маш олон удаа маажсан, ...би Г.Үд зодуулсан.” гэх,

гэрч Г.Л-ийн “...Баарны гадаа Г.Ү З.Ад “чи миний ээжийг доромжилсон, муулсан” гэсэн утгатай үг хэлж уурлаад З.Аын хамар руу гараараа нэг удаа цохиж авсан, гэтэл З.Аын хамраас цус гарсан, энэ үед Г.Ү З.Аын үснээс зулгааж нүүрийг нь маажсан.” гэх,

Г.Ү-гийн өөрийнх нь өгсөн “...би З.Аын нүүр рүү гараараа нэг удаа алгадсан. Гэтэл З.Аын хамраас цус гарсан, үүний дараа тэк рүү явж байтал араас З.А хүрч ирээд миний үснээс зулгааж, доошоо дарж газар чирсэн, ...би З.Аын үснээс зөрүүлж үсдэх гэж байгаад гар хүрэхгүй нүүрийг нь хумсаараа маажсан.” гэх мэдүүлгүүд,

Шүүхийн Шинжилгээний Ерөнхий Газар Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, эмчийн 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 499 дугаартай;

“...З.Аын биед зүүн нүдний дээд зовхины ирмэгт шарх, дээд уруулын дотор салстад шарх, нүүрэнд олон тооны гүн зулгарсан шарх гэмтэл тогтоогдлоо.” гэсэн дүгнэлт,

хохирогч З.А-ын “...2023 оны 5 дугаар сарын 26-ны шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Хүрэнбулаг баг “Loft баарны гадаа бусдад зодуулсан.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл, түүний өргөдөл зэрэг баримтуудаар тогтоогдож байх бөгөөд уг баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч Г.Ү гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Г.Ү-гийн хохирогч З.Аын эсрэг бие махбодын хүчирхийлэл үйлдэж, нүүрэн тус газарт нь гараараа цохиж, нүүрийг нь маажиж, биед нь “зүүн нүдний дээд зовхины ирмэгт шарх, дээд уруулын дотор салстад шарх, нүүрэнд олон тооны гүн зулгарсан шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Хуульзүйн хувьд,

Шүүгдэгч Г.Ү-гийн хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй,

Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл бөгөөд түүний гэмт үйлдэл, энэ гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Үд яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул шүүх шүүгдэгчийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Г.Ү нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, шүүх хуралдаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно.” гэсэн хүсэлтийг гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.

Шүүгдэгч Г.Үд эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

шүүх шүүгдэгч Г.Үг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Г.Үгийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүх хуралдааны үед;

улсын яллагч “...шүүгдэгч Г.Үд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 90 хоногт төлүүлэх.” гэсэн санал гаргав.

          Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгчид оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзан үзэв. 

          Шүүх шүүгдэгч Г.Үд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,

          хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн  нөхцөл байдал, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон 1.172.000 төгрөгийн хохирол төлбөрийг хохирогч З.Ад нөхөн төлсөн байдал, эрхэлсэн тодорхой ажилтай болон хоёр хүүхдийн хамт ам бүл гурвуулаа амьдардаг хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,

          шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

          торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг түүнд анхааруулав.  

Шүүх шүүгдэгч Г.Үд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ;

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг,

1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн.”-ийг,

1.4-т заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн.”-ийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,

мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж байна.  

Бусад асуудал;

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.

          Шүүх шүүгдэгч Г.Үг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

          түүнээс 1.172.000 төгрөг гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсний дараа шүүгдэгч нь хохирогч З.Ад 1.172.000 төгрөгийг нөхөн төлж барагдуулсан тул шүүгдэгч Г.Үг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

          Харин шүүх хуралдааны үед хохирогч нь “...сорви арилгах нийт 10 удаагийн эмчилгээ хийлгэхээс эхний нэг дэх удаагийн эмчилгээнд ороод 6.5см сорвийг 325.000 төгрөгөөр эмчлүүлсэн, эмчилгээг сард нэг удаа хийнэ гэсэн, 1см сорвийг 50.000 төгрөгөөр арилгана гэсэн тул энэ шүүх хуралдаанаар сорви эмчлүүлэх бүх зардлаа гаргуулмаар байна.” гэж тайлбарласан боловч цаашид ямар хэмжээний сорви арилгах нь тодорхойгүй, энэ талаар нотлох баримтгүй байна.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Иргэний нэхэмжлэл гараагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх шийтгэх тогтоол гаргахдаа цаашид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг заана.” гэж хуульчлан заажээ.   

Шүүгдэгч Г.Үгийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч З.Аын эрүүл мэндэд “зүүн нүдний дээд зовхины ирмэгт шарх, дээд уруулын дотор салстад шарх, нүүрэнд олон тооны гүн зулгарсан шарх” бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн Шинжилгээний Ерөнхий Газар Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, эмчийн 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 499 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон тул хохирогч нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлийг буюу сорви арилгуулах эмчилгээтэй холбоотой гарсан зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй.

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, 

шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа” гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Г.Ү-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ү-г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Г.Ү шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

          4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Ү-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          6.Хохирогч З.А нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлийг буюу сорви арилгуулах эмчилгээтэй холбоотой гарсан зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

          7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЭНХТУНГАЛАГ