Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 08 сарын 08 өдөр

Дугаар 2023/ШЦТ/295

 

 2023         08             08                                  2023/ШЦТ/295

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,    

улсын яллагч Г.А,  

хохирогч Г.Б,

шүүгдэгч Ц.М, өмгөөлөгч Г.Г,

шүүгдэгч С.Ш,

шүүгдэгч Г.Б, өмгөөлөгч Д.Н нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүгдэгч Ц.М, С.Ш, Г.Б нарт холбогдох эрүүгийн 2325000000*** дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, Ц.М

Монгол Улсын иргэн, С.Ш

Монгол Улсын иргэн, Г.Б

Шүүгдэгч Ц.М, С.Ш, Г.Б нар бүлэглэн,

2023 оны 4 дүгээр сарын 29-ний шөнө 01.00 цагийн орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг *-** дүгээр байрны хойд талд хохирогч Г.Б-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, нүүр лүү нь цохих, өшиглөх зэргээр зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Ц.М “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

шүүгдэгч С.Ш “...Миний хувьд хохирогчид огт гар хүрээгүй, Ц.М энэ хоёр үсдэлцээд замын хажуу руу очиход нь би машин дотор сууж байгаад “хүүе, юу болж байна аа” гээд гүйж очоод салгасан, энэ хоёр нэг, нэгнийхээ үснээс зуураад гараа тавихгүй байсан, “эмэгтэй хүмүүс байж та хоёр больчихооч, одоо болно” гэж их гуйсан, би Ц.Мын ард байсан, хохирогчийн биед хүрэх ямар ч боломж байгаагүй, мөн хамт явж байсан гэрч гээд байгаа хоёр залуу огт салгаагүй, машиныхаа наад талд ирж зогсчихоод хараад зогсоод байсан. Г.Б бид хоёр “одоо болно” гэж хэлээд би Ц.Мыг араас нь “одоо боль” гэж хэлээд татаад аваад явсан, түүнээс биш миний хувьд хохирогчид огтхон ч гар хүрээгүй, цохиж зодсон зүйлгүй, хохирол учруулсан зүйлгүй.” гэв.

шүүгдэгч Г.Б “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.

хохирогч Г.Б “...Тухайн үед 00 цагаас хойш манай байрны ард талд дуугаа их чангалсан машин ирээд зогссон, манайх хоёр давхарт байдаг, би гурван нялх хүүхэдтэй, цонхоор харахад хар өнгийн “Jeep машин байсан, тэндээс хоёр, гурван охин хөтлөлцөөд гарч гүйж шээгээд байх шиг байсан. Би эхлээд полкон дээрээсээ орилсон тоогоогүй, тэгээд байж байтал манай ажлын эгч залгаад “байрныхаа урд хальт гараад ирээч, А-аас ганц пиво авчихлаа, уух уу” гэхээр нь гарсан, би эрүүл гарсан, би цагдаа дээр очихдоо ч гэсэн үлээсэн. Машинаас хар хувцастай Ц.М гээд охин буухаар нь араас нь “хөөе” гэж дуудсан, эргэж харахаар нь “энд чинь олон нялх хүүхэд байдаг, хүн амьтан амарч байна, жоохон чимээгүй байгаач” гэхэд “тэгээд чи яах юм, гичий минь” гээд гартаа нэг юм бариад над руу далайгаад ирсэн, цэцэрлэгийн хажуу руу нөгөө юмаа шидээд “тас” гээд хагарсан, над руу ойртоод ирэхээр нь би түлхсэн, тэгсэн миний цээж рүү нэг, хоёр өшиглөөд, үснээс зулгаагаад “чи муу” гээд бүх хараалыг хэлээд надтай үсдэлцээд доошоо унасан, “би чамд буруу шаардлага тавиагүй, чи зүгээр байгаарай” гэхэд хараалаа хэлээд л байсан, амнаас нь архины нэвширсэн, заваан үнэр үнэртэж байсан, хоёр хүүхэн нь машинаас гүйгээд хүрээд ирсэн, “салгах нь уу даа” гэж байтал “Зулаа, наад гичийгээ алаад өг” гэсэн, нөгөө хоёр найз нь бууж ирснээ хөөргөж байгаа байхгүй юу, “наад гичийгээ алаач, ямар овоо гичий вэ” гээд тал, талаас үсдээд өвдөглөсөн, миний цээж, нуруу гээд өшиглөхгүй газар байгаагүй. Энэ охин /С.Шийг хэлэв/ миний гарыг тавиулах гэж байсан гэж ярьж байна, гар тавиулах биш, чи миний нүүрийг самардсан, “тавь чи” гэсээр байгаад миний нүүрийг маажаад самардсан, зураг бүх юмтайгаа байгаа, “салгах гэж байгаа юм болов уу” гэсэн чинь салгаагүй, эдний машины хүн энэ гурвыг машиндаа суулгаад их хурдан зугтаасан, цагдаа дээр бичлэг нь хүртэл байдаг, энэ голд сууж байгаа хүүхэн /С.Шийг хэлэв/ “чиний наадах чинь шүд байсан юм уу, хохино, гичий минь” гэж хэлсэн хүн энэ сууж байна, гар хүрээгүй гэж яриад байгаа хүн чинь энэ хүн, энэ гурван хүн гурвуулаа намайг зодсон, дахиад нэг хүүхэн байсан, та нар дөрвүүлээ явж байсан, тэгээд тэр залуу чинь та нарыг суулгаад аваад явсан, хамгийн муухай нь “цагдаагаа дууд, тэрнээс чинь айх юм уу” гэж хэлж байсан. Би цагдаа дээр очоод үлээсэн, бид нар гурвуулаа үлээсэн, намайг “согтуу байсан” гэж яриад байна, би нүүр, ам бүх юмаа үзүүлээд шүүх эмнэлгээр орсон, хоёр өдөр алдаж байгаад шүүх эмнэлгээр орсон, шүүх эмнэлгээр ороход хүртэл аймар царайтай юм орсон, уусан, идсэн байсан бол цагдаа дээр намайг уусан, идсэн гээд баримтаар гаргаж ирэх л байсан, би ууж идээгүй, пиво задлаад огт амсаагүй байсан, ийм л зүйл болсон. Шүд маань унаагүй байсан бол би ингэж “хохиролтой” гэж явахгүй, би хоёр хүүхнийг нь гүйгээд ирэхээр нь “салгах нь дээ” гэж бодсон чинь нийлээд зодсон, “Зулаа” гэдэг нэрийг цагдаад хэлэхэд цагдаа надад зургийг нь үзүүлсэн, цагдаа дээр зураг нь байсан, би зургийг нь хараад таньсан, та нар салгачихаж болох байсан, тэгэхэд та нар салгаагүй, үгийн муухайгаар нэгнийгээ дэмжиж “алаад өг, наадах аа” гэж нэгнийгээ хөөргөж гурвуулаа нийлж зодсон, хүний нүүр, ам, бие эрхтэнг ямар аймар болгочихоод дараа нь та нар инээгээд бараг л хохино ухааны юм яриад машин руугаа хурдаараа гүйгээд суусан шүү дээ, ийм л зүйл болсон. Би имплант дөрвөн шүдний 8.000.000 төгрөг, тагнайтай шүд хийлгэсний 60.000 төгрөг, гар утасны мэдрэгчтэй шилэн дэлгэцний үнэ 280.000 төгрөг нийт 8.340.000 төгрөгийг энэ хүмүүсээс нэхэмжилж байна.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч Г.Бгийн “...2023 оны 4 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнийн 00 цаг 20 минутаас хойш, Зэст баг *-** дүгээр байрны ард 2-3 эмэгтэй хүмүүс машиндаа чангаар дуу тавиад мөн машиныхаа гадна гарч ирээд инээлдэж орилолдоод байхаар нь цонхоор харахад хар өнгийн дунд зэргийн жийп зогсож байгаа харагдаж байсан. Тэгээд хүүхдүүдээ унтуулчихаад хэвтэж байхад ажлын эгч Н.М миний утас руу залгаж “танай байрны урд ирчихсэн байна, гараад ирээч, ганц пиво ууя” гэхээр нь гэрээсээ гараад иртэл Мягмарзаяа, Энхтөвшин болон машин жолоодож явсан залуу гурав зогсож байсан, машинд суугаад байрны ард зогсоход гадаа машиндаа дуу тавиад чанга, чанга орилоод эмэгтэйчүүд гадаа зогсож байсан, машинд Мягмарзаяа, Энхтөвшин нартай юм яриад сууж байхад нөхөр “Улаанбаатар хотоос ирчихлээ” гэхээр нь байрныхаа урд очиж нөхөртөө гэрийнхээ түлхүүрийг өгчихөөд буцаад Мягмарзаяа, Энхтөвшин нар дээр ирээд нэг пиво уух гээд задлаад сууж байхад байрны ард орилолдоод байсан эмэгтэйчүүд чангаар инээлдээд, орилолдоод байсан. Хар өнгийн машинаас нэг эмэгтэй бууж ирээд миний сууж байсан машины хажуугаар өнгөрөхөөр нь би “та нар түрүүнээс хойш зөндөө ориллоо, энэ байранд олон хүмүүс амьдардаг шүү дээ, ямар ганцаараа байгаа юм уу” гэхэд гартаа барьсан пивоны шилээ хажуу тийш шидээд над руу дөхөж ирээд “чи яах гээд байгаа гичий вэ” гэхээр би “цаашаа бай” гээд түлхсэн, “чи яасан овоо гичий вэ” гээд миний цээж хэсэгт өшиглөөд, цамцны энгэрээс зулгааж дахин өшиглөөд үсдэж дарахаар нь би үснээс нь зулгаагаад бид хоёр машины зогсоолын сул шороо хэсэгт өнхөрч унахад хоёр найз нь машинаас гүйж ирээд хар өнгийн хувцастай, шар үстэй эмэгтэй нь миний үснээс зулгааж, нүүрийг маажиж, дагз руу өшиглөөд байсан. Харин баруун талд байсан эмэгтэй нь ягаан өнгийн өмдтэй, шар өнгийн үстэй байсан, өвдгөөрөө баруун талын шанаа хэсэгт өвдөглөөд байсан, надтай анх үсдэлцэж газарт унасан эмэгтэй хар өнгийн хувцастай, дөрвөлжин намхан өсгийтэй гутлаараа шүд хэсэг рүү 4-5 удаа, гурван эмэгтэй нийлээд олон удаа өшиглөж байхад миний ухаан балартаад унасан. Манай найз Энхтөвшин болон жолооч салгаад босгох үед миний амнаас шингэн зүйл урсах шиг болохоор нь гараараа арчаад үзэхэд цус гарчихсан, шүдээ тэмтрээд үзэхэд нэг шүд уначихсан, гурван шүд хөдөлсөн байхаар нь “чи миний шүдийг унагаачихсан байна шүү дээ” гэхэд “угаасаа шүд байсан юм уу, хохино гичий минь, чи тэр цагдаагаа дууд” гээд орилж байхад цаанаас хар өнгийн машинаас эрэгтэй хүн “хурдан сууцгаа” гэхэд нөгөө гурван эмэгтэй машин руу гүйж очоод суугаад зугтаасан. Нүүр маажиж, гурван эмэгтэй гурвуулаа миний нүүр, толгой хэсэгт өвдөглөж, өшиглөж гэмтэл учруулсан, миний биед халдаж байхдаа гар утасны дэлгэц хагалчихсан байна, нүүрийг маань битүү маажиж, шүдийг маань унагаасан болохоор энэ бүгдийг төлүүлмээр байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 7-8 дахь тал/,

“...Ц.М гэх эмэгтэй анх машинаас буухад нь гадаа тараад “хүмүүс унтаж байна, чимээгүй байж болохгүй юм уу” гэж хэлсэн, зүүн гартаа нэг шил барьчихсан ирээд “асуудал байна уу, гичий минь” гэж хэлээд шилээ хажуу талын цэцэрлэгийн хашаа руу шидсэн чинь хагарсан, над руу дөхөж ирэхээр нь “цаашаа бол” гэж хэлээд түлхсэн чинь хоёр, гурван удаа өшиглөсөн, ...миний үснээс зулгааж 1-19 дүгээр байрны ард талын налуу шороо руу бид хоёр үсдэлцэж, эргэлдэж унасан, нүүр, амнаас маажиж, хэл амаар доромжилж, цээж, гуя, гэдэс рүү өшиглөөд байхаар нь хөлийг нь гэдсэндээ нааж өшиглөхөөс сэргийлсэн. ...хажууд хоёр эмэгтэй хүн ирээд “наад гичийгээ алаад өгөөч, Зулаа” гэж хашгирч байсан, нэг эмэгтэй нь намайг газар хэвтэж байхад дагзнаас үсдэж, нуруу, толгой хэсэг рүү өшиглөсөн, Зулаагийн зүүн гарт зогсож байсан эмэгтэй нь нүүрний баруун талын хэсэг рүү өвдөглөж байсан. ...Зулаа миний нүүр, толгой цээж хэсэг рүү өшиглөсөн, мөн миний ам хэсэг рүү 4-5 удаа өшиглөсөн, тэгээд манай машины жолооч бууж ирээд салгасан. Хажууд Энхтүвшин зогсож байсан, хөл муутай болохоор дундуур орж салгаж чадахгүй байсан, таксины жолооч Энхтөвшин хоёр дундуур орж нэг юм салгасан, босоод ирсэн чинь амнаас цус гараад байхаар нь гараараа тэмтэрч үзсэн чинь миний урд доод талын голын үүдэн шүд унасан байсан, шүдээ хайгаад олоогүй. Цагдаагийн байгууллага дээр ирээд дахиад цус гараад байхаар нь Мягмарзаяа эгч гэрэлд үзсэн чинь унасан шүдний хоёр талын шүд нь буйлтайгаа хавдаж, хөдөлсөн байсан, ...гурван эмэгтэй нийлж, бүлэглэж, зодсон.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дэх тал/,

“...Ц.М, С.Ш, Г.Б гэдэг гурван эмэгтэй гурвуулаа нийлж намайг цохиж зодсон, эхлээд Ц.М над руу дайрч намайг үсдэж, өшиглөн жалга руу унагаахад С.Ш, Г.Б хоёр нь салгахгүй хажуу талаас “наадахаа алаад өг” гээд орж ирэн нийлж хөлөөрөө болон гараараа цохиж зодоод байсан энэ үед л миний биед гэмтэл учирсан. Зодуулж байхад би өөрийгөө л хамгаалах гэж байсан болохоор харанхуйд хэн яг хаашаа цохиод байгаа нь харагдахгүй байсан, нүүр лүү гутал, гар хоёр саваад орж ирээд байсан, миний биеийн бүхий л хэсгийг цохиж зодсон, босож ирээд цагдаа дуудах гээд халаасанд байсан гар утсаа гаргаж ирэхэд “SamsungС-20” загварын гар утасны минь дэлгэц хагарсан байсан, зодуулж байх явцад гар утас хагарсан, гомдолтой байна, ...шүдээ янзлуулах хүсэлтэй байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дахь тал/,

гэрч О.О-ийн “...2023 оны 4 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг 1-19 дүгээр байрны урд талын тээврийн хэрэгслийн зогсоол дээр Амартүвшин ах, хоёр танихгүй эмэгтэй хүн байсан, тэгээд машин дотор сууж байсан чинь хажуу талд хар өнгийн машинтай залуучууд орилолдож байсан, машин дотор сууж байсан эмэгтэй “та хэд орилж, чарлахаа больчих” гэж хэлсэн чинь цаад талын машинд сууж байсан гурван эмэгтэй машинаасаа гарч ирээд машинд сууж байсан эмэгтэйг дуудсан, тэр эгч буусан чинь нөгөө гурван эмэгтэй манай машинд сууж байсан эгч рүү зодох гэж дайрсан, машин дотор сууж байсан эгчийг нэг эмэгтэй хүн нь цохихоор нь үсдэлцэж газар унаад үсдэлцээд байсан, газар унасан байх хойгуур нь дээрээс нь тухайн хоёр эмэгтэй дэвсэж, өшиглөж, гурван эмэгтэй нийлж зодсон.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 15 дахь тал/,

гэрч Н.М-ийн “...тухайн үед Г.Б архи, согтууруулах ундаа хэрэглээгүй, машинаас нойл орох гэж буусан. Тэгээд машины урд талд өндөр, хар өнгийн хувцастай эмэгтэй хүнтэй муудалцаад зогсоод байсан. ...гадаа орилолдоод байхаар нь би Э-г “нөгөө хоёроо аваад ороод ир” гэж хэлсэн. ...Г.Б зогсоолын доод *-** дүгээр байрны ар талын налуу шороон дээр “шүд уначихлаа” гээд орилж байсан, тэгээд урд зогсож байсан машин руу хоёр эмэгтэй суух шиг болохоор нь утсаараа зургийг нь дарсан. ...би Г.Б дээр очсон чинь амнаас нь цус гарсан байдалтай, нэг шүд нь унасан байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дэх тал/,

гэрч Ө.Э-ийн “...2023 оны 4 дүгээр сарын 29-ний орой М эгчтэй уулзаад лаазтай пиво ууж байхад Мягмарзаяа эгч Г.Бтай утсаар холбогдож уулзахаар болсон, би өөрийнхөө машиныг Одзориг гэдэг залуугаар жолоодуулан Мягмарзаяа бид гурав Г.Бгийн гэрийнх нь гадаа буюу Зэст баг 1-19 дүгээр байрны автомашины зогсоол дээр очиход Г.Б гарч ирээд машин дотор сууж лаазтай пиво ууж байхдаа “бие засчихаад ирье” гэж хэлээд машинаас буучихаад орж ирэхгүй байгаад байсан, Г.Б хүнтэй муудалцаад байх шиг чимээ гарахад О машинаас бууж оруулж ирэхээр гараад орж ирэхгүй удаад байхаар нь араас нь гарахад Г.Б нэг эмэгтэйтэй жалга дотор газар унаж үсдүүлж, зууралдсан байдалтай байхад хоёр эмэгтэй хажуу талаас нь салгахгүй хэрнээ нийлж Г.Бг цохиж зодоод байсан. Одзориг бид хоёр дундуур нь орж болиулаад байхад болихгүй, гурван эмэгтэй нийлээд зодоод байсан, уг эмэгтэйчүүдийн сууж явсан машин гэнэт хөдлөх шиг болоод хоёр эмэгтэй гүйж очоод машиндаа суусан, араас нь нэг эмэгтэй нь очиж суусан. ...ямар ч байсан гурван танихгүй эмэгтэй Г.Бг цохиж зодсон.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дэх тал/,

Ц.Мын яллагдагчаар өгсөн “...2023 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн шөнө 01.00 цагийн орчимд С.Ш, Г.Б нартай бүлэглэн, Орхон аймгийн Баян-Өндөр сум Зэст баг 1-19 дүгээр байрны хойд талд үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, хохирогч Г.Бгийн нүүрийг цохих, өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. Г.Б, Г.Бгийн найз Заяа, С.Ш бид дөрөв 2023 оны 4 дүгээр сарын 28-29-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг *-** дүгээр байрны хойд талын зогсоол дээр Заяагийн машин дотор яриад сууж байтал ард талд “НS250” загварын тээврийн хэрэгсэл ирж зогссон бөгөөд би хэсэг хугацааны дараа машинаасаа буухад ардаас хохирогч гээд байгаа Г.Б гэдэг эмэгтэй “хөөе, хүн унтаж амарч байна, яасан их чимээ гаргадаг юм” гэхээр нь би эвтэйхнээр “та нар ч гэсэн чимээ гаргаж байна шүү дээ” гэсэн чинь намайг гараараа түлхэхээр нь зөрүүлээд түлхсэн чинь намайг үсдээд авсан,  би мөн адил зөрүүлээд үсдэхэд бид хоёр үсдэлцсэн чигээрээ хажууд байсан жалга руу өнхөрч унахад хохирогч Г.Бтай хамт явж байсан юм уу гэмээр хоёр  залуу, мөн Г.Б, С.Ш хоёр гарч ирээд бид хоёрыг салгаж, тус тусын машиндаа суугаад явсан. Уг нь бид хоёрыг салгасан гэж бодсон чинь прокурорын тогтоол дээрээс түүний мэдүүлгийг уншихад Г.Б, С.Ш хоёр Г.Бгийн биед халдсан юм шиг байна, би Г.Бтай үсдэлцээд хэвтэж байсан болохоор яг цохиж, зодож байгааг нь хараагүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 65 дахь тал/,

 

          С.Шийн яллагдагчаар өгсөн “...Тухайн өдрийн шөнө Ц.М тамхи татах гээд машинаас буухад хохирогч гээд байгаа Г.Б гэдэг эмэгтэй “хөөе” гэж дуудан араас нь ирээд Ц.Мыг шууд алгадаж авахад хоёулаа харилцан үсдэлцэж газрын уруу өнхрөөд явчихсан. Тэгээд Г.Б бид хоёр яаж байгаа юм бол гээд гүйж очоод Ц.Мыг уг эмэгтэйгээс салгаж авсан, цохиж, зодсон үйлдэл гаргаагүй байхад яагаад бид хоёрыг зодсон гээд байгааг гайхаж байна. Хохирогч гээд байгаа эмэгтэй маш их согтолттой хөл дээрээ ч тогтож чадахгүй, утга учиргүй орилоод байсан. Ц.М Г.Б бид гурав бараг согтолтгүй эрүүл байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 72 дахь тал/,

          Г.Бгийн яллагдагчаар өгсөн “...машин дотор Ц.М, С.Ш, Э бид дөрөв сууж байхад гадаа нэг эмэгтэй “чимээгүй байгаач, хүмүүсийн амгалан тайван байдал алдагдуулаад байна шүү дээ” гэсэн чинь Ц.М машинаас бууж уг эмэгтэйтэй уулзахаар болсон, Эрдэнэзаяа “Ц.М хүнтэй муудалцаад байна шүү дээ” гэхээр нь С.Ш бид хоёр машинаас бууж очиход Ц.Мыг хохирогч гээд байгаа эмэгтэй үсдээд доош дарчихсан,  харилцан нэг, нэгнийгээ үсдэж жалга руу хоёулаа өнхрөөд уначихсан. Тэгээд С.Ш бид хоёр салгах гээд зөндөө зууралдахад хохирогч гээд байгаа эмэгтэй тавихгүй үсдээд байгаад байсан, уг нь Ц.М “болъё” гээд байсан, энэ үед хоёр эрэгтэй хүн хажуу талд хараад зогсоод байсан, арай хийж нэг юм салган би Ц.Мыг машинд авч суухад С.Ш цааш тусдаа яваад өгсөн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 78 дахь тал/,

Шүүхийн Шинжилгээний Ерөнхий Газар Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, эмчийн 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 383 дугаартай;

“...1.2.Г.Бгийн биед доод зүүн нэгдүгээр шүдний булгаралт, баруун нүдний зовхи, баруун гарын бугалга, бугуй, зүүн гуя, хоёр хөлийн өвдөгт цус хуралт, нүүрэнд зулгаралт, хоёр шүдний ганхалт гэмтэл тогтоогдлоо. 3.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр, доод зүүн нэгдүгээр шүдний булгаралт, баруун нүдний зовхи, баруун гарын бугалга, бугуй, зүүн гуя, хоёр хөлийн өвдөгт цус хуралт, нүүрэнд зулгаралт нь хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байхаар шинэ гэмтлүүд байна. Хоёр шүдний ганхалт гэмтлийн үүссэн цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй. 4.Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 5.Доод зүүн нэгдүгээр шүдний булгаралт нь ерөнхий хөдөлмөрийн чадварын 5% тогтонги алдуулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Баруун нүдний зовхи, баруун гарын бугалга, бугуй, зүүн гуя, хоёр хөлийн өвдөгт цус хуралт, хоёр шүдний ганхалт нь тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэргийн зааврын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Нүүрэнд үүссэн зулгаралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэргийн зааврын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 25-27 дахь тал/,

“Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн ТХҮ-ОРХ/6624 дугаартай; “...“SamsungС-20” гар утасны мэдрэгчтэй шилэн дэлгэц 280.000 төгрөг.” гэсэн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 47-49 дэх тал/,

хохирогч Г.Бгийн;

“...2023 оны 4 дүгээр сарын 29-ний шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн нутаг дэвсгэрт үл таних эмэгтэйчүүдэд зодуулсан.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дэх тал/,

Орхон аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 2 дахь тал/,

эрүүл мэндийн үйлчилгээ авсны 60.000 төгрөгийн баримт /хавтаст хэргийн 28-29 дэх тал/,

“Ашид билгүүн” ХХК-д үнэлгээ хийлгэхэд төлсөн 20.000 төгрөгийн баримт /хавтаст хэргийн 50 дахь тал/,

шүүх хуралдаан эхлэхэд шинээр гаргаж өгсөн “Хаш” эмнэлгийн их эмч Б.О-ийн “дөрвөн шүдний имплант болон хоёр шүд авахуулах нь үнэн болно. Нийт дөрвөн шүд имплант 8.000.000 төгрөг, шүд авалт 70.000 төгрөг, оношлогооны дэлгэсэн рентген зураг 30.000 төгрөг болно.” гэсэн бичиг,

рентген зургийн хуулбар,

шүүгдэгч Ц.Мын;

эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 86 дахь тал/,

иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 103 дахь тал/,

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 162 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 88-91 дэх тал/,

“Эрдэнэт хивс” ХХК-ийн тодорхойлолтууд /хавтаст хэргийн 113, 114 дэх тал/,

 Орхон аймаг Баян-Өндөр сум Наран багийн зохион байгуулагчийн тодорхойлолт /хавтаст хэргийн 115 дахь тал/,

Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол /хавтаст хэргийн 147 дахь тал/,

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа,

шүүгдэгч С.Шийн;

эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 92 дахь тал/,

иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 104 дахь тал/,  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 182 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 94-99 дэх тал/,

Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол /хавтаст хэргийн 148 дахь тал/,

шүүгдэгч Г.Бгийн;

эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 85 дахь тал/,

иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 101 дэх тал/,

бакалаврын дипломын хуулбар /хавтаст хэргийн 122-123 дахь тал/,

хохирогчийн хохиролд төлөх 120.000 төгрөгийг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар хорих ангийн 5093216051 дансанд шилжүүлсэн тухай банкны баримт,

Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн зохион байгуулагчийн тодорхойлолт зэрэг болно.

Шүүх хуралдааны үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мөн Ц.М, С.Ш, Г.Б нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтүүдийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрсдийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч нар гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд тэдний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцох;

шүүгдэгч Ц.М, С.Ш, Г.Б нар бүлэглэн, 2023 оны 4 дүгээр сарын 29-ний шөнө 01.00 цагийн орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг *-** дүгээр байрны хойд талд хохирогч Г.Бтай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, нүүр лүү нь цохих, өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь “доод зүүн нэгдүгээр шүдний булгаралт, баруун нүдний зовхи, баруун гарын бугалга, бугуй, зүүн гуя, хоёр хөлийн өвдөгт цус хуралт, хоёр шүдний ганхалт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх,

шүүх хуралдааны үед өгсөн хохирогч Г.Бгийн “...Машинаас хар хувцастай Ц.М гээд охин буухаар нь араас нь “хөөе” гэж дуудсан, эргэж харахаар нь “энд чинь олон нялх хүүхэд байдаг, хүн амьтан амарч байна, жоохон чимээгүй байгаач” гэхэд “тэгээд чи яах юм, гичий минь” гээд гартаа нэг юм бариад над руу далайгаад ирсэн, цэцэрлэгийн хажуу руу нөгөө юмаа шидээд “тас” гээд хагарсан, над руу ойртоод ирэхээр нь би түлхсэн, тэгсэн миний цээж рүү нэг, хоёр өшиглөөд, үснээс зулгаагаад “чи муу” гээд бүх хараалыг хэлээд надтай үсдэлцээд доошоо унасан, ...хоёр хүүхэн нь машинаас гүйгээд хүрээд ирсэн, “салгах нь уу даа” гэж байтал “Зулаа, наад гичийгээ алаад өг, ...“наад гичийгээ алаач, ямар овоо гичий вэ” гээд тал, талаас үсдээд өвдөглөсөн, миний цээж, нуруу гээд өшиглөхгүй газар байгаагүй. Энэ охин /С.Шийг хэлэв/...чи миний нүүрийг самардсан, “тавь чи” гэсээр байгаад миний нүүрийг маажаад самардсан, ...энэ гурван хүн гурвуулаа намайг зодсон.” гэх,

мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн хохирогч Г.Бгийн “...Хар өнгийн машинаас нэг эмэгтэй бууж ирээд миний сууж байсан машины хажуугаар өнгөрөхөөр нь би “та нар түрүүнээс хойш зөндөө ориллоо, энэ байранд олон хүмүүс амьдардаг шүү дээ, ямар ганцаараа байгаа юм уу” гэхэд гартаа барьсан пивоны шилээ хажуу тийш шидээд над руу дөхөж ирээд “чи яах гээд байгаа гичий вэ” гэхээр би “цаашаа бай” гээд түлхсэн, “чи яасан овоо гичий вэ” гээд миний цээж хэсэгт өшиглөөд, цамцны энгэрээс зулгааж дахин өшиглөөд үсдэж дарахаар нь би үснээс нь зулгаагаад бид хоёр машины зогсоолын сул шороо хэсэгт өнхөрч унахад хоёр найз нь машинаас гүйж ирээд хар өнгийн хувцастай, шар үстэй эмэгтэй нь миний үснээс зулгааж, нүүрийг маажиж, дагз руу өшиглөөд байсан. Харин баруун талд байсан эмэгтэй нь...өвдгөөрөө баруун талын шанаа хэсэгт өвдөглөөд байсан, надтай анх үсдэлцэж газарт унасан эмэгтэй хар өнгийн хувцастай, дөрвөлжин намхан өсгийтэй гутлаараа шүд хэсэг рүү 4-5 удаа, гурван эмэгтэй нийлээд олон удаа өшиглөж байхад миний ухаан балартаад унасан. ...Нүүр маажиж, гурван эмэгтэй гурвуулаа миний нүүр, толгой хэсэгт өвдөглөж, өшиглөж гэмтэл учруулсан, миний биед халдаж байхдаа гар утасны дэлгэц хагалчихсан байна, нүүрийг маань битүү маажиж, шүдийг маань унагаасан. ...хажууд хоёр эмэгтэй хүн ирээд “наад гичийгээ алаад өгөөч, Зулаа” гэж хашгирч байсан, нэг эмэгтэй нь намайг газар хэвтэж байхад дагзнаас үсдэж, нуруу, толгой хэсэг рүү өшиглөсөн, Зулаагийн зүүн гарт зогсож байсан эмэгтэй нь нүүрний баруун талын хэсэг рүү өвдөглөж байсан. ... гурван эмэгтэй нийлж, бүлэглэж, зодсон.” гэх,

гэрч О.О-ийн “...машин дотор сууж байсан эгчийг нэг эмэгтэй хүн нь цохихоор нь үсдэлцэж газар унаад үсдэлцээд байсан, газар унасан байх хойгуур нь дээрээс нь тухайн хоёр эмэгтэй дэвсэж, өшиглөж, гурван эмэгтэй нийлж зодсон.” гэх,

гэрч Н.М-ийн “...Г.Б зогсоолын доод 1-19 дүгээр байрны ар талын налуу шороон дээр “шүд уначихлаа” гээд орилж байсан, ...би Г.Б дээр очсон чинь амнаас нь цус гарсан байдалтай, нэг шүд нь унасан байсан.” гэх,

гэрч Ө.Э-ийн “...Г.Б хүнтэй муудалцаад байх шиг чимээ гарахад О машинаас бууж оруулж ирэхээр гараад орж ирэхгүй удаад байхаар нь араас нь гарахад Г.Б нэг эмэгтэйтэй жалга дотор газар унаж үсдүүлж, зууралдсан байдалтай байхад хоёр эмэгтэй хажуу талаас нь салгахгүй хэрнээ нийлж Г.Бг цохиж зодоод байсан. ...ямар ч байсан гурван танихгүй эмэгтэй Г.Бг цохиж зодсон.” гэх мэдүүлгүүдээр,

Шүүхийн Шинжилгээний Ерөнхий Газар Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, эмчийн 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 383 дугаартай дүгнэлт, хохирогч Г.Бгийн “...2023 оны 4 дүгээр сарын 29-ний шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст багийн нутаг дэвсгэрт үл таних эмэгтэйчүүдэд зодуулсан.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл, хохирогчийн гаргасан өргөдөл зэрэг баримтуудаар тогтоогдсон бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүй байна.

Хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд;

шүүгдэгч Ц.М нь 2023 оны 4 дүгээр сарын 29-ний шөнө 01.00 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг *-** дүгээр байрны гадаа хохирогчийн тавьсан “энд чинь олон нялх хүүхэд байдаг, хүн амьтан амарч байна, жоохон чимээгүй байгаач” гэсэн хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн маргалдаж, хохирогч Г.Бгийн нүүр лүү цохих, өшиглөх зэргээр зодсон, улмаар шүүгдэгч С.Ш, Г.Б нар нь үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж хохирогч Г.Бг зодож, эрүүл мэндэд нь “доод зүүн нэгдүгээр шүдний булгаралт, баруун нүдний зовхи, баруун гарын бугалга, бугуй, зүүн гуя, хоёр хөлийн өвдөгт цус хуралт, хоёр шүдний ганхалт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэгт цуглуулсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсоноос гадна нотлох баримтуудыг үгүйсгэх, няцаах үндэслэл тогтоогдоогүй, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтэл нь шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Ц.М, С.Ш Г.Б нарын хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэйгээс гадна Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь шүүгдэгч бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд хэрэгт цуглуулсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ц.М, С.Ш, Г.Б нарын үйлдэл “бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д “хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой ..., ..., шүүгдэгчийн нэг нь өмгөөлөгчтэй байгаа бол бусад ..., ..., шүүгдэгч оролцох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүйгээр явуулж болохгүй.” гэж хуульчилсан бөгөөд энэ хэргийн шүүгдэгч Ц.М, Г.Б нар нь хуульд заасан эрхээ эдэлж өмгөөлөгч сонгон авсан, харин шүүгдэгч С.Ш нь өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцож байна.

Шүүх хуралдаан эхлэхэд шүүгдэгч С.Шт “хэргийн талаар харилцан эсрэг сонирхолтой” гэх байдлыг тайлбарлаад өмгөөлөгч сонгон авах эсэхийг тодруулахад “өмгөөлөгчгүй шүүх хуралдаанд оролцоно, шүүгдэгч Ц.М, Г.Б нартай хэргийн талаар харилцан эсрэг сонирхол байхгүй.” гэж тайлбарласан тул шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлсэн болно.

Шүүх хуралдааны үед;

шүүгдэгч С.Ш “...Миний хувьд хохирогчид огт гар хүрээгүй, Ц.М энэ хоёр үсдэлцээд замын хажуу руу очиход нь би машин дотор сууж байгаад “хүүе, юу болж байна аа” гээд гүйж очоод салгасан, энэ хоёр нэг, нэгнийхээ үснээс зуураад гараа тавихгүй байсан, ...би цохиж зодсон зүйлгүй, хохирол учруулсан зүйлгүй.” гэж тайлбарласан бөгөөд шүүгдэгчийн энэ мэдүүлгийг зөвтгөх, хохирогч Г.Бгийн болон гэрч О.О, Н.М, Ө.Э нарын мэдүүлгийг үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “...шүүгдэгч өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн бусад байдлыг нотлох үүрэг хүлээхгүй, мөн мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг дангаараа нотлох баримт болохгүй.” гэж заасан бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ нотлох баримтад үндэслэн тайлбарлаагүйгээс гадна мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй болно.

Хохирогч Г.Б, гэрч О.О, Н.М, Ө.Э нар мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн, зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлсэн баталгаа гаргаж мэдүүлэг өгсөн тул тэдний мэдүүлгийг үнэн зөв биш, эргэлзээтэй гэж үзэх боломжгүй юм.

Иймд шүүгдэгч С.Шийг энэ гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл нотолгоогүй, цаашлаад хэргийн нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох, түүнийг цагаатгах үндэслэлгүй байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгасан, шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, хэргийн үйл баримтын талаарх хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг бусад нотлох баримтуудыг бүх талаас нь харьцуулан шалгаж, дүгнэлт хийхэд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх шүүгдэгч Ц.М, С.Ш, Г.Б нарыг “бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

шүүх шүүгдэгч Ц.М, С.Ш, Г.Б нарыг бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед;

улсын яллагчаас “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М, Г.Б нарт 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 5 сарын хугацаанд,

шүүгдэгч С.Шт 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх.” гэсэн,

шүүгдэгч Ц.Мын өмгөөлөгч Г.Ганбаяр “...шүүгдэгч Ц.Мд торгох ял оногдуулж, торгууль төлөх хугацааг урт хугацаагаар тогтоож өгнө үү.” гэсэн,

шүүгдэгч Г.Бгийн өмгөөлөгч Д.Наранхүү “...ял оногдуулахдаа шүүгдэгч нарын оролцсон оролцоог харгалзаж үзнэ үү, гэмт хэрэг үйлдэгдэхэд  шүүгдэгч Ц.Мын буруутай үйл ажиллагаа нөлөөлснийг, шүүгдэгч Г.Б тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, мөн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг зэргийг нь харгалзан 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулна уу.” гэсэн саналыг тус тус гаргаж,

шүүгдэгч С.Ш өөрөө өөрийгөө өмгөөлөн шүүх хуралдаанд оролцож “...би энэ хэрэгт огт холбоогүй, би ямар ч хэрэг хийгээгүй, намайг зодсон гэж хэлээд байгаад хохирогчид гомдолтой байна, намайг гэм буруутайд тооцож болно, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгөөч.” гэсэн болно.

Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог.

          Шүүх шүүгдэгч Ц.М, С.Ш, Г.Б нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд, шүүгдэгч нар нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоосон Шүүхийн Шинжилгээний Ерөнхий Газар, Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, эмчийн 2023 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 383 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Ц.М, С.Ш нар нь урьд энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байсан хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг мөн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоо зэргийг тал бүрээс нь харгалзан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М, С.Ш нарыг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар,

          шүүгдэгч Г.Бг зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 650.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

          шүүгдэгч нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан

шүүгдэгч Ц.М, С.Ш нарт оногдуулсан найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг 12 сарын хугацаанд,

          шүүгдэгч Г.Бд оногдуулсан зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 650.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

          торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг тэдэнд анхааруулав. 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж байна.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ;

шүүгдэгч Г.Бгийн хувьд, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй,

шүүгдэгч Ц.М, С.Ш нарт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Бусад асуудал;

Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж,

мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж тус тус заажээ.

Шүүх хуралдааны үед хохирогч Г.Б нь “...имплант дөрвөн шүдний 8.000.000 төгрөг, тагнайтай шүд хийлгэсний 60.000 төгрөг, гар утасны мэдрэгчтэй шилэн дэлгэцний үнэ 280.000 төгрөг нийт 8.340.000 төгрөгийг энэ хүмүүсээс нэхэмжилж байна.” гэсэн бөгөөд шүүх хавтаст хэргийн 47-49 дэх талд авагдсан, “Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн ТХҮ-ОРХ/6624 дугаартай; “...“SamsungС-20” гар утасны мэдрэгчтэй шилэн дэлгэц 280.000 төгрөг.” гэсэн үнэлгээний тайлан,

хавтаст хэргийн 28-29 дэх талд авагдсан, эрүүл мэндийн үйлчилгээ авсны төлбөр 60.000 төгрөгийн,

хавтаст хэргийн 50 дахь талд авагдсан, “Ашид билгүүн” ХХК-д үнэлгээ хийлгэхэд төлсөн 20.000 төгрөгийн, 

шүүх хуралдаан эхлэхэд хохирогчийн шинээр гаргаж шүүхэд өгсөн “Хаш” эмнэлгийн их эмч Б.Оюундарийн “дөрвөн шүдний имплант болон хоёр шүд авахуулах нь үнэн болно. Нийт дөрвөн шүд имплант 8.000.000 төгрөг, шүд авалт 70.000 төгрөг, оношлогооны дэлгэсэн рентген зураг 30.000 төгрөг болно.” гэсэн бичиг, рентген зургийн хуулбар зэргийг тус тус үндэслэн /280.000 + 60.000 + 20.000 + 8.000.000/ нийт 8.360.000 төгрөгийг нэр бүхий шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн /8.360.000 : 3 = 2.786.666 төгрөг/ гаргуулж хохирогч Г.Бд олгохоор шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Г.Бгийн өмгөөлөгч Д.Наранхүү “...хохирогчийн утасны дэлгэцний үнэ 280.000 төгрөг, үнэлгээний хөлс 20.000 төгрөг, тагнайтай шүд хийлгэсний зардал 60.000 төгрөг нийт 360.000 төгрөгөөс миний үйлчлүүлэгч нь өөрт оногдох 120.000 төгрөгийг дансанд байршуулсан.” гэж тайлбарлаад Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар хорих ангийн 5093216051 дансанд 120.000 төгрөг шилжүүлсэн тухай банкны баримтыг гаргаж өгсөн тул шүүгдэгч Г.Бгийн хариуцан төлөх 2.786.666 төгрөгөөс 120.000 төгрөгийг хасаж тооцов.

Шүүгдэгч Г.Б гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд 120.000 төгрөгийг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар хорих ангийн 5093216051 дансанд байршуулсан байх тул уг мөнгийг гаргуулан хохирогч Г.Бд олгох нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,

шүүгдэгч нарт урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэв.  

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ц.М, С.Ш, Г.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.М, С.Ш нарыг найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар,

шүүгдэгч Г.Бг зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 650.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ц.М, С.Ш нар шүүхээс оногдуулсан найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 12 /арван хоёр/ сарын хугацаанд,

шүүгдэгч Г.Б зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 650.000 төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд анхааруулсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.М, С.Ш, Г.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ц.М, С.Ш нараас тус бүр 2.786.666 төгрөг, шүүгдэгч Г.Бгээс 2.666.666 төгрөг гаргуулж хохирогч Г.Бд олгосугай.

7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурьдаж,

Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар 437 дугаар хорих ангийн ********** данснаас шүүгдэгч Г.Бгийн байршуулсан 120.000 төгрөгийг гаргуулан хохирогч Г.Бд олгосугай.

8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нар, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЭНХТУНГАЛАГ