Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 989

 

 

 

 

 

 

 

 

 

 

Т.Цгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2018/00446 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Т.Ц,

Хариуцагч “Х” ХХК-д холбогдох,

 

Үйлдвэрийн ослын акт тогтоолгож, нөхөн төлбөр гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Т.Ц,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

 

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Ц миний бие 2015 оны 8 дугаар сарын 23-ны өдөр “Х” ХХК-д борлуулагчийн ажилд орсон. Ингээд 2016 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд борлуулалт хийгээд буцах замдаа Төв аймгийн Баянчандмань сумын нутаг 60-ын Даваа гэдэг газарт авто осолд орж хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдаж хохирсон. Гэтэл ажил олгогч “Х” ХХКомпани Хөдөлмөрийн тухай хуулийн 95 дугаар зүйлд зааснаар Үйлдвэрлэлийн ослын акт тогтоож Мэргэжлийн хяналтын байгууллагаар баталгаажуулж өгөөгүй.

Байгууллага 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр нийт 1 440 000 төгрөг өгөхөөр зарлага гаргасан боловч үүнээсээ хуримтлал 200 000 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл 410 000 төгрөг суутгаж үлдсэн 830 000 төгрөгийг өгсөн. Байгууллага нийгмийн даатгал төлөөгүй. Би өөрөө сайн дурын даатгал гээд төлдөг.

Иймд “Х” ХХК-ийн борлуулагчаар ажиллаж ажил үүргээ гүйцэтгэх явцдаа үйлдвэрлэлийн осолд өртөж хохирсон болохыг Үйлдвэрлэлийн ослын актаар тогтоож өгөхийг ажил олгогч “Х” ХХК-д даалгах, ажил олгогчоос хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсаны нөхөн төлбөрт сарын цалин болох 522 000 төгрөгийг 9 сараас хойш тооцож 4 698 000 төгрөгийг, гэм хорын зардал нийгмийн даатгалаас олгосон цалин нийт 1 407 328 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Т.Ц нь манай компанид борлуулагчийн ажил үүрэг гүйцэтгэдэг бөгөөд 2016 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын нутаг, 60-ын Даваа гэдэг газар авто осолд орсон. 2016 оны 04 дүгээр сарын 01-ээс 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн хооронд гэмтлийн эмнэлэгт хэвтэж хагалгаанд ороход нь 2 500 000 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр дурангийн хагалгааны төлбөрт 1 800 000 төгрөг, 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр эм тарианы мөнгө 94 500 төгрөгийг тус тус хохиролд өгсөн.

Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр Т.Цгийн хөдөлмөрийн чадвар алдсан шалтгааныг үйлдвэрлэлийн осол биш ахуйн осол гэж тодорхойлсон. Уг шийдвэрээр хөдөлмөрийн чадвар алдалтыг 60 хувиар 2016 оны 07 дугаар сарын 06-аас 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 1 жилийн хугацаатай тогтоосон. Үүнээс үзвэл хөдөлмөрийн чадварын хувь, хугацаа тогтоосон акт дуусгавар болсон байх ба нэхэмжлэл гаргасан цаг хугацаанд хөдөлмөрийн чадварыг 60 хувь алдсан гэж үзэх боломжгүй. Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хурлын шийдвэрээр Т.Цд холбогдуулан 2017 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс хөдөлмөрийн чадвар алдалтын хувийг цуцлах шийдвэр гаргасан. Хугацааг цуцлах болсон үндэслэл нь хөдөлмөрийн чадвар нь нөхөн сэргээгдсэнтэй холбоотой.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Х” ХХК-аас 1 398 581 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Т.Цд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 8747 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1, 128 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн шаардлагаас ажил үүргээ гүйцэтгэх явцдаа үйлдвэрлэлийн осолд өртсөн болохыг үйлдвэрлэлийн ослын актаар тогтоож өгөхийг ажил олгогч “Х” ХХК-д даалгах, ажил олгогчоос хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсаны нөхөн төлбөрт 4 698 000 төгрөг гаргуулах тухай шаардлагуудыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 127 585 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч “Х” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 37 327.3 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдөр намайг группт ороход “байгууллага нь акт тогтоож өгөөгүй гэдгийг хэлж намайг ахуйн ослоор группт оруулсан”. 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд иргэний хариуцагчаар Байгалмаа нь оролцож акт тогтоож өг гэсэн шаардлагыг ойлголоо гэж хүлээж авсан боловч орой нь акт тогтоож өгч чадахгүй, манайд Мэргэжлийн хяналтын газраас торгууль ногдуулна, та жолоочтойгоо учраа ол гэж утсаар ярьсан. Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасны дараагаар хариуцагч нь хуурамч нотлох баримт гаргаж өгсөн. Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Атарболд нь “энэ хүн манай хөлсний ажилчин, осолд орсноос хойш манайх борлуулагч ажилд аваагүй, үйл ажиллагаа зогссон, 3-4 хүн ажилладаг хувийн цех” гэсэн тайлбарыг гаргаж байсан. Шүүгч энэ талаарх нотлох баримтыг өгөхийг шаардахад гарын үсэг зурагдаагүй, нотлох баримтын шаардлага хангахгүй, ганцхан хувь байгаа гээд өгөөгүй.

4-6 сарын цалингаас нийгмийн даатгалаас надад олгосон актны 410 000 төгрөг суутгасан баримтыг нотлох баримтаар өгсөн атлаа бид хүний мөнгө суутгаж аваагүй гэсэн тайлбарыг гаргасан. Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд цагтаа ирсэн байхад шүүгчийн араас ирсэн гэж албадан гаргасан, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хоцорч ороход хориглоогүй 2 талд хэтэрхий ялгавартай хандсан. Шүүгч нар хэт нэг талыг баримталж шүүхийн шийдвэрийг буруу гаргасанд гомдолтой байна. Иймд давж заалдах шатны шүүхээс хянан шалгаж миний нэхэмжлэлийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Т.Ц нь хариуцагч “Х” ХХК-д холбогдуулан тус компанид борлуулагчийн ажил үүрэг гүйцэтгэх явцдаа үйлдвэрлэлийн осолд өртсөн болохыг үйлдвэрлэлийн ослын актаар тогтоож өгөхийг ажил олгогчид даалгуулах, хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсаны нөхөн төлбөрт 4 698 000 төгрөг гаргуулах шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эмчилгээний төлбөр, нийгмийн даатгалаас олгосон цалин болох 1 407 328 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

Хариуцагч “Х” ХХК нэхэмжлэлийг эс зөвшөөрч Т.Ц нь манай байгууллагад хөдөлмөрийн гэрээ болон контактаар ажиллаж байгаагүй, жолоочийн буруутай үйл ажиллагаа буюу хурд хэтрүүлэн явснаас болж осол гаргасан тул жолооч хариуцах ёстой гэж тайлбарлан маргажээ.

Нэхэмжлэгч Т.Ц нь 2015 оны 8 дугаар сараас эхлэн “Х” ХХК-д туслах борлуулагчаар ажиллаж байгаад 2016 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд борлуулалт хийгээд буцах замдаа Төв аймгийн Баянчандмань сумын нутаг дэвсгэрт осолд орж хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсан үйл баримт тогтоогджээ. Нэхэмжлэгч нь тухайн болсон үйл явдлыг үйлдвэрлэлийн осол, хариуцагч нь ахуйн осол гэж маргажээ.

Дээрх осол болсон өдөр 59-01 УНҮ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг тус компанийн жолооч Т.Цолмон жолоодож явсан бөгөөд Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт “бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасны дагуу “Х” ХХК нэхэмжлэгч Т.Цд гэм хор учруулаагүй боловч Т.Цолмонд тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгчийн хувьд хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй ба хариуцагчаас хохирлыг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэгт тус тус нийцсэн байна.  

Хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэр, “Х” ХХК-ийн 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн кассын зарлагын баримт /хх-195/, үзлэг хийсэн тэмдэглэл /хх-90-128/ зэрэг баримтуудаас үзэхэд нэхэмжлэгчид 2016 оны 4-6 саруудын цалинд 1 440 000 төгрөг олгохоос хуримтлал 200 000 төгрөг, нийгмийн даатгалын шимтгэл 410 000 төгрөгийг суутган, үлдэгдэл 830 000 төгрөгийг олгосон, нэхэмжлэгч Т.Ц нийгмийн даатгалын шимтгэл төлдөг болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотойгоор нийгмийн даатгалын шимтгэлд суутгасан 410 000 төгрөг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт “эрүүл мэндэд хохирол учруулсан этгээд зайлшгүй гарах зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж заасны дагуу баримтаар тогтоогдож буй эмчилгээний зардалд 988 581 төгрөг, нийт 1 398 581 төгрөгийг хариуцагчаас гаргуулсан нь зөв байна.

Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 97 дугаар зүйлийн 97.1.1-д заасны дагуу хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсаны нөхөн төлбөрт 4 698 000 төгрөгийг гаргуулахаар шаардаж байгаа тохиолдолд үйлдвэрлэлийн ослын акт урьдчилан тогтоогдсон байх ёстой юм. Хариуцагч “Х” ХХК нь шаардлагатай арга хэмжээг авсан буюу осолд орсон өдөр нэхэмжлэгчийг гэмтлийн эмнэлэгт үзүүлэн зохих үзлэг шинжилгээ хийлгэн, төлбөрийг төлж Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасан үүргээ биелүүлсэн. Гэвч үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод орсон тохиолдолд Засгийн газраас тогтоосон журмын дагуу осол, хурц хордлогыг тогтоох, судлан бүртгэх ба осол, хурц хордлогын шалтгааныг тогтоох акт, дүгнэлт гаргах үүрэг бүхий орон тооны бус байнгын комиссыг байгуулж ажиллуулж, ослын актыг тогтоож өгөх мөн хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй шалтгаан тодорхойгүй, нэхэмжлэгчээс уг асуудлаар хариуцагчид хүсэлт гаргасан эсэх, хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй байгаа эсэх, урьдчилан шийдвэрлүүлэхээр төрийн холбогдох байгууллагад хандсан эсэх талаар баримт хэрэгт авагдаагүй байна. Шүүх үйлдвэрлэлийн ослын актыг хуульд заасан журмын дагуу тогтоосон ажиллагаа хийсэн эсэхийг харгалзаж үзэхгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байх тул үйлдвэрлэлийн ослын акт тогтоож өгөхийг ажил олгогч “Х” ХХК-д даалгах, ажил олгогчоос хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсаны нөхөн төлбөрт 4 698 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 184/ШШ2018/00446 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 дахь хэсэгт заасныг баримтлан ажил үүргээ гүйцэтгэх явцдаа үйлдвэрлэлийн осолд өртсөн болохыг үйлдвэрлэлийн ослын актаар тогтоож өгөхийг ажил олгогч “Х” ХКХ-д даалгах, ажил олгогчоос хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсаны нөхөн төлбөрт 4 698 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж бүхэлд нь өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 90 118 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ш.ОЮУНХАНД

 

                                          ШҮҮГЧИД                                   Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                              А.ОТГОНЦЭЦЭГ