Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2025/0685

 

         

 

 

 

 

 

 

 

 

 

 

          Б.Цын нэхэмжлэлтэй

                захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 159/ШШ2025/0069 дүгээр шийдвэрийг гуравдагч этгээдА.Шын гаргасан давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Хонинхүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал

Илтгэгч шүүгч Ц.Одмаа

 

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч:Б.Ц

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газар

Гуравдагч этгээд:А.Ш

 

Шүүх хуралдааны оролцогчид:

НэхэмжлэгчБ.Ц,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.С,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Уэ

Гуравдагч этгээдА.Ш

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Н.Х

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул  

Хэргийн индекс: 159/2025/0065/З

                                           ТОДОРХОЙЛОХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 159/ШШ2025/0069 дүгээр шийдвэрээр Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2, 17 дугаар зүйлийн 17.4, 17.10.5, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6 дах хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Б/15 дугаар тушаалыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож шийдвэрлэжээ. 

2. Гуравдагч этгээд А.Ш шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:

2.1. Эрүүл мэндийн тухай хуулийн 11, 12 дугаар холбогдох заалтуудаар “Аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн шатны Нэгдсэн эмнэлгээс бусад эрүүл мэндийн байгууллагын удирдлагыг томилох, чөлөөлөх, асуудлаар эрүүл мэндийн газрын даргадтай зөвшилцөх, “Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөж, харьяа Нэгдсэн эмнэлгээс бусад эрүүл мэндийн байгууллагын даргыг хууль тогтоомжид заасны дагуу томилж, чөлөөлөх”-өөр хуульчилсан агуулгын хүрээнд Сэлэнгэ аймгийн Засаг дарга 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн “Чиглэл хүргүүлэх тухай” 01/398 дугаар бичгээр Эрүүл мэндийн газрын даргад хандан “...орон нутгийн өмчит эмнэлгийн Төлөөлөх удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах хүртэлх хугацаанд аймгийн Нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагаанд тогтмол хяналт тавьж, удирдлагыг томилох асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэн ажиллахыг чиглэл болгож байна” гэсэн зөвшилцлийн шинжтэй албан бичгийг хүргүүлсэн байдаг. Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлд заасны дагуу Нэгдсэн эмнэлгийн гүйцэтгэх удирдлагыг томилох төлөөлөн удирдах зөвлөл эмхлэгдэн зохион байгуулагдаагүй удсан учир Сэлэнгэ аймгийн Засаг даргын дээрх албан бичиг, бусад хууль тогтоомжийг харгалзан Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Б/15 дугаар тушаалаарА.Ш миний биеийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн түр орлон гүйцэтгэгчээр 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн Орон нутгийн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах хүрээнд тус хугацаанд томилж, хугацаатай хөдөлмөрийн гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн.

2.2. Гэтэл Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Б/20 дугаартай захирамжийн 5 дугаар заалтаар “аймгийн нэгдсэн эмнэлгийн даргыг түр орлон гүйцэтгэгчийг томилогдох хүртэлх хугацаанд аймгийн нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч даргад даргын үүргийг хариуцуулсугай” гэсэн заалтыг Б.Цыг түр орлон гүйцэтгэгчээр томилсон шийдвэр мэтээр шүүх буруу дүгнэсэн. Өөрөөр хэлбэл, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Б/20 дугаар захирамжийн 5 дугаар заалтаар эмнэлгийн даргын үүргийг Нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга хэн ч бай хүнд түр хариуцуулсан байгааг анхаараагүй байна. Тодруулбал Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт заасны дагуу энэ харилцаанд томилгооны эрхгүй аймгийн Засаг даргын шийдвэрийг хангаж үлдээсэн нь шүүхийн илт хууль бус шийдвэр юм. Ингэснээр тухайн асуудлаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээдийн нэхэмжлэлийн дагуу маргаан үүсгэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь шударга ёсонд нийцэхгүй гэж үзнэ. Иймд маргаан бүхий дээрх хэсгийг бүхэлд нь хянаж дүгнэлт хийхийг хүсье” гэжээ. 

ХЯНАВАЛ:

            1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад, дараах үндэслэлээр шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, гуравдагч этгээдээс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

            2. Нэхэмжлэгч Б.Цоос Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газарт холбогдуулан “Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Б/15 дугаар тушаалыг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

            3. Маргаан бүхий Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн Б/15 дугаар тушаалаар гуравдагч этгээд болохА.Шыг 2025 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс Орон нутгийн өмчит эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах хүртэлх хугацаагаар аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна. 

            4. Харин Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Б/20 дугаар захирамжаар нэхэмжлэгч Б.Ц-д аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийг томилогдох хүртэлх хугацаанд түүнд тус үүргийг хариуцуулахаар шийдвэрлэж, тэрбээр маргаан бүхий тушаал гарах хүртэл аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын үүргийг гүйцэтгэж байжээ.

            5. Нэхэмжлэгчээс дээрх тушаалыг “илт хууль бус захиргааны акт” гэж маргах бөгөөд анхан шатны шүүхээс Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д заасан илт хууль бус захиргааны актын шинжийг агуулж байгаа талаар үндэслэлтэй зөв дүгнэсэн боловч энэхүү тохиолдолд мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэж үзэхээргүй байна.

            6. Учир нь, Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйл “Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын бүрэн эрх”, 12.2-т “Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга нь тухайн шатны Засаг даргатай зөвшилцөж, харьяа нэгдсэн эмнэлгээс бусад эрүүл мэндийн байгууллагын даргыг хууль тогтоомжид заасны дагуу томилж, чөлөөлнө” гэж, мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д “Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн ... удирдлага, зохион байгуулалт, санхүүжилт, хүний нөөцтэй холбогдох харилцааг энэ хууль болон Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулиар зохицуулна”, 17.4-д “Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, энэ хуулийн 16.10-т заасан суман дахь нэгдсэн эмнэлгээс бусад нэгдсэн эмнэлгийн удирдлагыг эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөл, түүнээс томилсон гүйцэтгэх удирдлага хэрэгжүүлнэ”, 17.10-д “Төлөөлөн удирдах зөвлөл дараахь эрхтэй байна”, 17.10.5-д “эмнэлгийн захирлыг холбогдох журмын дагуу сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх” гэж тус тус заажээ.

            6.1. Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд аймаг, нийслэлийн газрын дарга нь гагцхүү тухайн шатны Засаг даргатай зөвшилцсөний үндсэн дээр харьяа нэгдсэн эмнэлгээс бусад эрүүл мэндийн байгууллагын даргыг хууль тогтоомжид заасны дагуу томилж, чөлөөлөх эрхтэй байх бөгөөд нэгдсэн эмнэлгийн удирдлагыг эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөл, түүнээс томилсон гүйцэтгэх удирдлага хэрэгжүүлэхээр зохицуулсан байна.

            7. Гэтэл Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн газрын дарга нь аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийг томилох шийдвэр гаргасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно”, 47 дугаар зүйлийн 47.1.3-д “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэдэгт хамаарах илт хууль бус үйлдэл болох нь нэгэнт тогтоогдож байгаа энэ тохиолдолд мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан зохицуулалт хэрэглэгдэхгүй.

            8. Түүнчлэн, маргаан бүхий тушаалыг гаргасан цаг хугацаанд эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөл байгуулагдаагүй, түүнээс томилсон гүйцэтгэх удирдлага томилогдоогүй байсан бөгөөд талууд үүнтэй маргаагүй.

            9. Харин гуравдагч этгээд А.Ш-с тус албан тушаалд тавигдах шаардлагыг бүрэн хангасан, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 01/398 дугаар “Чиглэл хүргүүлэх тухай” албан бичиг, Авлигатай тэмцэх газрын 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 05/6717 дугаар албан бичгүүдийг тус тус үндэслэн томилогдсон гэж маргах хэдий ч хариуцагчаас санхүүгийн болон бусад зөрчил дутагдал гаргасны улмаас маргаан бүхий актыг гаргаагүй болохыг илэрхийлсэн ба энэ үндэслэлээр хэрэгт аливаа нотлох баримт авагдаагүй, талууд мэтгэлцээгүй, түр хариуцах этгээд өөрчлөгдөх бодит нөхцөл шалтгаан үүссэн болох нь тогтоогдохгүй байх тул гуравдагч этгээдээс гаргасан давж заалдах гомдол хангагдах үндэслэлгүй байна.

            10. Ийнхүү шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь зөв байх боловч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлах шаардлагагүй хуулийн зохицуулалтыг баримталсан байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөж, гуравдагч этгээдээс гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Харин нэхэмжлэгч болон гуравдагч этгээд хэн аль нь холбогдох хууль журамд заасан болзол шаардлагыг хангаж байгаа тохиолдолд нэгдсэн эмнэлгийн даргын сонгон шалгаруулалтад оролцох эрх нь нээлттэй байгаа болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 159/ШШ2025/0069 дүгээр шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтын  “... Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн ... 47.1.6” гэснийг хасаж, бусад хэсгийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдА.Шоос гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

               ШҮҮГЧ                                              Н.ХОНИНХҮҮ

 

               ШҮҮГЧ                                              С.МӨНХЖАРГАЛ  

 

              ШҮҮГЧ                                              Ц.ОДМАА