| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Г.Энхтунгалаг |
| Хэргийн индекс | 171/2023/0285/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/296 |
| Огноо | 2023-08-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.А |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 2023/ШЦТ/296
2023 8 09 2023/ШЦТ/296
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.П,
улсын яллагч Г.А,
шүүгдэгч В.Г, өмгөөлөгч Б.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, шүүгдэгч В.Гт холбогдох эрүүгийн 2325000000*** дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, В.Г
Шүүгдэгч В.Г нь;
2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 23 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг “***” бааранд тодорхой шалтгаангүйгээр хохирогч Д.А-ийн нүүрэн тус газар цохиж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт;
шүүгдэгч В.Г “...мөрдөн байцаалтын шатанд үнэн, зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;
хохирогч Д.А-ийн “...Би 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 21 цагийн орчим Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг “***” бааранд үйлчлүүлэхээр найз Н.Б, О.Б нарын хамт орсон, бид гурав караокед дуулсан бөгөөд би түрүүлж гараад хоёр найзыгаа баарны зааланд хүлээж байхад нэг эрэгтэй хүн босч ирээд намайг “ийшээ ширээн дээр суучих” гэж хэлсэн, тэгэхээр нь би “таныг танихгүй” гэж хэлэхэд ямар нэгэн үг хэлэхгүйгээр миний нүүрэн тус газар цохисон, надтай хамт явж байсан найзууд болон баарны эзэн залуу тэр хүнийг салгасан. Тухайн хүнд цохиулсны улмаас миний дээд талын үүдэн хоёр шүд, дээд уруулын дотор талаас цус гарсан, дээд талын хоёр шүдээ гараараа барьж үзэхэд хөдлөөд ганхаж байсан учир цагдаагийн байгууллагад дуудлага, мэдээлэл өгсөн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 6-7 дахь тал/,
“...миний биеийн байдал гайгүй, одоогоор эмчилгээ хийлгэж байгаа бөгөөд халуун, хүйтэн зүйлийг маш их мэдэрч байгаа болохоор зарим үед эмзэглэл ихтэй байна. В.Г гэж хүний хамт Орхон аймаг Хүрэнбулаг баг “Эрдэнэт дент” шүдний эмнэлэг дээр очиж хиймэл шүд, эмчилгээ хийлгэх зардал хөлсийг судалж үзэхэд “хоёр шүдэнд эмчилгээ, хоёр хиймэл шүд хийлгэхэд 6.000.000 төгрөг болно” гэсэн, В.Г гурван удаагийн гүйлгээгээр 6.000.000 төгрөг эмчилгээний зардалд шилжүүлсэн, түүнд холбогдуулан гаргах гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 9 дэх тал/,
гэрч Н.Б-ийн “...караокегоос гараад баарны диско заал руу гарах үед тухайн бааранд үйлчлүүлж байсан үл таних халзан толгойтой, цэнхэр өнгийн цамц, эрээн өнгийн өмдтэй залуу найз Д.А руу ойртож ирээд “наашаа, ийшээ суу” гэж хэлсэн, тэгэхэд нь “та юун хүн бэ” гэж Д.Аийг хэлэхэд нөгөө залуу ямар нэгэн үг хэлэхгүйгээр шууд нүүр тус газарт нь буюу ам руу нь гараараа нэг удаа цохисон. ...Д.А цохиулсны улмаас түүний үүдэн дээд талын хоёр шүднээс цус гараад хөдөлж байсан учир цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дахь тал/,
В.Гын яллагдагчаар өгсөн “...Намайг бааранд бүжиглэж байхад бүжгийн талбай дээр бүжиглэж байсан хэсэг залуучууд надтай таарамжгүй харилцаа үүсгэсэн. Би энэ хохирогчийг цохих гэж цохиогүй, бүжгийн талбай дээр муудалцсан залуучуудтай андуураад нэг удаа цохисон.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дэх тал/,
Шүүхийн Шинжилгээний Ерөнхий Газар Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, эмчийн 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 463 дугаартай;
“...1.2.Д.Аийн биед дээд баруун нэгдүгээр шүд, хоёрдугаар шүднүүдийн хугарал, ганхалт, дээд уруулын дотор талд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 3.4.6.Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн, нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд, магадлуулагчийг ямар ч байрлалд байхад үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 5.Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна. 7.Дээд баруун нэгдүгээр шүд, хоёрдугаар шүднүүдийн хугарал, ганхалт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 19-21 дэх тал/,
Шүүхийн Шинжилгээний Ерөнхий Газар Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн шүүх химийн шинжилгээний 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 111 дугаартай;
“...1.В.Гын биеэс авсан цусанд 2.25 промилл процент этилийн спирт илэрсэн. 2.Энэ нь согтолтын дунд зэрэгт хамаарагдана.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,
хохирогч Д.Аийн “...Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг “***” баарнаас гарах үедээ үл таних хүнд зодуулсан.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 1 дэх тал/,
Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг “*****” бааранд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 2-3, 4 дэх тал/,
“*****” баарны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 15-16 дахь тал/,
шүүгдэгч В.Гын;
эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 46, 47 дахь тал/,
Орхон аймгийн сум дундын шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 162 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 49-50 дахь тал/,
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 85 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 51-57 дахь тал/,
“****” баарны хяналтын камерын бичлэг бүхий хуурцагийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 62 дахь тал/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мөн В.Гаас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Шүүгдэгч В.Гыг гэм буруутайд тооцох;
шүүгдэгч В.Г нь 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 23 цагийн орчимд Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг “******” бааранд тодорхой шалтгаангүйгээр хохирогч Д.Аийн нүүрэн тус газар цохиж, эрүүл мэндэд нь “дээд баруун нэгдүгээр шүд, хоёрдугаар шүднүүдийн хугарал, шүдний ганхалт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;
хэргийн үйл баримтын талаарх,
хохирогч Д.А-ийн “...нэг эрэгтэй хүн босч ирээд намайг “ийшээ ширээн дээр суучих” гэж хэлсэн, тэгэхээр нь би “таныг танихгүй” гэж хэлэхэд ямар нэгэн үг хэлэхгүйгээр миний нүүрэн тус газар цохисон, ...Тухайн хүнд цохиулсны улмаас миний дээд талын үүдэн хоёр шүд, дээд уруулын дотор талаас цус гарсан, дээд талын хоёр шүдээ гараараа барьж үзэхэд хөдлөөд ганхаж байсан.” гэх,
гэрч Н.Б-ийн “...халзан толгойтой, цэнхэр өнгийн цамц, эрээн өнгийн өмдтэй залуу найз Д.А руу ойртож ирээд “наашаа, ийшээ суу” гэж хэлсэн, тэгэхэд нь “та юун хүн бэ” гэж Д.Аийг хэлэхэд нөгөө залуу ямар нэгэн үг хэлэхгүйгээр шууд нүүр тус газарт нь буюу ам руу нь гараараа нэг удаа цохисон. ...Д.А цохиулсны улмаас түүний үүдэн дээд талын хоёр шүднээс цус гараад хөдөлж байсан.” гэх,
В.Гын “...Би энэ хохирогчийг цохих гэж цохиогүй, бүжгийн талбай дээр муудалцсан залуучуудтай андуураад нэг удаа цохисон.” гэх мэдүүлгүүд,
Шүүхийн Шинжилгээний Ерөнхий Газар Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч, эмчийн 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 463 дугаартай, “...Дээд баруун нэгдүгээр шүд, хоёрдугаар шүднүүдийн хугарал, ганхалт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.” гэсэн дүгнэлт,
хохирогч Д.Аийн “...Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг “Set” баарнаас гарах үедээ үл таних хүнд зодуулсан.” гэх гомдлыг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл, Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг “***” бааранд хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, “Set” баарны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд уг баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч В.Г гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч В.Гын хохирогч Д.Аийн эсрэг биемахбодийн хүчирхийлэл үйлдэж, түүний нүүрэн тус газар цохиж, эрүүл мэндэд нь “дээд баруун нэгдүгээр шүд, хоёрдугаар шүднүүдийн хугарал, шүдний ганхалт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Хууль зүйн хувьд,
Шүүгдэгч В.Гын хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй бөгөөд уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой гэж үзнэ.
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын шүүгдэгч В.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн эрүүгийн хэргийн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул шүүх шүүгдэгчийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч В.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэх;
шүүх шүүгдэгч В.Гыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч В.Гын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй, энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгчид оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзан үзэв.
Шүүх шүүгдэгч В.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг нь тус тус харгалзан,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 7 /долоо/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,
торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг түүнд анхааруулах нь зүйтэй.
Шүүгдэгч В.Гт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн.”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж байна.
Бусад асуудал;
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.
Хохирогч Д.Аийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хавтаст хэргийн 9 дэх талд авагдсан “...В.Г гурван удаагийн гүйлгээгээр 6.000.000 төгрөг эмчилгээний зардалд шилжүүлсэн, түүнд холбогдуулан гаргах гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлгийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан “Set” баарны хяналтын камерын бичлэг бүхий хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж,
битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж,
шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа” гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүллээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч В.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах.” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Гыг долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч В.Г шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 7 /долоо/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураасан “***” баарны хяналтын камерын бичлэг бүхий хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж,
битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ